| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00889/И |
| Дугаар | 1173 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1173
| 2017 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01173 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 74 дүгээр байр 5 тоотод оршин суух, 1976 онд төрсөн 41 настай, Гүнтэн овогт Цагааны Нэргүй /РД-АЮ76110602/
Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 29 дүгээр байр 244 тоотод оршин суух, 1961 онд төрсөн 56 настай, Хондого овогт Сэнгэцохиогийн Бямбаа /РД-ЧЛ61093019/
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Нэргүй миний бие 2007 оны 01 дүгээр сард С.Бямбаатай танилцаж гэр орноороо гарч орж бие биендээ тусалж дэмжиж явсаар 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Маралмааг төрүүлсэн. С.Бямбаа нь эхнэр 2 хүүхэдтэй байсан бөгөөд тусдаа амьдардаг болоод удаж байсан. Охиныг төрсний дараа эхнэрээсээ гэрлэлтийн баталгаагаа салгуулна, удахгүй гурвуулаа нэг гэртээ орно, охиныхоо төлөө сайхан амьдрах болно гэх мэтээр итгэл үнэмшил төрүүлэн миний гэрт ирэн очин охинтойгоо уулзаж хууран мэхэлж явсаар нилээдгүй цаг хугацааг өнгөрөөсөн. Нэгэнт эхнэр хүүхдээсээ салсан, 50 гаран насны эр хүн дахин алдаатай амьдаръя гэж бодохгүй нь лав гэж итгэсээр хүлээсэн. Охин маань тархины даралттай төрсөн учир хөдөө агаар салхинд гаргах зэргээр би хөдөө их явдаг байсан. Гэтэл С.Бямбаа оюутантайгаа холбоо тогтоож хамт амьдарч байгааг мэдсэн. Эхний саруудад охины дансанд 40.000 төгрөг хийдэг байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй, охинтойгоо ярих нь цөөрсөн. Охин нь аавыгаа санаад утсаар ярих гэхээр шинэ эхнэр нь утсаа аваад хохь нь хүүхэд гаргасан нь чиний буруу гэх мэтээр загнаж зандрах болсон. Тухайн үедээ С.Бямбаа олон оюутнууд шүүх байгууллагаар ажиллаж байгаа, миний нэр хүнд гарна гэдэг байсан боловч сүүлдээ би тэтгэвэрт гарсан, тэтгэвэр хүрэлцэхгүй юугаа өгөх юм гэж уцаарлах болсон. Иймд охин Б.Маралмаад хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эцэг тогтоолгох шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч С.Бямбаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Бямбаа миний бие гэр бүлтэй байхдаа 2007 онд Ц.Нэргүй гэх хүүхэнтэй танилцаж, хааяа нэг уулздаг болж, дотно харьцаанд орсон нь үнэн. Тухайн үед Ц.Нэргүй нөхрөөсөө салсан, хүүхэд олдоггүй учир нөхөр маань намайг хаясан гэж ярьдаг байсан. Гэтэл 2008 онд жирэмсэн болсон гэж надад хэлсэн. Ингээд 12 сард охин төрсөн. Хэдийгээр гэр бүлээс гадуурх харилцаанд орж хүүхэдтэй болсон ч би өөрөөрөө овоглож Б.Маралмаа гэж нэр өгсөн. Ц.Нэргүй төрөнгүүтээ хүүхдээ аваад аав ээж рүүгээ хөдөө явсан. Би сар бүр өөрийнх нь болон охины данс руу мөнгө хийдэг байсан. Жилийн дараа эцэг эхдээ хүүхдээ орхиод хотод ирж ажилдаа орсон. Мөнгө төгрөг нэхэх нь ихссэн. Би өөрийн гэсэн амьдрал, гэр оронтой учир хааяа мөнгө төгрөг өгч чадахгүй тохиолдол байсан. Гэтэл манай эхнэр лүү утасдаж би нөхрийн чинь хүүхдийг гаргасан гэж хэлсэн байсан тул эхнэртээ үнэнээ хэлсэн. Энэ мэтчилэн миний том охин, дүү рүү ярьсан байсан. Үүнээс болж эхнэр бид хоёр таарамжгүй болж 2011 онд шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Би хоёр хүүхдийн тэтгэлэг төлдөг. Ц.Нэргүй над руу элдвээр хэлж утсаар ярьдаг байсан. Би тухайн үед сургуульд багшилж байсан төдийгүй хууль хяналтын байгууллагад ажилладаг шавь нараасаа үнэхээр санаа зовдог байсан. Би 2014 онд тэтгэвэртээ гарсан. Б.Маралмаа миний хүүхэд мөн учир үүрэг хариуцлагаа хүлээнэ. Иймд хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нэргүй нь хариуцагч С.Бямбаад холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Ц.Нэргүй, С.Бямбаа нар 2007 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай болж 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Маралмааг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний №0205394 Г-07 дугаартай гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид цаашид хамт амьдрахгүй гэж тайлбарласан, 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Маралмаагийн эцэг нь Сэнгэцохиогийн Бямбаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй тул эцэг С.Бямбаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг С.Бямбаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.
Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох шаардлагаас татгалзсан болохыг дурьдав.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.
Хариуцагч нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх тухай хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Маралмааг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Бямбаагаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
3. Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох шаардлагаас татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбаагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нэргүйд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
.