Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1318

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01318

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байр, 63 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 50 настай, Бүрд овогт Ганпүрэвийн Батжаргал /РД:ЦА66090669/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол хаягт байрлах “Батбүрдэл” ХХК /РД:5183952/

 5.880.106 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн, гэрч Г.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Батжаргал 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Батбүрдэл ХХК-тай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж Радио телевизийн ажилчидын 120 айлын орон сууцнаас 2 өрөө 50.53 мкв орон сууцыг 1 мкв-ыг 1.193.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Радио телевизийн газар ажилчидын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр өөрсдөө газраа гарган Батбүрдэл ХХК тендерт шалгарч гэрээ байгуулагдсан. Орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ 3 хүний нэр дээр 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарч орон сууцандаа 2014 оны 11 дүгээр сард нүүж орсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр барьсан барилгын мкв дутаж байгаа талаар мэдээлэл авч оршин суугчид хамтаар хэлэлцэн тохиролцож байрны квм-ыг мэргэжлийн байгууллагаар шалгуулахаар болж Уран асар ХХК-ийг сонгож хэмжилт хийлгэхэд оршин суугч бүрийн орон сууцнаас мкв нь дутуу байсан. Дүгнэлтийг үндэслэн Батбүрдэл ХХК-тай мкв-ын зөрүү мөнгөн төлбөрийг гаргуулахаар оршин суугчид олон удаа уулзаж хуралдсан. Оршин суугчид нэгдэн хэсэг хэсгээрээ шүүхэд хандсан.  2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Г.Батжаргалын нөхөр С.Гантөмөрт 2.380.000 төгрөгийг компаний зүгээс өгсөн байсан.  Г.Батжаргал нөхөр С.Гантөмөрийг Батбүрдэл ХХК-наас 2.380.000 төгрөг авсныг мэдээгүй бөгөөд шүүхэд өргөдөл гаргахаар бичиг баримтаа янзалж байгаад мэдсэн. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцны мкв 43.89 болох нь тогтоогдож гэрээ хийсэн 50.53 мкв-аас  6.64 мкв дутсан. Нэхэмжлэлийн шаардлагаас нөхөр С.Гантөмөрийн авсан 2.386.000 төгрөгийг хасаж, 5.880.106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Орон сууц захиалах гэрээг халуун хүйтэн устай халаалттай гэж тохиролцон байгуулсан боловч ямар ч үндэслэлгүйгээр өвлийн хүйтэн улирал болсонтой холбогдуулан бойлерын төлбөрт 220.000 төгрөг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Энэ үндэслэлгүй хөрөнгөжсөн нэхэмжлэлийн шаардлага 220.000 төгрөгийн шаардлагыг татан авч байна. Орон сууцны талбайн хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 6.64 мкв дутаж 7.921.520 төгрөг болсон. Энэ дүнгээс С.Гантөмөрт өгсөн 2.386.000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд Батбүрдэл ХХК-наас талбайн зөрүү мөнгө болон шинжээчид төлсөн зардлын хамт нийт 5.660.106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Батбүрдэл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн нийт шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны мкв-тай холбоотой асуудал 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохицуулагдсан. Г.Батжаргалын гэр бүл С.Гантөмөртэй харилцан тохиролцож мкв-ын зөрүү 2.380.000 төгрөгийг төлж энэ асуудлаар шүүхэд хандахгүй гэсэн хэлцэл байгуулагдсан. С.Гантөмөрт мөнгийг шилжүүлсэн. С.Гантөмөр нь МҮОНРТ-д ажилладаг бөгөөд энэ байгууллагын захиалгаар орон сууц баригдаж С.Гантөмөрт олгогдсон квот байсан тул түүнтэй тохиролцож эвийн журмаар шийдвэрлэсэн. Г.Батжаргал компанид орон сууцтай холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Г.Батжаргал нь хариуцагч Батбүрдэл ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү метр квадратын үнэ, бойлерын төлбөр болон шинжээчид төлсөн зардлын хамт нийт 5.880.106 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг  гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Батжаргал нь хариуцагч Батбүрдэл ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Хувьсгалчдын зам-3 МҮОНРТ-ийн хашаанд байрлах 43 дугаар байр 63 тоот 2 өрөө 50.53 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайн үнэ 1.193.000 төгрөг нийт үнэ 60.282.290 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гүйцэтэгч Батбүрдэл ХХК гэрээний 3.1-т заасан орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч гэрээнд заасан төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээж гэрээ байгуулсан байна.

Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Г.Батжаргал, хариуцагч Батбүрдэл ХХК нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г.Батжаргалын гэр бүл С.Гантөмөртэй харилцан тохиролцож мкв-ын зөрүү 2.380.000 төгрөгийг төлж энэ асуудлаар шүүхэд хандахгүй гэсэн хэлцэл байгуулагдаж мөнгийг шилжүүлсэн, Г.Батжаргал гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагч Батбүрдэл ХХК, нэхэмжлэгч Г.Батжаргал нар орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж гүйцэтгэгч Батбүрдэл ХХК гэрээнд дурьдсан орон сууцыг чанартай, барилгын батлагдсан зураг төслийн дагуу барилгын норм ба дүрэм чанар стандартад нийцсэн орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гэрээний нэг тал нэхэмжлэгч Г.Батжаргал гаргах эрхтэй байхад гэрээний оролцогч биш С.Гантөмөртэй тохиролцож хэлцэл байгуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эм Эм инженеринг ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлтээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 43 дугаар байрны 63 тоот 2 өрөө орон сууц нь Монгол улсын стандарт Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009-ын дагуу хэмжилт хийхэд 43.89 мкв талбайтай орон сууц болохыг тодорхойлж ирүүлсэн тул хариуцагч гэрээнд тохирсоноос дутуу талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, гэрээгээр тохирсон талбайн хэмжээ дутуу болохыг хариуцагч мэдэж байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т зааснаар орон сууцны талбайн зөрүүг нэхэмжилж шүүхэд гомдол гаргасан, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг нотлохоор Уран Асар ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Эм Эм инженеринг ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шаардсан болно.

Иймд хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон Эм Эм Инженеринг ХХК-ийн гаргасан MNS 6058:2009 стандартаар талбайн нийт хэмжээ 43.89 мкв гэж тогтоосон дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас 6.64 мкв талбайн зөрүү үнийг гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор шинжээчийн ажлын хөлс 117.326 төгрөг төлснийг хохиролд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд Батбүрдэл ХХК-иас 6.64 мкв талбайн зөрүү үнэ /6.64х1.193.000=7.921.520-2.386.000=5.535.520/ 5.535.520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батжаргалд олгож, үлдэх 124.586 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь бойлерын төлбөр 220.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа татан авсан тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс татан авсан шаардлагад холбогдох тэмдэгтийн хураамжийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Батбүрдэл ХХК-иас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

        

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                       

                                                                                                                                                                  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Батбүрдэл ХХК-иас 5.535.520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батжаргалд олгож, үлдэх 124.586 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь бойлерын төлбөр 220.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа татан авсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.010 төгрөгөөс 15.492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 103.518 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Батбүрдэл ХХК-иас 103.518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батжаргалд олгосугай.     

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА