| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00500/И |
| Дугаар | 1326 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 1326
| 2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/01326 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж хаягт байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж хаягт байрлах, “Их үүсгэл” ХХК /РД:2066831/
Нийгмийн даатгалын шимтгэл 83.487.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Их үүсгэл ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 11 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 71.776.707 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 19 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй болсон. Их үүсгэл ХХК-наас нийгмийн даатгалын шимтгэл 71.776.707 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 35.888.353 төгрөг бүгд 107.665.060 төгрөг нэхэмжилсэн. Шимтгэлийн өр 71.776.707 төгрөгийн 16.118.607 төгрөг нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02824 тоот шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.658.100 төгрөг, алданги 27.829.050 төгрөг нийт 83.487.150 төгрөгийг Их үүсгэл ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Их үүсгэл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани өнгөрсөн онд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулаагүй тул нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдлээс төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрлээ. Бид 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл шатандаа ороод байна. 2014 оны 04 дүгээр сараас эхлэн борлуулалтын орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг сар тутамд нь төлж барагдуулах ба мөн дээр дурьдсан хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тусгай график гарган төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг Эрүүл мэнд, Ниймгийн даатгалын хэлтэс нь хариуцагч Их үүсгэл ХХК-д холбогдуулан хугацаандаа төлөөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 83.487.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Их үүсгэл ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 11 дүгээр сарын тайлангаар нийгмийн даатгалын шимтгэл 71.776.707.23 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Их үүсгэл ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 11 дүгээр сарын тайлан, Их үүсгэл ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд шилжүүлэх ажил олгогчийн мэдэгдэл, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 88 дугаартай нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага барагдуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 273 дугаартай мэдэгдэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Их үүсгэл ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хувь хэмээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн борлуулалтын орлогоос сар тутам график гарган төлөх тайлбарыг ирүүлсэн байна.
Их үүсгэл ХХК нь хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Их үүсгэл ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.658.100 төгрөг, алданги 27.829.050 төгрөг нийт 83.487.150 төгрөгийг гаргуулж Баянгол дүүрэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Хариуцагч Их үүсгэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаад 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15.30 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Их үүсгэл ХХК-наас 83.487.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүрэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Их үүсгэл ХХК-наас 575.386 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА