Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00196

 

C ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/02335 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2034 дүгээр магадлалтай,

   C ийн нэхэмжлэлтэй,

            Ж д холбогдох

            Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч C , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

    Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Саранцэцэг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг 2008 оны 03 сарын 21-ний өдөр байгуулж, нотариатч Ж аар гэрчлүүлсэн. Гэтэл уг газрыг “Хөрх булаг” ХХК-д 2008 оны 8 сард шилжүүлсэн байх бөгөөд үүнээс үүдсэн олон маргаан үүссэн. Ц.Саранцэцэгт газар эзэмших эрх шилжүүлэх нь миний хүсэл зориг байсан байхад нотариатч нь өөрийн үзэмжээр буюу миний зөвшөөрөлгүйгээр “Хөрх булаг” ХХК гэсэн нэрийг сүүлд нэмсэн байна. Нотариатч Ж ын гэрчилсэн 2008 оны 03 сарын 21-ний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэмэлт нөхцөлд үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болно гэсэн гараар бичсэн нэмэлт тодруулга байдаг. Дээрх машины тохижуулсан талбай бүхий газрыг Дундговь аймгийн засаг даргын 2005 оны 06 сарын 10-ны өдрийн захирамжаар “Бөхт” ХХК-д олгосон байдаг. Гэтэл нотариатч Ж  нь 2008 оны 03 сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ гэрээг маргах шинжтэй болгож, дур мэдэн нэмэлт өөрчлөлт оруулж гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д Нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан. Түүнчлэн нотариатч Ж  нь 2008 оны 03 сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ үндсэн гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах хөдлөх эд хөрөнгийг жагсаалтаар гэрээний хавсралт гэж баталгаажуулахдаа үндсэн гэрээг байгуулсан 2008 оны 03 сарын 21-ний өдөр бус 2008 оны 03 сарын 22-ны өдөр гэж 2 өөр өдөр баталгаажуулсан болно. Иймд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хэсгээр 2008 оны 03 сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: C  нь 2008 оны 03 сарын 21-ний өдөр байгуулсан “Бөхт” ХХК, “Хөрх булаг” ХХК-иудын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргажээ. Дээрх гэрээтэй холбоотой иргэний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байгаа. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 500 шийдвэрийн үндэслэх хэсэгт “... уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолын хянавал хэсэгт C , Ц.Саранцэцэг нарын хооронд 2008 оны 03 сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, нөгөө талаас нэхэмжлэгч эдгээр гэрээг анх байгуулахдаа ноцтой төөрөгдөж хийсэн, хүссэн хэлцлийнхээ агуулгыг андуурсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна гэж эцэслэн шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотариатч С.Мөнхжаргал нь C , Ц.Саранцэцэг нарын хооронд байгуулагдсан нэхэмжлэлд дурдсан гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийг чанд баримталж гэрчилсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 02 сарын 11-ний өдрийн 5/34 тоот тогтоолд “...дээр дурдсан эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдолд дурдсан газар эзэмшүүлэх гэрээнд хуурамчаар өгүүлбэр нэмсэн гэх асуудал нь тогтоогдоогүй ба C , Ц.Саранцэцэг нарын гэрээний нэмэлт нөхцлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь тогтоогдож байна.” гэж тодорхой дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2015 оны 09 сарын 25-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар C  нь Монголын Нотариатчдын танхим, Хууль зүйн яаманд гомдол гаргасныг тус байгууллагууд шийдвэрлэж нотариатч Ж  нь хууль зөрчөөгүй гэх хариуг өгсөн. Мөн Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 сарын 29-ний өдрийн 529 дүгээр тогтоолоор талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж тус тус дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй “Хөрх булаг” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: C ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь Ц.Саранцэцэг нь 2008 оны 03 сарын 21-ний өдөр гэрээ байгуулах үедээ “Хөрх булаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь “Бөхт” ХХК, “Хөрх булаг” ХХК-иудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр дагалдах гэрээ болон нэг өдөр хийгдсэн. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заасны дагуу “Хөрх булаг” ХХК-д шилжүүлэхээр тохиролцон гэрээ хийгдсэн болно. C  нь дээрх гэрээний хавсралтаар өгөх 33 нэр төрлийн хөдлөх хөрөнгө мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр “Хөрх булаг” ХХК-д өгөх ёстой хөрөнгөө залилан авсан хэргээр Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 сарын 28-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн болно. C  нь үл хөдлөх эд хөрөнгийн мөнгөө авсан, одоо газрын мөнгөө авна гэж маргаан гаргасныг Дундговь аймаг дахь Сум дундын шүүх 2013 оны 02 сарын 26-ны өдөр газрын үнэ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд орсон байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн C  нь ноцтой төөрөгдлийн улмаас гэрээг байгуулсан гэж нэхэмжлэл гаргасныг мөн шүүхийн 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэрээн дээрх “Хөрх булаг” ХХК гэх үг нь цаг хугацааны хувьд хэзээ бичигдсэн болохыг Шүүхийн шинжилгээний хүрээлэн шинжилсэн 7 удаагийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/02335 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч C ийн хариуцагч Ж д холбогдуулан гаргасан 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын хууль бус үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2034 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/02335 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д” гэснийг “Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2034 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлал бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнээгүй, өөрчилсөн шаардлагын талаар дүгнэлт хийснээ дараа нь татгалзсан шаардлагыг дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч “Хөрх булаг” гэсэн бичилтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар болсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт Нотариатын тухай хуулийг баримталж асуудлыг шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх 2011 оны Нотариатын тухай хуулийг баримталсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2008 оны хэлцэл, түүнийг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй холбоотой асуудлыг 1997 оны Нотариатын хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой, нэхэмжлэгч уг хуулийн зүйл, заалтыг баримталсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Энэхүү иргэний хэргийг захиргааны хэргийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэл байхад шүүх харгалзан үзээгүй, мөн хэргийн баримтууд, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болохыг харуулж байхад шүүх харгалзан үзээгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагын талаар бодитой дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ.

Нэхэмжлэгч C  нь хариуцагч С.Мөнхжаргалд холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

“Бөхт” ХХК-ийн захирал C  болон “Хөрх булаг” ХХК-ийн захирал Д.Саранцэцэг нар 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан ба мөн өдөр уг гэрээний үнэн зөвийг нотариатч С.Мөнхжаргал гэрчилж, нотариатчийн тамга, тэмдэг дарж, гарын үсэг зурснаар нотариатын үйлдлийг хийжээ.

Нэхэмжлэгч C  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох уг гэрээнд худалдан авагч тал нь Ц.Саранцэцэг байхад “Хөрх булаг” ХХК гэсэн бичилтийг нотариатч Ж  худалдагч талын зөвшөөрөлгүйгээр нэмж бичсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээнд Ж.Саранцэцэг гэх нэрийн өмнө бичигдсэн “Хөрх булаг” ХХК, захирал гэх бичилт гэрээг нотариатчаар гэрчлүүлэх үед байгаагүй, үүнд нэмж бичсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Нотариатын тухай 2011 оны хуулийн заалтыг баримталсан нь буруу тул энэ алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалтад нийцсэн байна.  

Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох асуудлыг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх шийдвэрлэх тул C ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН

 

 

 

 

 

А