Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 57

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Бортонууд овогт Цэрэндоржийн Ханд /РД:МА64041805/-ын  нэхэмжлэлтэй “Улсад ажилласан байдал  тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ц.Ханд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 3 дугаар баг, Улаанбургас гэх газар оршин суух, малчин, ам бүл - хоёр, нэг хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Бортонууд овогт Цэрэндоржийн Ханд-  РД:/МА-64041805/ - аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие 1982 оны 07 дугаар сарын 15-наас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Саалийн механикжсан Фермд саальчнаар 2002 оны 07-р сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Энэ онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалаа өгөхөд хөдөлмөрийн дэвтэр 1982.07.15-1991.01.05-ны өдөр хүртэл хугацаа хөдөлмөрийн дэвтэрт баталгаажсан байна.

1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллах хугацаанд ажилд орсон гарсан тушаал цалин санхүүгийн материал олдохгүй байна. Иймд тухайн он жилүүдэд надтай хамт ажиллаж байсан ахмад саальчин Б.Наранцэцэг, Х.Цэндхорлоо, Ц.Дэлгэрмаа нараар ажилласан жилээ тодорхойлуулахаар хүсэлт гаргаж байна. Саалийн механикжсан фермд 1991 оноос Баянбулаг ХХК болон холбогдох баримт бичиг олдохгүй байна. Дээрх хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэж 1990-1995 онд ажилласан 5 жилийн хугацааг баталгаажуулж өгнө үү гэх

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Саалийн механикжсан фермд саальчнаар ажилд орсон. 1982 оны 10 дугаар сарын 23-нд саалийн механикжсан фермд саальчнаар томилогдон ажилласан. Сэлэнгэ аймгийн төв архиваар шүүлгэхэд ажилд орсон гарсан тушаалууд маань гарч ирээгүй. Иймд 1990-1995 он хүртэл ажилласан жилийн маань орсон гарсан тушаал байхгүй учраас шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв. 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гарасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Хандын шүүхэд гаргасан ...1990-1995 онд Алтанбулагийн сангийн аж ахуйн саалийн механикжсан ферм, мөн тус сумын “Баянбулаг” компанид саальчнаар ажиллаж байсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

            Учир нь: Ц.Ханд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаа үндэслэсэн  нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу өөрөөр хэлбэл; 1990 – 1995 онд Алтанбулагийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үнэн болохыг нотолсон бичгийн баримтаа гаргаагүй гэж үзнэ. Харин түүний шүүхэд гаргасан хэргийн 4- 16 дахь талд авагдсан тус сангийн аж ахуйн даргын 12 дугаар тушаал, архивын 433 тоот магадлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 3 хүний тодорхойлолт, мэдүүлэг зэрэг нь дээрх ажилласан байдлыг тогтооход чухал ач холбогдол бүхий, хангалттай баримт болж чадахгүйгээс гадна дан ганц 3 хүний тодорхойлолт / бусад бичгийн баримтгүй /-оор ажилласан хугацааг тогтоох боломжгүй юм.  Мөн хэрэгт авагдсан Алтанбулаг САА-н даргын 12 дугаар тушаал, хөдөлмөрийн болон нийгмйн даатгалын дэвтрийн хуулбарт тэмдэглэгдсэнээс үзэхэд ... Цэдэндоржийн Хандаа, Цэрэндоржийн Ханд гэх зэргээр овог, нэр нь хоорондоо зөрүүтэй бичигдсэнээс гадна 1991 оны 01 сарын 05-ны өдөр тус компанид  малчнаар авч ажиллуулах тухай  1995 оны 09 сарын 20-ны өдрийн 44 тоот нөхөн тушаал гарсан гэж тэмдэглэгдсэн боловч мөн энэ байдлыг давхар баталсан баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгий төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бортонууд овогт Цэрэндоржийн Хандын ...1990-1995 он хүртэл улсад ажилласан  / Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Сангийн аж ахуйн саалийн механикжсан ферм, Баянбулаг компанид саальчин / байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
  5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН