| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/201 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Н.Түвшинбаяр
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр
Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014001070327 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Д нь 2020 оны 01 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18-12 тоот хашаанд Монгол гэр барьж тээрэм зоож тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18-12 тоот хашаанд Монгол гэрт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөн ус, азот зэрэг химийн бодис хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Дн мөрдөн байцаалтанд өгсөн
...Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 18 дугаар гудамжны 12 тоот хашаанд байх эхнэрийн дүү болох Э.Тын хашаанд өөрийн эзэмшлийн гэрийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр бариад Бөмбөгөр сумын нутагт байх Цагаан цахир гэх газраас 20 шуудайтай шламыг авч ирээд тэр гэрт нарийсгаад угааж алтыг нь авч байсан ...би 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр тээрмээ суурилуулаад 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилласан 6 грамм алт ялгаж авсан тэр алтаа Баруун бүсийн худалдааны төвийн хажууд машинтай алт авдаг ченж Өлзийбаатар гэх хүнд тушааж 560.000 төгрөг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Гэрч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 1 дүгээр сарын дундуур би гэл бүлийн хамт Улаанбаатар хотод байсан хашаа эзэнгүй байхад Ч.Д утсаар яриад ах нь хашаанд чинь гэр баръя гэхээр нь зөвшөөрсөн, сүүлд нь ах манай хашаанд барьсан гэртээ чулуу тээрэмдэж байгаад баригдсан гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Геологийн төв лабораторийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн
1.Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгаас ирүүлсэн ХФ20/0254 захиалгын дугаартай гялгар уутанд хийж “хэргийн газраас хураасан шингэн зүйл” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн савтай дээжинд шинжилгээ хийхэд шаардлагад нийцсэн.
2.Уг шингэн зүйлд металл зэстэй амальгам үүсэх чанарын урвал хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо.
3. Тус шингэн зүйлд өөр химийн хортой бодис болон Au, Ag байгаа эсэхэд шинжилгээ хийх боломжгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 39/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 69/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт / хх-ийн 07-13/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол / хх-ийн 14-15/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 15-17/ , мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 90-93, 94-96/, эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол / 141-142/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 70/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа / хх-ийн 71/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 72/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 73/, шүүгдэгч Ч.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 74-76/, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 90-95/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ч.Дг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт ашиглалт явуулсан, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд Туурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Ч.Д нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Мөн мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн №95 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтад.. химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтанд орсон байх бөгөөд Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т...Химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтооно…гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Ч.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Шүүгдэгч Ч.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Дгийн үйлдсэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ч.Д нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Д нь хувьд ногдох үл хөдлөх хөрөнгөтэй, өөрийн эзэмшдэг Төрийн банкны 23100803262 тоот дансандаа 5000000 төгрөг байршуулсан талаар дансны хуулга, өөрийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, , мөн шүүгдэгч Ч.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт...Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 20000000 төгрөгийн барилгын тендэр авсан, 6 хүний бүрэлдэхүүнтэй орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа.... өгсөн мэдүүлэг ба шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломж ба бодит байдал, түүний нотолсон баримтуудтай харьцуулан үнэлж шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ч.Дд хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас торгох ял оногдуулах тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон бөгөөд улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт санал болгосон шүүгдэгчид хорих ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Ч.Д нь ... 4 ханатай монгол гэр... ийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх ба уг монгол гэр нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...4 ханатай монгол гэр..ийг хэний эзэмшлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаагүй, холбогдох хүмүүсээ мэдүүлэг аваагүй, түүнчлэн шинжээч томилж үнэлгээ хийлгээгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... 4 ханатай монгол гэр..ийн үнийг гаргуулах боломжгүй, бусдын өмчлөлийн зүйлийг хураан авч улсын орлого болох боломжгүй байна.
Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ....4 ханатай монгол гэр...ийг шүүдэгч Ч.Дд буцаан олгож, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа чулуун тээрэм, 1, 2 гэж дугаарласан гялгар ууттай нунтаг цагаан өнгөтэй натрийн тетраборат, 2 гэж дугаарласан гялгар ууттай нунтаг цагаан өнгөтэй натрийн гидрокорбанат, натрийн корбанат, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл буюу 1.45 мг/литр мөнгөн ус, гялгар ууттай хар өнгийн нунтаг зүйл зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын Газар даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Дг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт, ашиглалт явуулсан, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Дг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Дд мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ч.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан...4 ханатай монгол гэр...ийг шүүдэгч Ч.Дд буцаан олгож, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа чулуун тээрэм, 1, 2 гэж дугаарласан гялгар ууттай нунтаг цагаан өнгөтэй натрийн тетраборат, 2 гэж дугаарласан гялгар ууттай нунтаг цагаан өнгөтэй натрийн гидрокорбанат, натрийн корбанат, цагаан өнгийн тагтай хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл буюу 1.45 мг/литр мөнгөн ус, гялгар ууттай хар өнгийн нунтаг зүйл зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын Газар даалгасугай
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА