| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
ТГЭХ ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох 2140000000042 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, яс үндэс халх, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “Баргилт” цехэд өрөмдөгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин 4 дүгээр баг Геологийн 18-1801 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 02 сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан О.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 05 сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 18-1801 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Н.Э-ийг бусадтай хардсны улмаас зүүн гарын бугалган тус газар нь хутгаар зүсэж, улмаар эрүүл мэндэд нь зүүн бугалганы гадна дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Н.Э-ийн 2021 оны 05-р сарын 30-ны өдөр өгсөн: “2021 оны 05 сарын 29-ний өдөр ажил дээрээ байх үед нөхөр Б утасдаж согтуу элдвээр доромжлоод, гэрээс зайлаарай, зайлахгүй бол чамайг ална гээд байхаар нь утсаа тасдаад, дууг нь хаачихаад утсаа ахин аваагүй. 23 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад гэртээ очсон. Гэрт ороод суусан намайг “пизда, янхан, гичий минь зайл” гэж хараахаар нь гэрээсээ гараад баруун тийшээ алхаж байтал араас гүйж ирээд фудволкноос зуурч аваад нүүр рүү 2-3 удаа цохьсон. Тэгээд намайг гэртээ харъя гээд байхаар нь хар шөнө хаашаа явахав дээ өвчтэй ээж дээрээ очоод яахав гээд буцаад гэр рүүгээ дагаад явсан. Гэрт орж ирээд урагдсан фудволкоо оёх гээд зүү утас сүвлээд сандал дээр сууж байсан гал тогооны шургуулганаас хутга аваад намайг чиглээд ирэхээр нь энэ намайг арай хутгалчихгүй байлгүй дээ, айлгах гэж байгаа байх гэж бодоод сууж байсан чинь шууд ирээд л зүүн талын бугалга руу дүрчихсэн...Заазуур авчихаад би чамайг гүйцээчихье гээд дайрсан. Миний урдуур заазуураар өмнөөс цавчилаад дайраад байсан...Тэгээд сандал дээр сууж байсан бие сонин болохоор нь цус алдаад үхэх байна гэж бодоод өөрийн төрсөн ахыг дуудаж цагдаа орчихоод, эмнэлэг орж үзүүлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг олон удаа зодож байсан. Бид хоёр 2012 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээндээ 120250 төгрөгийн эм тариа, бинт зэрэг зүйлс авч хэрэглэсэн. Би энэ мөнгийг Б-с авч хэрэглэсэн учраас нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 47/
-Гэрч Н.Э-ын 2021 оны 05-р сарын 30-ны өдөр өгсөн: “2021 оны 05 сарын 30-ны 01 цаг өнгөрч байхад утас дуугарахаар нь дүү охин Э залгаад би цус алдаад байна, намайг эмэнэлэг хүргээд өгөөч гэхээр нь яасан юм, нөхөр чинь байгаа биз дээ гэсэн нөхөр намайг хутгалчихсан гэхээр нь ум хумгүй босоод Э-ийн гэрт очиход манай дүү Н.Э-ийн зүүн гарны бугалга хэсгээс цус нь гойжоод сандал дээр сууж байсан, нөхөр Б орондоо орчихсон унтаж байсан. Би Б-ийг татсан нэг сэрчихээд буцаад унтаад өгөхөөр нь дүүгээ дагуулаад цагдаа дээр ирчихээд, эмнэлэг орж үзүүлсэн. Б согтуу байсан. Өмнө нь манай дүүг зоддог байсан байх... Манай дүү зүүн гартаа байх хутганы шархаа гараараа дараад байсан. Би зүүн гарынх нь бугалганаас өөр гэмтэл шарх хараагүй. Э-ийн хоолой хэсэгт нь зүсэгдсэн шархыг хараагүй. Даруйхан л эмнэлэг дээр авчрахыг бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 49/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 02-ны өдрийн №56 тоот:
1.Н.Э-ийн биед зүүн бугалганы гадна дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний урд доод хэсгийн өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хурц иртэй хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх зүүн бугалганы гадна дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 02-ны өдрийн №2021.14 тоот:
1.Шинэжилгээнд ирүүлсэн хохирогч Н.Э-ийн хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх цамцны зүүн ханцуйны гадна дээд талдаа бугалганы дээд хэсэгт 2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалт шинээр үүссэн байна.
2.Дээрх зүсэгдсэн урагдалт нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн харилцан үйлчлэлээр үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,
Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би маш их согтолттой байсан. Өөрийнхөө хийсэн үйлдлийг санахгүй байна. Э-тай гэртээ 3 ширхэг пиво уусан. Надад хэргийн талаар санаж байгаа зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
-Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 05 сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 18-1801 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Н.Э-ийг бусадтай хардсны улмаас зүүн гарын бугалган тус газар нь хутгаар зүсэж, улмаар эрүүл мэндэд нь зүүн бугалганы гадна дээд хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Э, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 02-ны өдрийн №56, 2021 оны 06 сарын 28-ны өдрийн №14 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Н.Э-ийн бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 сарын 02-ны өдрийн №56 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Э-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн хувийн зан байдал, архидан согтуурсан нөхцөл байдал зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна.
Шүүгдэгч О.Б нь урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 02 сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 75, 78-83, 86-89/
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх мэдүүлэг өгснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “... Нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул уг хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 12.4 см, нийт 26 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй, ажлын хэсгийн урт нь 17.1 см, ишний урт 12.8 см, нийт 29.9 см урттай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг журамлан шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 12.4 см, нийт 26 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн иштэй, ажлын хэсгийн урт нь 17.1 см, ишний урт 12.8 см, нийт 29.9 см урттай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
4.Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ