Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2017/00031/И |
Дугаар | 384- |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 384-
2017 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2017/00384 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын Үүд 1 дүгээр баг 7 дугаар хэсэг 130 дугаар байр 26 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 38 настай, Хануйн буурал овогт Цэрэнсодномын Нарангоо /РД-АН79080408/
Хариуцагч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 25/4 дүгээр байр 15 тоотод оршин суух, 1967 онд төрсөн 50 настай, Харгана овогт Бадамжавын Батболд /РД-УС67032618/
4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нарангоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Пүрэвдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Батболд нь ХААИС-д ажилладаг бөгөөд Ц.Нарангоод ХААИС-ийн мэргэжлийн диплом гаргаж өгнө гэж хэлэээд 2014 оны 07 дугаар сараас эхлэн нийт 4.500.000 төгрөгийг цувуулж авсан. Энэ ажиллагаа хууль бус гэдгийг ойлголцож 2015 онд Б.Батболд мөнгийг эргүүлж өгөхөө баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан боловч өгөөгүй. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад Б.Батболд нь 4.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн. Ц.Нарангоо нь Б.Батболдод 2.500.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгө буюу 2.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Х.Сугармаагийн данснаас 500.000 төгрөг, 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, н.Оюун-Эрдэнээс 500.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Б.Батболд нь С.Бат-Өлзийг өөрийн найз гэж хэлээд энэ данс руу мөнгийг хий гээд түүний данс руу хийлгэдэг байсан. Цагдаад шалгагдаж байхдаа мөнгө авснаа хүлээн зөвшөөрч 4.500.000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Иймд хариуцагч Б.Батболдоос 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Батболд миний бие 2014 оны 07 дугаар сард иргэн Ц.Нарангоотой анх өөрийн найз С.Бат-Өлзийтэй хамт уулзаж ХААИС-ийн мэргэжлийн дипломыг боломжтой бол гаргаж өгөхөөр тохиролцсон бөгөөд Ц.Нарангоо нь энэ асуудлаар гэрээ байгуулъя гээд гэрээний маягтанд гарын үсэг зуруулсан. Уг асуудал болсноос хойш миний биеийн байдал, эрүүл мэнд муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би Ц.Нарангоогоос ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй байхад надад 4.500.000 төгрөг гэж тулган үндэслэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүй байхад таны данс руу дээрхи мөнгийг шилжүүлсэн гэж гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие тухайн үед диплом гаргах боломжтой бол гаргаж өгөхөөр тохирч гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш мөнгө төгрөг аваагүй. Ц.Нарангоо үндэслэлгүйгээр намайг гүтгэж цагдаагийн байгууллагад дуудаж тайлбар авсан бөгөөд энэ хүнийг ямар нэгэн байдлаар дарамталж, ална хядна гэж заналхийлээгүй. Ц.Нарангоо нь ямар ч мөнгө төгрөг өгөөгүй байж намайг гэрээнд гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нарангоо нь хариуцагч Б.Батболдод холбогдуулан 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Б.Батболд нь нэхэмжлэгч Ц.Нарангоод ХААИС-ийн мэргэжлийн диплом гаргаж өгөхөөр тохиролцон түүнээс бэлнээр 2.500.000 төгрөг, дансаар 2.000.000 төгрөг тус тус шилжүүлж авсан болох үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ц.Нарангоо, Б.Батболд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Эрүүгийн цагдаагийн газарт Б.Батболдын бичиж өгсөн баталгаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Батболд нь Ц.Нарангоод диплом гаргаж өгөхөөр 2014 оны 07 дугаар сард уулзаж тохиролцсон, үүнийгээ баталгаажуулж 4.500.000 төгрөгийг хүүгүй төлөх тухай зээлийн гэрээ байгуулсан болох нь түүний шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдсон, тэрээр 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газарт гаргасан баталгаа бичигт Ц.Нарангоогоос 4.500.000 төгрөг авсан, үүнийг 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байсан байна.
Нэхэмжлэгч нь “2.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 2.000.000 төгрөгийг Х.Сугармаагаас 1.500.000 төгрөг, н.Оюун-Эрдэнээс 500.000 төгрөг авч Б.Батболдын хэлсэн данс болох С.Бат-Өлзийгийн данс руу шилжүүлсэн” гэж тайлбарласан ба хариуцагч нь тайлбартаа диплом гаргаж өгөхөөр тохиролцон, үүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан болон баталгаа бичигт 4.500.000 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн байх тул түүнийг дээрх мөнгийг шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Батболдоос 4.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нарангоод олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч /мэдэгдэлд гарын үсэг зурсан/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Б.Батболдоос 4.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нарангоод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 86.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нарангоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА