Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0362

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “... нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 217 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Д

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2020/0606/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Д  нь “нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах”-аар маргасан байна.      

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 217 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В  ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В  ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хуульд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдгээс үл хамаарч мэдэгдэл өгнө гэж заасан. Тодорхой нөхцөл заагаагүй, шүүх нэмэлт нөхцөл зохиож хуулийг өөрөөр тайлбарласан.

3.2. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж буруу дүгнэсэн. Энэ барилга газрын хилээ зөрчиж манай байрны бохирын шугамын хамгаалалтын зурваст орж барилгын норм дүрмийг зөрчснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2017 онд тогтоосон. Энэ барилга манай байрны авто замын нэг эгнээн дээр баригдаж барилгын норм дүрэм зөрчиж, авто зам нэг эгнээтэй болж, байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Барилгын ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зам тул зөрчих эрх байхгүй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, 18 дугаар сургуулийн шаардлага, газар дээрх, фото зураг гэх мэтийг барих ёстой юм. 2 байрны барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг, 18 дугаар сургуулийн шаардлага, газар дээрх үзлэг, фото зураг гэх мэтийг шүүгч буруу үнэлжээ.

3.3. Тухайн асуудлаар акт гаргуулахаар хандсан байх, тухай хүсэлтийг шийдвэрлээгүй буюу эсхүл хууль бус үндэслэлээр татгалзсан байх ёстой гэж байгаа баримтыг үнэлсэнгүй. Бид газрын албанд хандаж, зөвшөөрөлгүй газраа чөлөөлүүлэх шаардлага тавиулж байсан. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017, 2020 оны дүгнэлтүүд зөрчилтэй байна гэж маргаж байгаа. 2022 онд хэмжилт хийж газрын хилээ зөрчснийг тогтоогоод байна. Энэ шинэ баримтыг үнэлээгүй.

3.4. ... олон нийтийг төлөөлсөн байдал байхгүй. Хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн гэж механикаар хандсан. Компани газрын хилээ зөрчсөн үү гэсэн маргаан явагдаж байхад сургууль хэсэгчилсэн төлөвлөгөөнд байхгүй зам тавьжээ гэж өөр асуудал дүгнэсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасан орц гарц дээр аль эрт барилга баригдаад зам тавих бололцоогүй болсныг үзлэгээр тогтоосон. Ерөнхий төлөвлөгөөнд заасан замыг барихаас өөр гарцгүй юм. Ерөнхий төлөвлөгөө баталсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой болохоос ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй сургуульд буруу байхгүй. Газрын хилээ зөрчиж нэмэлт шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр шүүх шийдвэрээ гаргах байсан боловч гаргасангүй. Энэ дүгнэлтийг дурьдаагүй. Шинжээч томилсны хэрэг гарсангүй.

3.5. Газрын хилээ зөрчснийг Газар зохион байгуулалтын албаны хурал дээр зөвшөөрч газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгөхөөр болж байхад хууль болон баримтыг буруу тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “В ” ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газраа чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Н.Д ээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

2.3. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В ” ХХК-д мэдэгдэл өгөөгүй, хуулиар харъяалуулсан асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

2.4. Түүнчлэн, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох ёстой. Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж маргаж байгаагаа бүрэн тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд газар эзэмшихтэй холбоотой ямар эрх нь, хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг зөрчжээ.

2.5. Мөн нэхэмжлэгчийн гаргасан “... Газрын хилээ зөрчиж барилга барьсан эсэх талаар нэмэлт шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр шүүх шийдвэрээ гаргах байсан боловч гаргасангүй. Энэ дүгнэлтийг дурдаагүй, үнэлээгүй. Шинжээч томилсны хэрэг гарсангүй...” гэх гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

2.6. Учир нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3818 дугаар захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 3631 дугаартай захирамжуудаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжлэх ухаан, техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудал гэж үзэж, шинжээч томилон, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэсэн энэ тохиолдолд тус дүгнэлтүүдийг хэрхэн үнэлсэн эсхүл няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй хэргийг шийдвэрлэжээ.

2.7. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь ... шинжээчийн дүгнэлт ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, 102 дугаар зүйлийн 102.2-т “Шинжээч шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана. Дараа нь шинжээчид асуулт тавьж болно”, 102.3-д “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэж болно” гэж заасантай нийцээгүй байна.

2.8. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ