Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/569

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч М.Анхбаяр,  

шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-ын М-д холбогдох эрүүгийн ****************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, *******************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ын М /РД: ******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн байрны 20 тоотод мэдээллийн технологи ашиглан тоотод “********************”, “*************” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн охин М.А-ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй **************** дугаарын харилцах дансаар мөн өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ******************дугаарын харилцах дансаар тус тус тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 1.679.300 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэрч Б.Д-ийн:

“...2021 оны 02 дугаар сараас эхлэн Ковид-19 цар тахлын улмаас 0 зогсолт хийж гэрийн хорионд орсон байсан үе байна. Энэ үед цахим орчноор өөрийн фейсбүүк хаягаар орж мэдээлэл харж байтал “**************” гэх хаягаас 30 гаран насны залуу кардон цаасан дээр зураг зураад 8 суудал зурчхаад лайваар бичлэг хийн, суудал байна 10.000 төгрөг гээд тоглуулж байхаар нь өгсөн данс руу нь 1 суудал авахаар 10.000-30.000 төгрөгийн хооронд шилжүүлсэн. 1 хүн хэдэн ч удаа суудал авч болдог гэхээр нь өдөрт хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Нэлээн хэд удаа азтан болохоор нь дахин тоглосон. Би өөрийн дансны хуулгаа үзээгүй болохоор яг хэдэн төгрөгийг хожсоноо сайн мэдэхгүй байна. Тухайн тоглуулж байсан гэх залууг би танихгүй цахим орчноор тоглуулж байхаар нь тоглосон дахин тоглоогүй ажилдаа орсон...” гэсэн мэдүүлэг /хх 129-130/,

2. Гэрч Б.Б-ийн:

“...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ковид-19 цар тахлын улмаас 0 зогсолт хийсэн байсан үе. Энэ үед цахим орчноор өөрийн фейсбүүк хаягаар орж мэдээлэл харж байтал “**************” гэх хаягаас 30 гаран насны залуу кардон цаасан дээр зураг зураад 8 суудал зурчхаад лайваар суудал байна гээд тоглуулж байхаар нь өгсөн данс руу нь 1 суудал авахаар 10.000-30.000 төгрөгийн хооронд шилжүүлсэн 1 хүн хэдэн ч суудал авч болдог юм байна лээ. Тэгээд 4 удаа азтан болж нийт 160.000 төгрөг авсан байх одоо сайн санахгүй байна үүнээс хойш тоглохоо больсон...” гэсэн мэдүүлэг /хх 125-126/,

3. Гэрч Б.С-ын:

“...цахим орчинд “***************” гэх хаягаас 30 гаран насны залуу кардонон цаасан дээр 8 суудал зурчхаад лайваар бичлэг хийн суудал авах хүн нь 10.000 төгрөгийг доорх данс руу тушаагаарай гээд тоглуулж байхаар нь өгсөн данс руу нь 1 суудал авч болдог. 11 удаа азтан болж нийт 550.000 төгрөгийг авсан харин шилжүүлсэн нь бас 500.000 гаран төгрөг болж байсан нь дүндээ дүн болсон...” гэсэн мэдүүлэг /хх 121-122/,

4. Мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан эд зүйлс болох гар утсыг М-аас хураан авсан тухай тэмдэглэл /хх 50/,

5. М-ын гар утсанд шинжилгээ хийсэн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1196 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 43-47/,

6. М.А, М нарын нэр дээрх Хаан банканд бүртгэлтэй *************** дугаарын дансны хуулганд үзлэг хийж, олсон ашгийн тооцоо гаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-62-63/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч М нь мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М нь: 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн байрны 20 тоотод мэдээллийн технологи ашиглан тоотод “*****************”, “***********” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн охин М.А-ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй *************дугаарын харилцах дансаар мөн өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй *********** дугаарын харилцах дансаар тус тус тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 1.679.300 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Б.Д-ийн “...2021 оны 02 дугаар сараас эхлэн Ковид-19 цар тахлын улмаас 0 зогсолт хийж гэрийн хорионд орсон байсан үе байна. Энэ үед цахим орчноор өөрийн фейсбүүк хаягаар орж мэдээлэл харж байтал “Саятан Саятан” гэх хаягаас 30 гаран насны залуу кардон цаасан дээр зураг зураад 8 суудал зурчхаад лайваар бичлэг хийн, суудал байна 10.000 төгрөг гээд тоглуулж байхаар нь өгсөн данс руу нь 1 суудал авахаар 10.000-30.000 төгрөгийн хооронд шилжүүлсэн. 1 хүн хэдэн ч удаа суудал авч болдог гэхээр нь өдөрт хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Нэлээн хэд удаа азтан болохоор нь дахин тоглосон. Би өөрийн дансны хуулгаа үзээгүй болохоор яг хэдэн төгрөгийг хожсоноо сайн мэдэхгүй байна. Тухайн тоглуулж байсан гэх залууг би танихгүй цахим орчноор тоглуулж байхаар нь тоглосон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б-ийн “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ковид-19 цар тахлын улмаас 0 зогсолт хийсэн байсан үе. Энэ үед цахим орчноор өөрийн фейсбүүк хаягаар орж мэдээлэл харж байтал “***********” гэх хаягаас 30 гаран насны залуу кардон цаасан дээр зураг зураад 8 суудал зурчхаад лайваар суудал байна гээд тоглуулж байхаар нь өгсөн данс руу нь 1 суудал авахаар 10.000-30.000 төгрөгийн хооронд шилжүүлсэн 1 хүн хэдэн ч суудал авч болдог юм байна лээ. Тэгээд 4 удаа азтан болж нийт 160.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.С-ын “...цахим орчинд “************” гэх хаягаас 30 гаран насны залуу кардонон цаасан дээр 8 суудал зурчхаад лайваар бичлэг хийн суудал авах хүн нь 10.000 төгрөгийг доорх данс руу тушаагаарай гээд тоглуулж байхаар нь өгсөн данс руу нь 1 суудал авч болдог. 11 удаа азтан болж нийт 550.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг,

- Мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан эд зүйлс болох гар утсыг М-аас хураан авсан тухай тэмдэглэл, М-ын гар утсанд шинжилгээ хийсэн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1196 дугаартай шинжээчийн дүгнэлт, М.А, М нарын нэр дээрх Хаан банканд бүртгэлтэй ********************* дугаарын дансны хуулганд үзлэг хийж, олсон ашгийн тооцоо гаргасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхол, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохтой холбоотой хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

   Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 160 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч М-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч М-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаар хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан Самсунг нөтэ 7 маркийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу улсын орлого болгож, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.679.300 төгрөгийг шүүгдэгч М-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч М-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М-ын Самсунг нөтэ 7 маркийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М-аас 1.679.300 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ