Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 53

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй П.Ундрахад холбогдох “370.883 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....П.Ундрах нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 02-р сарын 20-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96961192 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл П.Ундрах нь гэрээний үүргээ үл биелүүлж 96961192 дугаарын 2015 оны 09 сарын байдлаарх төлбөр 396883 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. П.Ундрахад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд П.Ундрахаас төлбөрийн үлдэгдэл болох 396883 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 30000 төгрөгийг хасч үлдэгдэл 366883 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 370883 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг, 1дүгээр хэсэг, 16 тоотод оршин суух Тогруутан овогтой Пүрэвдоржийн Ундрах /МП86091267/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... П.Ундрах  миний бие нь “Скайтел” ХХК-иас нэхэмжилж байгаа 370883 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 онд багтааж төлөх болно  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй П.Ундрахад холбогдох “370.883 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч П.Ундрах  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.777 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5888.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5888.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй П.Ундрахад холбогдох “370.883 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11777 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5888.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5888.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН