Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2019/0019

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргалыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч - ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга, ******* сумын Засаг дарга нарт холбогдох

Тус аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч - ХХК-ийн захирал Г.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н

Хариуцагч: ******* сумын Засаг дарга Б.

Гуравдагч этгээд болох Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч - ХХК-ын захирал Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Мөстийн ам-ны 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар манай - ХХК-д 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр ******* сумын Засаг дарга Г. 18 дугаар захирамжаар шийдвэрлэснээр №0055426 тоот гэрчилгээг хуулийн дагуу авч үйл ажиллагаа явуулж байсан. - ХХК-ийг анх Г. үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №******* тоот гэрчилгээ авсан. Г. 2015 онд төрийн албанд ажиллах болж эхнэр Г. миний нэр захирлаар бүртгүүлэн одоо үйл ажиллагаа явуулж байна. Тус газар дээрх байгаа 3-н байшинг 1996 онд Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьсан гэдэг нь тогтоогдсон. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр би зөвхөн газрын асуудлыг яръя гэж бодож байна. Тухайн үед Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга ******* гэдэг хүн байсан. ******* дарга надад манай байгууллага амралтын газар байгуулъя гэж бодож 3-н байшин барьсан юм. Гэтэл ажиллуулах боломжгүй болоод тус газрыг 2005 оноос хойш ашиглаагүй, хараа хамгаалалтгүй орхисон гэж ярьж байсан. ******* даргын дараа ******* гэдэг хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга болсон. ******* дарга надад чи манай энэ газрыг түрээслэх замаар ашигла. Манай энэ байшинг засах янзлах тал дээр анхаар би харуул хамгаалалт дээр нь анхаарна гэж хэлж байсан. Түүнээс хойш манай компани тус газар дээрх байшинг янзлаж засаж авсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар харуул хамгаалалтандаа аваагүй, ******* дарга манайх энэ газрыг ашиглаж чадахгүй юм байна, чи тус газрыг авдаг ном журмаар нь авчих гэж хэлсний дагуу 2005 онд ******* сумын Засаг дарга гэдэг хүнийг байхад манайх уг газрыг эзэмших гэрчилгээ авч эзэмшиж өдий хүрсэн. Тухайн үед манайх газрын төлбөр болон харуул хамгаалалтын хөлс сар болгон 150.000 төгрөг, мөн 2 гэр бүлийг цалинжуулан ажиллуулдаг байсан. Сүүлдээ хөдөлмөрийн хөлс нэмэгдэж сард 200.000 төгрөг төлдөг байсан. Үүнийг тооцож үзэхэд 30 гаран сая төгрөг болсон байна лээ. Ингээд тухайн газрыг ашиглаж хамгаалж байх явцад дахин засвар хийх асуудал гарч ирсэн. Энэ тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга *******д хэлэхэд чи тухайн газрыг ном журмынх нь дагуу эзэмшиж, ашиглаж, хамгаалж байгаа юм чинь танайх засвар үйлчилгээгээ хий гэж хэлсэн. Ингээд явж байтал 2008 онд ******* дарга захирамж гаргасан. ******* даргын гаргасан энэ захирамжийг би хууль бус гэж үзэж байна. Яагаад хууль бус гэж үзэж байгаа юм бэ гэхээр 2008 онд орон нутгийн сонгууль болж байсан. Би аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2008 онд Улиастай сумын Засаг дарга ******* захирамж гаргуулж газрын гэрчилгээ авсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга ******* аймгийн Засаг дарга ******* нар ярилцаад ******* дарга ажлаа өгөхийнхөө өмнөх өдөр уг захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

******* сумын Засаг дарга Б. 2018 оны 10 сарын 01-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд захирамж гарган гэрчилгээ бичиж өгсөн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газрын гэрчилгээг хүчингүй болгуулах хэд хэдэн тохиолдолд байдаг. Газрын гэрчилгээг хүчингүй болгосон нь энэ зүйл заалтанд нийцэхгүй эсрэг байгаа. Үүнд уг газрыг хүндэтгэх шалтгаангүйгээр 2-3 жил ашиглаагүй бол тухайн газрыг хураана гэсэн заалттай. Манай газрын хувьд ашиг орлого олоогүй ч гэсэн иргэн хүнийхээ хувьд уг газрыг эзэмшиж байгаа. Уг газар дээр манай байгууллага байгаль экологит хор хөнөөлтэй үйл ажиллагаа огт явуулаагүй. Харин ч байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн манай байгууллагыг газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байгаагүй гэсэн. Манай байгууллага газрын төлбөрөө цаг тухайд нь ******* сумын дансанд хийж байснаа сумын дансанд газрын төлбөрөө хийхээр цаг тухайд нь тайлан мэдээ нь орж ирэхгүй юм гэдэг үндэслэлээр татварын албаны дансанд өөрийнхөө дансаар дамжуулан хийдэг болсон. Мөн улирал бүр аймгийн татварын алба, статистикийн албанд тайлан мэдээ өгдөг байсан. Эдгээрийг албан ёсоор баталгаажуулаад хэрэгт хавсаргаж өгсөн. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын дарга Б.******* Мөстийн ам гэдэг газар Улиастай болон ******* сумдын алинд харъяалагдах болохыг тогтоох үүргийг газрын албанд хүргүүлсэн. Аймгийн газрын алба "Мөстийн ам гэх газар нь ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдах болохыг тогтоосон. Ийм учраас ******* сумын Засаг дарга Г.гийн захирамж хүчинтэй болохыг баримт нотолгоогоор баталгаажуулсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь газрыг маргааныг шийдвэрлүүлэхээр иргэний шүүхэд хандсан боловч иргэний шүүх газрын асуудлыг шийдэхгүй гэсэн хариу өгч, хэрэг үүсгэхээс татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дахин маргаан хийхгүй байсаар 2012 онд сум дундын 1 дүгээр шүүхэд хандсан. Шүүх газрын маргааныг шийдэх боломжгүй гээд зөвхөн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн. Ингээд 2005 оны Г.гийн захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэн одоогийн Засаг дарга Д.*******д 2018 оны 07 дугаар сарын 31-нд өргөдөл гаргасан. Хууль зүйн хэлтэст судалж саналаа танилцуулах цохолт хийсэн. Газрын албанд хилийн цэсийг тогтоох даалгавар өгсөн байсан. Газрын алба 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 408 тоот албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Тэр албан тоотод ******* сумын нутаг дэвсгэрт харъяалагдах Мөстийн ам-ны 4 га газрыг эзэмших эрх анх - ХХК-ийн захирал Г.ад хуулийн дагуу үүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2008 онд илт хууль бус захирамж гаргуулан авч харуул хамгаалалтанд анхаарахгүй манай компаниар хамгаалуулж өдий хүрсэн. Манай компани нь байгалийг унаган төрхөөр нь байлгах, ан амьтдыг хамгаалах, татвар тайланг цаг хугацаанд нь гарган газрын төлбөр төлөх зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж ирсэн. .... Газар эзэмших төлбөрт 2005 оноос өдий хүртэл 352.000 төгрөг төлсөн. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар Захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны 262 дугаар захирамж, ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч доорх тайлбарыг хүргүүлж байна. 1. ******* сумын нутаг дэвсгэр Мөстийн аманд байрлалтай амралт сувиллын зориулалт бүхий 4 га газарт иргэн Г.ад эхэлж хуулийн дагуу эзэмших эрх үүссэн байна. 2. Аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 262 дугаар захирамжийн 1 дэх заалтаар ******* сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь ... Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно заалтад нийцэж байгаа боловч 2 дахь заалтаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь ...сумын Засаг дарга сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийвэрлэн зохион байгуулна гэсэн заалтыг зөрчиж байгаа тул Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх газарт газар эзэмших эрх олгосон уг шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.3 дахь заалтын дагуу эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байна. 3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Мөстийн амны газрыг амралт аялал жуулчлалын зориулалтаар олгохоор ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлаагүй байна. Мөн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж олгохоор заагдсан газрыг ******* сумын Засаг даргын 2018 он 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар шууд олгосон нь хууль бус гэж үзэж байна.

Тиймээс нэхэмжлэгч талаас гаргасан аймгийн Засаг даргын 2008 оны 11 сарын 07-ны өдрийн 262 тоот захирамжийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна. Мөн ******* сумын Засаг даргын захирамжаар 2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт газар эзэмших гэрчилгээ гаргасан нь Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна. Сумын Засаг дарга тухайн газрын асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ярилцаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах ёстой байсан. Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад дараа нь сумын Засаг дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахдаа уг газар нь аялал жуулчлалын зориулалттай учраас уг газрыг шууд олгох ёсгүй байсан. Ийм зүйл заалтыг сумын Засаг дарга зөрчиж газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* сумын Богдын гол багийн нутаг мөстийн аманд байрлах 40047.27 м2 газрыг сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дугаартай захирамжаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд амралт, аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд тухайн үед энэ газар нь - ХХК нь буюу ын эзэмшилд байгаагүй. Учир нь тус газрыг 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ******* сумын Засаг даргын захирамжаар - ХХК нь буюу ад 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх боловч уг сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ нь хуульчлагдсан байдаг тул аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаартай захирамжийн дагуу хэн нэгний эзэмшил, өмчлөлд байгаагүй газрыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд амралт, аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөстийн аман дахь амралтыг 1996 онд барьж байгуулан манай байгууллага эзэмшиж байгаа болно. Тухайн үед Газрын тухай хуулиар гэрчилгээ олгож байгаагүй. Иргэн Г. нь 2002 оноос манай байгууллагын эзэмшлийн 4 га газрыг үндэслэлгүй бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллагын эзэмшлийн газар, өмчлөлийн байрыг түрээсэлсэн гэх боловч өнөөдрийг хүртэл албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй тодорхой шийдвэр байхгүй болно. Албан ёсоор түрээслүүлээгүй иргэн Г.ын тайлбар үндэслэлгүй байна. Уг компани тухайн үед аймгийн Засаг дарга асан П.*******ийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийн талаарх гомдлоо Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хугацаанд /тухайн үед үйлчилж байсан хуулийн хугацаа/ гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Мөн Мөстийн амны 4 га газрыг манай байгууллагад эзэмшүүлсэн ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг зөвшөөрөхгүй байсан юм бол Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан 30 хоногийн дотор холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл дээрх хуулийн хугацаануудыг хэтрүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учир шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна. Газар эзэмшлийн төлбөрийг жил бүр төлсөөр байгаа сүүлийн 3 жилийн баримтуудыг хавсаргав. Хуульд заасан журмын дагуу манай байгууллагын эзэмшилд олгогдсон газрыг эзэмшихээр маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжаар 4,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар - ХХК-д анх эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч - ХХК нь дээрх захирамж болон холбогдох газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус, мөн дээрх маргаж буй газрыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлсэн ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хууль бус хэмээн тус тус үзэж, өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2 дахь заалтуудыг үндэслэн, - ХХК-д 4,0 га газар эзэмшүүлсэн ******* сумын Засаг даргын 2005 оны 05 сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар ******* сумын Мөстийн ам-ны 4 га газрыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд /тухайн үеийн нэр/ эзэмшүүлэхээр, газар эзэмших эрх нь хүчингүй болсон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг цуцлан газар чөлөөлүүлэхийг аймгийн газрын алба, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ******* сумын Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 262 дугаар захирамжийн нэг дэх заалт хуульд нийцсэн, хоёр дахь заалтыг өөрт олгогдоогүй эрх эдлэж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч компанийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт... илт хууль бус болох..ыг тогтоох нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах хугацаа үл хамаарна гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч - ХХК-ний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Завхан аймгийн Засаг даргын 262 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг баримталсан байгаа боловч хэний эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцаж байгаа нь тодорхойгүй, тус захирамжийн 2 дахь заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд маргаан бүхий 4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны газартай давхцсан гэж үзэх боломжгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.6-д заасан үндэслэлүүдээс алийг нь хамааруулж байгаа нь тодорхойгүй, 40.1 дэх заалтыг бүхэлд нь баримталсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна.

Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэгт заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхтэй байна. Мөстийн ам нэртэй маргаан бүхий 4 га газар нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаардаг болох нь Улиастай сумын хилийн цэс[2], Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зураг зүйн программаас гаргаж ирүүлсэн зураг[3] зэргээр тогтоогдож байна.

Иймд Завхан аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдлэж, ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлсэн, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар 262 дугаар захирамжийг гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байх-аар байна.

Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар нутаг нь ******* сумын газар нутагт хамаарч байх тул гуравдагч этгээдээс Улиастай сумын Засаг даргын 2008 оны захирамжаар тухайн газрыг манайд эзэмшүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар[4] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн ******* сумын Богдын гол багийн нутаг Мөстийн ам-анд байрлах 40047,27 м2 газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд амралт, аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж газрын харилцааны талаар сумын Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсноос үзэхэд, сумын Засаг дарга нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 2/103 дугаар албан бичгээр[5] Завхан аймгийн 2008, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тэдгээрийг батлан гаргасан захиргааны актыг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулахаар шаардсаны дагуу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг[6] шүүхэд ирүүлсэн байх ба уг тогтоолд ******* сумын Богдын гол багийн нутагт 15 иргэнд нийт 1,05 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс дүгнэж үзэхэд 2018 онд ******* сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр шийдвэрлээгүй байна. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж батлаагүй байхад сумын Засаг дарга нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 40047,27 м2 газрыг эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэжээ.

Дээрх маргаан бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлэхдээ амралт, аялал жуулчлалын зориулалтаар олгосон учраас төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар гэж үзэхгүй, энэ тохиолдолд тухайн газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа буюу төсөл сонгон шалгаруулалт явуулах байсан байна.

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2005 оны 05 сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжаар Мөстийн ам-ны 4,0 га газрыг - ХХК-д эзэмшүүлсэн, дээрх 18 дугаар захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаар захирамж нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өмнө тухайн газрыг эзэмших эрх - ХХК-д үүссэн гэж үзэхээр байна.

Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны А/71 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 1996 оноос эхэлж тухайн газар дээр байшин барьж эзэмшиж байгаа гэх боловч тухайн үед газрыг хуульд заасан журмаар эзэмшээгүй, зөвхөн 2018 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан болох нь газрын хувийн хэрэг болон холбогдох бусад баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл[7]-ээр тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын /одоогийн нэр/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 219 дүгээр шийдвэр[8]ээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 4 га газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны газар мөн болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж тухайн газар дээрх Г.ын эзэмшлийн 3 гэр бусад эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасны дагуу эд хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрээр дээрх маргаан бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эзэмшил газар гэдгийг тогтоогоогүй байна.

Ийнхүү ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар дээрх газрыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд амралт, аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлнэ гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.3-т ... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг, мөн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчсөн байх тул ******* сумын Засаг даргын А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Засаг даргаас 35100 төгрөг, ******* сумын Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 


[1] Хавтаст хэргийн 4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 89-р хуудас

[3] Хавтаст хэргийн 110-112-р хуудас

[4] Хавтаст хэргийн 5-р хуудас

[5] Хавтаст хэргийн 91-р хуудас

[6] Хавтаст хэргийн 94-р хуудас

[7] Хавтаст хэргийн 101-105-р хуудас

[8] Хавтаст хэргийн 123-126-р хуудас