| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/608 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/608
2021 05 21 2021/ШЦТ/608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ц.Батболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
хохирогч Д.Төрбат,
шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн 2006 00000 2765 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар цэцэрлэгийн хажууд хохирогч Д.Төрбаттай “тээврийн хэрэгсэл холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд зүүн дээд зовхи, духанд шарх, баруун долоовор хуруу, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2765 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Д.О нь иргэн Д.Төрбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 122 дугаар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөөд гаргаад машиндаа суугаад явах гэхэд арын машин зам таглаад зогссон байсан. Би жолоочид “жаахан хойшилчих гаръя” гэж хэлэхэд машинаа хөдөлгөхгүй зогсоод байсан. Би сүлдээ машинаасаа бууж арын зайг харахад ардаа зайтай байхаар нь “зай байсаар байтал жаахан ухарчихгүй бээцийчхээд явж ядаад” гэж хэлээд машиндаа суух гэтэл нөгөө машины жолооч араас ирээд миний толгой руу нэлээд хэдэн удаа цохисон. Миний хөмсөг язарч, толгой хагарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12058 дугаартай:
“Д.Төрбатын биед зүүн дээд зовхи, духанд шарх, баруун долоовор хуруу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12058 дугаартай нэмэлт шинжилгээний:
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээгээр хамар ясны хуучин хугаралтай, хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдсон байна. Энэ нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжгүй хуучин гэмтэл байна. Дээрх №12058 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 99-100/,
Шинжээч эмч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2020 оны 10 сарын 19-ний өдөр Д.Төрбатын биед үзлэг хийсэн. Үзлэгээр зүүн дээд зовхи, духанд шарх, баруун долоовор хуруу, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн КТГ-д тархины эдэд өөрчлөлтгүй, гавал ясанд гэмтэлгүй байсан. Иймээс Энх мэдрэлийн эмнэлгийн тархины цахилгаан бичлэгт эпилексийн өөрчлөлт илэрсэн байна. Эпилекс нь гэмтлийн үед болон тухайн хүний суурь өвчнөөс хамаарч үүсэж болдог. Иймээс дээрх тохиолдлуудын үед холбоо хамааралгүй. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 111/,
Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхнэр, хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр 122 дугаар цэцэрлэгийн гадна очсон. Миний урд талын машин талбай хаагаад зогссон, эзэнгүй байсан. Манай эхнэр хуруугаар дараад ирье гэж хэлээд машинаас буугаад явсан. Намайг машиндаа сууж байх үед урд талын машины жолооч ирээд “гарах гэсэн юм” гэж хэлэхээр нь хойшоо ухрахад арын машинууд цуваа үүсээд тулсан байсан. Урд машины жолооч машинаасаа бууж ирээд арын эмэгтэй жолоочийг загнаж, тэр хавиар үсчээд яваад байсан ба эмэгтэй жолооч ухраад яваад өгсөн. Намайг ухрах гэхэд эмэгтэй жолоочтой машины арын машин миний ард тулж ирээд зогссон. Би урд машины жолоочид хандаж “чиний урд том зай байна, наад зай руугаа ороод зогсчих, би хажуугаар чинь ороод зогсъё” гэж хэлэхэд өөдөөс “арчаагүй пизда чинь бээвийгээд явж чадахгүй, араасаа баахан машин шавуулчих юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад хохирогч машиныхаа цонхоор намайг цохиод хаалгаа онгойлгоод бууж ирэхэд гэхээр нь би машины хаалгыг түлхсэн. Хохирогчийн гар гараас бариад зууралдаад байж байх үед 122 дугаар цэцэрлэгийн хоёр цагдаа гарч ирээд бид хоёрыг салгасан. Би машиндаа буцаж очоод суухад араас хэл амаар доромжлоод орилоод байхаар нь би машинаасаа буугаад өөдөөс нь хэл амаар доромжлоход ирээд намайг дахиад цохисон. Би зөрүүлээд цохиход түүний зүүн хөмсөг язарсан. Тэгээд цэцэрлэгийн хоёр цагдаа ирээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 02/,
-хохирогчийн биед учирсан гэмтлийн тухайн үеийн зураг, хохирол, нэхэмжлэлийн талаарх баримтууд /хх-ийн 8, 70-80, 113-121/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/, иргэний үнэлэхийн хуулбар /хх-ийн 49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12033 дугаартай “Д.Оын биед дээд, доод уруул, эрүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Оын иргэн Д.Төрбатын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Төрбат нь эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн төлбөрт 175.260 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 650.000 төгрөг, цаашид эмчилгээнд гарах зардал буюу хамрын таславчийн мурийлт засах мэс засалд 4.000.000 төгрөг, нүдний хараа сайжруулах мэс засалд 3.000.000 төгрөг, сорви арилгах лазер эмчилгээнд 1.200.000 төгрөг, тархины цахилгаан бичлэг хийлгэхэд 120.000 төгрөг, нийт 9.145.260 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсний төлбөр 8.000 төгрөг, Монос эмийн сангаас бүтээгдэхүүн худалдан авсан 24.510 төгрөг, Эн Ар Би ХХК-ийн Ай Ти дүрс оношилгооны төвд гавал тархины КТГ-н шинжилгээ хийлгэсэн 100.000 төгрөг, Солонго эмнэлэгт үйлчлүүлсний төлбөр нийт 80.000 төгрөг, Дорно-Энх ХХК-с эрүүл мэндийн үйлчилгээ авсны төлбөр 30.000 төгрөг төлсөн баримтууд дахь төлбөр нийт 242.510 төгрөг,
Мөн ажилгүй байсан хугацааны цалингийн Нийгмийн даатгалын сангаас олгогддоггүй зөрүүд 289.015 төгрөг нийт 531.525 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь “шинжээчийн дүгнэлтээр хамрын таславчийн хуучин мурийлттай гэсэн учир энэ гэмтлийг эмчлүүлэхээр нэхэмжилсэн төлбөрийг хасуулж бусад хохирлоо нэхэмжилнэ гэсэн болно.
Шүүх ирээдүйд гарах зардал, хийгдэх төлбөрийн талаар урьдчилсан байдлаар дүгнэлт, тооцоо хийж хохирлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй учир бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх зардлын нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй бөгөөд хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалах нь зүйтэй байна
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 531.525 төгрөг гаргуулж хохирогч Д.Төрбат /иц83062713/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ