Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1232

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01232

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 73 байр, 51 тоотод оршин суух, Өөлд овогт Одсүрэнгийн Батцоож /РД:ЖИ80083119/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 61 байр, 120 тоотод оршин суух, Боржигин овогт Бариачирын Оюунбат /РД:ЕЙ68081001/

Зээлийн гэрээний үүрэгт 6.678.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Батцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Оюунбат нь миний найз С.Хонгорзулаар дамжуулан зуучлуулж гуйсан хүсэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн “Ганзам” зочид буудлын 1 давхарт байрлах нотариатаар 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчлүүлэн хийсэн бөгөөд тэндээсээ гарч Б.Оюунбатын данс руу түүний хэлснээр эхний сарын хүүний мөнгө болох 500000 төгрөгийг хасч 4.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Б.Оюунбат нь зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг зөрчин хүү болон үндсэн мөнгөө өгөлгүй хугацаа хэтэрсэн бөгөөд утсаа авахгүй, авахаараа худлаа хэлж өнөөдрийг хүрлээ. Мөн зээлийн барьцааны гэрээнд тавьсан 95-19 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ гэрээ байгуулсанаас хойш 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Алтайн шанд” авто ломбардад тавьж давхар мөнгө зээлсэн байна.

Иймд зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү, хүү алданги нийт 1.678.600 төгрөг нийт 6.678.600 төгрөгийг Б.Оюунбатаас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч О.Батцоож шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Оюунбат нь О.Батцоож миний нэхэмжилсэн 6.678.600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             

Хариуцагч Б.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Оюунбат миний бие О.Батцоожоос зээлсэн мөнгө болон мөнгөний хүү нийт 6.678.600 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Батцоож нь хариуцагч Б.Оюунбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.678.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюунбат нь О.Батцоожийн нэхэмжлэлийн шаардлага 6.678.600 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Оюунбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Оюунбатаас 60.904 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Оюунбат нь нэхэмжлэгч О.Батцоожийн нэхэмжлэлийн шаардлага 6.678.600 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 121.808 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 60.904 төгрөг, хариуцагч Б.Оюунбатаас 60.904 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Батцоожид олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА