| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00857/И |
| Дугаар | 1275 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 1275
| 2017 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2017/01275 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 42 дугаар байр 112 тоотод оршин суух, 1988 онд төрсөн 29 настай, Урианхай овогт Бүрэнмэндийн Баяржаргал /РД-ХЙ88020419/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 1-а байр, 18 тоот хаягт байрлах “Эгшиглэнт хишиг” ХХК /РД:5171938/
29.700.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Баяржаргал, хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК-ийн захирал Э.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эгшиглэнт хишиг ХХК-ийн захирал Э.Сүхбаатарын хүсэлтээр 180 ширхэг алчуур хатаагчийг нэг бүрийг 165.000 төгрөгөөр тооцож нийт 29.700.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Э.Сүхбаатар барилга хүлээлгэж өгнө, материал хэрэгтэй байна гээд 1 сарын дотор мөнгийг өгвөл нэг ширхэг алчуур хатаагчийг 125.000 төгрөгөөр тооцох, заасан 1 сарын хугацаа хэтэрвэл нэг ширхэг алчуур хатаагчийг 165.000 төгрөгөөр тооцож төлөхөөр амаар тохиролцсон байсан. Ингээд 1, 2 сар өнгөрсөн. Мөнгөө нэхэж утсаар ярихад утсаа авдаг байснаа сүүлдээ утсаа авахгүй таг болсон. Бид хоёр 2016 оны 11 дүгээр сард уулзаж алчуур хатаагчийн үнэ 29.700.000 төгрөгийг төлөх тухай гэрээ бичгээр хийсэн. Энэ хугацаандаа ч мөнгөө өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандахад шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Иймд Эгшиглэнт хишиг ХХК-иас алчуур хатаагчийн үнэ 29.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК-ийн захирал Э.Сүхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны хавар Б.Баяржаргалаас 180 ширхэг алчуур хатаагчийг нэг бүрийг 125.000 төгрөгөөр тохиролцон худалдаж авсан. Мөнгө орж ирээгүй тул үнийг нь төлж чадаагүй. Бид 2016 оны 11 дүгээр сард уулзахад Б.Баяржаргал би таньд ажил олж өгье, тэндээсээ мөнгөө авчихъя гээд бид хоёр гэрээ байгуулж гарын үсэг зурж ноториатын газраар орж батлуулсан. Ингээд шүүхэд хандсан байсан. Анхны тохирсон үнээс 40.000 төгрөгөөр илүү нэхсэн байна. Анх нэг бүрийн үнэ 125.000 төгрөг гэж тохирсон. Гадуур барилгын ажил олдвол хийж энэ мөнгийг төлнө. Нотлох баримтаар одоо зах зээлд алчуур хатаагч ямар ханштай байгаа талаарх нэхэмжлэхийг авчирч өгсөн болохоос алчуур хатаагч худалдаж авсан гэсэн баримт биш гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баяржаргал нь хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК-нд холбогдох алчуур хатаагчийн үнэ 29.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Б.Баяржаргалаас нэг бүрийг 165.000 төгрөгөөр тооцож 180 ширхэг алчуур хатаагчийг худалдан авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр алчуур хатаагчийн үнэ 29.700.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцож Бараа материал худалдах худалдан авах, материалын мөнгө төлөх тухай хэлцэл байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Бараа материал худалдах худалдан авах, материалын мөнгө төлөх тухай хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Хариуцагч нь “180 ширхэг алчуур хатаагчийг нэг бүрийг 125.000 төгрөгөөр тооцож төлөхөөр худалдаж авсан тул энэ үнээр төлнө” гэж тайлбарладаг боловч энэ талаар тохиролцсон гэх баримтгүй, нэхэмжлэгч энэ тайлбарыг зөвшөөрөөгүй, зохигч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээгээр алчуур хатаагч 180 ширхэгийг 165.000 төгрөгөөр тооцож нийт 29.700.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож хэлцэл байгуулсан байх тул тайлбар нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК-наас 180 ширхэг алчуур хатаагчийн үнэ 29.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК-иас 29.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Эгшиглэнт хишиг ХХК-иас 306.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баяржаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА