Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 13

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Д.Мөнхтуяа,

Хохирогч Б.Долгорсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /0938/

Шүүгдэгч Г.Орчуулагч нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийг 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Улаанууд овгийн Гүнгээгийн Орчуулагчид холбогдох эрүүгийн 201626020677 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 8-10 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 11-11 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 34а байрны жижүүрийн өрөөнд түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Улаанууд овогт Гүнгээгийн Орчуулагч /РД:ЙЛ78100915/ гэв.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Орчуулагч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 А байрны орцны жижүүрийн өрөөнд “Булган” сууц өмчлөгчдийн холбоонд байцаагчаар ажиллаж байсан иргэн Б.Долгорсүрэнтэй “граж, лифтний түлхүүр” булаалцалдан маргалдах явцдаа Б.Долгорсүрэнг түлхэн унагааж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Орчуулагч мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган СӨХ-ийн байцаагч Долгорсүрэн орж ирээд ажил хийж чадахгүй юм байна. Бүх түлхүүрээ хүлээлгэж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би гомдол гаргаад байгаа оршин суугчдаа болон СӨХ-ийн даргаа дуудчих гэсэн. Тэгтэл тавиур дээр байсан 00-ийн түлхүүр авсан. Тэгээд намайг босох үед хүзүүнд байсан гражийн түлхүүрийг булаагаад татаад авахаар нь би түлхүүрээ авах гэхэд өгөхгүй байсан. Тэгээд хажууд байсан алхыг аваад газар тавих гэхэд хохирогч чи намайг алхаараа цохихнуу гэхээр нь би нүүр лүү чинь хүн харахын аргагүй болгож цохьчихоё гэж хэлсэн чинь орилоод байхаар нь гар гэтэл гарахгүй хэрэлдээд байсан. Тэгээд би гаргах гээд мөрнөөс болон хөлний хэсгээс нь өргөөд гаргасан ба хаалга өшиглөөд цохиод байсан. Тэгээд СӨХ-ийн даргад алхаар цохисон энэ тэр гэж ярьж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Долгорсүрэн мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр СӨХ-ийн даргад дуудагдаж ирсэн. Тэгээд би Орчуулагчид олон удаа ажлын шаардлага тавьсан бөгөөд ажлаа хийхгүй бол ажлаа өг гэж хэлсэн. Тухайн үед эхнэр нь байхгүй байсан ба эхнэр Бүрнээ чинь хэзээ ирэх юм асуудлаа хурдан шийдээрэй гэж хэлсэн. Тэгээд одоо орцоо сайхан цэвэрлэчих гээд эргэтэл хаалганы хажуу талын тавиур дээр түлхүүр байхаар нь аваад эргэтэл Орчуулагч ирээд заамдаж аваад чи ер нь юу гээд байгаа юм гээд миний ороолтоор хоолой боогоод газар савж унагаад дээрээс дараад байсан. Мөн орон дээр миний хажууд байсан алхыг бариад чамайг алаад өгье гээд байсан. Дээрээс дараад бүсэлхий хэсэгт өвдөгөөрөө дараад байсан. Тухайн үед хүүхэд нь болиочээ гээд байсан. Тэгээд гарах гэхэд хаалгаар хавсарсан ба гарах үед араас хаалга өшиглөж саваад хаалгаар цохьсон. Тэгээд СӨХ-ийн даргад утсаар мэдэгдэж цагдаа дуудсан гэв.

 

Гэрч Ц.Сосорбарам мэдүүлэхдээ: Миний эхнэр Долгорсүрэн нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булган СӨХ-д байцаагч ажилтай юм. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим манай эхнэр Долгорсүрэн надруу залгаад би хүнд зодуулсан гэж хэлж байсан. Тэгээд би 6 дугаар хорооны засаг дарга Давааням гэж хүн рүү утасдаад цагдаад мэдэгдээд арга хэмжээ аваад өгөөчээ манай эхнэр хүнд зодуулчихсан гэнээ гэж надруу ярьж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн юм шиг байна лээ. Тэгээд би орой гэртээ 19 цагийн орчим ирэхэд манай эхнэр гэртээ ганцаараа босч чадахгүй хэвтэж байсан ба гарын шуу хэсгээр нь хүзүү хэсгээр нь цээж хэсэгт нь зөөлөн эдийн гэмтэл шархтай байсан. Маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд сээрний 12 дугаар үений дарагдаж шахагдсан хугаралтай гэсэн онош гарсан ба тархинд 2 үеийн доргилттой, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош гарсан ингээд эмчилгээ бичүүлсэн.

Ажлынхаа хүнд ажлын шаардлага тавихад намайг эсэргүүцээд зодож цохьчихлоо гэж хэлж байсан. Түүнээс өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Одоогийн байдлаар нийтдээ 823,900 төгрөгийн зардал гараад байгаа. Эдгээр баримтуудыг хавсаргаж өгсөн байгаа. Цаашид 4 дүгээр сард эмчилгээ хийлгэнэ. Үүнийг хийлгэхэд мөн л мөнгөний хэрэг гарах байх” гэжээ. /хх 21-22 хуудас/

 

Гэрч Г.Жонон мэдүүлэхдээ: “Би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 4 дэхь жилдээ ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байна. Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Бугат 115 чиглэлийн хэсэг дээр хэв журмын офицерийн үүргийг гүйцэтгэж байх хугацаанд манай Бугат 10-аас буюу жижүүрээс Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34-А байрны орцны жижүүрийн өрөөнд орцны хүнд зодуулаад байна гэсэн дуудлага өгсний дагуу хүлээн авч очиж шалгахад тус байрны орцны жижүүрийн нөхөр нь гэх өөрийгөө Орчуулагч гэж нэрлэж байсан залуу болон Булган СӨХ байцаагч Долгорсүрэн гэх эмэгтэй хүн тэр 2 хоорондоо маргалдаж муудалцан Орчуулагч нь Долгорсүрэнг алхаар цохьсон гэж л Долгорсүрэн надад хэлж байсан. Намайг дуудлагын дагуу очиход Долгорсүрэн гэх эмэгтэйд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй л байсан. Тэгээд тухайн үед дуудлага ихтэй байсан хажуухан талд нь 6 дугаар хорооны хэсгийн байр байдаг болохоор хорооныхоо хэсгийн байцаагч руу нь Орчуулагч болон Долгорсүрэн нарыг явуулсан. Тэгээд л дараагийн дуудлагандаа явсан.

Би тухайн үед ямар нэгэн алх ч хараагүй. Орчуулагч гэх залуу надад хэлэхдээ би цэвэрлэгээ үйлчилгээнээс болж энэ эмэгтэйтэй маргалдсан нь үнэн. Түүнээс энэ эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй гэж хэлж байсан...” гэжээ. /хх 23-24 хуудас/

 

            Шинжээч Т.Сэлэнгэ мэдүүлэхдээ: Б.Долгорсүрэнгийн биед сээрний 12 дугаар нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал нь нэг удаагийн шахагдаж дарагдсан үйлчлэлийн улмаас үүсгэгдэх боломжтой. Алхаар цохих үед үүсэх боломжгүй. Харин ор луу түлхэхэд үүсэхэд боломж муутай. Б.Долгорсүрэнгийн биед нүүр, их бие, дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, няцрал гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байгаа. Эдгээр гэмтлийг авсны дараа ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Жишээ нь: явах, хөдлөх зэрэг үйлдэл хөдөлгөөн хийж болно” гэжээ. /хх 27-28 хуудас/

 

Шинжээч Д.Мөнхбат мэдүүлэхдээ: Б.Долгорсүрэнгийн биед учирсан гэмтэл хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан гэжээ. /хх 70 хуудас/

 

            Гэрч Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ: Би Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Тэц 47 дугаар байрны орцны жижүүр ажилтай. Манай Тэц 47 дугаар байрны 6 дугаар давхарын 64 тоотод оршин суудаг хүнийг Долгорсүрэн гэдэг. Энэ хүнийг яаж мэддэг гэхээр саяхан манай Сайхан Булган СӨХ-ийн байцаагч ажилтай байсан. Одоогоор энэ ажлаа хийхгүй байгаа хүнд зодуулаад бие нь муу байгаа учраас энэ ажлаа хийхгүй байгаа гэж надад хэлж байсан.

            Өөрөө надад хэлэхдээ Орчуулагч гээд нөгөө байрны жижүүр хүнд зодуулсан гэж надад хэлж байсан. Түүнээс бол би зодуулж байхыг нь хараагүй...” гэжээ. /хх 71 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2782 дугаартай дүгнэлтэд: “Б.Долгорсүрэнгийн биед сээрний 12-р нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, нүүр, их бие, дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэж дүгнэжээ. /хх 26 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 585 тоот дүгнэлтэд: 1.2.4. Б.Долгорсүрэнгийн биед учирсан сээрний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь дарагдах, шахагдах хүчний үйлчлэлээр түлхэгдэж унах үүсгэгдсэн байх боломжтой. 3. Хөдөлмөрийн багаж зэвсэг болох алхаар цохиход үүсэх боломжгүй. 5. Б.Долгорсүрэнгийн биед учирсан сээрний 12-р нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраарна. Бусад баруун хацарын зөөлөн эдийн няцрал, цээж, баруун шууны цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэжээ. /хх 66-67 хуудас/

Хохирогч Б.Долгорсүрэнгийн Хүзүүний компьютерт томографийн шинжилгээ /хх 39 хуудас/

Бүсэлхийн нурууны компьютерт томографийн шинжилгээ /хх 40 хуудас/

Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 41 хуудас/

Хохирогч Б.Долгорсүрэнгийн гараар бичсэн хохирол нэхэмжилсэн баримт /хх 42, 44 хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт /хх 43 хуудас/

Хохирол төлбөрт нийт 711,900 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хх 45, 46, 47, 48, 49 хуудас/

Хохирогч Б.Долгорсүрэнгийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх 50-51 хуудас/

Шүүгдэгч Г.Орчуулагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 54-55, 52, 56, 57, 58-59 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Орчуулагч нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34А байрны орцны жижүүрийн өрөөнд “Булган” сууц өмчлөгчдийн холбоонд байцаагчаар ажиллаж байсан иргэн Б.Долгорсүрэнтэй “граж, лифтний түлхүүр” булаалцалдан маргалдах явцдаа Б.Долгорсүрэнг түлхэн унагааж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Сосорбарам /хх 21-22/, Г.Жонон /хх 23-24/, Б.Мөнхжаргал /хх 71/, шинжээч Т.Сэлэнгэ /хх 27-28/, Д.Мөнхбат /хх 70/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2782 /хх 26/, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 585 дугаартай дүгнэлтүүд /хх 66-67/, Б.Долгорсүрэнгийн Хүзүү, толгой, бүсэлхийн компьютерт томографийн шинжилгээний баримтууд /хх 39, 40, 41/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт /хх 43/, хохирол төлбөрт нийт 711,900 төгрөг нэхэмжилсэн баримтууд /хх 45,46,47,48,49/, хохирогч Б.Долгорсүрэнгийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар /хх 50-51/, шүүгдэгч Г.Орчуулагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 54-55, 52, 56, 57, 58-59/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталсан ба улсын яллагчаас шүүгдэгч Г.Орчуулагчийг хохирогч Б.Долгорсүрэнгийн бие махбодид алхаар цохьсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээгүй, бөгөөд энэ шинжээчийн дүгнэлт, тайлбараар нотлогдсон болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2782 дугаартай дүгнэлтэд: “Б.Долгорсүрэнгийн биед сээрний 12-р нугаламын их биеийн дарагдаж шахагдсан хугарал...” гэж дүгнэсэн /хх 26/ ба 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 585 тоот дүгнэлтэд: 1.2.4. Б.Долгорсүрэнгийн биед учирсан сээрний 12 дугаар нугалмын шахагдсан хугарал гэмтэл нь дарагдах, шахагдах хүчний үйлчлэлээр түлхэгдэж унах үүсгэгдсэн байх боломжтой” гэж хэргийн материалд үнэлэлт хийж дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар хохирогчид учирсан гэмтлийн талаар дүгнэлт гаргах ба уг учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болох боломжтой талаарх мөрдөн байцаагчийн асуултанд хариулж дүгнэлт гаргасан бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоосон гэж үзэхгүйгээс гадна шинжээч нарын дээрх дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Орчуулагчийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч Г.Орчуулагч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн Сайхан булган СӨХ-нд хамааралгүй Г.Орчуулагчид шаардлага тавьж байгаа хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар “шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх эрхгүй” бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Орчуулагчийн нэр хөрөнгөөс 711,900 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол ТЭЦ-47-ийн 64 тоотод оршин суух хохирогч Жамбал овогт Батхишигийн Долгорсүрэн /РД:ХН74092067/-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтгүй нэхэмжилсэн 112.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алхыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэх нь тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хар резинэн бариултай шар өнгийн төмөр алхыг шүүгдэгч Г.Орчуулагчид буцаан олгохоор тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Улаанууд овгийн Гүнгээгийн Орчуулагч нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Улаанууд овгийн Гүнгээгийн Орчуулагчийг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Г.Орчуулагч албадан ажил хийлгэх ял эдлэхээс зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж тооцох болохыг анхааруулсугай.

 

            4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Орчуулагчийн нэр хөрөнгөөс 711,900 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол ТЭЦ-47-ийн 64 тоотод оршин суух хохирогч Жамбал овогт Батхишигийн Долгорсүрэн /РД:ХН74092067/-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 112.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алхыг шүүгдэгч Г.Орчуулагчид буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Орчуулагчийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ