Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/566

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ганхөлөг,

гэрч А.Э,

шүүгдэгч Т.Ч, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Ч-д холбогдох эрүүгийн 201626021397 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *********** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аграномич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ********************* оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Т-ийн Ч /********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Ч нь өөрийн ажил хэргийн танил Ш.А-ийн барилгын ажилд их хэмжээний арматур төмөр авах хэрэгцээ шаардлагатай байдлыг далимдуулж, “хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм, 50%-д бартер хийгээд 50%-д бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонн-ыг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, очоод үзчих” гэж хэлээд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Б буюу Ф-ийн эзэмшлийн, хашаанд хураалттай байсан хятад улсад үйлдвэрлэгдсэн арматур төмрийг үзүүлж, өөрийнх хэмээн иргэн Ш.А-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ш.А-ээс 115.000.000 төгрөгийн арматур төмрийн урьдчилгаа төлбөр болгон аваад 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч гадаад улс руу явж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч мэдүүлэхдээ: “...Миний бие А гэдэг хүнийг танихгүй. Тухайн болсон асуудал дээр А.Э гэх надтай өмнө хамт ажиллаж байсан хүнийг би таньдаг бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр А.Э намайг дуудаж А-тэй уулзуулсан. Тэгээд 115.000.000 төгрөгөөр арматурын авна гэж өгсөн мөнгийг нь би авсан. А нь А.Э-тай хамтарч ажил гүйцэтгэж байсан юм билээ. А захиалагч А.Э гүйцэтгэгч байсан. Гүйцэтгэгч нь арматур авч ажил гүйцэтгэж өгөх, захиалагч нь мөнгийг нь гаргаж өгөх ёстой байдаг. Тухайн арматурыг зэвэрсэн, өнгө алдсан гэж яриад байгаа гэтэл арматурыг өнгө байдлаар нь шинждэггүй юм. Лабораториор шинжлүүлж чанар нь гарч ирдэг. Зургаан жилийн хугацаанд энэ арматурыг ямар чанартай байсан талаар нотлох гэж оролдоогүй. Миний өгсөн арматурын хэмжээ болон үнэ өртгийг нотлохгүй нөгөө хүмүүсийн амаараа хэлсэн зүйлсийг нотлох баримт гэж үзээд байна. Би 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Солонгос улсын Сөүл хотын эмнэлэгт 2 удаа хагалгаанд ороод 2 сар эмнэлэгт хэвтсэн бөгөөд тухайн эмнэлгийн хяналтад байнга байдаг байсан болохоор очиж үзлэгт ордог байсан. Миний бие хохирогч гэх А-ийг залилаагүй...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Э “...2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ат арматур хэрэгтэй байсан болохоор би утасдаж Ч-ыг дуудсан. Ч-тай 2011 оноос 2014 оны намар хүртэл хамтарч ажиллаж байсан. Тухайн үед Ч төмөр үзүүлээгүй. Тэр үед хашаа нь түгжээтэй байсан...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Арматур төмөр хүлээж авсан талаарх баримт /1 хх 23/,

2. Зарлагын баримт /1 хх 92-93/,

3. Шүүгдэгч Т.Ч-ын Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх баримт /2 хх 59-62/,

4. ****************************************************** /1 хх 95-96/,

5. Хохирогч Ш.А-ийн:

“...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ч залгаад хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм, 50%-д нь бартер хийгээд 50%-д нь бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонн-ыг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, одоо очоод үзчих гэхээр нь хамт Ханын материалын хашаанд очиход дүүрэн арматур үзүүлсэн. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын-25-ны өдөр 115 сая төгрөг Чад бэлнээр гарын үсэг зуран хүлээлгэж өгсөн. Энэ үед Ч-ын ажилтан Б байсан. Маргааш нь төмрөө авах гээд Ч-ын утас руу залгаад холбогдохгүй байхаар нь нөгөө арматурын газар очиход Б гэх Хятад хүн байсан бөгөөд арматурын талаар лавлахад Чад арматур өгөх учиргүй. Ч-ын арматур биш, надад хүнд арматур өгөх талаар хэлээгүй гэсэн. Сураг сонсоход Ч надаас мөнгө авсан өдрөө Солонгос явсан байсан ба дараа уулзаад 80 тонн арматур авчирч өгсөн. Би өмнө нь бартер оролцуулж авна гэсэн болохоор өндөр үнэ тогтоож одоо бол бэлэн мөнгөөр шинэ арматур НӨАТ хүргэлттэй 870.000 төгрөгөөр харин НӨҮТ-гүй бол 750.000-850.000 төгрөгийн ханштай байсан. Ч-ын өгсөн төмөр зэвд идсэн ямар ч размерын сонголтгүй байсан учир 1 тонныг 750.000 төгрөгөөр тооцож үлдэгдэл 55 сая төгрөгөө нэхэмжилнэ. Ч-тай Дарханы арматур төмөр авахаар тохироогүй, 1.200.000 төгрөг авахаар тохирсон бол би авахгүй байх байсан, ...Ч бид хоёр 1 тонн Хятад шинэ арматур төмрийг бартер оролцуулаад 920.000 төгрөгөөр тохиролцоод би 115 сая төгрөгийг өгсөн байсан. Сүүлд нь өгсөн арматур төмрийн үнийг тохиролцоогүй. Би шинэ хуучин эсэхийг нь мэдээгүй А.Э нь Ч ах хэдэн тонн арматур байна гэсэн очоод авах уу гэж хэлэхээр нь тэг хэж хэлээд А.Э тэр арматур төмрийг авчирсан юм. Тэгсэн сүүлд нь үзсэн хуучин зэвтэй арматур төмөр байсан.  Хэрэв хуучин зэвтэй арматур төмөр байсныг нь мэдсэн бол авахгүй байсан....” гэсэн мэдүүлэг /1 хх 46-47, 2 хх 5/,

6. Гэрч А.Э-ын:

“...2015 оны хавар би Ш.А-тэй ажил дээр нь очиж уулзаад бартерын бараа солилцооны нөхцөлтэйгөөр арматур нийлүүлэх талаар ярилцсан. Тухайн үед Ч захирлын “****************” ХХК-нд менежерээр ажиллаж байсан. Ингээд өөрийн биеэр А-ийг Ч-тай холбож уулзуулсан ба тухайн үед А яаралтай 500 тонн арматур төмөр авъя гэж надад хэлсэн тэгэхэд Ч захирал 500 тонн төмөр бэлэн байгаа гэж хэлсэн бөгөөд **************ард талд байрлах арматурын талбай дээр очиж Б гэдэг Монгол нэртэй Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний хашаанд ороод А-т за эдгээр арматур байгаа юмаа гээд цоо шинэ арматур үзүүлсэн ба эндээс хэрэгтэй арматур төмрөө авч болно гэж Ч тухайн үедээ ярьж байсан ба А үүнд нь итгээд худалдаж авахаар болоод 1 тонн арматур төмрийг 920.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба улмаар гэрээгээ байгуулъя гэж тохиролцоод А нь өөрөөсөө бэлэн 115.000.000 төгрөг гарган өгөөд үлдэгдэл арматураа өгөхөөр чинь үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн зүйл ярьсан. Нийт 500 тонн төмрийг 920.000 төгрөгөөр тооцож бодохоор 460.000.000 төгрөг болж байсан ба түүний 230.000.000 төгрөг нь бартераар буюу солилцооны нөхцөлөөр байр тооцохоор болж үлдэгдэл 230.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөхөөр болсон. Ингээд А урьдчилгаа 115.000.000 төгрөг 50 хувийг нь бэлнээр өгөөд үлдэгдэл арматураа авахаар мөнгөө өгье гээд тохирсон. Тэгээд би шөнө нь машинаа олоод таван шарын хойд талаас машинаа ачаад хөдөлгөөд арматураа зөөе гэж Ч захиралд хэлэхэд орой болъё би өөрөө машин гаргана гэж надад хэлсэн. Тэгээд орой нь залгахад өглөө болъё гэж хэлсэн ба өглөө нь Ч захирал руу утсаар ярихад утас нь холбогдохоо больсон байсан. Ингээд компанийн ажилтнууд руу залгахад мэддэг хүн байдаггүй тэгсэн манай компанийн ажилтан урьд шөнө нисчихсэн гэж надад хэлсэн ба би А-т хэлэхэд тэгвэл тэр Б гэж хүн дээр очъё гэж надад хэлсэн ба бид хоёр хоёулаа Б гэж хүн дээр очсон. Б гэх хятад хүнтэй уулзаад юу болсон талаар тайлбарлаад Ч захиралд та өртэй юм уу Ч захирал таныг очоод арматур төмөр ав гэж хэлсэн гэхэд нөгөө Б гэж хятад би тийм зүйл ерөөсөө мэдэхгүй байна Ч надад тийм зүйл хэлээгүй тэглээ ч гэсэн би Чад арматур төмөр өгөх ёсгүй гэсэн зүйл ярьсан, ....Сар гарангын дараа Ч захирал над руу яриад ******************* очоод Дарханы арматур авчих гэж надад хэлсэн тэгэхэд нь би Нийслэл Өргөө рүү явж арматур авсан ба 40 гаруй насны нэг эмэгтэй хүн надад арматур хүлээлгэж өгсөн ба уг арматур нь зэвтэй зэвгүй гээд янз бүрийн л арматур байсан. ...Ингээд Нийслэл Өргөөгөөс 50 тонн арматур төмөр аваад барилгын хашаанд буулгасан ба дахиад Ч захирал руу буулгасан өдрөө залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Дахиад 20 гаруй хоногийн дараа Нүхтийн хашаанаас очоод арматур төмөр авчих гэж хэлсэн ба тэнд дандаа 32 размерын арматур төмөр байсан нь зэвтэй арматур байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 62/,

7. Гэрч Б буюу ***********-н:

“...Манай компанийн төмөр худалдаалдаг газар бол ********************* байрлаж байсан. Одоо ч тэндээ үйл ажиллагаа явуулж төмрөө борлуулж байгаа. Манай зарж байсан, одоо зарж байгаа төмөрт Ч-ын эзэмшлийн ямар ч төмөр байхгүй. Ч манай зарж байгаа төмрөөс бусдад зарж борлуулах, захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Ч хүн дагуулж ирж төмөр худалдаж авах талаар ярьж байгаагүй. Ч-тай хүнд төмөр өгөх талаар хэлж байгаагүй. Манай хашаанд их хэмжээний төмөр хураасан байдаг. Хашаанд хүмүүс чөлөөтэй орж гарч төмөр үздэг болохоор Ч-ыг ямар хүн дагуулж ирээд миний төмрийг хүнд харуулсныг мэдэхгүй. Тухайн үед 1 тонн арматурын төмөр 930.000-950.000 орчим төгрөгөөр зарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 66-67/,

8. Гэрч Ц.Ж-ийн:

“...2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай “Г” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.Э надтай хамт одоо буух арматур төмрийг тоолоод хүлээгээд авчих, барилгын карказ угсралтад хэрэглэх гэж байгаа юм гээд том урт шаланз машинаар 14 боодолтой нийт 700 ширхэг 28-ын арматур төмөр буулгасан. Манай компаниас санхүүг нь л шийдэж өгдөг болохоос туслан гүйцэтгэгч компани өөрсдөө материал авдаг юм…” гэсэн мэдүүлэг /1 хх 26/,

9. Гэрч Б.Ж-ын:

“...Ч ах над руу яриад гурвалжингийн гүүрний ойролцоо ************* гэдэг компанийн хашаанаас нийт 40 гаруй тонн арматур ачаад 10 дугаар хороолол А гэх хүний барьж байгаа барилгын хашаан дотор буулгачихаа гэж хэлсэн. Дахиад Нүхтийн амнаас “************” компанийн хашаанаас 50 гаруй тонн төмөр ачаад тэр буулгасан газраа буулгачихаа гэж хэлсэн ба уг арматурыг ямар ч асуудалгүй 10 дугаар хороололд хүргэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 60/,

10. Гэрч П.Н-н:

“...Ч-ыг одоо хаана юу хийж байгаа талаар огт мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2016 онд надад өгөх ёстой байсан мөнгөнийхөө оронд нэг машин өгсөн байсан. Тэр машинаа нэг өдөр ах нь машиныг нь нэр дээр нь шилжүүлээд өгье гэж хэлээд машинаа авч яваад алга болсон. Хүмүүсээс сураг сонсоход гадагшаа гарсан гэж байсан. Ер нь их мөрийтэй тоглоом тоглодог хүн гэсэн гадаад орнуудаар мөрийтэй тоглоом тоглоод явж байж магадгүй. Манай нөхөр А.Э Ш.А, Т.Ч нарыг анх хооронд нь уулзуулсан юм шиг байна лээ. Ш.А Т.Ч-аас арматур төмөр авахаар тохиролцоод мөнгөө өгч байхад нь манай нөхөр А.Э хамт байсан юм байна лээ үүнээс өөр зүйл мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /1 хх 68-70/,

11. Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болон хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолууд, зарлагын баримтууд, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Т.Ч-ын хувийн байдал, түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Ч-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Т.Ч нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ш.А-ээс 115.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт 24.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ат олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Т.Ч нь хохирогч Ш.А-ийг залилсан гэх асуудал нь иргэний эрх зүйн маргаан бөгөөд залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа тул шүүгдэгч Т.Ч-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Ч-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Ч нь: хохирогч Ш.А-ийн барилгын ажилд их хэмжээний арматур төмөр авах хэрэгцээ шаардлагатай байдлыг далимдуулж, “хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм, 50 хувьд бартер хийгээд 50 хувийг бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонн-ыг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, очоод үзчих” гэж хэлээд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Б буюу П-ийн эзэмшлийн, хашаанд хураалттай байсан хятад улсад үйлдвэрлэгдсэн арматур төмрийг үзүүлж, өөрийнх хэмээн иргэн Ш.А-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ш.А-ээс 115.000.000 төгрөгийн арматур төмрийн урьдчилгаа төлбөр болгон аваад 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч гадаад улс руу явсан болох нь:

- Хохирогч Ш.А-ийн “...2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ч залгаад хямдхан арматур төмөр байна, хүнээс арматур авах авлагатай юм, 50 хувьд нь бартер хийгээд 50 хувьд нь бэлэн мөнгөөр нь 500 тонн арматурыг 1 тонн-ыг 920.000 төгрөгөөр тооцож худалдана, одоо очоод үзчих гэхээр нь хамт Ханын материалын хашаанд очиход дүүрэн арматур үзүүлсэн. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын-25-ны өдөр 115 сая төгрөг Ч-д бэлнээр гарын үсэг зуран хүлээлгэж өгсөн. Энэ үед Ч-ын ажилтан Б байсан. Маргааш нь төмрөө авах гээд Ч-ын утас руу залгаад холбогдохгүй байхаар нь нөгөө арматурын газар очиход Б гэх Хятад хүн байсан бөгөөд арматурын талаар лавлахад Ч-д арматур өгөх учиргүй. Ч-ын арматур биш, надад хүнд арматур өгөх талаар хэлээгүй гэсэн. Сураг сонсоход Ч надаас мөнгө авсан өдрөө Солонгос явсан байсан ба дараа уулзаад 80 тонн арматур авчирч өгсөн.

Би өмнө нь бартер оролцуулж авна гэсэн болохоор өндөр үнэ тогтоож одоо бол бэлэн мөнгөөр шинэ арматур НӨАТ хүргэлттэй 870.000 төгрөгөөр харин НӨҮТ-гүй бол 750.000-850.000 төгрөгийн ханштай байсан. Ч-ын өгсөн төмөр зэвд идсэн ямар ч размерын сонголтгүй байсан учир 1 тонныг 750.000 төгрөгөөр тооцож үлдэгдэл 55 сая төгрөгөө нэхэмжилнэ.

Ч-тай Дарханы арматур төмөр авахаар тохироогүй, 1.200.000 төгрөг авахаар тохирсон бол би авахгүй байх байсан. Сүүлд нь өгсөн арматур төмрийн үнийг тохиролцоогүй. Би шинэ хуучин эсэхийг нь мэдээгүй А.Э нь Ч ах хэдэн тонн арматур байна гэсэн очоод авах уу гэж хэлэхээр нь тэг хэж хэлээд А.Э тэр арматур төмрийг авчирсан юм. Тэгсэн сүүлд нь үзсэн хуучин зэвтэй арматур төмөр байсан.  Хэрэв хуучин зэвтэй арматур төмөр байсныг нь мэдсэн бол авахгүй байсан....” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.Э-ын “...2015 оны хавар би Ш.А-тэй ажил дээр нь очиж уулзаад бартерын бараа солилцооны нөхцөлтэйгөөр арматур нийлүүлэх талаар ярилцсан. Тухайн үед Ч захирлын “*************” ХХК-нд менежерээр ажиллаж байсан. Ингээд өөрийн биеэр А-ийг Ч-тай холбож уулзуулсан ба тухайн үед А яаралтай 500 тонн арматур төмөр авъя гэж надад хэлсэн тэгэхэд Ч захирал 500 тонн төмөр бэлэн байгаа гэж хэлсэн бөгөөд ********** хорооллын ард талд байрлах арматурын талбай дээр очиж Б гэдэг Монгол нэртэй Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний хашаанд ороод Ат за эдгээр арматур байгаа юмаа гээд цоо шинэ арматур үзүүлсэн ба эндээс хэрэгтэй арматур төмрөө авч болно гэж Ч тухайн үедээ ярьж байсан ба А үүнд нь итгээд худалдаж авахаар болоод 1 тонн арматур төмрийг 920.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба улмаар гэрээгээ байгуулъя гэж тохиролцоод А нь өөрөөсөө бэлэн 115.000.000 төгрөг гарган өгөөд үлдэгдэл арматураа өгөхөөр чинь үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн зүйл ярьсан.

Нийт 500 тонн төмрийг 920.000 төгрөгөөр тооцож бодохоор 460.000.000 төгрөг болж байсан ба түүний 230.000.000 төгрөг нь бартераар буюу солилцооны нөхцөлөөр байр тооцохоор болж үлдэгдэл 230.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөхөөр болсон.

Ингээд А урьдчилгаа 115.000.000 төгрөг 50 хувийг нь бэлнээр өгөөд үлдэгдэл арматураа авахаар мөнгөө өгье гээд тохирсон. Тэгээд би шөнө нь машинаа олоод таван шарын хойд талаас машинаа ачаад хөдөлгөөд арматураа зөөе гэж Ч захиралд хэлэхэд орой болъё би өөрөө машин гаргана гэж надад хэлсэн. Тэгээд орой нь залгахад өглөө болъё гэж хэлсэн ба өглөө нь Ч захирал руу утсаар ярихад утас нь холбогдохоо больсон байсан.

Компанийн ажилтнууд руу залгахад мэддэг хүн байдаггүй тэгсэн манай компанийн ажилтан урьд шөнө нисчихсэн гэж надад хэлсэн ба би Ат хэлэхэд тэгвэл тэр Б гэж хүн дээр очъё гэж надад хэлсэн ба бид хоёр хоёулаа Б гэж хүн дээр очсон. Б гэх хятад хүнтэй уулзаад юу болсон талаар тайлбарлаад Ч захиралд та өртэй юм уу Ч захирал таныг очоод арматур төмөр ав гэж хэлсэн гэхэд нөгөө Б гэж хятад би тийм зүйл ерөөсөө мэдэхгүй байна. Ч надад тийм зүйл хэлээгүй тэглээ ч гэсэн би Чад арматур төмөр өгөх ёсгүй гэсэн зүйл ярьсан.

Сар гарангын дараа Ч захирал над руу яриад Нийслэл Өргөөгөөс очоод Дарханы арматур авчих гэж надад хэлсэн тэгэхэд нь би Нийслэл Өргөө рүү явж арматур авсан ба 40 гаруй насны нэг эмэгтэй хүн надад арматур хүлээлгэж өгсөн ба уг арматур нь зэвтэй зэвгүй гээд янз бүрийн л арматур байсан.

Нийслэл Өргөөгөөс 50 тонн арматур төмөр аваад барилгын хашаанд буулгасан ба дахиад Ч захирал руу буулгасан өдрөө залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Дахиад 20 гаруй хоногийн дараа Нүхтийн хашаанаас очоод арматур төмөр авчих гэж хэлсэн ба тэнд дандаа 32 размерын арматур төмөр байсан нь зэвтэй арматур байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б буюу **********/-н “...Манай компанийн төмөр худалдаалдаг газар бол ************************* байрлаж байсан. Одоо ч тэндээ үйл ажиллагаа явуулж төмрөө борлуулж байгаа. Манай зарж байсан, одоо зарж байгаа төмөрт Ч-ын эзэмшлийн ямар ч төмөр байхгүй. Ч манай зарж байгаа төмрөөс бусдад зарж борлуулах, захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Ч хүн дагуулж ирж төмөр худалдаж авах талаар ярьж байгаагүй. Ч-тай хүнд төмөр өгөх талаар хэлж байгаагүй. Манай хашаанд их хэмжээний төмөр хураасан байдаг. Хашаанд хүмүүс чөлөөтэй орж гарч төмөр үздэг болохоор Ч-ыг ямар хүн дагуулж ирээд миний төмрийг хүнд харуулсныг мэдэхгүй. Тухайн үед 1 тонн арматурын төмөр 930.000-950.000 орчим төгрөгөөр зарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц-ийн “...2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай “*****************” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан А.Э надтай хамт одоо буух арматур төмрийг тоолоод хүлээгээд авчих, барилгын карказ угсралтад хэрэглэх гэж байгаа юм гээд том урт шаланз машинаар 14 боодолтой нийт 700 ширхэг 28-ын арматур төмөр буулгасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ж-ын “...Ч ах над руу яриад гурвалжингийн гүүрний ойролцоо Нийслэл Өргөө гэдэг компанийн хашаанаас нийт 40 гаруй тонн арматур ачаад 10 дугаар хороолол А гэх хүний барьж байгаа барилгын хашаан дотор буулгачихаа гэж хэлсэн. Дахиад Нүхтийн амнаас “**************” компанийн хашаанаас 50 гаруй тонн төмөр ачаад тэр буулгасан газраа буулгачихаа гэж хэлсэн ба уг арматурыг ямар ч асуудалгүй 10 дугаар хороололд хүргэн өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.Н-н “...Манай нөхөр А.Э нь Ш.А, Т.Ч нарыг анх хооронд нь уулзуулсан юм шиг байна лээ. Ш.А Т.Ч-аас арматур төмөр авахаар тохиролцоод мөнгөө өгч байхад нь манай нөхөр хамт байсан юм байна лээ…” гэсэн мэдүүлэг, 

- Арматур төмөр хүлээж авсан талаарх баримт болон зарлагын баримтууд, шүүгдэгч Т.Ч-ын Монгол Улсын хилээр орсон гарсан талаарх баримт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Т.Ч болон түүний өмгөөлөгч нараас залилах гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Ч нь хохирогч Ш.А-т арматур төмөр яаралтай хэрэгцээтэй болохыг ашиглан түүнд “хямд үнээр арматур төмөр худалдана, хүнээс авах авлагатай, 50 хувьд нь бартер, 50 хувийг бэлэн мөнгөөр худалдана” гэж Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн **********ийн худалдаалж байсан арматур төмрийг үзүүлж, өөрийнх гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдчилгаа 50 хувь болох 115.000.000 төгрөгийг авч, Монгол Улсын хилээр гарч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан байна. 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ. Шүүгдэгч Т.Ч нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилан мэхэлж байгаа нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ат 115.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Ч нь 91.000.000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний арматур төмрийг хохирогчид өгсөн бөгөөд хохирлын үлдэгдэл болох 24.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Ч-аас гаргуулж хохирогч Ш.Ат олгохоор шийдвэрлэв.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Т.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгч Т.Ч-д холбогдох эрүүгийн хэрэг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж өөрчилсөн боловч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүгдэгч Т.Ч-ын үйлдсэн “залилах” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зааснаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.Ч-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 05 жил байх бөгөөд уг хугацаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна.

Иймд шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Т.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ***************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Чад буцаан олгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Т-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-аас 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.А-т олгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Ч-д буцаан олгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ч-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ч-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ