| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01309/И |
| Дугаар | 1241 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 1241
| 2017 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01241 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамж 40/1 тоот хаягт байрлах, “Дашваанжил” ХХК /РД:2025191/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Цэрэнжавын Отгонхүү /РД:ТЖ85091319/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд тайлбартаа:
Манай компани 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс Цэрэнжавын Отгонхүүтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан цахилгааны инженерээр ажилд авсан. Ц.Отгонхүү ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авахуулж 2016 оны 08 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халсан. Ажлаас халагдсанаас хойш ашиглаж байсан тоног төхөөрөмж, материалаа хүлээлгэж өгөлгүй авч явсан, мөн компаниас ажил гүйцэтгэх зориулалтаар удаа дараа мөнгө авсан ч мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй хувьдаа завшиж ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болсон. Ц.Отгонхүү нь 2016 оны 10 дугаар сарын байдлаар 6.520.359 төгрөгийн тооцоотой байсан бөгөөд дараа нь ажилд орсон цахилгааны инженерээр акт үйлдүүлж 2.971.308 төгрөгийг Ц.Отгонхүүгийн өр төлбөрөөс хасч одоогийн байдлаар 3.549.051 төгрөгийн тооцоо үлдсэн. Хариуцагчаас мөнгө болон хүлээн авсан багаж хэрэгслийг шаардсан ч үл тоомсорлон элдэв шалтаг тоочсоор алга болсон. Ц.Отгонхүүгийн оршин сууж байсан Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, Орбит 9 гудамжны 130 тоот хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт хариуцагч бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Одоо Ц.Отгонхүүгийн нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, бид өөрсдөө хаягийг тогтоох боломжгүй байна.
Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих Боржигон овогт Цэрэнжавын Отгонхүү /РД:ТЖ85091319/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Цэрэнжавын Отгонхүү /РД:ТЖ85091319/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2017/02982 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Отгонхүүд холбогдох 3.549.051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Түүнчлэн хэрэгт “Дашваанжил” ХХК болон Ц.Отгонхүү нарын хоорондын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдсан байх бөгөөд үүгээр Ц.Отгонхүүг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Цэрэнжавын Отгонхүү /РД:ТЖ85091319/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Отгонхүүг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-тай холбоо барих утас: 70005602, 96625522 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Цэрэнжавын Отгонхүү /РД:ТЖ85091319/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Дашваанжил” ХХК-тай
холбоо барих утас: 70005602, 96625522 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА