Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Л.Сэржмядагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэртэй

Л.Сэржмядагийн нэхэмжлэлтэй

Б.Алтаншагайд холбогдох

хүү С.Төгөлдөрт эцэг тогтоолгож, тэтгэлэг болон 2 083 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Сэржмядаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг, хариуцагч Б.Алтаншагай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “2012.03 сард Б.Алтаншагайтай танилцан 10 сараас дотноссон. 2016.05.07-нд Б.Алтаншагайгийн хүүхдийг төрүүлсэн. Гэтэл Б.Алтаншагай өөрийнх нь хүүхэд биш гэж байгаа тул хүүхдийн эцгээр хариуцагч Б.Алтаншагайг тогтоож, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.Алтаншагайгаас шалтгаалж Улаанбаатар хот руу ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр 3 удаа явсан зардлыг нэмж нэхэмжилж байна. Үүнд 2016.08.14-ний өдөр Улаанбаатар хот руу явж 2016.08.23-ны өдөр буцаж ирсэн замын зардал 93 600 төгрөг, Улаанбаатар хот дотор зорчсон зардал 120 000 төгрөг, 2016.08.22-ны орой 18 цаг хүртэл Б.Алтаншагайг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээж байхдаа алдсан гар утасны үнэ 300 000 төгрөг, гар утасны сим картны үнэ 3 000 төгрөг, 2016.08.28-ны өдөр Улаанбаатар хот руу явж, 2016.09.01-ний өдөр буцаж ирсэн замын зардал 158 000 төгрөг, ДНХ-ийн шинжилгээний төлбөр 147 000 төгрөг, LG маркийн гар утасны үнэ 160 000 төгрөг, үндсэн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, Улаанбаатар хотод байх үед хүү С.Төгөлдөрийн хэрэгцээнд зарцуулсан барааны үнэ 46 980 төгрөг, 2016.11.06-ны өдөр Улаанбаатар хот руу явж, 2016.11.11-ний өдөр буцаж ирсэн замын зардал 130 000 төгрөг, хүү С.Төгөлдөрийн хэрэглэсэн хүнсний үнэ 7 500 төгрөг, Улаанбаатар хот дотор зорчсон зардал 25 000 төгрөг, хүү С.Төгөлдөрийн хэрэглэсэн эм тариа болон живхний үнэ 111 100 төгрөг, өөртөө хэрэглэсэн эм тарианы үнэ 211 700 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, нийт 2 083 880 төгрөгийг Б.Алтаншагайгаас гаргуулж өгнө үү. Хүүхдээ нэг сартай байхад нь эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрвээ Б.Алтаншагай өөрийнхөө хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол 2-3 удаа хот руу явах, тэр бүү хэл цагдаа сэргийлэхийн байгууллагаар явах, Б.Алтаншагай болон түүний хамт амьдардаг эмэгтэйд дахин дахин зодуулж биедээ гэмтэл авах асуудал үүсэхгүй байх байсан. Энэ бол хүүхдийн тэтгэлэг болон өнөөдрийн миний нэхэмжилж байгаа 2 083 880 төгрөгийг төлөхгүй гэсэн санаа. Цагдаа сэргийлэхээр хүртэл явж байна. Ичих гээд ч ичих зүйл надад алга. Би энэ мөнгийг цагдаа сэргийлэхэд орооцолдсон гэж нэхэмжлээгүй. Надаас гарсан л зардал. Хүүхэдтэй хүн 3 удаа хот явахад 1 300 000 төгрөгийн зардал дор хаяж гарна. 3 дахь удаагаа хот ороход гарсан зарим зардлыг би нэхэмжлээгүй. Хотод байх үед хүүхэд маань халуурч уйлаад байхаар нь би хүнээс мөнгө зээлж аваад шарандаа айлаас хүүхдээ авч гараад буудалд орсон. Өөрөө ч гэсэн хүүхэд байнга авч ядраад хэцүү байхаар нь буудалд хоёр хонохдоо хүүхдэдээ ч тэр, өөртөө ч тэр тариа хийсэн. Энэ мөнгийг би нэхэмжлээгүй. Надаас өөр хэн ч ингэж л явна. Үүнээс ч илүү зардал гарахыг үгүйсгэхгүй. Хүнээс зээлсэн 1 000 000 төгрөгийг би яах юм бэ? Хүний утасны үнийг би яах юм бэ? Ямартай ч би өрнөөс гармаар байна. Цагдаа сэргийлэхийн асуудлаас өмгөөлөгч авч салмаар байна. Б.Алтаншагай өнөөдрийг хүртэл цаг хугацаа сунжруулаад байж л байна шүү дээ. Нэгэнт төрсөн хүүхэд нь мөнөөс хойш нэхэмжилж байгаа мөнгийг минь төлчихөөсэй гэж бодож байна. Мөн эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Дээрх нөхцөл байдал байсан учраас би энэ нэхэмжлэлийг гаргасан. Яах аргагүй би 3 удаа хот руу явсан. 150 000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Г.Энхбаяр гуай ч гэсэн энэ зэргийн настай хүн байж ингэж худлаа хэлж болохгүй шүү дээ. Надад 100 000 төгрөг л өгсөн. Тухайн өдөр мөнгө өгсөн талаар баримт үйлдээгүйг ашиглаж надад 150 000 төгрөг өгсөн гэж ярьж байгаа байх. Би 100 000 төгрөг тоолоод авсан. Надад өгсөн 100 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие иргэн Лхагвасүрэнгийн Сэржмядагийн тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Л.Сэржмядаг нь надаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж нэхэмжлэл гаргасныг уншин танилцаж ойлголоо. Энэ хүний хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн утга учрыг би ойлгохгүй байна. Энэ хүний төрүүлсэн гэх хүүхэд нь минийх биш. Учир нь цаг хугацааны хувьд тохирохгүй байгаа. Хоёрдугаарт шууд хэлэхэд энэ хүн надаар өөрийгөө болон хүүхдээ, амьдралаа тэтгүүлэхийн тулд хүүхдийн тэтгэлэг үндэслэлгүй нэхэмжилж байна. Би Л.Сэржмядагийг зүс танихаас биш харьцаж байгаагүй. Ийм учир Л.Сэржмядагийн хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Сэржмядаг хувийн чанартай нэхэмжлэлийг надаас гаргуулахаар тулган шаардсан байгаа учир би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. Намайг өөрийг нь зодсон, утсыг нь эвдсэн гэж байна. Үнэндээ би Л.Сэржмядагийг зодоогүй, утсыг нь эвдээгүй. Ярих ёстой зүйлийг л ярих ёстой байх. Гэтэл шүүх хуралдааныг сунжруулж байгаа ч юм шиг, нэг бол өөрийгөө хэтэрхий өрөвдүүлэх гэж байгаа ч юм шиг олон зүйл ярьж байгааг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Улаанбаатар хотод Л.Сэржмядаг түрүүлж очоод “Би ирчихсэн байна. Чи хүрээд ирээч” гэж надтай утсаар ярьсан. Энэ үеэр манай нагац эгч өөд болчихсон байсан тул би Архангай аймгийн Ихтамир суманд буяны ажилтай байсан. Энэ талаар шүүгчийн туслах Б.Ууганбаярт утсаар мэдэгдсэн. Тухайн үед үнэхээр очих боломжгүй байсан. Ийм нөхцөл байдлын улмаас тухайн үед очиж чадаагүй маань үнэн. Дараа нь Л.Сэржмядаг бид хоёр дахин ярилцаад Улаанбаатар хот руу явсан. Тэр үед Л.Сэржмядаг хувийн унаагаар ирсэн гэж хэлээгүй, замын унаагаар ирсэн гэж надад хэлсэн. Сая тайлбартаа хувийн унаагаар явсан, тодорхой хэмжээний зардал гарсан гэж ярьж байна. Энэ болгоныг цохож ярих шаардлагагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Цаг хугацааны хувьд ч тэр надад үнэхээр эргэлзээтэй байсан тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт ирэхэд мөн л надад эргэлзээ байсан учир өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. 2 удаагийн шинжилгээний дүгнэлт адилхан гарсан учир одоо би эргэлзэхгүй байна. С.Төгөлдөр миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Л.Сэржмядаг нэхэмжлэлийн шаардлагыг худлаа нэмэгдүүлж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Сэржмядаг анх Улаанбаатар луу явсан зардлын асуудал дээр маргаан үүсч байна. Л.Сэржмядагийг анх Улаанбаатар хот руу явах гэж байна гэхэд нь би өөрийнхөө нөхцөл байдлыг хэлсэн боловч хүлээн зөвшөөрөлгүй өөрөө явчихсан байсан. Уг нь тэр үед хамт явж болох л байсан байх. Хэрэв хамт явсан бол Л.Сэржмядаг алдсан гэх утсаа нэхэмжлэх ч байсан юм уу, үгүй ч юм уу. Л.Сэржмядагийг хүүхдээ тэврээд ирэхэд нь намайг зодож цохьдог ухааны юм ярьж байна. Тийм юм гэж юу байх юм бэ. Тухайн үед манай эцэг, эхээс эхлээд зөндөө олон хүмүүс дэргэд байсан. Ийм олон хүмүүсийн нүдэн дээр би хүүхэдтэй эмэгтэйг барьж аваад зодож нүдээд догшин авирлах боломжгүй байх гэж бодож байна. Энэ бүхнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжилгээний зардал 147 000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан замын зардал 93 600 төгрөг, мөн өмгөөлөгчийн хэлсэнчлэн хүүхдийн эмчилгээнд зарцуулсан мөнгөний тал буюу 55 000 төгрөг, нийт 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Тагар овогт Сэржмядагийн Төгөлдөрийн эцгээр Гөрөөчин овогт Баярсайханы Алтаншагайг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Сэржмядагийн Төгөлдөрийг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Алтаншагайгаар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Алтаншагайгаас эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр явахад гарсан замын зардал болон гарсан хохирол 285 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 562 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг баримтлан хариуцагч Б.Алтаншагайгаас хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлд хэрэглэсэн зүйлийн зардал 132 240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгож, 33 340 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 117 150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Алтаншагайгаас 83 385 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сэржмядагт олгох, нэхэмжлэгч Л.Сэржмядагаас 222 төгрөг, хариуцагч Б.Алтаншагайгаас 29 534 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Сэржмядагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Б.Алтаншагайгаас эцэг тогтоолгох шинжилгээнд 3 удаа явсан зардал болох 2 013 880 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас шүүх 1 562 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруу шийдсэн гэж үзэж байна. Үүнд 2016.08.14-23-ны хооронд ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хотод байх хугацаандаа унаагаар үйлчлүүлсэн зардал /хх-54/ 120 000 төгрөг, 2 дахь удаа буюу 2016.08.28-ны өдрөөс 09.01-ний өдрийн хооронд Улаанбаатар хот руу шинжилгээнд явсан замын зардал 158 000 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 113 000 төгрөг, 3 дахь удаа буюу 2016.11.6-11-ний хооронд явсан замын зардлаас хэрэгсэхгүй болгосон 41 000 төгрөг /хх-58/, Еврофарм эмийн сангаас өөртөө болон хүүхэддээ авсан эм тарианы үнэ 141 200 төгрөг /хх-60/, 7 сарын 03-ны өдөр хариуцагч Б.Алтаншагай шинжилгээнд явахгүй гээд намайг гэмтээхдээ эвдэлсэн LG маркийн гар утасны үнэ 160 000 төгрөг, нийт 575 200 төгрөг нь зайлшгүй гарсан зардал учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Алтаншагайгаас 575 200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.Алтаншагайгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2016.05.07-нд төрсөн хүү Тагар овогтой Сэржмядагийн Төгөлдөрийн эцгээр Гөрөөчин овогт Баярсайханы Алтаншагай намайг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасныг баримтлан хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлд хэрэглэсэн зүйлийн зардал 132 240 төгрөгийг гаргуулж Л.Сэржмядагт олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтийг хүндэтгэн үзэж байсан хэдий ч Л.Сэржмядаг нь цаг хугацааны хувьд надаас хүүхэд олсон байх боломжгүй байна. 2015.07.30-31-ний үед уулзахад Л.Сэржмядагийн сарын тэмдэг нь ирчихсэн байсан. 2015.08.02-нд Л.Сэржмядаг намайг дуудаж бид хоёр уулзсан. Тэгээд Л.Сэржмядаг хот явах ажилтай гээд хот явсан. Би хөдөө явсан. Үүнээс хойш бид хоёр дахиж уулзаагүй бөгөөд бидний хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй байтал 9 сарын эхээр Л.Сэржмядаг над руу залгаж “би жирэмсэн болсон” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргасан. Түүнээс хойш Л.Сэржмядаг надтай таараад “Энэ хүүхэд бол чиний хүүхэд биш. Чамайг надтай холбоотой байвал би чамаар оролдохгүй, харин намайг үл тоовол би чам дээр тохно” гэж ярьж байсан. Энэ нь одоо биеллээ олж байна гэж бодож байна. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш өөрт маш их эргэлзээ байсан учир Архангай аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Даваажавт хандаж сарын тэмдгийн мөчлөгийг тооцоолуулж үзэхэд цаг хугацааны хувьд миний хүүхэд байх боломжгүй гэж тооцоолж өгсөн. Иймд миний бие нь Л.Сэржмядагийн тухайн үеийн жирэмсний хяналтын картыг шалгуулах, хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. 2015.08.03-наас 9 сарын эхэн хүртэл миний бие эхнэрийн хамт ажилтай явж байсан үе. Намайг хөдөө явж байсныг нотлох гэрч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт оршин суугч Д.Ганчимэг, Л.Давааням нар сайн мэдэх тул дээрх хүмүүсийг гэрчээр асуулгах, мөн эмэгтэйчүүдийн эмч Даваажавыг мэргэжлийн хүний үүднээс гэрчээр асуулгах зэрэг хүсэлттэй байна. Иймд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Сэржмядаг нь Б.Алтаншагайд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хүү С.Төгөлдөрт эцэг тогтоолгож, тэтгэлэг болон 2 083 880 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна. /хх-1, 49-52/

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, С.Төгөлдөр миний хүүхэд биш гэж маргажээ. /хх-12/

Анхан шатны шүүх хүү С.Төгөлдөрийн эцгээр Б.Алтаншагайг тогтоож, эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр явахад гарсан замын зардал болон хохиролд 285 600 төгрөг, хүүхдийн наад захын хэрэгцээт зүйлд хэрэглэсэн зүйлийн зардалд 132 240 төгрөг, бүгд 417 840 төгрөгийг Б.Алтаншагайгаас гаргуулж нэхэмжлэгчид олгосноос гадна хүүхдийн тэтгэлэг тогтоож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1 596 040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Сэржмядаг “...2016.08.14-23-ны хооронд ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хотод байх хугацаандаа унаагаар үйлчлүүлсэн зардал /хх-54/ 120 000 төгрөг, 2 дахь удаа буюу 2016.08.28-ны өдрөөс 09.01-ний өдрийн хооронд Улаанбаатар хот руу шинжилгээнд явсан замын зардал 158 000 төгрөгөөс хэрэгсэхгүй болгосон 113 000 төгрөг, 3 дахь удаа буюу 2016.11.6-11-ний хооронд явсан замын зардлаас хэрэгсэхгүй болгосон 41 000 төгрөг /хх-58/, Еврофарм эмийн сангаас өөртөө болон хүүхэддээ авсан эм тарианы үнэ 141 200 төгрөг /хх-60/, 7 сарын 03-ны өдөр хариуцагч Б.Алтаншагай шинжилгээнд явахгүй гээд намайг гэмтээхдээ эвдэлсэн LG маркийн гар утасны үнэ 160 000 төгрөг, нийт 575 200 төгрөг нь зайлшгүй гарсан зардал учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Алтаншагайгаас 575 200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэж давж заалдах  гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан  баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг зөв хэрэглэсэн байна.

Мөн хариуцагч Б.Алтаншагай “...Л.Сэржмядагийн тухайн үеийн жирэмсний хяналтын картыг шалгуулах, хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна... 2015.08.03-наас 9 сарын эхэн хүртэл намайг эхнэрийн хамт хөдөө явж байсныг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт оршин суугч Д.Ганчимэг, Л.Давааням нар сайн мэдэх тул дээрх хүмүүсийг гэрчээр асуулгах, мөн эмэгтэйчүүдийн эмч Даваажавыг мэргэжлийн хүний үүднээс гэрчээр асуулгах зэрэг хүсэлттэй байна...” гэсэн агуулгатай гомдол гаргасан хэдий ч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, улмаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нөхцөл болохгүй байна.

Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргана. Иймд анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг нэмж гаргах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг зохигч гаргах эрхтэй боловч энэ талаар хариуцагч шүүх хуралдаан дээр хүсэлт гаргаагүй буюу дээрх нотлох баримтуудын талаар дурдаагүй тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулсан /хх-10/ байх тул Б.Алтаншагайгийн эрхийг шүүх хязгаарласан гэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Алтаншагай нь С.Төгөлдөрийн биологийн эцэг мөн эсэх талаар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6 136, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 9 222 дугаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан, уг дүгнэлтүүдээр хариуцагч нь хүү С.Төгөлдөрийн биологийн эцэг байх 99,99%-ийн магадлалтайгаар гарсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасан нотлох баримтыг үндэслэн хүүхдийн эцгийг тогтоосон гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул зохигчдын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод  үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Л.Сэржмядагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 906 /арван долоон мянга есөн зуун зургаа/ төгрөгийг, хариуцагч Б.Алтаншагайгийн төлсөн 112 920 /нэг зуун арван хоёр мянга есөн зуун хорь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

    ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                             Д.БЯМБАСҮРЭН