| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0186/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/198 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүгдэгч: Х.Х, С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Хт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000173 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар *******-тай.
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, Регистрийн дугаар *******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Х нь 2021 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8-26 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
Шүүгдэгч Х.Х нь 2021 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8-26 тоотод өөрийн төрсөн эцэг С.Хыг гэрт нь зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Хы мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 05 дугаар сарын 15-ны орой хөдөө гэртээ байж байсан чинь манай эхнэр над руу залгаад аймагт хүрээд ир манай ажлын хүмүүс аймагт байх гэрт ирэх гэж байна гээд намайг дуудсан. Би 18 цагийн үед аймагт байх гэртээ ирсэн чинь манай эхнэрийн ажлын хүмүүс ирсэн байсан. Манайд 3 шил архи уугаад бүх хүмүүс тараад гэр лүүгээ явцгаасан би унтах гээд орондоо орсон байсан. Манай эхнэр Д.Г нь гарчихаад ороод ирсэн. Тэгээд бид 2 маргалдаж байгаад би эхнэрийг орны хөлд сууж байхаар нь би хөлөөрөө жийсэн чинь манай эхнэр орны урд тал руу унасан. Тэгээд манай эхнэр чи намайг зодлоо, нүдлээ, аллаа гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь манайд Х.Х ороод ирсэн байсан түүнтэй маргалдсан Х.Х намайг цохьсон. Д.Г бид хоёр гэрлэлтээ батлуулаад 23 жил хамт амьдарч байна. Би архи уусан согтуу байсан болохоор маргалдаад зодоон хийсэн. Д.Гыг орны хөлд сууж байхад нь гар луу нь нэг удаа жийж унагаасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байгаа болохоор би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна... гэх мэдүүлэг / хх-ийн 110-111/,
Шүүгдэгч Х.Хын мөрдөн байцаалтын шатанд
... Би ажлаа тараад гэртээ ирээд амарч байхад шөнө аав, ээж 2 хоорондоо маргалдаад байсан. Аав С.Х шөнө манай хаалгыг нүдчихээд яваад өгсөн би араас нь аав, ээж хоёрын гэр лүү орсон чинь ээж гараа барьчихсан уйлаад сууж байсан. Би та хоёр яах гэж хоорондоо маргалддаг юм гэж хэлээд аав С.Хыг одоо унтаж амар гэсэн чинь аав С.Х нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад нэг удаа зүүн шанаа руу нь цохьсон... Ээж тэр 2 маргалдаж байгаад шанаа чих нь халцарсан байхаа. Би бол шанаа хэсэгт нь 1 удаа цохьсон... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна... гэх мэдүүлэг / хх-ийн 98-99/,
Хохирогч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр С.Хы төрсөн өдөр нь болоод манайд хүмүүс ирээд бид нар 3 шил архи уусан нөхөр С.Х согтсон байсан. Тэгээд бид 2 орондоо ороод унтах гээд хэвтэж байсан чинь нөхөр С.Х надаас хэрүүл гуйгаад байхаар нь би орноосоо босоод орны хөлд суугаад хувцсаа өмсөж байсан чинь миний баруун гар луу өшиглөсөн би газар унасан. С.Х нь танай хүү Х.Хыг дуудаж өгнө гээд гэрээсээ гарч яваад Х.Хыг дагуулаад гэртээ буцаад ороод ирсэн. Гэртээ орж ирээд Х.Хт хандан чи маргааш нүүгээрэй, манай хашааг цэвэрлэж өгөөрэй гэсэн. Хүү Х.Х нь С.Хыг одоо унт гэсэн чинь үгэнд орохгүй унтахгүй байсан чинь Х.Х нь С.Хыг нүд рүү нь чих рүү нэг нэг цохьсон. Нөхөр бид 2 гэрлэлтийн баталгаатай албан ёсоор гэр бүлээ батлуулсан. С.Х бид 2 маргалдах үед нөхөр бид 2 хоёулхнаа байсан. Өөр хүн байгаагүй. Сүүлд нь манай хүү Х.Х орж ирсэн. Миний гар луу нэг удаа өшиглөсөн. Өөрөөр надад гарч хүрч цохиж зодсон зүйл байхгүй... хамт архи ууж байсан хүнийг би хамгийн сүүлд нь гаргаж өгсөн. Тэгээд орж ирээд унтах гээд хэвтэхэд надаас хэрүүл гуйгаад байсан. Би бодохдоо манай нөхөр намайг тэр гаргаж өгсөн залуутай хардсан байх. Өөр бид хоёрын хооронд маргалдаж муудалцсан зүйл байхгүй... Манай хүү Х.Х нь намайг өмөөрч орж ирээд С.Хүрэлчуулуныг нэг удаа цохьсон. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл үгүй.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 8, 13 /,
Хохирогч С.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... манайд Х.Х орж ирээд би маргалдсан. Тэгсэн чинь Х.Х намайг цохьсон. Манай хүү Х.Х намайг зүүн шанаа руу 1 удаа гараараа цохьсон. Х.Х бид 2 маргалдах зүйл болоогүй байсан. Манай эхнэр Д.Г нь надтай маргалдаж уурлаад хүү Х.Хыг дуудаад тэгээд Х.Х ээжийгээ өмөөрч бид 2 маргалдсан. Би биед авсан гэмтэлд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад холбогдох баримт бичиг байхгүй. Одоо надад ямар нэгэн санал, гомдол байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 19 /,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн
1.Д.Гын биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 47-48/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн
1.С.Хы биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт / хх-ийн 52-53 /,,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 17/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, депозит дансны хуулгууд /хх-ийн 63-65, 67-69/ шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 74/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 91-92, 103-104/, шүүгдэгч нарын шийтгэх тогтоолыг хуулбарууд / хх-ийн 72-74, 75-78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Х нь 2021 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8-26 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Д.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Х нь 2021 оны 05 дугаар сарын 15-наас 2021 оны 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8-26 тоотод өөрийн төрсөн эцэг С.Хыг гэрт нь зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Хы/ хх-ийн 110-111, шүүгдэгч Х.Хын 98-99/, хохирогч Д.Гын /хх-ийн 8-9, 13-14/, хохирогч С.Хы / хх-ийн 19-20/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 257, 258 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Хт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч С.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч С.Х нь хохирогч Д.Гыг зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь / хх-ийн 47-48/,
Шүүгдэгч Х.Х нь хохирогч С.Хыг зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чих, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь / хх-ийн 52-53/, талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Д.Г, шүүгдэгч С.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон, Шүүгдэгч Х.Х нь төрсөн ээж Д.Гыг өмөөрч тухайн үйлдлийг зогсоох үүднээс хохирогч С.Хтай маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийг зодсон үйл баримтууд талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч С.Х, хохирогч Д.Г нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Иймд С.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч Х.Х нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн, шүүгдэгч С.Х нь 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Х.Х, С.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Х, С.Х нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч С.Х, Д.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Х, С.Х нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Х, С.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Х.Х, С.Х нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Х.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Хт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Х.Х, С.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч Х.Х, С.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Х, С.Х нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА