Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1274

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01274

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж-21, 206 тоот хаягт байрлах, “Гаммалоггинг” ХХК /РД:5406625/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 12-1, Колорадо бизнес төв, 305 тоот хаягт байрлах “Майн инфо” ХХК /РД:2599929/

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 10 сарын 29-ний өдөр “Цооногийн геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээг захиалагч “Майн Инфо” ХХК болон гүйцэтгэгч “Гаммалоггинг” ХХК харилцан тохиролцон байгуулсан. Гүйцэтгэгч “Гаммалоггинг” ХХК нь гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг 2013 оны 3 сарын 13-ны өдөр захиалагч “Майн Инфо” ХХК-д хүлээлгэн өгсөн ба үүнийгээ батлан хоёр тал гарын үсэг зурж гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байдаг. Гэрээ дүгнэсэн актад “Майн Инфо” ХХК нь 9.542.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Захиалагч Майн Инфо ХХК нь “Цооногийн геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээний 5.2.3-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, энэ нь “2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох нөхцөлийг бүрдүүлсэн. Гаммалоггинг ХХК нь захиалагч Майн Инфо ХХК-иас 9.542.000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгэн төлбөр тооцоогоо дуусгахыг удаа дараа санхүүгийн нэхэмжлэхээр шаардаж байсан. Мөн хэд хэдэн удаа уулзалтуудыг хийсэн байдаг. Гэвч Майн Инфо ХХК-ийн зүгээс үүргийн гүйцэтгэл хангахыг хичээхгүйгээр үлдэгдэл төлбөрөө төлөхөөс цааргалсан. Үүгээр Гаммалоггинг ХХК-ийг хохироож байгаа учир гэрээний 10.2-т зааснаар шүүхийн журмаар гаргуулан авахаар нэхэмжилж байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 9.542.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги 4.771.000 төгрөг нийт 14.313.000 төгрөгийг Майн Инфо ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК нь хариуцагч “Майн Инфо” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК нь хариуцагч “Майн Инфо” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК нь хариуцагч “Майн Инфо” ХХК-тай харилцан эвлэрч тохиролцсон учир “Майн Инфо” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК нь хариуцагч “Майн Инфо” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14.313.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229.515 төгрөгийн 50 хувь болох 114.757 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 114.757 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Гаммалоггинг” ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА