| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ж-ийн Д-д холбогдох эрүүгийн 2117000000062 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Ж-ийн Д /РД: /, У аймгийн Н суманд 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 6 дугаар баг, ........ гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ******* нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр С... сумын ... дугаар баг, Баянбулаг гэх газар иргэн*******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар архины шилээр цохиж тархи доргилт, толгойн хуйханд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун чихний сонсгол бууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Баянбулаг гэх газарт гэртээ*******тэй маргалдан түүний толгойн тус газар архины шилээр цохиж тархи доргилт, толгойн хуйханд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун чихний сонсгол бууралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө Төмөрчөдөр манайд бензин авахаар ирээд бид нар нэг шил архи хувааж уусан. Намайг хонио эргүүлээд ирэхэд манай ахтай нэг шил архи хувааж ууж байсан. Түүний дараа бид гурав нэг шил архи дахин хувааж уусан. Тэгээд бид гурав Т-ийн аавыг манай ах Ж залуудаа цохиж байсан талаар яриад маргалдаж эхэлсэн. Т нь намайг согтуурхаад элдвээр хараагаад байхаар нь хажууд байсан архины шилээр толгойд нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний картанд 800-аад мянган төгрөг байгаа хурал дуусгаад хохирлоо бүрэн төлж барагдуулна. Т бид хоёр айл саахалт хүмүүс. Урьд нь маргалдаж муудаж байгаагүй гэв.
1.2. Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед саахалт айл Д-д мотоциклтой захисан бензинээ авах гэж очиход Д түүний төрсөн эгч О, нөхөр болох Ж нарын хамт архи уусан сууж байсан. Намайг очсон дараа нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи гаргаж задлаад тойруулсан. Архи ууж дууссаны дараа дахиад нэг хуванцар савтай 2,5 литрийн савлагаатай 1 пиво гаргаж ирээд ууж дууссаны дараа ахиад нэг шил Экс нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Уг архийг дуусах дөхөж байх үед бид нар бүгд согтоцгоосон. Манай аав А-г залуу байхад нь Ж ах зодож байсан гэж Д надад хэлэхээр нь манай аав Ж гуайд зодуулж байгаагүй гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдаж байгаад би Ж-т хандаж манай аавыг та залуудаа зодож байгаагүй тийм ээ гээд түүнд хандаад түүн рүү хараад суусан байж байх үед гэнэт л миний толгой дундуур архины шилээр Давааням цохисон. Намайг манараад толгойгоо бариад доошоо хараад суусан байх үед Д дахиж дайраад миний толгой руу цохиод байх шиг байсан. Би яг юугаар хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй. Эгч нь Д-ыг хорьсон. Миний цус тогтохгүй болохоор би тэднийхээс гараад гэртээ харьсан. Д-д зодуулсны улмаас миний толгой оройн хэсэгт язарсныг эмч үзээд оёдол тавьсан. Чих, шуугиад, толгой янгинаж, чимчигнэж өвдөж байна. Миний хувьд Д-д зодуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12, 14, 16 хуудас/
1.3. Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай дүү Т Д-д зодуулсан байсан. Би Сүмбэр сумын 6 дугаар баг, Баянбулаг гэх газар очиж машинаараа Чойрт авчирч эмнэлэгт үзүүлсэн. Намайг очиход нүүр ам нь цус болсон, толгойноос нь их хэмжээний цус гарсан байсан. Д-д зодуулсан гэж хэлсэн. Манай дүү Т Чойр болон Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд хөдөө малыг нь харах хүн байхгүй тул намайг гуйж малаа харуулсан. Би 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Т-ийг эмчилгээ хийлгэж байх үед хөдөө гэрт нь малыг нь маллаж байсан. Дүүгийнхээ малыг харахдаа өдрийн 40 000 төгрөгөөр тохирсон. Би хөдөө гэрт 18 хоносон бөгөөд 18 хоногийн хугацаанд мал малласны хөлсөнд 750 000 төгрөгийг Т-өөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэрт нь байхдаа аваад тэр өдрөө Чойрт ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
1.4. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар дүгнэлтэд:*******-ийн биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, хамрын таславчийн муруйлт, баруун чихний сонсгол бууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан дангаар болон нийлсэн ч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Баруун чихний сонсгол бууралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги бууруулна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 31-32 хуудас/
1.5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-6, 7-8 хуудас/
1.6. Алсын дуудлагын хуудас, дүрс оношилгоо шинжилгээний хариу /х.х-ийн 62-68 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу явж “Медтравма” ЭМЖЖ эмнэлэгт толгой, чих КТГ-ийн шинжилгээ өгсөн. Миний баруун чих сонсголгүй болсон. Шинжилгээ хийсэн эмч нар эм бичиж өгсний дагуу худалдаж авч уусан. Мөн нааш цааш явахад машины шатахууны зардал гарсан. Миний хувьд Улаанбаатар хот руу болон хөдөөгөөс ирэх, очих машины шатахуун, шинжилгээний төлбөр, эмийн мөнгө болон бусад зардалд баримтаар 802 266 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн дээрээс нь эзгүйд буюу Улаанбаатар хот руу шинжилгээ өгөхөөр явсан хойгуур мал харах хүнгүй байсан учраас төрсөн эгч Ш-ийг гуйж нэг өдрийн 40 000 төгрөгөөр малаа 18 хоног харуулсан. Үүний хөлсөнд 750 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Д-аас би нийт 1 502 266 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12, 14, 16 хуудас/
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, Говьсүмбэр аймаг дахь хорих-425 дугаар ангийн тодорхойлолт /х.х-ийн 52-59 хуудас/
2.3. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 49, 51 хуудас/
2.4. Хохирогч*******-ийн хохирлын баримтууд /х.х-ийн 70-72 хуудас/
2.5. Хохирогч*******-өөс гаргаж өгсөн хохирлын талаар баримтууд /х.х-ийн 70-72 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч*******-ийн нэхэмжилсэн хохирлыг өөрийн картанд байгаа бэлэн мөнгөөр төлж барагдуулна гэж илэрхийлсэн ба шүүгдэгч Э.Д-ыг нийт 310 тооны малтай гэж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тодорхойлсныг үндэслэж түүний хохирол төлөхөө илэрхийлсэн нь биелэгдэх боломжтой гэж үзлээ.
Энэхүү нөхцөл байдал нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2117000000062 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хохирогч******* нь эмчилгээний зардалд 802 266 төгрөг, хөлсөөр мал маллуулсан зардалд 750 000 төгрөг, нийт 1 502 266 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэргийн 70-72 дугаар хуудсанд авагдсан баримтууд болон гэрч А.Ш мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч *******-аас 1 502 266 төгрөгийг гаргуулан хохирогч*******-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******-д нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2117000000062 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч *******-д нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч *******-аас 1 502 266 /нэг сая таван зуун хоёр мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Нарангийн булаг гэх газар оршин суух хохирогч*******-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА