Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2019/0016

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******т холбогдох,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурорын байгууллагыг төлөөлж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...би Завхан аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн О.*******т холбогдох зөрчлийн материалыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянав.

Завхан аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ...О.******* нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан... гэх зөрчлийг илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаад 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр О.*******ын эцэг П.*******од Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтан Ж.******* нь дээрх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, О.*******ын эцэг П.*******од Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: Зөрчлийн хэргийн материалд: Эрх бүхий албан тушаалтан Ж.******* нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуулиар хүлээх чиг үүргээ хэрэгжүүлэх явцад ...О.******* нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан... гэх зөрчлийг илрүүлж, шалгасан байх боловч зөрчилд холбогдогч О.******* нь зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрээгүй буюу 15 нас, 11 сар, 2 хоногтой байсан болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон баримтаар нотлогдсон байна. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчилд О.*******ын эцэг П.*******од Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1. Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино, 2. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1. Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр П.*******од Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул дүгнэлт бичив гэжээ.

Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Завхан аймгийн Прокурорын газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн дүгнэлтийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Завхан аймгийн ******* сумын байгаль орчны байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн аваад прокурор дүгнэлт бичсэн. Уг дүгнэлтийг яагаад бичсэн бэ гэх үндэслэлийг тайлбарлая. Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчлийг илрүүлэхдээ дараах зүйлийг зөрчсөн байна.

Нэгдүгээрт: Зөрчлийн тухайн хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн шийтгэлийн зорилго бол зөрчил үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Хоёрдугаарт: Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулна гэж заасан байдаг.

Гуравдугаарт: Уг зөрчлийн хариуцлагыг оногдуулахдаа 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн хариуцлага хүлээлгэх ёстой байдаг. Гэтэл зөрчилд холбогдогч ******* нь 15 нас 11 сартай байсан. Мөн шийтгэлийн хуудсан дээр зөвхөн зөрчилд холбогдогчийн аавд нь буюу Б.******* гэдэг хүнд шийтгэл ноогдуулсан байна. Энэ нь зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч нь насанд хүрээгүй бол түүний эцэг эхэд шийтгэл оногдуулна гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Шийтгэлийн хуудас гэдэг бол хохирол нөхөн төлүүлэхэд зориулсан зүйл биш юм. Шийтгэлийн хуудас гэдэг нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг зөрчсөн тохиолдолд шийтгэлийн хуудсан дээр шийтгэл бичдэг. Тухайн зөрчлийг шийдэж байгаа хуудас нь шийтгэлийн хуудас болохоос биш хохирол арилгуулахын тулд шийтгэлийн хуудас бичнэ гэсэн ойлголт байхгүй. Хохирол арилгуулна гэдэг нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн үр дагаврыг арилгах өөр өөр зохицуулалт байдаг. Мөн байгаль орчны улсын байцаагч мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдамжаар шалгалт хийж байгаа бол улсын байцаагчийн акт байдлаар хохирлыг арилгуулах боломжтой байсан. Иймд гаргасан дүгнэлтээ дэмжиж байна. Тийм учраас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Завхан аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн зөрчлийн материалтай холбоотой дүгнэлттэй 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр танилцаад прокурорын дүгнэлтэнд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2018 оны 02/37 тоот Ой, ан, байгалийн ургамал, бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Завхан аймгийн ******* сумын Нуур багийн нутаг дэвсгэрт амьтны тухай хуулийн хэрэгжилтийг 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр шалгах явцад тус багийн Шувуу шаагдагийн ямаан толгой гэдэг газарт тус сумын Баян-Айраг багийн иргэн *******ын хүү О.******* нь нэг толгой тарвагыг хууль бусаар агнасан байдалтай байсан. О.*******т Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу зөрчил үйлдэх үедээ насанд хүрээгүй гэж үзэн зөрчлийн материал бүрдүүлэх шаардлагагүй гэж үзээд эцэг Н.*******ыг торгох бус нөхөн төлбөр төлүүлэх зорилгоор ******* гэсэн дугаартай шийтгэлийн хуудсыг бичсэн. Шийтгэлийн хуудасны доор нь шийтгэлийн төгрөг, хохирлын төгрөгийг гэдэг заалтуудыг нь дутуу орхисон. Хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад зөрчил үйлдсэн хүн маань 16 насанд хүрээгүй учраас Зөрчлийн тухай хуульд зааснаар 300.000 төгрөгөөр торгоно гэдэг асуудлаас илүү байгаль болон амьтны экологид учирсан нөхөн төлбөрийг гаргуулахаар зөрчил гаргагчийн асран хамгаалагч дээр нь тавих асуудал байх болов уу гэдэг үүднээс *******ын эцэг *******од шийтгэл оногдуулсан юм. Торгуулийн 300.000 төгрөгийг насанд хүрээгүй хүүхдэд шийтгэл оногдуулж болохгүй гэдэг үүднээс шийтгэлийн хуудсан дээр бичилт хийгээгүй. Тухайн үед *******ын аавыг нь ирэхэд танай хүүхдэд торгууль шийтгэлийн асуудал тавигдана. Танай хүүхэд насанд хүрээгүй учраас торгуулийн асуудлыг Зөрчлийн тухай хууль шинээр хэрэгжиж байгаа учраас асууж тодруулах зүйл байгаа учраас улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр оногдуулах учиртай юм байна гэдгийг тайлбарлаж өгсөн. Гэтэл ******* би нөхөн төлбөр тавигдсан гэдгээ нотлох тасалбар буюу шийтгэлийн хуудас авч байж гэр бүлдээ танилцуулж байж төлөхгүй бол болмооргүй байна. Өнөөдөр буцна надад баримт бичиж өгөх үү гэхээр нь би асууж тодруулж амжаагүй учраас шийтгэлийн хуудсан дээр нөхөн төлбөр гаргуулах тухай бичиж болох болов уу гэдэг байдлаар шийтгэлийн хуудас бичсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч, хариуцагч нараас гаргасан тайлбар зэрэг баримтуудыг үнэлээд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

О.******* нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуулиар хориглосон хугацаанд тарвага агнасан гэх зөрчлийг гаргасан байх бөгөөд Завхан аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* нь 2018 оны 08 сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар[1] зөрчил гаргагч О.*******ыг насанд хүрээгүй гэх үндэслэлээр түүний эцэг П.*******од торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.3 дахь хэсэгт ... тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

Гэтэл байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд хэдэн төгрөгөөр торгож байгаа нь тодорхойгүй, зөрчил үйлдэгч О.******* нь зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрээгүй байхад түүний эцэг П.*******од шийтгэл оногдуулсан байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, 3.2 дугаар зүйлийн 1-д заасан Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэснийг зөрчсөн байна.

Эрх бүхий албан тушаалтан болох байгаль орчны хяналтын улсын байцаагч нь тухайн шийтгэлийн хуудсаар торгох арга хэмжээ аваагүй, харин амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлүүлэх гэж байсан. Нөхөн төлбөр тогтооход ямар үнэт цаас хэрэглэх нь тодорхойгүй байдгаас эргэлзээтэй байдал үүссэн гэж тайлбарлаж байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1 дэх хэсэгт Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж, 37.2 дахь хэсэгт Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: 2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологиэдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлүүлэхээр тус тус зохицуулжээ.

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд монгол тарвага эрийг нь 170000 төгрөгөөр, эмийг нь 200000 төгрөгөөр үнэлэхээр тогтоосон байна.

Завхан аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бол дээрх хууль, журамд нийцүүлэн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож төлүүлэх ёстой байтал нөхөн төлбөрийн хэмжээ тодорхойгүй, торгууль оногдуулсан мэтээр шийтгэлийн хуудас үйлдсэн байгаа нь хуульд нийцээгүй байна.

Иймд ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт бүхий гомдлыг хангаж Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 13-р хуудас