Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914004420225 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******. Регистрийн дугаар *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Төрийн банкны салбараар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үйчүүлэхэд нь банкны ахлах теллер ажилтай Т.Т нь Б.Баас 8.260.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч 502741**** дугаарын дансанд хийхдээ андуурч 2.000.000 төгрөгийг нэмж нийт 10 260 000 төгрөгийн гүйлгээ хийснээс илүү хийсэн 2.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж улмаас бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн үед мөнгөө тоолоод теллерт өгсөн. Би камерын бичлэгийг үнэн гэж үзэхгүй байгаа. Теллер мөнгийг маань тоолсон дараа би баримтад гарын үсэг зурсан. Камерын бичлэг байгаа учир гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирлыг төлнө. Теллерийн араар гадны хүмүүс явдаг юм билээ гэв.

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2019 оны 05 дугаар сарын 22-27-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 3 хоног, Баян-Өндөр суманд 2019 оны 05 дугаар сарын 26, 27, 28-ний өдрүүдэд ноолуурын үзэсгэлэн худалдаагаар гар утас, гар утасны смарт хэрэгсэл би зарж явсан. Тэгээд олсон орлогоо Баян- Өндөр сумын өөрийн данс руугаа хийх гээд ХААН банкин дээр очсон чинь дүүрэн хүнтэй байсан тул Төрийн банкин дээр очсон, би дугуй ширээн дээр мөнгөө тавиад тоолж янзалж байсан чинь миний урд талын хүмүүс үйлчлүүлж дууссан би теллер дээр очоод энэ мөнгийг ХААН банкны данс руу хийх гэсэн юм гээд теллерийн өмнө мөнгөө тавиад баримтан дээр гарын үсгээ зураад банкны хүн 10,260,000 төгрөг байна гэхээр нь тэгээд миний өгсөн мөнгөтэй таарсан юм чинь би баримтаа өгсөн. Тэгээд баримтын хуулбарыг надад өгсөн. Би банкнаас гараад нөгөө үзэсгэлэн худалдаан дээрээ очоод өдөржингөө, маргааш өдөр нь наймаагаа хийж байгаад орой нь би Говь-Алтай аймгийн Чандмань сум руу явсан тэндээ хоночихоод маргааш нь би Эрдэнэ сумын үзэсгэлэн худалдаан дээр очсон тэр үед их бороо орж байсан ба миний утсанд дуудлага ирсэн ба утсаа аваад ярихад Б гэдэг хүн мөн үү Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын банкны хүн байна танд илүү мөнгө шилжүүлж өгсөн байна гэхээр нь гар утасныхаа мессежийг харсан чинь миний ХААН банкны дансанд 10,260,000 төгрөг л орсон байсан. Тэгээд би банкны хүн рүү залгаад миний дансанд миний мөнгө л орсон байна илүү мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Дараа нь банкны хүмүүс яриад намайг 1,000,000 төгрөгөөр тохиролцъё гээд байсан би банканд тушаасан өөрийн орлогоо банкнаас гадуур хүмүүстэй хувь хүмүүстэй тохирох шаардлага байхгүй гэж хэлсэн. Төрийн банканд 3 өдөр дараалан утсаар ярьж гомдол гаргасан, би мөн үүний дараа бичгээр 3 удаа өргөдөл гаргасан байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 127-128/,

Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2019 оны 05 дугаар сарын 27-ны орой гүйлгээ хаагаад кассаа тоолж байтал 2000000 төгрөг дутахаар нь тэр оройдоо камер шүүгээд олдоогүй. Тэгээд тэр оройдоо дутсан 2000000 төгрөгөө кассын дутагдалд бүртгэж хонуулсан. Тэгээд маргааш нь салбараас очсон тооцооны төв хариуцсан менежер Ч.Ч камерын бичлэг шүүж байгаад 2019 оны 5 дугаар сарын 27-ны 15 цаг 56 минутаас 16 цаг 06 минутын хооронд гүйлгээ хийгдсэн Б.Б /*******/ нь 8260000 төгрөг тоолуулан теллерт өгчихөөд банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримтад 10.260.000 төгрөг бичиж гүйлгээ хийгдсэн байсан талаар олж тогтоосон. Тэгээд Б.Б гэгчтэй 88272152 дугаарын утас руу нь залгаж тантай уулзмаар байна гэхэд Улаанбаатар хот руу явж байна гэж хэлсэн. Тэгээд таны хийсэн гүйлгээ буруу хийгдсэн байна гэтэл урдаас би буруу гүйлгээ хийгээгүй гэж хэлээд л утсаа тасалсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй. Надад мөнгө дүн хэлээгүй. Банк хоорондын мөнгө шилжүүлгийн баримтан дээр 10 260 000 төгрөг гэж бичсэн байсны дагуу би гүйлгээг хийсэн . Саяхан утас руу нь залгатал нөхөр нь гэх залуу утсыг нь аваад эхнэртэйгээ яриулахгүй байсан ба бид нарт чирэгдэл битгий учруулаад бай, та нар өөрсдөө л буруу гүйлгээ хийсэн биз дээ та нарыг хянаж шалгадаг газар байдаг юм бол тэрэнд чинь өргөдөл гаргаж өгнө гэж хэлээд эхнэр болох Б.Быг надтай утсаар яриулаагүй утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн х40, 42/,

Гэрч Ч.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ..2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгаас Баян-өндөр суманд зохион байгуулагдах ноолуурын төвлөрсөн худалдан авалтын үеэр очиж ажиллахаар очсон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нь ноолуурын худалдан авалт нь эхлээд хөл хөдөлгөөн ихтэй байсан ба орой гүйлгээгээ хаачхаад кассаа тулгаж үзэхэд 2000000 төгрөг дутчихлаа гэж хэлсэн ба 23 цаг 59 минутын гэхэд тухайн өдрийн касс тооцоо тайлангаа бүрэн хаасан байх ёстой байдаг учраас нөгөө дутсан мөнгөө журмынхаа дагуу кассын дутагдал гэсэн дансандаа бүртгүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би өөрөө камерын бичлэгийг шүүж үзээд бүтэн суусан ба 19 цагийн орчимд Б.Б гэгчийн сэжигтэй гүйлгээ хийсэн камерын бичлэгийг олоод тэр даруй дуудлага худалдаагаар явж Б.Б гэгчийг хайгаад олоогүй. Тэгээд түүний 88272152 гэсэн дугаарын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан удалгүй дахин залгатал Б.Б утсаа авахаар нь гүйлгээний талаар тайлбарлан хэлж өгөхөд урдаас шууд 10260000 төгрөгийн гүйлгээ хийсэн гээд уурлаад гар утсаа салгаад дахин утсаа аваагүй. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 29-нд орой буцаад аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 23/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 31-32/, эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол / хх-ийн 33-34/, төрийн банкны мемориалын баримт / хх-ийн 73-74/, төрийн банкны зарлагын баримт / хх-ийн 74-75/, төрийн төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримт / хх-ийн 76-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, депозит дансны хуулгууд /хх-ийн 56-59, 64-66/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, төрийн банкны зөрчлийн акт, илтгэх хуудас / хх-ийн 68-69/, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 92-94/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Төрийн банкны салбараар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үйчүүлэхэд нь банкны ахлах теллер ажилтай Т.Т нь Б.Баас 8.260.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч 502741**** дугаарын дансанд хийхдээ андуурч 2.000.000 төгрөгийг нэмж нийт 10 260 000 төгрөгийн гүйлгээ хийснээс илүү хийсэн 2.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж улмаас бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Тгийн..орой гүйлгээ хаагаад кассаа тоолж байтал 2000000 төгрөг дутахаар нь тэр оройдоо камер шүүгээд олдоогүй кассын дутагдалд бүртгэж хонуулсан,... тооцооны төв хариуцсан менежер Ч камерын бичлэг шүүж байгаад 2019 оны 5 дугаар сарын 27-ны 15 цаг 56 минутаас 16 цаг 06 минутын хооронд гүйлгээ хийгдсэн Б.Б /*******/ нь 8.260 000 төгрөг тоолуулан теллерт өгчихөөд банк хоорондын мөнгөн шилжүүлгийн баримтад 10.260.000 төгрөг бичиж гүйлгээ хийгдсэн байсан талаар олж тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн х40, 42/,

Гэрч Ч.Чгийн... орой гүйлгээгээ хаачхаад кассаа тулгаж үзэхэд 2000000 төгрөг дутчихлаа гэж хэлсэн ба дутсан мөнгөө журмынхаа дагуу кассын дутагдал гэсэн дансандаа бүртгүүлсэн,... би өөрөө камерын бичлэгийг шүүж үзээд бүтэн суусан ба 19 цагийн орчимд Б.Б гэгчийн сэжигтэй гүйлгээ хийсэн камерын бичлэгийг олоод тэр даруй дуудлага худалдаагаар явж Б гэгчийг хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 / камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, төрийн банкны депозит дансны хуулга, шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Быг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн № 783 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг Үндсэн хуулийн цэцэд холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэж дуустал түдгэлзүүлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 599 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 01 дугаар тогтоолд... Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь ...... Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дах хэсгийн .. шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал...г хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн,.... далдугаар зүйлийг 1 дэх хэсгийн ... Үндсэн хууль... бүрнээ нийцсэн байвал зохино...гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгосугай...гэж гэжээ.

Тухайн хэрэг учрал нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-д... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно... гэсэн заалтуудыг үндэслэл болгон шүүгдэгч Б.Б нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “ гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ” зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч Б.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид учруулсан 2000000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч Б.Баас 2000000 төгрөг гаргуулж, Төрийн банкны Баянхонгор аймаг дахь Баян-Өндөр сумын салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу замын зардалд 150000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн төрийн банкны нэхэмжлэлд байгууллагын тамга дарагдаагүй, зорчигчийн тийз, баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй , хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Баас 2.000.000 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Баянхонгор аймаг дахь Баян-Өндөр сумын салбарт олгосугай.

5. хохирогч байгууллагын төлөөлөгч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу замын зардлын 150000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй ,хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА