| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Гад холбогдох эрүүгийн 2114001200176 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын Иргэн, ******* бариач овогт *******ын *******, Регистрийн дугаар *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Г нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 25-наас 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Андаагийн дэнж” гэх газар жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 139.107 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторыг найзтайгаа нийлж угсарсан болохоор хоёр хүний эзэмшлийнх. Тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж босгосон учир тракторт гэрчилгээ байхгүй гэв.
Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Андаагийн дэнж” гэх газарт очоод миний трактор эвдэрсэн. Тэгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй. 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бөмбөгөр сумаас тракторынхоо сэлбэгийг олж аваад эвдэрсэн байсан трактороо янзлаад дөнгөж ажиллаад удаагүй байж байсан чинь цагдаа нар ирж миний явуулж байсан үйл ажиллагааг зогсоосон... Би Бууцагаан сумын Наран 5 дугар багийн “Андаагийн дэнж” гэх газарт ганцаараа үйл ажиллагаа явуулсан. Хамтарч үйл ажиллагаа явуулахад оролцсон хүн байхгүй, уг газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн хүнтэй уулзаж хэлээгүй. Өөрөө дур мэдэн үйл ажиллагаа явуулсан, ямар нэгэн зөвшөөрөл, дүгнэлт байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 112-113 /,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн
...Д.Г нь сумын Засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. “Андаагийн дэнж” гэх газар нь ерөнхийдөө хуучин эвдэрсэн газар нөхөн сэргээсэн талбай байсан. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлт байхгүй. Нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэмээр байна. Үнэлгээний “Нуман-Алтай” ХХК-ийн гаргасан үнэлгээг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26, 30-31 /,
Гэрч А.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Баян-Овоо сумын “Бурхантай булаг” гэх газар найз н.Бд мал дээрээ байж байгаад найз Д.Г руу утсаар залгахад Д.Г трактортой Бууцагаан сумын “Сүүдэртийн эх”-рүү шороо угаахаар гарна гэж ярьсан. Тэгээд би 2 хоноод мотоциклиороо Д.Г дээр очиход трактор эвдэрсэн гээд байж байсан. Тэгээд Н.С нь тракторын сэлбэг ремэн авчирсан би Д.Гтай цуг ремэн тавиад трактороо асааж шороо угааж байтал цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоосон. Намайг ирэхэд М.Г нь ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй. Нэг газар дэнж дээр ухаж байтал цагдаа нар ирсэн. М.Гад тусалж моторыг нь асааж өгсөн би ажил хийгээгүй. Жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан гаргах мотор байсан. Алт олсон зүйл байхгүй. Угааж байсан шороогоо цагдаа нар ирлээ гээд М.Г цацаж асгасан...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /
Гэрч Н.Сын мөрдөн байцаалтад өгсөн
...Би Бөмбөгөр сумын төвд байхад М.Г ах над руу ярьж трактор эвдэрчихлээ ремэн аваад ирээч гэж ярьсан. Тэгээд би Бөмбөгөр сумын дэлгүүрээс ремэн худалдаж аваад ганцаараа мотоциклоор ирж ремэнийг нь тракторт нь А.Чийн хамт угсарч өгөөд ажиллаж байтал цагдаа нар ирж зогсоосон. Би хамтарч ажиллаагүй сэлбэг авчирч өгөөд буцах гэж байтал цагдаа нар ирсэн. Жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж цахилгаан гаргах мотор гурваас өөр техник байгаагүй. Намайг ирэхэд М.Г ах байсан. Өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37 /,
Баянхонгор аймгийн “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/21 дугаартай шинжээч
1. Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна.
2. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 139.107 төгрөг болж байна.
3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 179.488 төгрөг болж байна.
4. Тухайн газар нь урд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэх 1/21 дугаар дүгнэлт.../ хх-ийн 50 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн болон олборлосон гэх алтны зах зээлийн үнэлгээ нийт 5.700.000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 87-88 /,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 04-06, 07-10/, эд мөрийн баримт хураан авсан прокурорын тогтоол / хх-ийн 13-14 /, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо / хх-ийн 50-90 /, шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97/, шүүгдэгч Д.Гын депозит дансны хуулга /хх-ийн 97/, шүүгдэгч Д.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 94/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 03 дугаар сарын 25-наас 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Андаагийн дэнж” гэх газар жижиг оврын трактор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт үйл ажиллагааг 0.01 га газарт явуулж байгаль орчинд 139.107 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Гын... Бууцагаан сумын Наран 5 дугаар багийн “Андаагийн дэнж” гэх газарт эвдэрсэн байсан трактороо янзлаад дөнгөж ажиллаад удаагүй байж байсан чинь цагдаа нар ирж миний явуулж байсан үйл ажиллагааг зогсоосон... гэрээ байгуулаагүй, ямар нэгэн зөвшөөрөл, дүгнэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 112 /,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оийн...Д.Г нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийгээгүй, нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. “Андаагийн дэнж” гэх газар нь ерөнхийдөө хуучин эвдэрсэн газар байсан, ...ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 25, 30/,
Гэрч А.Чийн... би “Андаагийн дэнж” гэх газар ирэхэд Д.Гын трактор эвдэрсэн гээд ганцаараа байсан,...тусалж моторыг нь асааж өгдөг байсан. алт олсон зүйл байхгүй. Угааж байсан шороогоо цагдаа нар ирлээ гээд М.Г цацаж асгасан.... гэсэн мэдүүлэг / хх-ийн 33 /,
Гэрч Н.Сын... М.Г ах над руу ярьж трактор эвдэрчихлээ ремэн аваад ирээч гэж ярьсан. ...дэлгүүрээс ремэн худалдаж аваад ганцаараа мотоциклоор ирж ремэнийг нь тракторт нь угсарч өгөөд ажиллаж байтал цагдаа нар ирж зогсоосон,..намайг ирэхэд М.Г ах байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Баянхонгор аймгийн “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/21 дугаартай...үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 139.107 төгрөг болж байна.
3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 179.488 төгрөг болж байна.
4. Тухайн газар нь урд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэх 1/21 дугаар дүгнэлт.../ хх-ийн 50 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн болон олборлосон гэх алтны зах зээлийн үнэлгээ нийт 5.700.000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 87 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Г нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Д.Г нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгч Д.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...гэмт хэрэг үйлдсэн хүн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглээ болно.. гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1-т зааснаар ... шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан.
Шүүгдэгч Д.Гад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, хууль бус үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Бууцагаан сумын Засагт дарга нарт даалгах нь зүйтэй байна.
Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-т зааснаар “ хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учируулсан 139107 төгрөгийг 3 дахин буюу 417320 төгрөгөөр нэмэгдүүлж нийт хохирлын хэмжээг тооцож, мөн биологийн нөхөн сэргээлтийн зардал 179488 төгрөг, нийт 596809 төгрөгийг шүүгдэгч Д.Гаас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд тушааж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн Doosan 55 маркийн трактор нь бусдын буюу хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгө болох талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шинжээчийн үнэлгээгээр үнэлсэн үнэ болох 5090000 төгрөгийг шүүгдэгч Д.Гадбадрахаас гаргуулж, харин цахилгаан үүсгүүр моторыг хурааж улсын орлого болгож, 2 дугуйтай шороо угаах тоног төхөөрөмж устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Гын эзэмшлийн... Доосан 55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор ...ыг битүүмжлэх эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Гадбадрахад буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Гад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Г нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, хууль бус үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан тэнссэн, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Бууцагаан сумын Засаг даргын тамгын газарт тус тус даалгасугай.
6. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар байгаль орчинд учруулсан хохирол болох 417,321 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 179,488 төгрөг, нийт 596,809 төгрөгийг шүүгдэгч Д.Гаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тракторын үнэ болох 5.090.000 төгрөгийг шүүгдэгч Д.Гаас гаргуулж, цахилгаан үүсгүүр моторыг хурааж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 дугуйтай шороо угаах төхөөрөмжийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Д.Гын эзэмшлийн... Доосан 55 маркийн трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор ...ыг битүүмжлэх эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Гадбадрахад буцаан олгосугай.
11. Шүүгдэгч Д.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12.Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА