Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 131

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Давааням, Л.Аззаяа нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.819.905.45 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Давааням, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Аззаяа нар нь Төрийн банк ХХК-ний Сэлэнгэ салбар Сүхбаатар Вокзал тооцооны төвөөс 2014 оны 01-р сарын 03-ны өдрийн 2014/06 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014/06 дугаартай фидуцийн гэрээ, мөн 2014 оны 03 сарын 11-ний өдрийн 180 дугаартай “барьцаат зээлийн гэрээ” тус тус байгуулан нийт 11,421,000 төгрөгийн Гэрээтий цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэйгээр ирээдүйн цалингийн орлого болон хөдлөх хөрөнгө, эзэмших эрхтэй газар, суудлын авто машиныг барьцаалан авсан. Зээлдэгч Д.Давааням, Л.Аззаяа нар нь “Барьцаат зээлийн гэрээ” нд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй нийт 130 хоногоор хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгч Д.Давааням, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.аззаяа нарт зээлээ цаг хугацаанд нь төлөхийг сануулж “мэдэгдэх хуудас”-ыг удаа дараа хүргүүлж байсан. Гэтэл зээлдэгч Д.Давааням, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Аззаяа нар нь “Барьцаат зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.5-дах заалтуудыг ноцтой зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул үндсэн зээлийн төлбөр 4,146,463,50 төгрөг, зээлийн хүү 532,158,28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,995,67 төгрөг тэмдэгтийн хураамж 90,288 төгрөг, нотариатын төлбөр 21,000 төгрөг нийт 4,819,905,45 төгрөгийг барьцаа хөрөнгө, бусад хөрөнгө, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалингийн болон бусад орлогоос өр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 5 дугаар хэсэг, 161 тоотод оршин суух Боржигон овогт Даваажавын Давааням /РД:МЭ85032201/  нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй  Д.Давааням миний биед холбогдох 4.819.905.45 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг зээлийг 2017 оны 03 сараас эхлэн сар бүр 300.000 төгрөгөөр төлж эхлэх болно. Уг зээлийг Д.Давааням миний бие Улаанбаатар хот дахь “Эм Ти Жи” чихрийн үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд  сар бүр цалингаасаа төлж байх болно. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр, 1 дүгээр хэсэг, 052 тоотод оршин суух Шараад овогт Лхагвасүрэнгийн Аззаяа /РД:МЮ87031564/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй  Д.Давааням миний биед холбогдох 4.819.905.45 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг зээлийг 2017 оны 03 сараас эхлэн сар бүр 300.000 төгрөгөөр төлж эхлэх болно. Уг зээлийг нөхөр болох Д.Давааням нь Улаанбаатар хотод “Эм ТиЖи”ХК-д хөдөлмөр эрхэлж байгаа  бөгөөд сар бүр цалингаасаа төлж барагдуулах болно. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Давааням, Л.Аззаяа нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.819.905.45 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Давааням, Л.Аззаяа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90288 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45144 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх тал хувь болох 45144 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Д.Давааням, Л.Аззаяа нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 4.819.905.45 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90288 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45144 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх тал хувь болох 45144 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН