| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н-ын С-д холбогдох эрүүгийн 2117000210047 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Н овогт Н-ын С /РД:......../, Д аймгийн М суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ... дугаар баг, .......... гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:
Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө Г.. аймгийн С.. сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Замын хашаат гэх газарт Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн гүний худгийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отверкаар эвдэн хууль бусаар нэвтэрч худгийн гүний насосыг хулгайлж 320 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Замын хашаат гэх газарт байрлах Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн гүний худгийн хаалганы цоожийг отверкаар эвдэн хууль бусаар нэвтэрч 220v/50hz-0.6k-ийн Jincongz маркийн гүний худгийн насосыг хулгайлж 320 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хадам аавтайгаа хамт О гэх хүний гэрт ороод, худгийг үзэхээр хамт явсан. Тэр худагтай ойрхон нэг айл байсан, тэр айлын Я гэх хүнд би хөлс мөнгийг нь өгөөд энэ газар буухаар болсон гэтэл би энд буулгахгүй, хаа газрын юмнууд дандаа гай болж байх юм гээд намайг боосон. Би тухайн үед уурласандаа худгийн насосыг нь авчихвал тэр хүн ч өөрөө малаа усалж чадахгүй гэж бодож авсан. Худаг цоожтой байсан. Худгийн хажууд газарт хэвтэж байсан отверка шиг төмрөөр цоожийг нь эвдэж онгойлгосон. Гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Уурласнаасаа болж ийм үйлдэл тэвчихгүй хийчихлээ, дахиж ийм алдаа гаргахгүй. Худгийн насосыг нь буцааж тавиад, худгийг хэвийн ажиллагаанд нь оруулж өгсөн гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед О гэх залуу над руу залгаад Замын хашаатад байдаг гүний худгийн цоожийг эвдэж насосыг хулгайлан аваад явсан байна гэхэд нь уг худгийн насос алдсаныг мэдсэн. Уг худаг нь 2018 оны 10 дугаар сард шинээр ашиглалтад орсон худаг бөгөөд 60 гаран метрийн гүнтэй, худгийг баригдсанаас хойш О-т хариуцуулж өгсөн бөгөөд огт ашиглаагүй байсан. Уг худаг нь урагшаа харсан цагаан өнгийн модон хаалгатай, блокоор барьсан бөгөөд хаалга нь байнга цоожтой ба түлхүүр нь О-т байдаг. Алдагдсан гэх насос нь 220 вольтоор ажиллах хүчин чадалтай. 2018 онд шинээр ашиглалтад хүлээн авсан боловч нөөцөд оруулж ашиглаагүй, сумын хээлтүүлэгч малыг суурилж бэлчээрлэх, өвөлжүүлж хаваржихад усжуулах зорилготой. Би 2020 оны 12 дугаар сард малын тоогоор явж байхдаа худгийг үзэхэд цоожтой байсан. Худгийн насос нь шинэ байсан, 2018 онд хүлээн авч ажиллуулж үзэхэд хэвийн байсан. Худгийн насос бүрэн бүтэн байвал шалгаж үзээд авна. Хэрвээ эвдэрсэн байвал мөнгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25, 27 хуудас/
1.3. Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед би гэрээсээ зүүн зүгт 10 орчим километр зайд байрлах худаг дээрээ Ш гэж Дундговийн гаралтай хүнд худгаа үзүүлэхээр түүний хадам аав Г.. гэдэг хүний хамт очоод худгаа онгойлгоод үзүүлж дуусаад худгаас баруун хойд зүгт 1 километр орчим зайтай байх Я гэх айлд нөгөө хоёр хүнээ дагуулаад очсон. Учир нь Я нь уг хоёр хүнийг худгийн ойролцоо буулгавал дургүйцэж магадгүй гэж бодсон. Я-д энэ хоёр хүнийг худгийн ойролцоо буулгах талаар хэлэхэд шууд дургүйцээд буулгахгүй гэсэн чинь Ш уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад эхлэхээр нь би гараад явсан. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн үед би манайхаас баруун хойд нутаглах С гэж хүнтэй худаг дээр очиход цоожийг нь цохиж эвдээд өрөөсөн цүүнд нь өлгөөд орхисон байхаар нь ороод хартал худгийн ус татах зориулалттай насосыг сугалж авсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 1 метр орчим урттай бөөрөнхий цагаан өнгөтэй насос байсан. Би худгийг 2018 оны намар шинээр ашиглалтад орсноос хойш хариуцаж байгаа. Энэ худаг нь хуц, ухна услах зориулалттай нөөцийн худаг учир ашиглаагүй шинээрээ байсан. Би 2018 оны намар уг худгийг шинээр барьж хүлээлгэн өгөх үед худгийн насосыг ажиллуулж хүлээн авсан, хэвийн ажиллаж байсан. Тухайн үед худгийн хажууд шилбүүр унасан байсан. Уг шилбүүрийг С-ын аав нь Я-ийн гадаа нохой хөөгөөд барьж байсан. Худгийн насосыг худагт хийж ажиллуулж үзсэн хэвийн ажиллаж байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30, 32-33, 148-149 хуудас/
1.4. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С хадам аав Б гэх хүнээр манай хашаанд буулгаад орхичих гээд шар ууттай юм өгч явуулсан байсан. Б ах манайд өөрийнхөө Портер машинтай ирээд надад миний машин дээр нэг шар шуудаатай юм байгаа С танай амбаарт хийчих гэсэн гэхээр нь би машин дээрээс нь буулгаагүй байж байтал цагдаа нар ирээд хураагаад авсан. Хөдөө айлуудын мал усалдаг усны насос байх шиг харагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36, 38 хуудас/
1.5. Гэрч Г.Гт мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нутаг харж яваад Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин О гэх айлд очоод худгийг нь үзээд, худгаас хойш нэг үл таних айлд очтол тэр айлын эхнэр нь муу бөөснүүд гэхээр нь манай хүргэн С Увсынхан гэж хэлээд гарсан. Тэгтэл нөхөр нь гарч ирээд манай хүргэн С-ыг боож унагаагаад байхаар нь би салгаад аваад явсан. Маргааш өглөө нь намайг Чойр явна гэхэд манай хүргэн шуудаатай юм машин дээр чинь тавилаа Э-ын амбаарт хийгээрэй гэсэн. Би Чойрт Э-ын хашаанд ирээд С шар шуудайтай юм өгч явуулсан тэрийг буулгаарай гэж хэлээд Э буулгаж амжаагүй байж байтал цагдаа нар ирээд хурааж авсан. Худгийн насос байсан. Тэр насос байсныг би Чойрт ирээд мэдсэн. С, О-ын дагуулж очсон айлын худгийн насосыг авна гэж яриад байсан. С доромжлуулж зодуулсандаа авсан байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/
1.6. Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Сүмбэр сумын 6 дугаар баг, Замын хашаат гэх газар байх гүний худаг нь 2018 онд шинээр улсын төсвийн хөрөнгөөр баригдсан. Анх хүлээж авахдаа ажиллуулж үзэж байсан. Түүнээс хойш ашиглаагүй нөөцийн худаг. Энэ худаг нь Сүмбэр сумын эзэмшлийнх ба худгийг шинээр ашиглалтад оруулсан дариуд О-т хүлээлгэн өгсөн. “Kemage” маркийн худгийн насос шинээр нь тавьж байсан. Хөдөө ажлаар явах үедээ гүний худгийг шалгаж үзэхэд дандаа цоожтой байдаг. Тухайн худаг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуц, ухна бэлчээрлэдэг Сүмбэр сумын 6 дугаар багт баригдахаар Хүнс хөдөө аж ахуй газрын захиалгаар хийгдсэн ажил. Манай байгууллагын зүгээс тус худгийг бүрэн бүтэн ажиллагаатай насосын хамт ашиглалтад оруулж Сүмбэр суманд хүлээлгэн өгсөн. Манай байгууллагын зүгээс тус худгийг орон нутгийн өмчид бүртгүүлэх ажил хийх ёстой. 2018 оноос хойш Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумуудад нийтдээ 11 худаг гаргаж насос гаргасан бөгөөд эдгээр худгуудыг бүгдийг нь орон нутгийн өмчид бүртгүүлээгүй хариуцсан суманд нь хүлээлгэн өгч ашиглуулж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51, 155-156 хуудас/
1.7. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд 2 мотоциклтой О болон настайвтар 50 орчим насны 1 хүн, О-тай нас чацуу юм уу гэхээр 1 залуу ирсэн. О айл буулгана гэхээр нь би энэ хонхорт 30-40 жил болж байна чи яахаараа айл буулгадаг юм гээд бид хоёр маргалдсан. Тэгтэл цуг явсан залуу нь намайг дөрвөд гээд дөрөвдүүдтэй харьцахгүй гэж хэлээд би тэр газарт бууна гэж хэлсэн. Цуг явсан өвгөн нь гараад сайхан зодолдчихъё гэж хэлж байсан. Би О-ыг гэрээс зуураад авч гаргасан гэхдээ цохисон зодолдсон зүйл байхгүй. О гэрээс гарангуутаа мотоциклоо унаад яваад өгсөн. Гэтэл С, Г нар манай нохойг зодоод байхаар нь би С-ыг барьж авч газарт унагаад гэдэс рүү нь 1 удаа өвдөглөөд яасан омогтой юм гэж хэлсэн. С би чамайг чадна аа гэж хэлээд мотоциклтой явсан. Уг худаг нь шинээр баригдаад 2 жил гаруй болж байна. О хариуцдаг гээд л яваад байдаг. Уг худгийг ажиллаж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 55-56, 58 хуудас/
1.8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6, 7-9 хуудас/
1.9. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /х.х-ийн 70-74 хуудас/
1.10. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 77-81, 159-162 хуудас/
1.11. Өрөмдмөл худгийн техникийн паспорт, Говьсүмбэр аймгийн ажлыг хэсгийн акт, тоног төхөөрөмж ашиглалтад хүлээлгэн өгсөн акт /х.х-ийн 122-129 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин яллах дүгнэлтэнд шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ буюу хаалганы цоожийг эвдлэхдээ ашигласан гэх отверка багаж, хэрэгсэл нь өөрийн гэсэн онцлог зориулалтын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж засаж тохируулсан мөн зориулалтаас нь өөрөөр ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн багаж хэрэгсэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтод хамаарахгүй болно. Мөн Шүүгдэгч *******-ыг отверкаар цоожийг эвдсэн гэх боловч тухайн отверка гэх зүйл нь ямар хэлбэр хэмжээтэй зүйл байсан талаар тогтоосон зүйл байхгүй байна.
Шүүгдэгч ******* болон өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлснийг дурдлаа.
ХОЁР: Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би худгийн насосоо бүрэн бүтэн хүлээж аваад худагт нь тавьсан. Зүгээр ажиллаж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 146 хуудас/
2.2. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “*******угиржаргал нь бага наснаас хөдөө мал дээр гарсан. Одоо Сүмбэр сумын 6 дугаар баг, Бадамт гэх газар малаа ганцаараа малладаг. Том хүү С.Мөнгөншагай 15 настай, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч, хүү С.Д12 настай, 1 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч, хүү С.Д 5 настай, цэцэрлэгт байдаг. С нь зан байдлын хувьд нийтэч, тусархуу, түргэн ууртай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47 хуудас/
2.3. Гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С нь багаасаа хөдөө мал дээр өссөн. Одоог хүртэл хөдөө малчин. Сүмбэр сум 6 дугаар баг, Бадамт гэх газар эхнэр А болон хүүхдүүдийн хамт амьдардаг. А нь хөдөө малчин, хүү М, Д Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Д цэцэрлэгт суралцдаг. Зан байдлын хувьд С нь төлөв даруу, тусч, нийтэч, ажилч хичээнгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 100-106 хуудас/
2.5. Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 111, 112, 116 хуудас/
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-аас шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, бусдад учирсан хохирол хэмжээ, хор уршиг болон нийгмийн аюулын шинж чанар бага зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл, ангийн хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учирсан хохирол хэмжээ, хор уршиг болон нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан саналыг хүлээн авч түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарч байх тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн мяндсан уяатай шилбүүр 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй “Under security lock” гэсэн бичиглэлтэй цоож 1 ширхгийг тус тус устгахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Н овогт Н-ын С-ыг хулгайлах гэмт хэргийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхдээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн мяндсан уяатай шилбүүр 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй “Under security lock” гэсэн бичиглэлтэй цоож 1 ширхгийг тус тус устгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА