Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 371-

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00371

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17 гудамж, 415 тоотод оршин суух, Дуут овогт Баярмөнхийн Содном /РД:ВБ87071201/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Базаргүрийн Бүдгэрэл /РД:ЧВ67042719/-ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Содномын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.                                   

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Содном 2015 онд “Хос монгол” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн тоосгоны борлуулалтын ажлыг хийдэг байсан бөгөөд иргэн Б.Бүдгэрэл нь УБМ 24-04 улсын дугаартай автомашинтай ирж 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 08 сарын 11, 08 сарын 20, 09 сарын 10-ны өдрүүдэд нийт 16000 ширхэг тоосго, 2015 оны 09 сарын 18-нд 5000 ширхэгээр 2 удаа нийт 10000 ширхэг тоосго, 2015 оны 09 дүгээр сарын 25-нд 5000 ширхэг тоосго, 2015 оны 10 дугаар сарын 10-нд 5000 ширхэг тоосго, 2015 оны 10 сарын 19-нд 5000 ширхэг тоосго зэргээр нийт 41.000 тоосгыг ширхэгийг нь 160 төгрөгөөр тооцож авсан. Тоосгоны нийт үнэ 6.560.000 төгрөгийг Б.Бүдгэрэл нь төлөөгүй учир миний бие Б.Бүдгэрэлийн авсан тоосгоны үнийг “Хос монгол” ХХК-д төлсөн болно. Б.Бүдгэрэлийн Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Сансарын 6-42 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ хаягтаа оршин суудаггүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Базаргүрийн Бүдгэрэл /РД:ЧВ67042719/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Содном нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Бүдгэрэлийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2016/03438 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Содномын нэхэмжлэлтэй Бүдгэрэлд холбогдох тоосгоны үнэ 6.560.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Бүдгэрэлийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Базаргүрийн Бүдгэрэл /РД:ЧВ67042719/-ийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Б.Содномтой холбоо барих утас: 88142580, 99040552 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Содномын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Базаргүрийн Бүдгэрэл /РД:ЧВ67042719/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Содном нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Б.Содномтой

холбогдох утас: 88142580, 99040552  болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА