Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ийн Н-т холбогдох эрүүгийн 2117000000071 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт О-ийн Н /РД:........./, Д аймгийн С суманд 1976 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, Д аймгийн З сумын 3 дугаар баг, Жинчин ......... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 1,

Урьд 1998 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж  хянан харгалзсан, 1998 онд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

 

Яллагдагч ******* нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” хүнсний дэлгүүрийн цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох алхаар хагалан хууль бусаар нэвтэрч шилтэй алаг салат 2 ширхэг, лаазалсан туна 3 ширхэг, элэгний нухаш 4 ширхэг, хиам 1 ширхэг зэрэг 120 200 төгрөгийн хүнсний эд зүйл хулгайлахыг завдсан,

мөн согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 17-18 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 66-1 тоотод оршин суух иргэн Ц.Б-ийн байшингийн цонхыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох палкны хадаасаар хагалан хууль бусаар нэвтэрч Монел маркийн 40 инчийн телевизор, ДДИШ төхөөрөмж, залгуур зэргийг хулгайлан 740 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” хүнсний дэлгүүрийн цонхыг резинан алхаар хагалж хууль бусаар нэвтэрч шилтэй алаг салат 2 ширхэг, лаазалсан туна 3 ширхэг, элэгний нухаш 4 ширхэг, хиам 1 ширхэг зэрэг 120 200 төгрөгийн хүнсний эд зүйлийг хулгайлахыг завдсан,

үргэлжилсэн үйлдлээр согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 17-18 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 66-1 тоотод оршин суух Ц.Б-ийн байшингийн цонхыг палкны хадаасаар хагалж хууль бусаар нэвтэрч Монел маркийн 40 инчийн телевизор, ДДИШ төхөөрөмж, залгуур зэргийг хулгайлан 740 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч *******-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр үед тэр айлын цонхон дээр нь зурагт ил байхаар нь аваад явчихсан. Би бага зэргийг л хэрэглэсэн байсан. Зурагтыг төхөөрөмжийн хамт авч явж байгаад цагдаад баригдсан. Цонхыг нь юугаар хагалснаа санахгүй байна. Сүлд дэлгүүр лүү нэвтрэн орж байгаагаа камерын бичлэг дээр би мөн байна. Эд зүйлээ авч гараагүй. Дэлгүүрийн цонхоор орсон, юугаар хагалж орсон гэдгээ санахгүй байна. Замын-Үүдэд гэрт мөнгө байгаа, гэрээсээ мөнгөө аваад хохирлуудыг өгнө. Би одоо л өөртөө дүгнэлт хийж байна, энэ архийг л больчих бол би ийм зүйл хийхгүй гэдгээ ухаарсан, одоо эхнэртэй болно, амьдралаа авч явна гэж бодож байгаа. Огт архийг амсахгүй одоо өөрөөр амьдрах болно, намайг өршөөгөөч гэж гуйж байна гэв.

 

1.2. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын 66-1 тоотод байх гэртээ орж ирээд унтлагын өрөөнд орох гэтэл манай Монел маркийн 40 инчийн LCD телевизор, ДДИШ хүлээн авагч рүүтэр байхгүй, унтлагын өрөөний урагшаа харсан хоёр цонхны зүүн талын цонх хагарсан байсан. Би гадаа гарч цонхоо харахад шил нь хагараад бутарч унасан цус шиг юм цонхны тавцан, газар цементэн дээр туссан, үзүүр хэсэг нь ирмэг үзүүртэй мурийлгасан палкны хадаас байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд зээ охин С-н хамт гарсан, гэрт хүн үлдээгүй, гэрээ түгжээд гарсан. Манай гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй. Зурагт хэвийн зүгээр гарч байсан, хамгийн сүүлд тухайн өдөр би үзэж байгаад унтраагаад гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15, 18 хуудас/

 

1.3. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд гэртээ байж байтал  Х манай А руу залгаж дэлгүүрийн чинь цонх хагарсан байна гэж хэлэхээр нь очиход дэлгүүр дотор эрэгтэй хүн байж байсныг цагдаа ирээд аваад явсан. Манай дэлгүүрийн цонхыг хагалсан байсан. Дэлгүүрээс тухайн хүн 5 800 төгрөгийн үнэтэй хиам 1 ширхэг, 1 200 төгрөгийн үнэтэй элэгний нухаш 4 ширхэг, 3 200 төгрөгийн үнэтэй шилтэй алаг салат 2 ширхэг, 4 000 төгрөгийн үнэтэй лаазалсан туна 2 ширхэг зэргийг авсан байсан. Тухайн эд зүйл нь хадгалалтын горим зөрчигдөж болохгүй мөн дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд учраас би хүлээн авсан байгаа. Тухайн хүнийг харж байгаагүй, танихгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 64 хуудас/

 

1.4. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим миний Facebook цахим хаяг руу манай дүү Х нь өөрийн Facebook цахим хаягаас залгаж дэлгүүрийн чинь цонхыг хүн хагалчихсан байна, хурдан дэлгүүртээ хүрээд ир гэж хэлэхээр нь хамтран амьдрагч Б-ийн хамт өөрсдийн Сүлд хүнсний дэлгүүр дээр ирэхэд дэлгүүрийн урд цонх хагарчихсан дотор нь 40-50 насны орчим, жижигхэн үстэй, үс нь бага зэрэг бууралтсан нэг эрэгтэй хүн зогсож байсан. Мөн хар хөх өнгийн даавуун цамцтай, цамцныхаа гадуур хар  өнгийн хантаазтай байсан. Тухайн хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Тухайн үед дэлгүүр үйл ажиллагаа явуулаагүй хаалттай байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73 хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 06 дугаар 08-ны өдөр 19 цагийн орчимд гэрээсээ гараад Сүлд гэх хүнсний дэлгүүр рүү орох гээд явж байтал тухайн дэлгүүрээс цонхны шил хагарах чимээ гарахаар нь хартал нэг эрэгтэй хүн тухайн дэлгүүрийн урд талынх нь цонхыг хагалаад цонхоор нь орж байсан. Би дэлгүүрийн шилэн хаалган дээр очиж харах үед нэг хүн дэлгүүрийн хөргөгчийг онгойлгоод байж байсан. Би өөрийн Facebook хаягаас А эгчийн Facebook хаяг руу дуудлага хийж дэлгүүрт нь хулгай орчихлоо, хаана байгаа юм бэ гэхэд гэртээ байна, одоо очлоо гэж хэлээд А эгч, Баялаг ах хоёр ирсэн. Тухайн хүн нь хөгшин хүн байх шиг харагдсан, жижиг, бага зэрэг бууралтсан үстэй, хар хөх өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн цамцтай, түүнийхээ гадуур хар өнгийн хантааз өмссөн, доогуураа хар өнгийн пүүзтэй байсан. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 75 хуудас/

 

1.6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 3-9, 48-57 хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 10, 19, 22-23, 24-27, 59 хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /х.х-ийн 33, 90 хуудас/

 

1.9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 30 82, 86-87 хуудас/

 

1.10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /х.х-ийн 37-38, 45, 94-95, 161-162, 168-173 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин яллах дүгнэлтэд шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ буюу цонх хагалахдаа ашигласан гэх резинан алх, палкны хадаас зэрэг багаж, хэрэгсэл нь өөрийн гэсэн онцлог зориулалтын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдэхээр зориудаар тусгайлан хийж бэлтгэсэн, хэлбэрт оруулж засаж тохируулсан мөн зориулалтаас нь өөрөөр ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн багаж хэрэгсэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх ойлголтод хамаарахгүй болно.

 

Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл хувьд ямар нэгэн маргаангүй болохоо илэрхийлснийг дурдлаа.

 

ХОЁР: Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын төв Андууд дэлгүүрээс 600 000 төгрөгөөр зурагтаа худалдан авсан. Цонхны шилийг би 30 000 төгрөгөөр худалдан авсан. Нийтдээ би одоогийн байдлаар 630 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

 

2.2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би дэлгүүрийн хагарсан цонхны шилийг нэхэмжилнэ. Би хэдэн төгрөг болох талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 64 хуудас/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 111-151,  хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх,

шүүгдэгч ******* нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учирсан хохирол хэмжээ, хор уршиг болон нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******-ын үйлсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход шүүгдэгч нь байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарджээ.

Гэтэл ******* нь байнга оршин суух хаяггүй, өөрийн гэсэн гэр оронгүй, бусдад учруулсан хохирлоо төлөөгүй, төлөх ямар нэгэн боломжгүй байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлтүүдийг үндэслэж шүүгдэгч *******-аас 630 000 /зурагт, цонхны шилний үнэ/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д, 110 000 / цонхны шилний үнэ/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 12 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Number 16х гэсэн бичиглэл бүхий CD 1 ширхэг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, цайвар шаргал өнгийн модон бариултай резинан алх 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хагархай 3 ширхэг, цайвар бор өнгийн ариун цэврийн цаас, П хэлбэртэй төмөр палкны хадаас 1 ширхэг тус тус устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б овогт О-ийн Н-ыг хулгайлах гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Number 16х гэсэн бичиглэл бүхий CD 1 ширхэг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, цайвар шаргал өнгийн модон бариултай резинан алх 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хагархай 3 ширхэг, цайвар бор өнгийн ариун цэврийн цаас, П хэлбэртэй төмөр палкны хадаас 1 ширхэг тус тус устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч *******-аас 630 000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 66-1 тоотод оршин суух хохирогч Ц.Б-д, 110 000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 22-1 тоотод оршин суух хохирогч Б.Б-т тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА