Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Х.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00226 дугаар шийдвэртэй

Х.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Засаг даргад холбогдох

өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 816 360 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 403 228 төгрөг, нийт 7 219 588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус баримтлан Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Оюун-Эрдэнийг чөлөөлж, Н.Гэрэлчулууныг ажилд түр томилсон нь үндэслэлгүй болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр тогтоосон. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 тоот хууль бус захирамжаас болж миний бие 2016.09.05-ны өдрөөс одоог хүртэл ажлаа хийж чадахгүй нэр төр, сэтгэл санаа, санхүүгийн хохирол дарамт амсаж байна. Иргэн Х.Оюун-Эрдэнэ намайг ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/102 тоот захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардал болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, 2016.09.05-ны өдрөөс хойших 5 сарын цалин 3 469 420 төгрөг, 4 сарын нийгмийн даатгалын шимтгэл 305 308 төгрөг, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл 97 920 төгрөг зэрэг санхүүгийн зардлууд гарч байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б\102 тоот Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлж Н.Гэрэлчулууныг ажилд түр томилох тухай үндэслэлгүй захирамжаас үүдэн гарсан 6 872 648 төгрөгийн хохирлыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд даатгуулагчаас төлөх шимтгэлийг 2016.10-2017.01 сар хүртэл нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Би сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 23 040 төгрөг төлсөн. Хэрэв би ажлаа хийж байсан бол миний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өөр байх байсан учир үүний зөрүү 53 287 төгрөгийг дэвтэртээ нөхөн бичүүлэх хүсэлттэй байна. Би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхдээ Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор олгогддог 10 хувийн нэмэгдэл болох 69 388 төгрөг, 5 сарын 346 940 төгрөг орхигдуулсныг нэмж нэхэмжилж, нийт 7 219 588 төгрөгийн гэм хорын хохирлыг Архангай аймгийн Засаг даргаас гаргуулах хүсэлттэй байна. Миний үндсэн цалин 693 888 төгрөг, 10 хувийн нэмэгдэлтэйгээ 760 272 төгрөг болдог. 5 сарын цалин 3 816 360 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа миний ажилгүй байсан хугацааг 01 сарын 12-ны өдөр хүртэл гэсэн байсан. Энэ хугацааг Гэрэлчулууныг ажилд томилсон өдөр буюу 2017.01.18-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцох байх гэж бодож байна. Гэрэлчулууныг ажилд томилсон тушаалын хувийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Ц.Мөнхнасан дарга надтай уулзаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй, шууд ажил хүлээлцэх процесс явагдсан. 2017.01.18-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээд намайг ажилд эгүүлэн томилсон боловч маргааш нь ажлаас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэсэн. Ийм нөхцөл байдал үүссэн учир би өмгөөлөгч авсан. Энэ үндэслэлгүй захирамжийнх нь улмаас би өнөөдөр ажилгүй байна. Хариуцагч тал намайг ажлын байраар хангахгүй нөхцөл байдал үүссэн учир миний амьдралд учирсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой байх. Үүнийг барагдуулах ёстой гэдгээ ч тушаал, шийдвэр гаргаж байх үедээ Ц.Мөнхнасан дарга урьд нь тодорхой хэмжээгээр албан тушаал хашиж байсан хүний хувьд ойлгож байсан байх. Миний нэхэмжилж байгаа 7 219 588 төгрөгийг бүрэн барагдуулж өгөхийг хүсч байна. Энэ бол Засаг даргын хууль бус үйлдлээс миний амьдралд учирсан бүх хохирол гэж үзэж байна. Би 13 жил багшаар ажиллачихаад өнөөдөр ямар ч ажилгүй, албан тушаалгүй болчихоод байна. Өнөөдрийг хүртэл намайг ажлын байраар хангахгүй байгаа.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Иргэн Х.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016.09.05-2017.01.12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг нарийвчлан тооцож нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. Харин өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хөлс төлж эрх зүйн туслалцаа авах нь тухайн хүний эрхийн асуудал юм. Нөгөө талаар өмгөөллийн үйлчилгээний хөлс тухайн маргааны байдалд тохироогүй хэт өндөр байна гэж үзэж байна. Х.Оюун-Эрдэнэ ур чадварын нэмэгдэл 346 940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын дагуу авах ёстой нэмэгдэл гэж нэмж нэхэмжилж байгаа энэ шаардлагын талаар цалин нэхэмжилсэн үндсэн нэхэмжлэлтэй адилхан тайлбар гаргаж байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00226 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас нийт 3 914 280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 77 578 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувдын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00226 дугаартай шийдвэрийн “Нэхэмжлэгч өмгөөлөгч авах эсэх нь өөрт нь нээлттэй, өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоо байхгүй гэж үзэн өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна. Засаг даргын хууль зөрчиж гаргасан захирамжаас болж иргэн Х.Оюун-Эрдэнэ өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах шаардлага үүссэн тул Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирч буй шууд хохирол гэж үзэж болно. Хэрэв Засаг дарга хууль зөрчсөн захирамж гаргаж иргэн Х.Оюун-Эрдэнийг хохироогоогүй бол өмгөөлөгч авч хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах шаардлага үүсэхгүй байсан. Иргэн Х.Оюун-Эрдэнийг үндэслэлгүй ажлаас халсан захиргааны акт гаргасан нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй...” гэж тус тус зааснаас үзвэл Х.Оюун-Эрдэнийг хууль бусаар ажлаас халахаас өмнө өмгөөлөгч авах шаардлага үүсээгүй байсан ба хууль бус захирамж гарган Х.Оюун-Эрдэнийг ажлаас чөлөөлсөнөөр өмгөөлөгч авч хөлс төлөн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хууль зүйн туслалцаа авч байгаа юм. Эрх нь зөрчигдөхөөс өмнө өмгөөлөгчид хөлс төлж эрх зүйн туслалцаа авах шаардлага үүсээгүй байсан. Шат шатны шүүхүүд өмгөөллийн үйлчилгээний хөлсийг гэм хорын хохиролд тооцон хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсээр ирсэн. Жишээ дурьдахад иргэн Х.Оюун-Эрдэний нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар өмнө нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаартай шийдвэрээр тус аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын үйлдлээс учирсан хохирол гэж үзэн өмгөөллийн үйлчилгээний хөлс 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 тоот магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Шүүх ийнхүү нэг төрлийн маргааныг өөр өөрөөр шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00226 дугаартай шийдвэрийн “нэхэмжлэгч өмгөөлөгч авах эсэх нь өөрт нь нээлттэй, өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоо байхгүй гэж үзэн өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсантай холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3 816 360 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 403 228 төгрөг, нийт 7 219 588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрч, өмгөөллийн үйлчилгээний хөлс төлөхийг эс зөвшөөрч, өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хөлс төлж эрх зүйн туслалцаа авах нь тухайн хүний эрхийн асуудал, мөн нөгөө талаар өмгөөллийн үйлчилгээний хөлс тухайн маргааны байдалд тохироогүй хэт өндөр байна гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн б/46 дугаар захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургуульд захирлын ажилд түр томилогдож, тус аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн б/102 дугаар захирамжаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй. /хх 7-8, 55/

 

Архангай аймгийн Засаг даргын дээрх захирамжийг тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, Х.Оюун-Эрдэнийг урьд эрхэлж байсан тус аймгийн Эрдэнэбулган сумын II сургуулийн захирлын ажилд нь эгүүлэн тогтоожээ. Иймд ажил олгогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-24, 53, 94/

 

Харин нэхэмжлэгч өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн нь хариуцагчийн хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан шууд хохирол биш гэж дүгнэн Х.Оюун-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 129/ШШ2017/00226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 62 950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ДАВААСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                              Д.БЯМБАСҮРЭН