| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00843/И |
| Дугаар | 1319 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 1319
| 2017 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2017/01319 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Газар бизнес төвийн 1 давхарт байрлах, “Газаркапитал партнерс ББСБ” ХХК /РД:2844907/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт Очирбатын Батболд /РД:ШЖ71020511/
Гэрээний үүрэг 24.290.757 төгрөг гаргуулж, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 56 дугаар байрны 27 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, хариуцагч О.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Батболд нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Газар капитал партнерс ББСБ ХХК-наас 25.000.000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган холбогдох материалуудын хамт өгсөн. Компаний зүгээс О.Батболдод 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, газар тариалангийн зориулалттай зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож О.Батболд нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг 2 дугаар хороолол 56 дугаар байр 27 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн тооцохоор тохирсон. О.Батболд нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зээлийн хүүнд нийт 18.531.625 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 5.070.000 төгрөг, зээлийн хүүнд 12.099.286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.362.338 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүгү өнөөдрийг хүртэл төлөөгүй. О.Батболд нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 29-нөөс эхлэн сар бүр үндсэн төлбөрөөс 3.125.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дууссан. Иймд хариуцагч О.Батболдоос үндсэн зээл 19.930.000 төгрөг, зээлийн хүү 4.316.296 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.461 төгрөг, нотариатын төлбөр 21.000 төгрөг нийт 24.290.757 төгрөгийг гаргуулж, зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 56 дугаар байр 27 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Хугацаа 6 сар хол байгаа тул тохиролцох боломжгүй гэв.
Хариуцагч О.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 25.000.000 төгрөгийг газар тариалангийн зориулалттай зээл авсан нь үнэн. Ургац алдаад зээлийг төлж чадаагүй. Нэхэмжилсэн 24.290.757 төгрөгийг төлнө. Энэ зээлийг 6 сарын дотор 3 хувааж төлөх саналтай байна. Зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны орон сууцыг худалдаж төлбөр төлүүлэх шаардлагыг зөвшөөрнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч О.Батболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24.290.757 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөБаянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 56 дугаар байр 27 тоот 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч О.Батболд нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллагаас 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 56 дугаар байр 27 тоот 2 өрөө 29 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн өргөдөл анкет, зээлийн газрын шийдвэр, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогджээ.
Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн 24.290.757 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг зөвшөөрч үнийн дүнд маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн 24.290.757 төгрөгийг 6 сарын дотор 3 хувааж төлж барагдуулахаар эвлэрэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.
Иймд хариуцагч О.Батболдоос 24.290.757 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 56 дугаар байр 27 тоот 2 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч О.Батболдоос 24.290.757 төгрөг гаргуулж Газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч О.Батболдын өмчлөлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 56 дугаар байр 27 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.404 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Батболдоос 279.404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА