| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0194/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/206 |
| Огноо | 2021-08-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн 2014000000172 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. Регистрийн дугаар: *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “ Маанийн дэнж “ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан 20,860 төгрөгийн үнэ бүхий 0.12 грамм алт олборлосон гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 20,860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би Цоос нойлын нүх ухах гээд тракторыг нь авсан. Би баригдсан юм чинь гэж бодоод мөрдөн байцаалтын шатанд улсын орлого болгоно гэж мэдээгүй миний эзэмшлийн трактор гэж хэлсэн. Тухайн техникүүд миний эзэмшлийнх биш бүгд Ганбаатарын Ц гэх залуугийнх. Техникүүдийн үнэлгээг төлнө гэв.
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 05 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө 21 цагийн үед Бөмбөгөр сумын төвөөс Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн “Маанийн дэнж “ гэх газар луу хүн гуйж трактораа авч очоод өмнө эвдрэлтэй байсан “Маанийн дэнж” гэх газар дээр тракторт шинээр тавьсан моторыг шалгаж үзэх гээд өмнө нь эвдэгдсэн байсан газраас шороо ухаж байсан чинь цагдаа нар ирээд намайг хууль бусаар ашигт малтмал олборлосон гээд намайг барьж миний үйл ажиллагааг зогсоосон...” гэх мэдүүлэг/ хх-ийн 109-111/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Сын мөрдөн байцаалтад өгсөн
… Б.Г нь манай сумын ямар нэгэн гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтантай ашигт малтмал олборлох гэрээ хийсэн зүйл байхгүй, ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Тус Бөмбөгөр сумын 1 дүгээр баг” Маанийн дэнж” гэх газар нь ашигт малтмал олборлогч иргэд болон нөхөрлөлийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар байсан...Тус сумын 1 дүгээр баг “Маанийн дэнж” гэх эвдэгдсэн газарт урьд өмнө нь нөхөн сэргээлт хийж байгаагүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 30-36/
“Нуман-Алтай “ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/36 дугаартай шинжээчийн “
...тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь АЗМ -00137 дугаартай “Маанийн дэнж” гэх бичил уурхайн зориулалт бүхий газрын нутаг дэвсгэр дээр давхцаж байна...Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэх дүгнэлт/ хх-ийн 60-61 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай шинжээчийн
“...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан трактор 1 ширхэг 8 040 000 төгрөг, шороо угаах төхөөрөмж 1 ширхэг 300 000 төгрөг болохыг тус тус тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 66-69/
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металл сорьц тогтоох лабораторийн
“...300/1480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.12 грамм жинтэй шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл байна...300/1480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 0.12 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна...” гэх дүгнэлт / хх-ийн 74-75/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ХХК-ны 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаартай шинжээчийн
...гэмт хэрэг үйлдэж олсон гэх алтны зах зээлийн үнэ ханш нь 20 860 төгрөг болохыг тогтоосон...” гэх дүгнэлт / хх-ийн 79-80 /,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 102-103/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-07/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 10-13/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 84/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 85/, шүүгдэгч Б.Гын депозит дансны хуулгууд /хх-ийн 86-92/, шүүгдэгч Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан 20,860 төгрөгийн үнэ бүхий 0.12 грамм алт олборлосон гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 20,860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Гын... Маанийн дэнж гэх газар дээр тракторт шинээр тавьсан моторыг шалгаж үзэх гээд өмнө нь эвдэгдсэн байсан газраас шороо ухаж байсан, хууль бусаар ашигт малтмал олборлосон гээд үйл ажиллагааг зогсоосон...” гэх мэдүүлэг / хх-ийн 109-111/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Сын… Б.Г нь манай сумын ямар нэгэн гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтантай ашигт малтмал олборлох гэрээ хийсэн зүйл байхгүй,..тус сумын 1 дүгээр баг “Маанийн дэнж “гэх эвдэгдсэн газарт урьд өмнө нь нөхөн сэргээлт хийж байгаагүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 30-36/,
“Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/36 дугаартай , Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Гыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайлуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал” гэдэг нь “геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон,аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалын хэлнэ” гэж заасан бол Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлий” гэж ‘ хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ” хэмээн томъёолжээ.
“Ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлнэ... гэж заажээ.
Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Шүүгдэгч Б.Г нь хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон идэвхтэй үйлдэл, төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааны журмыг санаатай зөрчиж явуулсан үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Гт нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan 55 маркийн трактор, шороо угаах тоног төхөөрөмж нь бусдын өмчлөлийнх буюу Г.Цын эд хөрөнгө болон талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байх тул шинжээчийн үнэлгээгээр үнэлсэн үнэ болох 8,340,000 төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.12 грамм алт, мотор зэргийг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Гын эзэмшлийн... Doosan 55 маркийн трактор, мотор, шороо угаах төхөөрөмж.... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Цт буцаан олгов.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд хохирол тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Г нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан тэнссэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan 55 маркийн трактор, мотор , шороо угаах тоног төхөөрөмжийн үнэ болох 8,340,000 төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулж, улсын орлого болгосугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.12 грамм алт, мотор зэргийг худалдан борлуулж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Гын эзэмшлийн... трактор, мотор, шороо угаах төхөөрөмж.... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Цт буцаан олгосугай.
9. Шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11 .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлж үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА