Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Над холбогдох эрүүгийн 1914005930069 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 20-19 тоотод оршин суух иргэн С.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 54.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтанд өгсөн

...Төрсөн дүү Г.Нтай цуг хадмын талынх нь нэг ахыг 2019 оны 03 дугаар сард миний хулгай хийсэн айлын хажуу талын гэрт хүргэж өгөхдөө тэр айлыг мэдсэн. 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө тэр айл руу цонхоор нь ороод авдар дотроос нь мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, хурган дээл 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, жижиг шар өнгийн бурхан 1 ширхэг зэргийг авсан тэдгээр зүйлүүдээ амьчуулд нэг эзэнгүй хашаан дотор нь нуугаад маргааш нь очоод авах гэтэл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/

...Тэгж архи ууж байгаад *******, ******* гэх 2 ах надад машин авч өгье чи 2 ахдаа нэг айлд ороод жоохон юм аваад өгчих гэсэн... амьчуулд нэг айлын гадаа очоод Ууганаа ах би нохойг нь барьж байя гээд хашааг нь даваад орсон. Удалгүй ******* гэх ах бид 2-ийг дуудахаар нь хашаа давж ороод дээрх эд зүйлсийг хулгайлсан. Хулгайлсан бүх эд зүйлсээ Ууганаа, ******* гэх 2 ахад өгсөн. Надад 50000 төгрөг өгөөд гэрт хүргэж өгсөн...Тэгээд маргааш нь ярина гээд алга болсон тэрнээс хойш дахиж утас нь холбогдоогүй би хайгаад олоогүй...Би дээрх гэмт хэргийг тэр 2 хүнтэй хамт хийсэн...Түүнтэй хөдөө алтанд цуг явдаг байсан юм. Түүний мотоциклийг 2020 оны 09 дүгээр сард авч явж байсан юм. *******гийн гэрийн хаягийг мэдэхгүй, Гэхдээ зааж өгч чадна. Түүнийг мотоциклийг аваад бурханыг 2020 оны 10 дугаар сард авчирч байсан юм. Тэрнээс хойш бурханыг биедээ байлгасан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бурхны мөр нь дээр нь байсан зүйлийг хугалаад алт мөнгөний дарханаар хайлуулсан учир хохирогчид өгч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-114, 225, 2 хх-ийн 219-220/

Хохирогч С.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн

... 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө манай охин Г.Б нь утсаар яриад би хадмындаа хоночихоод өглөө ирсэн чинь манай байшингийн цонх онгорхой орсон чинь авдар дээр гүнгэрваанд байсан бурхан алга болчихсон байна гэж хэлсэн. Би тэр өдрөө аймгийн гэртээ ирээд эд зүйлүүдээ бүртгэсэн чинь авдар дээр гүнгэрваанд байсан жижиг чүдэнзний хайрцгийн хэмжээтэй ногоон дарь эх бурхан 1 ширхэг, авдар дээр байсан цэнхэр өнгийн торгон өнгөтэй эрэгтэй хүний үлдээстэй дээл 1 ширхэг, дунд гарын түрүү үеийн мөнгөн аяга 1 ширхэг, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын гуулин аяга 2 ширхэг, түрүү үеийн мөнгөн хазаар 1 ширхэг, дунд үеийн их гарын чулуун толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн зүүлт, коланы хамт 1 хос зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 65-68/,

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн

... манай ээж С.Д хөдөөнөөс ирээд өдөртөө буцаад хөдөө гэр лүүгээ явсан. Түүнээс хойш би аймагт байх гэртээ ганцаараа байсан. Би бөс барааны “Чансаа” дэлгүүрт ажилладаг байсан болохоор өдрийн цагаар ажил дээрээ байж байгаад шөнийн цагаар гэртээ ирж хонодог байсан. Тэгээд ямар ч байсан 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө гэртээ хоноод 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэртээ хоноогүй хадмындаа очиж хоносон. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө гэртээ ирсэн чинь байшингийн цонх онгорхой байсан бөгөөд байшиндаа орсон чинь авдар дээр байсан бурхны гүнгэрвааны таг онгойчихсон, дотор нь байсан жижиг бурхан алга болчихсон байсан. Мөн бурхны тахилын доод талын авдрын цоожны цүүг нь мушгигдаад онгойчихсон байсан. Би хулгайч орж ирээд эд зүйл авсан юм байна гээд ээж С.Д руу утасдаж хэлсэн. Тэр өдрөө манай ээж С.Д ирээд эд зүйлүүдээ бүртгэсэн чинь гүнгэрваанд байсан бурхан, авдарт байсан үстэй дээл, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гуулин аяга, мөнгөн хазаар, хөөрөг, мөнгөн ээмэг, зүүлт зэрэг зүйлүүд алга болсон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 75-77/,

Гэрч Г.Нын мөрдөн байцаалтанд өгсөн

... Г.Н нь надад ярихдаа С.Дгийнх руу орж эд зүйл бурхан, хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн хазаар, үстэй дээл зэрэг зүйлүүдийг авсан. Гэхдээ Ууганаа, ******* гэх хүмүүстэй хамт явсан, тэр хүмүүс нь нохойг нь хорьж өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 104-105/,

Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тус бурхан дээр үеийнх болохоор мөргөөд явж байдаг болохоос яг ойртож үзээд хийу бусад байдлыг анзаарч байгаагүй юм байна. ******* ахын хувьд манай айлын хамгийн том нь бөгөөд түүнийг анх гэр бүл болоход нь аав түүнд тус бурханыг өгсөн юм шиг байна лээ...Дээр үед манай эцэгт лам багш нар нь байдаг байсан тэдгээрээс нэг нь өгсөн гэж дуулж байсан. Бурханы хэмжээ гэх юм бол шүдэнзний хайрцагны хэмжээтэй байх ер нь мөргөж, сүсэрж биширч явдаг болохоор нээх тэгж ойртож үзэж байгаагүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар тал/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №439 дугаартай шинжээчийн ...иргэн С.Дгийн эзэмшлийн хулгайд алдагдсан гэх үнэт зүйл нийт 54100.000 төгрөгийн үнэлгээтэй...гэх дүгнэлт / хх-ийн 123-124/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн № 59 дугаартай шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Папилон санд 2019-021-БНХ кодоор кодлон оруулсан гарын мөр нь АДИС-Папилон салбар станцад МN003810003411 дугаараар 3 удаа бүртгэгдсэн ******* овогтой Нын зүүн гарын дунд хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байна...гэх дүгнэлт / хх-ийн 127-134/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №567 дугаартай шинжээчийн ... иргэн С.Дгийн эзэмшлийн бага оворын гуулин бурхан 2 ширхэг нийт 36000 төгрөгийн үнэлгээтэй ...гэх дүгнэлт / хх-ийн 136/

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаартай “...алдагдсан гэх бурханы хийц, орцыг үндэслэн 48 000 000 төгрөгийн үнэтэйг тогтоосон...” нэмэлт дүгнэлт /2 хх-ийн 94/,

Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай “...алдагдсан гэх бурхан зах зээлийн үнэлгээ нь 48 000 000 төгрөгийн үнэтэй, түүнийг буцаан сэргээн засварлахад гаргах зардал нь 430 000 төгрөгийн өртөг гарахыг тогтоосон...” дүгнэлт /2 хх-ийн 44/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 16-17/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 26/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 127-131/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 132-134/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 139-155/,/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 143/, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн баталгааны хуулбар / хх-ийн 144-145, 173, 175/, депозит дансны хуулга /хх-ийн 133-136, 150-162/, эд зүйл үнэлүүлсэн үнэлгээний баримт /хх-ийн 125/, шүүгдэгчийн 50523031 дугаар утасны орсон гарсан дуудлага /хх-ийн 143-170/, шүүгдэгч Г.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 177-215/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 174/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгч Г.Н нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 20-19 тоотод оршин суух иргэн С.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 54.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Г.Нын мэдүүлэг / хх-ийн 111-114, 225, 2 хх-ийн 219-220/, хохирогч С.Дгийн / хх-ийн 65-68/, гэрч Г.Бийн / хх-ийн 75-77/, гэрч Г.Нын хх-ийн 104-105/, гэрч Л.Дгийн /2-р хх-ийн 91-92 /,Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №439 дугаар , Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн № 59 дугаар, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №567 дугаар , Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 512 дугаар, Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаар шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.  

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Ныг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Нын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Г.Нын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.Н нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г.Н нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж ялыг өршөөн хэтрүүлж байсан ба өршөөлийн хуульд дахин хамруулах боломжгүй байна.

Шүүх шүүгдэгч Г.Над ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүхээс шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч С.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6136000 төгрөг, бурхан сэргээн засварлах үнэ 430000 төгрөг нийт 6566000 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаасаа 1566000 төгрөгнөөс татгалзаж, шүүгдэгч Г.Н нь хохирогч С.Дд 5000000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Наас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 170,000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 192 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алтлаг шар өнгийн бурхан 1 ширхэг, бурханы зүүн мөр дээр байрлах навч мэт алтлаг шар өнгийн зүйл 1 ширхэгийг хохирогч С.Дд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г.Ныг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Ныг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Над оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Нын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 192 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алтлаг шар өнгийн бурхан 1 ширхэг, бурханы зүүн мөр дээр байрлах навч мэт алтлаг шар өнгийн зүйл 1 ширхэгийг хохирогч Дд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Наас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал 170,000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-д олгосугай.

7. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Г.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАйгАЛМАА