Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
Хэргийн индекс | 106/2016/0018/Э |
Дугаар | 19 |
Огноо | 2016-06-17 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Л.Соёмбо |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Улсын яллагч Л.Соёмбо,
Хохирогч Б.Даваажаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /0541/
Шүүгдэгч П.Гансүх нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийг 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Биндэрьяануур овгийн Пунцагийн Гансүхэд холбогдох эрүүгийн 201626020263 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 01-16 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Биндэрьяануур овгийн Пунцагийн Гансүх /РД:ИХ77041617/ гэв.
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч П.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” нэртэй цайны газар Б.Даваажаргалтай маргалдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гансүх мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 05-наас 6-нд шилжих шөнө найз Баяраа, Ринчинпил, Бадмаа нарын хамт хорооллын Хуушуур хауст хоол идэхээр орсон. Тухайн үед Баяраа хажуу ширээний залуутай юм яриад байх шиг байсан. Хохирогч Даваажаргал найзууд нь уучихсан байсан. Хохирогч бид нарыг гомонууд гээд байсан. Тэр үед нь би тоогоогүй. Тэгтэл найз Баяраа хар цамцтай залуутай барьцалдахаар нь би салгах гээд боссон ба Баярааг салгасан чинь Даваажаргал араас ирэхээр нь би эргэж хараад цохьчихсон юм. Тэгтэл Даваажаргалын хамраас цус гоожиж байсан. Хүний биед гэмтэл учруулсан хэргээ хүлээж байгаа ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваажаргал мэдүүлэхдээ: “2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед найз нарын хамт паб орж пиво уугаад хоол идэхээр Хуушуур хаус орсон. Тэгж байтал гаднаас 3 эрэгтэй 3 эмэгтэй хүн орж ирсэн. Хоол идэж байхад нүдний шилтэй залуу манай найзыг их өдөөд байсан. Тэгээд маргалдаад зууралдахаар нь би салгасан ба гэтэл намайг шүүгдэгч хамар луу цохьсон. Тухайн үед өөр хүн намайг цохиогүй ба өөр хүмүүс зодолдоогүй” гэв.
Гэрч Ц.Баяраа мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 дүгээр сарын 05-ны орой найз Бадмаа, Гансүх, Мөөгий, Билгээ бас Мөөгийгийн найз залуу нарын хамт кино үзчихээд караоке орж хүний 3 3 шил 0.5 литрийн Сэнгүр пиво уучихаад шөнө 02 цаг өнгөрч байхад хорооллын Хуушуур хаусад хоол идэхээр орсон. Бид нар ширээнд суугаад найзуудаараа хоорондоо жоохон марзганаад сууж байсан чинь хажуу ширээнд хоол идэж сууж байсан 3 залуугийн цохиулдаг залуу нь хэдэн гомо нар ороод ирлээ гэхээр нь за зүгээр байна гээд бид нар хоорондоо жоохон хэл амаар бие бие рүүгээ хэрэлдэж байсан чинь хажуу ширээнээс нэг залуу босч ирэхээр нь бид нар бас босоод би нэг залуутай нь 2-уулаа гараад ярилцая гээд би тэр залуутай зууралдаад байж байгад гарая гээд би түрүүлээд гарсан чинь араас гэрч ирэхгүй болохоо нь би буцаад орсон чинь хажуу ширээнд сууж байсан нэг залуугийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудаад байх шиг байсан.
...Дараа нь хэрүүл маргаан зодоон дууссаны дараа асуухад Гансүх хамарлуу нь цохисон гэж цохиулсан залуу ноосон малгайтай залуу цохьсон гэж өөрөө хэлсэн. Ноосон малгайтай залуу нь Гансүх юм гэжээ. /хх 31-32 хуудас/
Гэрч Г.Дугарсүрэн мэдүүлэхдээ: ...хорооллын Хуушуур хаус ороод заалны дунд байрласан суудал дээр Даваажаргал, Нямсүрэн 2 миний өөдөөс харж суугаад би тусдаа өөдөөс нь ганцаараа сууж хоол идэж байсан чинь гаднаас 3 эрэгтэй, 3 эмэгтэй ...орж ирээд бид нарын хажуу ширээнд суугаад хоол захиалсан. Бид 3 хоорондоо юм ярингаа хоолоо идэж байсан чинь хажуу ширээнд суусан залуусын нэг нь будаа ид гэж бид нарт хандаж хэлсэн. Тэгэхээр нь бид 3 зүгээр хоол идэж байна та нар өөрсдөө зүгээр хоолоо ид гэж хэлсэн чинь бупаа ид гэсэн чинь томрон гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би хоолоо идэж байсан чинь Даваажаргал ширээнээс өндийх шиг болсонд хажуу ширээнийхэн бас босоод Даваажаргал зууралдах шиг болсон. Би ширээнээсээ өндийгөөд боссон чинь надтай хажуу ширээнд сууж байсан бүдүүн нүдний шилтэй залуу зууралдаад бид 2 ноцолдож байгаад зодолдолгүй салаад би эргээд харсан чинь Даваажаргал ах ширээний хажууд доошоо тонгойчихсон хамраас нь цус гарчихсан байсан гэв. /хх 33 хуудас/
Гэрч Т.Нямсүрэн мэдүүлэхдээ: ...Бид нар хоол идэж байсан чинь хажуу ширээн дээр 6-7 хүн ирж суугаад хоорондоо чанга чанга дуугаар ярилцаад яриандаа бид нарыг оруулж доог тохуу хийгээд байгаа нь мэдэгдсэн. Тэгэж байгаад сүүлдээ хоорондоо жоохон маргалдаад байж байхад дуугүй наад будаагаа ид нөгөөдөх чинь томооод гээд хэл гэж хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь тэд нарын нэг нүдний шилтэй залуу босч ирээд Дугарсүрэнтэй заамдалцаад авахаар нь би Дугарсүрэнг тэр залуугаас салгаад тэр залуутай нь бас жоохон зууралдаж байгаад салаад Даваажаргал руу харсан чинь Даваажаргалын хамраас цус гарчихсан нэг ноолууран малгайтай нөхөр доош нь дарчихсан нүүр лүү нь гараараа цохиж байхаар нь би очиж салгасан гэжээ. /хх 34 хуудас/
Гэрч Р.Ринчинпил мэдүүлэхдээ: ...Хуушуур хаус нэртэй цайны газарт хоол идэхээр орсон юм. Тухайн цайны газарт ороод хоолоо захиалах гээд хоорондоо ярилцаад сууж байхад манай найз Бадмаа тоглоод хэдүүлээ дундаа нэг будаа аваад хэдэн талаас нь савхдаад идэх үү гэж хэлсэн чинь хажуу талын ширээнд сууж байсан 3 залуугийн нэг нь чи харваас будааны хүүхэн байна шдээ. Чамд будаа л таарна ш дээ гээд бид нарын яриан дундуур орж ирсэн. Энэ үед манай найз Баяраа уурлаж босч ирээд тэр залуучуудтай барьцалдаад авсан. Тэгэхэд Гансүх салгах гээд босч байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Тэд нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Энэ үед нөгөө 3 залуугийн нэгнийх нь хамраас цус гарчихсан байсан гэжээ. /хх 35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 967 дугаар дүгнэлтэд: Б.Даваажаргалын биед баруун хацар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн шанаа, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 37/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаар дүгнэлтэд: Шинжээч эмчийн 967 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Даваажаргалын биед баруун гайморын хөндийн урд хана, баруун ухархайн доод ханын хугарал, баруун хацар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн шанаа, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх 44-45 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 564 дугаар дүгнэлтэд: Шинжээч эмч С.Чулуунсүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 967 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Шинжээч эмч Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир, Т.Номинцэцэг нарын 2016 оны 3 дугаар сар 14-ний өдрийн 318 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. У.Баатарцогт эмчийн гаргасан тодорхойлолт үндэслэлтэй байна. Б.Даваажаргалын биед баруун гайморын хөндийн урд хана, баруун ухархайн доод ханын хугарал, баруун хацар, дээд уруул, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, зүүн шанаа, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх 83-84 хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 7 хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9 хуудас/
Хохирлын баримт /хх 14-30 хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт /хх 46 хуудас/
Толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх 48 хуудас/
Өвчний түүх /хх 50-56 хуудас/
Шүүгдэгч П.Гансүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65 хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67 хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх 70-71 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч П.Гансүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хуушуур хаус” нэртэй цайны газар Б.Даваажаргалтай маргалдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Даваажаргалын мэдүүлэг, гэрч Ц.Баяраа /хх 31-32/, Г.Дугарсүрэн /хх 33/, Т.Нямсүрэн /хх 34/, Р.Ринчинпил /хх 35/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 967 /хх 37/, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 318 /хх 44-45/, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 564 дугаар дүгнэлтүүд /хх 83-84/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/, хохирлын баримт /хх 14-30/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт /хх 46/, толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх 48/, П.Гансүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч П.Гансүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Гансүх нь Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан /хх 67, 70-71/ ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч П.Гансүх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Даваажаргалын “та нар чинь гомо юм уу” гэх зэрэг зүй бус харьцаа, хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч Б.Даваабаатар нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3.888.136 төгрөгийг нэхэмжилсэнээс 605500 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаж байгаагаас шүүгдэгч П.Гансүхээс хохирогчид төлсөн 500.000 төгрөгийг хасч үлдэх 105.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогчийн нэхэмжлэлээс эмчилгээ хийлгэхэд гарсан шатахууны зардал, худалдан авсан эд зүйл, цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардал, цалин хөлс гэх мэт нэхэмжилсэн нэхэмжлэл нь хохирогчийн эмчилгээний зардалд хамааралтай эсэх тогтоогдохгүй, нийгмийн даатгалын дэвтэр хавтаст хэрэгт авагдаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив.
Хохирогч энэ хэрэгтэй холбоотой хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч П.Гансүхийг бага насны 3 хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэгт хохирогчийн зүй бус харьцаа, хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр хөнгөн ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Биндэрьяануур овгийн Пунцагийн Гансүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Биндэрьяануур овгийн Пунцагийн Гансүхийг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч П.Гансүх нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж тооцох болохыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Гансүхийн нэр хөрөнгөөс 105.500 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60 дугаар байры 34 тоот оршин суух хохирогч Сад овгийн Батмөнхийн Даваажаргал /РД:УХ86091510/-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 3.282.636 төгрөгийг нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди бичлэгийг хэрэг хадгалагдах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Гансүхийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ