Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Хохирогч: Д.Б, Д.Бэ, тэдгээрийн өмгөөлөгч С.Должинсүрэн,

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Хт холбогдох 2014004610043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******-тай. 

 Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Их алагийн шил гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 09-39 БНН улсын дугаартай Тоуоta Hilux маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.6-д заасан заалтуудыг тус тус зөрчиж UB moto маркийн ******* улсын дугаартай мотоцикль жолоодож явсан Д.Быг дайрч зам тээврийн осол гаргаж, улмаар Д.Б нь гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсингишилын шалтгаант уушигны үрэвслээр хүндэрч амьсгал зүрх судасны дутагшил оноштой нас барсан буюу зам тээврийн ослын улмаас Д.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр//

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан

Хохирлоо барагдуулмаар байна. Хүүхдээ их мөнгө аваад хэргийг хаасан гэж хүмүүс ярьдаг. Миний хүүг хууч өвчинөөс болж нас барсан гэдэг. Надад мэдэх юм алга. Эх хүний хувьд үнэхээр хэцүү байна. Ц.Х замдаа архи уусан байсан. Миний хүүхэд 20 жил амьд байсан бол их хөдөлмөрлөх байсан. Хүүгээ амьдруулах гэж их хичээсэн. Би 25.493.662 төгрөг нэхэмчилсэн байсан, нэмж сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг нэхэмжилнэ. Миний нэхэмжилсэн хохирлын 25.493.662 төгрөгт шүүгдэгчээс өгсөн мөнгө багтаагүй байгаа. Ц.Х бид нар нэг нутаг усны хүмүүс, түүний ээжтэй нэг ангид суралцдаг байсан.

Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 18 цаг өнгөрч байхад манай талийгаач хүү сумын төвийн гэрээсээ хөдөө уяатай морь байгаа, эртхэн очиж морио тавина гэж хэлээд өөрийн мотоциклио унаад явсан. Явах үед нь харанхуй болоогүй гэрэл тавихаар болоогүй байсан санагдаж байна. Тэгээд 19 цаг 50 минутын үед талийгаачийн дүү Д.Бэ хотоос яриад та тайван байгаарай, ******* ах багийн дарга *******гийн унаж явсан машинтай мөргөлдчихлөө эмч дуудчихлаа гэж хэллээ гэж хэлсэн. Би Ү. Бад хэлчихлээ тэр хүнтэй явж очоод газар дээр болсон зүйлийн зургийг нь сайн аваарай гэж хэлсэн. Удалгүй Ү.Ба ирээд намайг аваад Өлзийт сумын Цагаан хөтөл дээр явж байтал сумын эмнэлгийн машин урдаас хүрээд ирэхээр нь буцаад эмнэлгийн машиныг дагаад сумын клонк дээр ирж эмнэлгийн машинд суугаад аймагт 103 дээр ирсэн, талийгаачийн хувцсыг нь тайлахад зүүн талын хөл эргэсэн харагдаж байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ноос Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Ц.Хтай уулзахад би ******* ахтай зөрчихлөө гэж бодсон, мөргөлдсөний дараа 4-5 метр зайтай шидэгдсэн байсан гэж хэлсэн. Ослын дуудлагыг дүү Д.Бэд хэлээд тэгээд сумын эмч *******д хэлсэн. Талийгаач нь болсон ослын талаар хэлэхдээ ******* намайг дайраад эрэмдэг болгочихлоо, би зам тавьж өгөөд замаас гарчихаад байхад ирээд дайрчихлаа гэж хэлж байсан. Би талийгаачийг яагаад хойд замаар яваагүй гэж хэлэхэд байнга явдаг замаараа явж байна гэж хэлсэн. Миний цээжин бие өвдөөд байна, ходоод дотор гэдэс задарсан юм байхдаа гэж хэлээд байсан. Талийгаачийн нүүрний хэсэгт шалбарсан, 2 хөл хугарсан мэдээгүй, зүүн хөл нь эргэчихээд байсан. Зүүн талын гар нь шалбарсан, зүүн талын хуруунд оёо тавьсан байсан, цээж хөдөлж болохгүй байна, эрүүл эрхтэн үлдсэнгүй гэж хэлж байсан. Талийгаачийн хувьд тухайн өдөр хөдөө гэрийн зурагтны станц эвдэрсэн тул тэрийгээ солих гэж ирсэн. Тэгээд надад ус авч өгчихөөд яваад өгсөн. Гарахдаа ямар нэг согтууруулах ундаа хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-48/,

Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2020 оны 10 дугаар сарын 02-ны шилжих шөнө хот руу явсан. Тухайн осол болсон орой буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ сууж байхад талийгаач ослын газраас над руу залгаад ах нь үхлээ миний дүү наашаа хурдан гар гэж хэлсэн. Тэр даруй сумын эрүүл мэндийн төвийн дарга ******* руу утсаар залгаж дуудлага өгсөн. Тэр үед дуудлага мэдээлэл аваагүй байсан. Ээжийг зүрх муутай болохоор нь найзыгаа гуйгаад хамт очоод өгөөч гэсэн. Талийгаачийн биеийн байдал маш хүнд байсан. Нэг талын хөл нь ил хугаралтай, нөгөө талын хөл нь далд хугаралтай, цээжний хөндий тэр чигтээ битүү гэмтэлттэй, маш хүнд шокийн байдалтай байсан. Өглөө намайг ирэхэд яаралтай хагалгаанд оруулсан байсан. Талийгаачийг нас барах хүртэл хугацаанд Ц.Хын ар гэрийнхэнд ямар ч гомдол хэлээгүй байсан. Нэг нутаг усны хүмүүс учир би юм хэлээгүй. Ц.Х нь миний талийгаач аавын насаараа хийсэн ажлыг үргэлжлүүлж хийж ява хүн. Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багын Засаг дарга болсноос хойш нэг ч удаа манайхаар орж ирээгүй. Талийгаачийн бүх эмчилгээ үйл явцад Ц.Хыг байлгасан. Харин онгоцны зардлыг Ц.Х төлсөн. Талийгаачийг өнгөрсөн хойно надтай уулзсан. Би ял авмааргүй байна 3 хүүхэдтэй тохиръё гэж хэлсэн. Би хариуд нь би ганц хатуу үг хэлсэн чи 1 хүүхдийнхээ амийг хэдээр үнэлэх вэ гэж асуусан. Миний ах амьд байхдаа малтай, ажилсаг, хөдөлмөрч хүн байсан. Ийм хэрэг үйлдчихээд төрийн албанд ажиллаад нэр төрийн төлөө хөөцөлдөөд байна шүү гэж хэлж л байсан. Түүнээс хойш би холбогдоогүй. Чамайг холбогдох байх гэж хүлээсэн. Өдий болтол миний ээжээс уучлалт гуйгаагүй. Багын дарга болох гэж байхдаа айлуудаар талийгаачийг шархнаасаа болоод нас барсан гэж хэлж явсан байсан. Би тэрэнд их гомдсон. Хөл хорио намжаад үлдсэн хэдэн малаа бөөгнүүлэх гээд ээжтэйгээ хамт хөдөө очиход харласан хар бууцан дээр очих ямар байсан гэж бодож байна. Миний ах сайн хүн байсан түмэн мэддэг байсан. Их гомдолтой байна. Өнөөдөр л надад энэ үгийг хэлэх боломж олдсон. Өдий хүртэл ямар юм нэхэмжлээгүй байсан. Энэ хүнээс сэтгэл л харж байсан. Одоо бол бүх баримтаар гарсан хохирлыг нэхэмжилнэ.

Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цаг 30 минут өнгөрч байхад танихгүй дугаар залгахаар нь авахад ******* ах нь байна гэж нилээн зовиуртай хоолойгоор багийн засаг дарга Ц.Х машинаараа мөргөчихлөө, ах нь үхлээ наашаа гараа” гэж хэлэхээр нь Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн дугаар руу утасдаж дуудлага өгчихөөд найз Ү.Быг ээжийг аваад талийгаач ахын осол болсон газар руу очоодох гэж хэлсэн. Мөн ээжид утсаар ******* ах осолд орсон байна, осол болсон газар нь Ү.Бын хамт очоодох гэж хэлсэн. Тэгээд ээж Ү.Бын хамт осол болсон газар луу явж байхад нь сумын эмнэлгийнхэн талийгаачийг аваад Цагаан хөтөл гэх газар явж байхаар нь ээж түргэний машинд суугаад аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн байсан. Би осол болсон шөнөө Улаанбаатар хотоос гараад өглөө нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд талийгаач ахтайгаа уулзсан. Уулзахад Ц.Х гайгаас болж ийм болчихлоо. Зам тавьсаар байхад ирээд мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд хагалгаанд ороод орой нь хагалгаа дууссан. Тэгээд орой нь би Ц.Хтай уулзаад ослын талаар асуухад Ц.Х ******* ахтай зөрчихлөө гэж бодсон тэгтэл мөргөлдсөн. Миний буруу байсан гэж хэлэхээр нь чи согтуу юм уу гэж асуухад би архи уугаагүй, ганц нэг айраг уусан, эрүүл байсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өглөө биеийн байдал гайгүй байхдаа өмнө нь хагалгаанд орж байснаа ярьж байсан. Мөн мэдүүлэг аваагүй талаар ярьж байсан. Тэгээд тэр өдрөө 13 цагийн үед биеийн байдал муудаад маргааш нь дахин хагалгаанд ороод ухаан ороогүй. Тэгээд эмч нартай уулзахад Баянхонгор аймагт хийх ёстой бүх зүйлийг хийсэн Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах талаар хэлсэн. Тэгэхээр нь гэрийнхэн болон Ц.Хын гэр бүлийнхэн, хамаатан садангийн хүмүүс ярилцаад Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэе гэж шийдээд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр онгоцны зардлын урьдчилгаа болох мөнгө төгрөг Ц.Х хийнэ гэсэн боловч тухайн өдрөө хийгээгүй. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Ц.Хаас нислэгийн төлбөр болох 14000000 төгрөг хийгээд өдөр 14 цагаас Улаанбаатар хот руу яваад шууд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим нас барсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-53/,

Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамаатны дүүгийн найр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг Бийрт гэх газар болсон. Тэгээд 17 цагийн үед багийн дарга Ц.Х өөрийн машинаараа сумын төв рүү явна гэхээр нь хамаатны дүү Ж.Жы хамт суугаад явсан. Тэгээд сумын төв рүү явж байгаад буюу даваан дээр гараад явж байхад унтаад өгсөн. Тэгээд унтаад явж байтал пир пар гэх чимээ гарахаар нь машинаасаа буугаад иртэл Ц.Х машинаараа мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн байхаар нь би сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Ц.Хын машин шороон замын зүүн талд гараад зогссон, машины урд дугуй салж, хөндлөн байдалтай болсон, зүүн талын гупер, карлан, копуд зэрэг цөмөрсөн байсан , харин мотоцикль машины зүүн хойд талд нь зүүн хажуу талаараа унасан, бензин нь банкинаасаа гоожоод байхаар нь мотоциклийг өргөөд баруун талаар нь харуулж тавьсан. Мотоциклын банкны зүүн тал цоороод бензин гоожиж байсан, өөр гэмтлүүдийг нь сандарсан байсан болохоор анзаарч хараагүй юм. Мотоциклийн жолооч нь мотоциклынхоо зүүн хойд талд толгой нь газрын өөд хараад, дээшээ хараад хэвтсэн хөл гэмтчихлээ гэж хэлээд байсан. Би Ц.Хын машины арын суудалд сууж явсан. Осол болох үед Ц.Х өөрөө машинаа унаад явж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр дүү Жаргал сууж явсан . Машинд жолооч Ц.Х, манай дүү Жаргал бид 3-аас өөр хүн байгаагүй. Ц.Х хэр хэмжээний хурдтай явсан талаар мэдэхгүй. Тухайн осол болсон газар уруу газар байгаа юм. Ц.Х бид нар уруудаад, мотоцикльтой Цагаанбанди өгсөөд явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-55/,

Гэрч Х.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... хамаатны дүүгийн найр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Бийрт гэх газар болсон. Тэгээд орой болоод хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авах цаг болоод явахаар болсон. Тэгтэл Ц.Х сумын төв рүү явна гэж хэлэхээр нь эгч С.Бын хамт суугаад явсан. Миний хувьд жолоочийн эсрэг талын суудалд суусан. Урьд шөнө найр хийсэн айлын бэрийг шөнөжингөө явж авчраад нойр муутай байсан болохоор Өлийн даваа даваад унтаад өгсөн. Унтаж байтал чимээ гараад сэрэхэд Ц.Х мотоцикльтой хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь машинаас буухад машин замын зүүн тал руу гараад зогссон, зүүн урд талын дугуй хөндлөн болсон. машины зүүн хойд талд мотоцикль хажуугаараа унасан, мотоциклын цаад талд буюу хойд талд нь хажуугаараа хэвтсэн хүн байсан. Тэр үед би их айсан сандарсан байсан болохоор очиж чадаагүй . С.Б эгч сумын эмнэлэг рүү яриад удалгүй эмнэлгийн машин ирээд мотоциклын жолоочийг аваад явсан. С.Б эгч, Ц.Х нар “Цагаанбанди" гэж хэлээд байсан. Ц.Хын машины зүүн урд дугуй хөндлөн гадагшаа болсон, зүүн урд талын копуд, карлан, гупер зэрэг эвдэрсэн харагдсан. Харин мотоцикпь хажуугаараа унасан харагдсан. Осол болох үед Ц.Х өөрөө машинаа барьж явсан. Би жолоочийн эсрэг талд сууж явсан. Би унтаж явсан болохоор хэр хэмжээний хурдтай явсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/,

Гэрч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... орой 19 цаг 40 минутад Ц.О эмч над руу залгаад Бийрээс ирдэг зам, засмалтай нийлдэг газарт машин, мотоцикль мөргөлдсөн байна гэж хэлсэн, эмч Ц.О, багийн эмч ******* нар осол болсон газар очиход мотоциклын жолооч гэх хүнийг Ц.Х гарыг нь барьсан, нэг танихгүй залуу араас нь түшсэн байсан. Тэгээд тухайн хүнийг үзэхэд биеийн байдал хүнд буюу даарсан. царай цонхигор, зүүн гарын сарвуу хэсгээс цус гарсан, захын судсанд пульс үзэхэд сул, хүчилтөрөгчийн ханамж 84 хувьтай пульс 118, цус алдалт болон шокын шинжтэй, 2 хөл дунд чөмөг, дунд хэсгээр хугарч хэлбэр алдагдсан, хөдлөхөд өвчин эмзэглэлтэй, цээж задрах гээд байна гээд гар хүргүүлэхгүй байсан тул насилкан дээр тавиад машинд оруулаад өвчин намдаах тариа болон цус алдалтын эсрэг шингэн сэлбэж, зөөвөрлөж аймгийн нэгдсэн эмнэлэгт тээвэрлэж хүргэсэн. Бид нарыг очиход машин сумын төв чиглэлтэй явж байгаад зогссон байдалтай харагдсан. Очиход харанхуй болсон мөн өвчтөндөө анхаараад машин, мотоциклын эвдрэл гэмтэл болон ямаршуу байдалтай байсныг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 58-59/,

Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...орой 19 цаг өнгөрч байхад Ц.Х залгаад засмал замаас Бийрлүү салдаг зам дээр машин, мотоцикль мөргөлдчихлөө, мотоциклын жолоочийн бие муу байна гэж хэлсэн. Би их эмч Б.Жоод болсон зүйлийн талаар хэлээд сумын эмнэлгээс би эрхлэгч, их эмч Б.*******, багийн эмч ******* нарын хамт осол болсон газар очиход талийгаач газар хэвтсэн цээжийг өндийлгөөд хүн түшсэн байсан. Зүүн гарын сарвуу хэсгээс цус гарсан, 2 хөл нь хугарсан байдалтай байхаар нь анхан шатны тусламж үзүүлээд эмнэлгийн машинд насилкаар зөөж оруулаад цус тогтоох тариа болон бусад эмчилгээ хийгээд аймгийн яаралтай тусламжийн тасагт авчирч хүлээлгэж өгсөн. Талийгаачийг аваад Цагаан хөтлөөр уруудаад явж байхад талийгаачийн ээж ирээд хамт суугаад аймагт ирсэн. Осол болсон газар шөнө очсон. Мөн талийгаачид анхан шатны тусламж үзүүлж байсан болохоор мотоцикль, автомашинд ямар гэмтэл учирсан талаар анзаарч хараагүй, ямар ч байсан Ц.Хын машин, талийгаачийн мотоцикль 2 замын урд буюу зүүн талд харагдаж байсан. Машин, мотоцикль 2-ын зүүн хойд талд нь талийгаач байсныг нь эмнэлгийн машинаар зөөвөрлөж авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/,

Гэрч Ү.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... орой 19 цаг өнгөрч байхад Д.Бэ залгаад ах ******* буюу талийгаач Д.Б нь Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Бичгийн цагаан гэх газар явж байгаад машинтай мөргөлдсөн гэнэ чи ээжийг аваад оч гэж хэлэхээр нь Д.Бийн ээж Д.Б гуайг гэрээс нь очиж аваад сумаас гараад Цагаан хөтөл өгсөөд явж байтал сумын эмнэлгийн машин явж байхаар нь зогсоогоод Д.Б гуайг эмнэлгийн машинд суулгаж явуулаад осол болсон газар очсон. Очиход замын зүүн талд Ц.Хын саарал өнгийн машин зогссон зүүн урд талын дугуй салж хөндлөн болсон, зүүн урд талын карлан, копуд, гупер эвдэрсэн байгаа харагдаж байсан. Харин мотоцикль нь машины хойд талд хажуу талаараа унасан харагдсан. Харин ямар эвдрэл, гэмтэл байсныг хараагүй...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 67-68/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..орой ажил дээр ирэхэд ЭМТ-ийн дарга их эмч Б.******* осол гарчихлаа цуг явья гэж хэлээд Ц.О эмч бид нар 5-р багийн нутаг Их алагийн шил гэх газар очиход Ц.Хын машины зүүн урд дугуй нь хөндлөн болсон, зүүн урд талаараа юм мөргөж эвдэрсэн байдалтай замын зүүн тал руу гараад зогссон байсан. Харин мотоцикль хажуу талаараа унасан машины хойд талд байсан. Мотоциклын хойд талд талийгаач газар хэвтсэн байдалтай байхаар нь анхан шатны тусламж үзүүлээд эмнэлгийн машиндаа тээвэрлээд шууд аймгийн төвд ирсэн. Талийгаач ярихдаа Ц.Х бид 2 явж байгаад мөргөлдсөн талаар ярьж байсан. Өөр онц зүйл яриагүй. Талийгаачийн биеийн байдал их хүнд байсан, 2 хөл нь хугарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/

Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “

...2139 тоот дүгнэлтийн 1 дэх хэсэгт заагдсан ..аксоны тархмал гэмтэл, тархины бор цагаан эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, хэвлийн хөндийн мэс заслын дараах байдал, ходоодны өмнөд ханын няцарсан шарх, задрал, нарийн гэдэсний няцарсан шарх, өрцний шарх, дэлүү авах мэс заслын дараах байдал, зүүн талын 6, 7, 8, 9-р хавирганы шууд хугарал, хоёр талын дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн гарын алга, чигчий, ядам хуруу, зүүн гуяны язарсан шарх, зүүн шууны цус хуралт, баруун чихний дэлбэн, баруун хацар, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12 дугаар заалтад зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2139 дугаартай шинжээчийн

1.Талийгаач Д.Бын цогцост аксоны тархмал гэмтэл, тархины бор цагаан эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, хэвлийн хөндийн мэс заслын дараах байдал, ходоодны өмнөд ханын няцарсан шарх, задрал, нарийн гэдэсний няцарсан шарх, өрцний шарх, дэлүү авах мэс заслын дараах байдал, зүүн талын 6 7, 8, 9-р хавирганы шууд хугарал, хоёр талын дунд чөмөгний доод 1/3 хэсгийн далд хугарал, зүүн гарын алга, чигчий, ядам хуруу, зүүн гуяны язарсан шарх, зүүн шууны цус хуралт, баруун чихний дэлбэн, баруун хацар, зүүн сарвуу, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нь мохоо зүйлийн цохих, мөргөх, үрэх үйлчлэлээр зам тээврийн ослын үед босоо байрлалд мөргөгдөх, савагдах үед үүснэ.

3. Талийгаач үхэлд хүргээгүй уушгины артерийн даралт ихдэлт, дисстресс хам шинж, зүрхний булчингийн сорвижил, нарийн гэдэсний үрэвсэл өвчтэй байна.

4. Талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсонгишилын шалтгаант уушигны үрэвслээр хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

4.Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн №29464 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2020.10.10-ны өдрийн 15:35 минутанд нас баржээ.

5. Талийгаач нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байсан тул цусанд спиртийн зүйл тодорхойлох шаардлагагүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-110/,

Баянхонгор аймгийн Техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Содномдаржаагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай

1.Тухайн зам тээврийн осол нь Тоёота Хайлюкс маркийн 09-39 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Х /*******/-ын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна.

2. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Ц.Х / *******/ нь В ангиллын 476279 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

3.Тухайн зам тээврийн осол нь... жолооч Ц.Х нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 11.6-д зааснаар Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд / түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.. гэсэн дүрмийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1 -р хх-ийн 115-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5605 дугаартай

1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Б 41/эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн хаяглаагүй С00350405 гэсэн серийн дугаартай хуруу шилтэй Ц.Хын гэх цусны дээжинд 0,7 промилли спирт илэрсэн.Цусан дахь 0,7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт/1-р хх-ийн 124-125/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Буянравжихын 2020 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн “...Ц.Хыг Alcotest 6510 багаж үлээлгэхэд 0,86 хувьтай гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 193-194/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 268 дугаартай

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд Тоёота Хайлюкс маркийн 09-39 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд их гэрэл, дохионы гэрэл, гэрлийн суурь, зүүн урд далбаа, далбааны эмжээр, капот, зүүн хагас гол, жолооны зүүн хөндлөн тяг, зүүн өндгөн тулгуур, баруун урд дохионы гэрэл эвдрэл гэмтэлтэй байна. UВ тоtо маркийн ******* дугаартай, улаан өнгийн мотоцикльд урд амортизатор, хянах самбар, урд дугуйн обуд, зүүн базуур, түлшний сав, араа сэлгэх хөшүүрэг, урд хөлийн хамгаалалт, зүүн хойд ачааны төмөр, хөлийн гишгүүрүүд зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

2. Дээрх хоёр тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүдийн шинж тэмдгээр зүүн хажуу талаар мөргөлдөхөд үүссэн байх тул эвдрэл гэмтэл осолд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 138-141/,

Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21/03 дугаартай

1.Тоёота Хайлюкс маркийн 09-39 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хүч дамжуулах ангийн зүүн талын 3 бул редуктороос сугарсан, жолоодлогын механизмын зүүн талын хөндлөн татуурга /тяаг/ гулзайж, бөмбөлгөн холбоосоороо хугарч салж унасан, мөн зүүн доод татуурга /гар/-ны бөмбөлгөн холбоос хугарч салсан эдгээр гэмтлүүд нь зам тээврийн осол болох үед үүссэн эвдрэл болохыг нотолж байна. Учир нь автомашин, мотоцикль хоорондоо мөргөлдөж, автомашины зүүн урд талаас хүчтэй доргилт өгсөний улмаас дээрх эд ангиудыг хугарах, салж унахад хүргэсэн байна. Гадны хатуу биетийг мөргөх , бусадтай мөргөлдөх зэргээр автомашинд ямар нэгэн хүчтэй доргилт бий болоогүй, хэвийн байдлаар хөдөлгөөнд оролцож явах үед бөмбөлгөн холбоосууд бүхий хөдөлгөөнт эд ангиудад ашиглалтын явцад элэгдэл үүсч салж унах тохиолдол байх боловч, хугарах тохиолдол гардаггүй.

2. Уг автомашины урд хүч дамжуулах ангийн зүүн талын 3 бул редуктораас сугарсан, жолоодлогын механизмын зүүн талын хөндлөн татуурга /тяаг/ гулзайж, бөмбөлгөн холбоосоороо хугарч, салж унасан, мөн зүүн доод татуурга /гар/-ны бөмбөлгөн холбоос хугарч салсан зэрэг эвдрэлүүд зам тээврийн осол болохоос өмнө үүссэн байвал тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож явах ямар ч боломж байхгүй. Автомашины зүүн талын их гэрэл, крыло, капотны зүүн урд хэсэгт бий болсон бусад эвдрэл, гэмтлүүд нь зам тээврийн осол болох үед үүссэн байна. Хэрэв урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ /тэнхлэг тохиргоо/ алдагдсан үед автомашин шулуун чиглэлээ хадгалж чадахгүй. Жолооны хүрд нь аль нэг тал руугаа булаах нөхцөл бүрдэнэ. Уг автомашины явах эд ангиудад замын хөдөлгөөнд оролцож чадахааргүй эвдрэлүүд бий болсон тул тус автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн “Тэнхлэг, тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг тодорхойлох боломжгүй байсан...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 172-174/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 1-3/,гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1хх-ийн 15/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-24/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 96-97/, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 93-102/, эмчлүүлэгчийн өвчний түүх / 1 хх-ийн 213-250/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /1-р хх-ийн 195/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 197/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 198/,/ иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 199/, депозит дасны хуулгууд /1-р хх-ийн 201-205/, хохиролтой холбоотой баримтууд / 2 хх-ийн 49-74 82-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Их алагийн шил гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 09-39 БНН улсын дугаартай Тоуоta Hilux маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.6-д заасан заалтуудыг тус тус зөрчиж UB moto маркийн ******* улсын дугаартай мотоцикль жолоодож явсан Д.Быг дайрч зам тээврийн осол гаргаж, улмаар Д.Б нь гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад “гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж зогсингишилын шалтгаант уушигны үрэвслээр хүндэрч амьсгал зүрх судасны дутагшил” оноштой нас барсан буюу зам тээврийн ослын улмаас Д.Бын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Хын / хх-ийн 188-190 /, хохирогч Д.Бгийн /1 хх-ийн 46-48/, хохирогчийн Д.Бийн / 1 хх-ийн 51-53/, гэрч С.Бын /1 хх-ийн 51-53/, гэрч Х.Ж / 1 хх-ийн 54-55/, гэрч Б.Жын / 1хх-ийн 58-59/, гэрч Ц.Оийн / 1хх-ийн 64-65/, гэрч Ү.Бын / 1хх-ийн 67-68/, гэрч *******ын /1хх-ийн 70-71/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2139 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 103-110/, Техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Содномдаржаагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 115-116/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5605 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 124-125/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Буянравжихын 2020 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн тэмдэглэл /1 хх-ийн 193/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 138-141/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21/03 дугаартай дүгнэлт / 1 хх-ийн 172-174/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Хыг согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Шүүгдэгч Ц.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч У.Хыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн , бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Хыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Х нь мэдэх ёстой дүрмийн заалтаа мэддэггүй, мөн биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, хүний амь насыг хохироосон тул түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Ц.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохироож/ шүүгдэгчийн хувийн байдал, гэм хэргийн улмаас учирсан хохирлын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 19,918,475 төгрөгийг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж талуудын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасаж эдлүүлэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хасаж шийдвэрлэв.

Хавтас хэрэгт авагдсан нийт 21393662 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох сэтгэл санааны хохирол 60000000 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлс 1000000 төгрөг, бөөгийн зардал 3100000 төгрөг нийт 85493662 төгрөг нэхэмжилснээс хэрэг шалгагдах явцад гаргасан хохирол болох ГЕОСОН нислэгийн төлбөр 14000000 төгрөг, Буян компанид буюу оршуулгын зардалд 3052000 төгрөг, бусад эмчилгээний зардалд 2866475 төгрөг нийт 19918475 төгрөгийг төлж барагдуулсан,

шүүхийн хэлэлцүүлэгт явцад нэхэмжлэлийн шаардлага хангасан нотлох баримтуудыг тогтоогдсон оршуулгын зардал 9274000 төгрөг / 2-р хх-ийн 59-74/, замын хураамж, шатахууны зардал нийт 75346 төгрөг /2-р хх-ийн 37-38/, мотоциклийн эвдэрлийн үнэ 260000 төгрөг, шатахууны зардал 306000 төгрөг / хх-ийн 45-46/, эмчилгээний зардал 89000 төгрөг /хх-ийн 2-р хх-ийн 54-55/ нийт 10000000 төгрөгийг шүүгдэгч Ц.Хаас гаргуулж, хохирогч Д.Б, Д.Бэ нарт олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Хаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10000000 төгрөгийг хохирогч Д.Б, Д.Бэ нарт нөхөн төлж барагдуулсан талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн болно.

Харин шүүх хэргийн 2-р хавтас, 37-58 дугаар талд авагдсан хохирол төлбөртэй холбоотой болон хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан зардлын баримтууд гэх хохирогч нарын гаргасан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн судлахад шашны зан үйл буюу бөөгийн зардал, мөн гандан хийдэд хурал даасан болон ном хуруулахтай холбоотой шашны зан үйлийн зардал / 3972900/ болон хохирогч Д.Бийн өөрийн хэрэгцээнд зарцуулагдсан хоол хүнс, утасны төлбөр, сахиулын утас цэнэглэгч, машинд тос хийсэн, өөрийн 10 сарын цалин , эвдэрсэн ДДШ хүлээн авах, мотоциклийн үнэ зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй тул хэрэгсэхгүй болгож, мөн шатахууны зардал, эмчилгээний зардлын талаар Е баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн Д.Бэ гэдэг хүний данснаас гаргасан талаар банкны хуулга хэрэгт авагдсан, тухайн зүйл юунд зарцуулагдсан нь тодорхойгүй шүүх үнэлэх боломжгүй 13.493662 төгрөг, хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 1000000 төгрөг нийт 14493662 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч нарын гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1000000 төгрөгийн тухайд хохирогч Монгол Улсын Үнлсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө / өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллаж гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Түүнчлэн хохирогч Д.Бгийн “...сэтгэл санааны хохиролд 60000000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэснийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хамт шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь шүүхээс сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй бөгөөд амь хохироход хохирогчид олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг шууд зааж өгөөгүй тул шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Хт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал ангийн каск малгай 1 ширхэг, мотоциклын речак гэх төмөр зүйл 1 ширхэг, мотоциклын ар талын хар хуванцар хагарсан гэрэл их гэрэл 1 ширхэг, зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

шүүгдэгч Ц.Хын 476179 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, 09-39 БНН Улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02881350 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч Ц.Хт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Хын эзэмшлийн ...09-39 БНН улсын дугаартай тоёота Хайлюкс... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Хт буцаан олгов.

Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Ц.Х согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Хт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Ц.Хаас 10000000 төгрөг гаргуулж, хохирогч Б, Бэ нарт олгосугай.

7. Хохирогч Д.Б, Д.Бэ нарын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжэлийн шаардлага болох өмгөөлөлийн зардал 1000000 төгрөг, шатахуун, эмчилгээ, бөөгийн, зан үйлийн зардал болон бусад зардал болох 14493662 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 60000000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал ангийн каск малгай 1 ширхэг, мотоциклын речак гэх төмөр зүйл 1 ширхэг, мотоциклын ар талын хар хуванцар хагарсан гэрэл их гэрэл 1 ширхэг, зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, шүүгдэгч Ц.Хын 476179 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, 09-39 БНН Улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02881350 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч Ц.Хт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Хын эзэмшлийн ...09-39 БНН улсын дугаартай тоёота Хайлюкс... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Хт буцаан олгосугай.

10. Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шүүгдэгч Ц.Хт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА