Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Т.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Л.Ганцэцэг /2149/

Шүүгдэгч Ц.Түвшинжаргал нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ц.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн 201624000182  дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 42 дугаар гудамж 694 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Цагаанбаавгайн Түвшинжаргал /РД:УГ84012211/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичсэнээр

Шүүгдэгч Ц.Түвшинжаргал 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны зүүн талын замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,70% согтолттой үедээ Т.Приус маркийн 13-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Алтангэрэлийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Түвшинжаргал мэдүүлэхдээ: “...Болсон асуудлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэргийн талаараа мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн ба улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэд үнэн зөвөөр бичигдсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтангэрэл мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хөдөөнөөс ирж явсан ба БГД-н 1 дүгээр хороо Алтай хотхоны зүүн талын зам дээр таксинаас буугаад зам хөндлөн гарч байсан ба 3 дугаар эгнээний машиныг өнгөрөөгөөд цааш явтал ногоон өнгийн Т.Приус-10 маркийн авто машин их хурдтай орж ирээд миний зүүн талаас мөргөсөн. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй. Эмчилгээний зардалд 3,200,000 төгрөгийн зардал гарсан ба шүүгдэгчээс хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо шүүгдэгчид гомдол санал байхгүй гэв.

 

Гэрч Б.Өлзийбадрах мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчим Ц.Түвшинжаргалын хамтаар найз М.Мөнгөнхуягийн гэрт нь очоод бид 3 нэг шил 0,5 гр-н Улаанбаатар архи хэдэн пивотой хуваан уусан юм. Тэгээд бид 3 нилээн халаад тэдний гэрт хэсэг унтаад авсан юм. Ц.Түвшинжаргал хэсэг унтаж байгаад орой 18 цагийн орчим гараад явсан байсан харин М.Мөнгөнхуяг бид 2 тэдний гэрт унтаад үлдсэн юм. Ц.Түвшинжаргал унтаж байгаад гарахдаа архи нь бараг гарсан гайгүй харагдаж байсан. Бид өглөө 09 цагийн орчим архи ууж эхлээд л 12 цагийн орчим л унтсан байх гэхдээ цагаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед бол тасартлаа уугаагүй нилээн халж ирээд л унтсан юм...” гэжээ. /хх 22 хуудас/

Гэрч М.Мөнгөнхуяг мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчим найзууд болох Түвшинжаргал, Өлзийбадрах 2 манай гэрт ирсэн юм тэгээд бид 3 нэг шил 0,5 гр-н Улаанбаатар архи хэдэн пивотой хуваан уусан юм. Тэгээд манайд хэсэг унтаж байгаад дахин архи уугаагүй манай гэрээс гарсан юм. Яг хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан манай гэрт нилээн хэдэн цаг унтаж байгаад л гарсан. Манай гэрээс гарахдаа архи нь гарсан гайгүй харагдаж байсан. ...Харин маргааш нь Түвшинжаргал аваар хийсэн талаар хэлж байсан...” гэжээ. /хх 24 хуудас/

 

Иргэний хариуцагч М.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Т.Приус маркийн 1322 УНЧ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг юм. Энэ машин нь 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн автомашин байгаа юм. Би энэ машиныг Ц.Түвшинжаргал гэх хүнд 2015.5.21-ны өдөр 1,5 сая төгрөг зээлүүлээд барьцаанд нь авсан машин байгаа юм. Мөнгөө буцаагаад өгвөл машиныг нь эргүүлээд шилжүүлээд өгөх гэрээтэй. Тийм болохоор энэ машин Ц.Түвшинжаргалын автомашин байгаа юм. Ослоос болж учирсан гэмтэлд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 29-30 хуудас/

 

Техникийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 44 тоот дүгнэлтэд: “1. Т.Приус маркийн 1322 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Ц.Түвшинжаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2,7а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9,2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Т.Алтангэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3,4-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 3,9г-д заасан “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Бүрэн зогсолтын мөр биш тул /саадыг мөргөөд дараа нь тоормосны мөр эхэлж байна/ хурдыг тогтоох боломжгүй байна” гэжээ. /хх 34-35 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1272 дугаартай дүгнэлтэд: “1. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Алтангэрэл” гэсэн хаягтай цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /хх 50 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2994 дугаартай дүгнэлтэд: “1. Т.Алтангэрэлийн биед зүүн эгэм, зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан нийлмэл далд хугарал, зүүн нүдний ухархайн дээд,доод хананы зөрөөгүй, баруун нүдний ухархайн дотор хананы зөрөөтэй хугарал, хамар ясны зөрөөгүй хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, нүүр, дух, баруун шанаа, хацар, эрүүнд зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 52 хуудас/

 

Хохирогч Т.Алтангэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын үнэмлэхийн хуулбар /хх 21 хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 4 хуудас/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5 хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 7 хуудас/

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 8 хуудас/

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 9 хуудас/

“Автотээвэрийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны №44 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-42, 43-45 хуудас/

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №19532 /хх 46-47 хуудас/

1322 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 48 хуудас/

Өвчний түүх /хх 53 хуудас/

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /хх 54-60 хуудас/

Өвчний түүх /хх 61-68 хуудас/

Шүүгдэгч Ц.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 82 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 хуудас/

Хохирлын нийт 839,503 төгрөгийн баримт, /хх 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Түвшинжаргал 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны зүүн талын замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,70% согтолттой үедээ Т.Приус маркийн 13-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Т.Алтангэрэлийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Алтангэрэл /хх 18-19/, гэрч Б.Өлзийбадрах /хх 22/, М.Мөнгөнхуяг /хх 24/, Ц.Баттөгс /хх 26/, иргэний хариуцагч М.Бат-Эрдэнэ /хх 29-30/ нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх мэдүүлгүүд нь зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 4/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6, 7/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 8/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 9/, Техникийн шинжээчийн 44 тоот дүгнэлт /хх 34-35/, “Автотээвэрийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны №44 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-42, 43-45/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас 19532 /хх 46-47/, 1322 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1272 /хх 50/, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2994 дугаартай дүгнэлт /хх 52/, хохирогч Т.Алтангэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын үнэмлэхийн хуулбар /хх 21/, Өвчний түүх /хх 53/, Гэмтэл, согог судлалын үндэсний төв /хх 54-60/, өвчний түүх /хх 61-68/, шүүгдэгч Ц.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 82/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88/, хохирлын нийт 839,503 төгрөгийн баримт /хх 91, 92,93,94,95,96,97,98,99,100,101/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин зам тээврийн осол гарган бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.200.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Т.Алтангэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн Ц.Түвшинжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 962990 тоот үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /хх 88/, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48,2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овгийн Цагаанбаавгайн Түвшинжаргал нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овгийн Цагаанбаавгайн Түвшинжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2  жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинжаргалд оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч Т.Алтангэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн Ц.Түвшинжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 962990 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Түвшинжаргалд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзах, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Түвшинжаргалын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

           

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ