Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Г.Золбаярын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2017/00271 дүгээр шийдвэртэй

Г.Золбаярын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Өлзийт сумын Соёлын төвд холбогдох

тус төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот  тушаалуудыг хүчингүй болгуулах, тус сумын Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн  даатгалыг төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Г.Золбаяр миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн номын санчаар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2016.11 сард Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсүрэн надад “Хөгжмийн багш хийж бай. Хавраас мэргэжлийн сургуульд нь сурвал хөгжмийн багшаар ажиллуулна” гээд хөгжмийн багшаар ажиллуулсан. Тэгээд би 2016.11.07-ноос эхлээд ажлаас чөлөөлөгдөх хүртлээ хөгжмийн багшаар ажилласан. Тухайн үед надад хөгжмийн багшаар томилсон болон номын санчийн ажлаас чөлөөлсөн тушаал гардуулаагүй. Хөгжмийн багшаар томилсон тушаал төлөвлөсөн боловч надад гардуулж өгөөгүй. Хөгжмийн багшаар ажиллуулахдаа надтай ерөөсөө зөвшилцөөгүй. Би цаашид номын санчаар ажиллах хүсэлтэй байсан. Байгууллагын удирдлага хөгжмийн багшийн ажлыг түр хийж бай гэсэн учир би хөгжмийн багшаар ажилласан. Хэрэв надад хөгжмийн багшаар томилсон тушаал өгсөн бол би уг тушаалд гомдол гаргах байсан. Харин 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тушаалыг тэр өдөрт нь надад гардуулан өгсөн. Би ажилгүйдлийн тэтгэмж авахаар хөөцөлдөхөд тушаал дээр “01 дүгээр сарын 31” гэж бичсэн байснаас болоод нийгмийн даатгалын байгууллагад хандах хугацаа хэтэрчихсэн байсан. Иймд уг тушаалыг өөрчлөөд өгөөч гэж гуйсан. Тэгээд өөрчилж гаргасан тушаалыг 2017.02.24-ний өдөр гардан авсан. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Архангай аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалуудыг хүчингүй болгож, намайг Соёлын төвийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Золбаярыг Соёлын төвийн номын санчаар 2016.03.28-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр томилсон. Г.Золбаяр нь 2016.11 сарыг хүртэл номын санчаар ажилласан. Соёл урлагийн их сургуулийн соёлын менежерийн ангийг төгссөн мэргэжлийн боловсон хүчин суманд ирж манай байгууллагад ажиллах хүсэлт гаргасан учир хөдөлмөрийн гэрээгээр түр ажиллаж байсан Г.Золбаярыг тушаал гаргалгүйгээр хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн хөгжмийн багшаар түр ажиллуулсан. Хөгжмийн багшаар томилсон тушаалыг Г.Золбаяр хамт сууж өөрөө бичээд “Та энэ тушаалыг түр гаргаж байгаа юм уу” гэж асууж байсан. Тухайн үед би шинээр ажил аваад ажлын туршлагагүй байсны улмаас уг тушаалыг Г.Золбаярт гардуулж өгөөгүй нь үнэн. Гэхдээ тушаал нь гарсан. Тушаал гарах гарахдаа уг тушаалыг Г.Золбаяр өөрөө одоо номын санчаар ажиллаж байгаа Галттуяатай хамтарч бичсэн. Ингээд уг тушаал хүчин төгөлдөр болж би Г.Золбаярыг хөгжмийн багшаар ажилла гэсэн үүрэг даалгавар өгсөн. Шинэ жилийн арга хэмжээг Г.Золбаярт хариуцуулан өгсөн боловч тухайн ажлыг хангалтгүй хийснийг ганц би биш сумын удирдлагууд  болон иргэд хүртэл хэлсэн. Би Г.Золбаярыг хөгжмийн багш хийж байгаа юм чинь хөгжим тоглох хэрэгтэй гэж хэлээгүй. Цалингийн хувьд өөрчлөлт ороогүй. Өмнө нь хийдэг байсан ажлаа л хийсэн. Уг ажилд хариуцлагагүй хандсан гэдгээ Г.Золбаяр өөрөө ч гэсэн мэдэж байгаа. Үндсэндээ Г.Золбаяр 2017.01.02-12-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй, акт, өөр бусад бичиг баримт авчирч өгөөгүй. Залуу хүн цаашдаа ажиллах байх, өөрийнхөө дутагдлыг засаад өөртөө үнэлэлт өгөөд ажлаа хийх байх гээд цалинг нь хасаагүй бөгөөд хүрээд ирэх байх гэж найдаж хүлээсэн. Гэтэл Г.Золбаяр ажилдаа ирээгүй учир би түүнийг энэ ажлаа хийх дур сонирхолгүй, ажил хариуцаж хийх чадваргүй, цаашид соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд хамт олных нь дунд 2017.01.12-ны өдөр тухайн үед манай байгууллагад түр ажиллаж байсан Чинзоригийн мэдэгдэлтэй хамт ажлаас нь чөлөөлөх талаар аман мэдэгдэл өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2017.01.16-ны өдөр гардуулсан. Мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгийг хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуульд нэг сар гэж байгаа гэхээр нь  хуулийг нягталж хараад 2017.01.31-ний өдөр бус, хуулийн хугацааг дуусгаад 2017.02.12-ны өдөр амралтын өдөр байсан тул 2017.02.13-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг нь байгууллагын номын санч, бичиг хэргийн ажилтан бичиж, би гарын үсэг зурж баталгаажуулж гардуулсан.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2017/00271 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Соёлын төвд холбогдуулан гаргасан тус төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 тоот, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 тоот, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 тоот  тушаалуудыг хүчингүй болгуулж, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны  цалинтай  тэнцэх олговор 1 511 187 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн  даатгалыг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.Золбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.Золбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2017/00271 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Золбаяр нь Архангай аймгийн Өлзийт сумын Соёлын төвд номын санчаар 2016.04.01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад ээлжийнхээ амралтыг 2016.10 сард аваад 2016.11.07-нд ажилдаа ороход нь түүнийг хөгжмийн багшийн ажил хийж бай гээд хөгжмийн багшаар ажиллуулсан байдаг. Ингэхдээ Г.Золбаярыг номын санчийн ажлаас чөлөөлөөгүй, хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал шийдвэр гаргаж түүнд өгөлгүйгээр хөгжмийн багшийн ажлыг түр хийж бай гээд хийлгэсэн байдаг. Харин 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/З дугаартай тушаалыг Г.Золбаярт тухайн өдөр нь өгсөн байдаг бөгөөд уг тушаалд түүний хөдөлмөрийн гэрээг 2017.01.31-ний өдрөөр тасалбар болгож: цуцласан байдаг. Тэгээд Г.Золбаяр нь нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад материал өгөх хуулийн хугацаа хэтэрсэн байсан тул түүний эхнэр нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 дугаартай тушаалыг хариуцагч байгууллагад буцаан өгч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн б/3 дугаартай тушаалыг хөгжмийн багшаар томилсон 2016 оны 11 дүгээр 22-ны өдрийн б/9 дугаартай тушаалын хамт гардан авсан байдаг. Шүүхээс Г.Золбаярыг Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 дугаартай тушаалд заасан хугацаанд хөгжмийн багшаар шилжин ажиллаж, тушаалын үр дагаврыг мэдсэн, мэдсэн байдалдаа тулгуурлан тодорхой үйлдэл, эс үйлдэл хийж буй байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан гэх зохицуулалттай адилтган үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2017/00271 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Золбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Энэхүү гомдлоо нэхэмжпэгч Г.Золбаяр нь өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж байгаа болно. Шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргана.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.Золбаяр нь хариуцагч Архангай аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн номын санчаар ажиллаж байгаад тус байгууллагын эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 дүгээр тушаалаар хөгжмийн багшийн ажилд шилжин ажилласан ба 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн б/3 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж хөгжмийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүхэд 2017.03.20-ны өдөр номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллагын эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэгч Г.Золбаярыг номын санчийн ажлаас хөгжмийн багшийн ажилд шилжүүлсэн байна. /хх-5/ Энэ тушаалын дагуу нэхэмжлэгч нь 2016.11.07-ны өдрөөс 2017.02.13-ны өдрийг хүртэлх хугацаанд хөгжмийн багшаар ажилласанаас үзэхэд нэхэмжлэгч нь өөр ажилд шилжсэнээ мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг хөгжмийн багшийн ажилд шилжүүлсэн ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/9 дүгээр тушаалыг 2017.02.24-ний өдөр гардаж авсан тул энэ өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 129/ШШ2017/00271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ                               Т.ДАВААСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                              Д.БЯМБАСҮРЭН