Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 669

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Т.Жаргалсайхан,

          шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.Ганбат, Э.Шинэзориг,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.Ганбат, Э.Шинэзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Б т холбогдох эрүүгийн 2014 26000 6228 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Б.Б, 1969 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, .... дугаар байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../,

 

Б.Б  нь 2014 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “......” хотхоны ...... тоотод, өөрийн гэртээ иргэн Б.О-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй маргалдан, улмаар түүний биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулсанаас талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож, амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 46 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Миний хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа болон, шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчтой хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, маргалдах ямар ч шалтгаан байхгүй, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, ах, дүүгийн харилцаатай, түүнчлэн амь хохирогч Б.О-ыг зодож, цохиогүй, амь насыг нь хохироосон хууль бус үйлдэл хийгээгүй, хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй талаараа удаа дараа тогтвортой мэдүүлж ирсэн.

Хэрэгт анхан  шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг гаргаж уг тогтоолд “... гэмт хэрэгт хэргийн талаар нотолбол зохих зарим асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байна, гэмт хэргийг хэдийд, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоогоогүй, гэм буруугийн хэлбэр, хувийн сэдэлт зэргийг тогтоох ...” талаар дурдсан.

Түүнчлэн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор мөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг гаргаж уг тогтоолд “106 дугаар тогтоолыг биелүүлээгүй байна, прокурорын   яллах дүгнэлтэд дурдсан хувийн таарамжгүй харьцаа буюу шүүгдэгч, хохирогчийн хоорондын харилцааны шинж чанар, эр, эмийн харьцаа, өр авлага, хардлага, өс хонзон зэргээр маргалдах шалтгаан байсан эсэхийг тогтоох, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчийн амь насыг бусниулсан зорилго, гэмт санааны хандлага, объектив болон субъектив талыг зөв тогтоох” талаар дурдсан. Гэвч мөрдөгч, прокурор нь дээрх шүүхийн тогтоолуудыг биелүүлээгүйгээс гадна миний мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан хүсэлтүүд болох “хохирогчийн төлөөлөгч Б.Оюунтөгс нь мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтдээ “гэмт хэрэг болсон газар сэжигтнээс гадна гуравдагч этгээд нэвтрэн орсон сэжиг байгаа, хохирогчийн зүүж явсан нэг ээмэг байхгүй байгаа тул зохих ажиллагаа явуулж өгөх” гэсэн тухайн асуудлыг анхааралдаа авалгүй, шалгалгүй орхигдуулсан, орцонд хүн байсан эсэх, орцноос хүн гарсан эсэх, хохирогчтой хамгийн сүүлд ямар хүн холбогдсон эсэх, эр эмийн харилцаатай хүн байсан эсэх, өс хонзон, өр авлагатай хүн байсан эсэхийг тодруулах”, "яллагдагч Б.Б ын гаргасан хүсэлт болох цагдаагийн албан хаагч нь тухайн хотхоны камерийн бичлэгт бичигдсэн хоёр хүнийг хэрэгт хамааралгүй гэж үзэж гэрчээр асуугаагүй байх тул эдгээр хүмүүсийг гэрчээр асуух, нөхцөл байдлыг тогтоох, тодруулах, хохирогчийн өмгөөлөгчөөс Н.... хотхоны тухайн үеийн гадна талын хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар гарган өгсөн байх боловч, эргэлзээтэй байх тул хяналтын камерийн бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан хэрэгт хавсаргах талаарх хүсэлтүүдийг гаргаж байсан боловч миний болон өмгөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтүүдийн дагуу ямар ч ажиллагаа хийгдээгүй, анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Түүнчлэн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 821/5058 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Н.... хотхонд 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 21 цагаас 9-ний өдрийн 9 цаг хүртэлх хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан өгч манай ажилд тусална уу” гэж, “ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн цагдаа Я.Билэгдэмбэрэл би тоотоор Н.... хотхоны хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авсан болно”, өмгөөлөгч Б.Батжаргал гэдэг хүн “2014.12.07-12-ныг хүртэлх Н.... хотхоны хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан гаргаж өгнө үү”, “миний бие Пагва овогтой Амар 2014.12.11-нд Н.... хотхонд болсон хүн амины хэрэгт холбогдуулж 2014.12.08-12-ныг хүртлэх камерийн бичлэгийг хуулж авсан болно” гэсэн баримтууд авагдсан байдаг боловч өмгөөлөгч Б.Батжаргал гэдэг хүн нь хэргийн оролцогч биш, П.Амар гэдэг хүн нь хохирогчтой ямар харилцаа холбоотой, ямар зорилгоор тухайн үеийн хяналтын камерийн бичлэгийг хуулбарлаж авсан, уг бичлэг нь одоо хаана, хэнд байгаа нь тодорхой бус байгаа юм.

Гэтэл хэргийн материалд нэг ширхэг сидиг эд мөрийн баримтаар авагдсан бөгөөд улмаар уг хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд “тус орон сууц руу П.Дөлгөөн, Б.Б , талийгаач нар орж байгаа үеийн гаднах хяналтын камер 16-г шүүж үзлэгийг хийв.  “...3 хүн машинаас бууж орц руу оров...” гэсэн нөхцөл байдал тусгагдсан байдаг. Дээрх баримтуудаас үзэхэд хэрэгт эд мөрийн баримтаар нэг биш гурван ширхэг сиди байхаар байгаа юм.

Миний хувьд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй тогтоолгох үүднээс өмгөөлөгчөөрөө дамжуулан дээрх байдлаар зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтүүдийг удаа дараа амаар болон бичгээр гаргаж байсан боловч хүсэлтүүдийг хангаагүй, шалгаж тогтоогоогүй, хуульд заасан зохих ажиллагааг явуулаагүй атлаа тухайн үед амь хохирогчтой хамт байсан гэдгээр нь намайг яллаж, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон олон удаагийн шинжээч нарын дүгнэлтээр Б.О- нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас барсан гэдгийг тогтоосоор байтал, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн, дүгнэсэн прокурор болон анхан шатны шүүхэд маш их гомдолтой байна. Иймд дээрх асуудлуудыг анхааралдаа авч, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь тал бүрээс нь хянан үзэж, Үндсэн Хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиж, хэргийг шударгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б  намайг цагаатгаж өгнө үү ... гэв.

           

Шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Э.Ганбат, Э.Шинэзориг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгч Б.Б ын хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчин, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд бид хүний амь нас хохирсон явдалд харамсаж байгаа боловч нөгөө талдаа шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул хуульч бид энэхүү хэргийг шийдвэрлэхдээ нухацтай, хуулийг чанд сахиж, тал бүрээс нь асуудалд бодитойгоор хандах нь зүйн хэрэг гэж үзэж байна. Түүнээс гадна гэмт хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хангалттай нотолсны үндсэн дээр хүний эрхийг хязгаарлах буюу түүнд ял халдаах эрүүгийн эрх зүйн зарчмыг баримтлах ёстой билээ.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Б  нь 2014 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Н.... хотхоны 21-08 тоотод байрлах гэртээ иргэн эмэгтэй Б.О-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам хамраас нь цус гарсан гэмтлүүдийг авч талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож санаатайгаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн” гэсэн таамагласан буюу үндэслэлгүй дүгнэлтийг хийж, дээр дурдсан нөхцөл байдлууд нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго,гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг эргэлзээгүй тогтоож чадаагүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, яллах талын нотлох баримтууд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар дараах байдлаар үгүйсгэгддэг. Тухайлбал,

1. “Хувийн таарамжгүй харьцааны улмаас” гэсэн дүгнэлтийн хувьд. Б.Б  болон амь хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлоогүй бөгөөд хавтаст хэрэгт тухайн үйл баримтыг нотлох нэг ч нотлох баримт авагдаагүй.

Харин ч амь хохирогч болон Б.Б  нар нь ах дүүгийн сайн харилцаатай байсан, маргалдаж мууцалдах ямар ч шалтгаан байгаагүй, маргаан болоогүй, өр авлага, өс хонзон байхгүй гэдэг нь Б.Б ын мэдүүлэг, гэрч П.Дөлгөөн, хохирогч Б.Оюунтөгс, гэрч Б.Санчирмаа болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

2. “маргалдаж” гэсэн дүгнэлтийн хувьд. Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлэгдсэн нотлох баримт болох гэрч Ц.Энхмаагийн “22 цагийн орчим болов уу” гэх мэдүүлэг,

гэрч Г.Хонгорзулын “22-23 цагийн үед” гэх мэдүүлэг зэрэг өөрсдийн хоёр хүний маргаан сонссон гэх цаг хугацааг “23 цагаас хойш байх” , “орой 23 цагийн үед байх” гэж дур мэдэн санаатайгаар өөрчилж шүүхэд шилжүүлснийг шүүх анхаарч үзээгүй байна.

Дээрх 2 гэрчийн мэдүүлэг болон гэрч Ц.Санчирмаагийн “23 цаг өнгөрч байхад Дөлгөөн гэрт орж ирсэн” гэсэн мэдүүлгүүд нь хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Дөлгөөн 99251494 гэж хадгалсан дугаараас 2014.12.08-ны 22 цаг 53 минутад “үүдэнд зогсож байгаа шүү” гэсэн мессеж ирсэн байв”, “гадагш залгасан дугаар байна. Үүнд гэчихээд “2014.12.08-ны 23 цаг 11 минутад Дөлгөөн 99251494”, гэрч П.Дөлгөөний “би 23 цагийн үед буцаж ороход, ...намайг орсноос хойш ресторан нь хаах гэж байна гээд... гэрийн гадаа ирсэн гэрт нь ирэхэд 00 цаг өнгөрч байсан болов уу” гэх мэдүүлэг, гэрч У.Нармандахын “хохирогчийн ар гэрийнхэн 00.47 цагаас өглөөний 9 цаг хүртэлх бичлэгийг шүүгээд флаш дискэн дээр хуулбарлан бичиж авсан... би СӨХ-ны дарга Даваацэрэнгийн Н.... хотхоны 21А байрны 3 давхрын 7 тоотод засвар хийгээд амьдарч үзсэн, тэгэхэд 5 давхрын 16 тоотод хэсэг архи уудаг залуучууд түрээсээр амьдардаг байсан. Тэд нар архи уучихаад хоорондоо зодолдоод байгаа юм уу, эсвэл тоглоод байгаа юм уу пижигнэсэн чимээ сонсогддог байсан. Тэгэхээр нь гараад хажуу айл болох дээд айл руу орохоор биш тэрний дээд талын тэр хэсэг залуучуудаас чимээ гардаг байсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг бөгөөд гэрч Ц.Энхмаа, Г.Хонгорзул, Ц.Санчирмаа нарын мэдүүлэгт дурдсан цаг хугацаанд буюу 2014.12.08-ны шөнийн 22.00-24.00 цагт Б.Б ын гэрт нэг ч хүн байхгүй байсан гэдэг нь энэ цаг хугацаанд гэрч П.Дөлгөөн, шүүгдэгч Б.Б , амь хохирогч нар нь Чингис пабд сууж байсан ба гэртээ ирээгүй байсан гэдэг нь тогтоогдож байгааг шүүх анхаарч үзээгүй.

З. “түүнийг зодож биед нь зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхний орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг авч” гэсэн дүгнэлтийн хувьд.

Анхан шатны шүүх ШШҮХ-гийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 330 тоот дүгнэлтэд тусгагдсан шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан дүгнэлт, ШШҮХ-гийн шинжээчийн 2015.06.23-ны өдрийн 731 тоот дүгнэлтэд тусгагдсан ЭМЯ-ны ЭСМ-ийн салбар зөвлөлийн гишүүн Г.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа нарын давтан шинжилгээний дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн 2 тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2016.12.26-ны өдрийн Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд ... Нас барах үед талийгаачийн биед учирсан гэмтлийг харгалзан үзэхгүйгээр талийгаачийг зөвхөн архины цочмог хордлогод орж нас барсан гэж үзэх боломжгүй болно, шүүгдэгч Б.Б  нь 2014 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь гэрч, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэрэг хавтаст хэрэгт авдагсан нотлох баримтаар нотлогдсон, тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

а. Гэтэл яллах үндэслэл болгосон шинжээчийн дээрх дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгддэг бөгөөд дор дурдсан олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг архины цочмог хордлогын улмаас нас барсан гэдгийг тогтоож, харин хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож нас бараагүй байна гэдгийг тогтоосон байдаг. Тодруулбал,

1. ШШҮХ-ийн шинжээч Б.Ганзоригийн 2015.01.02-ны өдрийн 2275 тоот дүгнэлт “талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ”,

2. ШШҮХ-ийн шинжээч С.Одончимэг, А.Амгаланболд, Н.Батзаяа нарын 2015.04.07-ны өдрийн 330 тоот дүгнэлт “шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2275 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, хавирганы хугарал гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба үхэлд нөлөөгүй байна”,

3. ЭМСЯ-ны Эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн анагаахын мэргэжлийн зөвлөлийн гишүүн Л.Ганболдын 2015.05.12-ны өдрийн а/03 тоот дүгнэлт “шинжээч эмч С.Одончимэгийн 5-р дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тухайлбал шокийн шинж илрээгүй байхад зүрх гэмтлийн улмаас зогссон гэх үндэслэлгүй юм. хохирогч Б.О- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд цусанд агуулах хэмжээ нь 2.1% гарсан байна. Энэ хэмжээ нь зүрхний өөхжилттэй хүнд хүчтэй хордлого үүсгэж зүрх зогсоох шалтгаан болох үндэстэй”,

4. ШШҮХ-ийн шинжээч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Энхцолмон нарын 2015.06.23-ны өдрийн 731 тоот дүгнэлт “Б.О- нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас баржээ”,

5. ЭМСЯ-ны мэс заслын салбар зөвлөлийн гишүүн Ц.Ишдоржийн 2015.01.15-ны өдрийн дүгнэлт “эмэгтэй хүний цусанд агуулагдах архины хэмжээ 2.0-с дээш бол үхэлд хүргэх эрсдэл өндөр гэсэн доктор Д.Ганболдын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна, хавтаст хэргийн материал болон шинжээчдийн дүгнэлтүүдтэй танилцаж үзэхэд хохирогч Б.О- нь шоконд орж нас барсан гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна тогтоох ч боломжгүй гэж үзэж байна”,

6. ЭМСЯ-ны гэмтлийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн М.Болдбаатарын 2016.03.16-ны өдрийн дүгнэлт “хохирогчид учирсан гэмтлүүд нь хохирогчийг шууд үхэлд хүргэх шалтгаанд орохгүй, хохирогчийн нас барсан шалтгааныг этилийн спиртийн цочмог хордлого гэж үзэх магадлалтай байна. Хохирогчийг шоконд орж нас барсан гэж үзэх үндэслэл үгүй”,

7. Хордлогын яаралтай тусламжийн төвийн захирал Ш.Гүрбазарын 2016.03.22-ны өдрийн А/9 тоот дүгнэлт “эмэгтэй хүний цусанд агуулагдах архины хэмжээ 2.0-с дээш бол үхэлд хүргэх эрсдэл өндөр байдаг, ...АУ-ны доктор Д.Ганболдын дүгнэлттэй таарч байна”,

8. ШШҮХ-ийн шинжээч С.Чулуунсүх, Б.Ундармаа, Л.Амгалан, М.Болдбаатар нарын 2016.05.20-ны өдрийн 552 тоот эмнэлгийн магадлагаа явуулсан акт “шинжээч Б.Ганзоригийн 2015.01.02-ны өдрийн 2275 тоот дүгнэлт, Л.Амгаланболд, Б.Батзаяа нарын 2015.04.07-ны өдрийн 330 тоот дүгнэлт, ...731 тоот бүрэлдэхүүн шинжээч нарын дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Шинжээч эмч С.Одончимэгийн дангаараа гаргасан дүгнэлт, АУ-ны доктор Н.Галцог, эмгэг судлаач эмч Б.Оюун-Эрдэнэ, доктор Б.Адилзаяа нарын гаргасан дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Хохирогчийн биед учирсан гэх гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй болно, талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас баржээ”,

9. ШШҮХ-ийн шинжээч Д.Чулуунбаатар, Т.Амартүвшин, Г.Энхбаатар, Ж.Ганцэнгэл, Д.Долгормаа, Ч.Эрдэмболор, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2017.07.06-ны өдрийн 821 тоот дүгнэлт “Комиссийн шинжээч бид дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. ...2275 тоот дүгнэлт, ...731 тоот дүгнэлтийн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Энхцолмон, Л.Ганболд нарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй, харин Л.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй, 552 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач нь архины цочмог хордлогод орж нас барсан ба цогцосны гадна үзлэгээр задлан шинжилгээгээр, эд эсийн шинжилгээгээр, шүүх химийн шинжилгээгээр илэрч байна. Талийгаач нь зүрх өөхжилт, тэжээл алдагдал өөрчлөлттэй, спиртийн дунд зэргийн согтолттой үедээ дээрх гэмтлийг нэг цаг хугацаанд авч, хоолой цээжний тус газарт хүч үйлчилснээс, цохилт доргилтын үед зүрх судасны төв хэт цочирсоноос зүрх зогсож нас бараагүй байна” гэдгийг эцсийн байдлаар тогтоосон.

Б. Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд тухайн үзлэгийг хийсэн бүрэлдэхүүнд ахлагч Г.Батцэнгэл шинжээчээр орсон байх ба уг үзлэг хийсэн тэмдэглэлд “Цогцсыг дээшээ эргүүлэхэд цогцосны нүүрэн хэсэгт улаан хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байдалтай, шарх сорвигүй байв, оролцогч нарт тэмдэглэлийг танилцуулахад санал хүсэлт гаргаагүй. Үзлэгийг 09 цаг 00 минутад дуусгав” гээд оролцогчид гарын үсэг зурсан байна.

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд үзлэгийг ШШҮХ-гийн Моргийн газарт 09.25-10.00 цагт хийсэн байх ба тухайн үзлэг хийсэн бүрэлдэхүүнд шинжээч, ахлагч Г.Батцэнгэл, шинжээч эмч Б.Ганзориг нар орсон байх бөгөөд уг тэмдэглэлд “Биеийн гадаргуугийн бусад ил харагдах хэсгүүдэд өөр гэмтэл, шарх, сорвигүй байв гэсэн байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “цогцост шинжилгээ хийх журам”-ын 3.2-т Цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөлтийг тодорхойлж, тэмдэглэлд тусгах нөхцөл байдлыг тодорхой заасан байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал нь цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаагүй байгаагаас үзэхэд эдгээр гэмтэл нь дараа нь буюу цогцсыг зөөх, тээвэрлэх явцад учирсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.

В. Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд тухайн гэрийн бүх зүйл эмх цэгцтэй байдаг ба зодолдсон, тэмцэлдсэн шинж тэмдэг байдаггүй бөгөөд Б.Б ын биед үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд түүний биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх, сорви илрээгүй байдаг. Түүнчлэн хавтаст хэрэгт талийгаачийг зодсон гэх ямар нэгэн баримт байхгүй байгаа нь анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлтийг хийснийг харуулж байна.

4. Энэхүү хэрэг шүүхэд удаа дараа хянагдаж байх явцад буюу дээрх тогтоол гарахаас өмнө анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй байна гэж үзэж тухайн нөхцөл байдал, гэмт хэргийг хэдийд, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байна, гэрч П.Дөлгөөнөөс “шүүгдэгч Б.Б ын гэрээс шөнийн 00 цаг өнгөрч байхад ороод 10-20 минут болсны дараа, ...гарч явсан талаар мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлжээ, гэрч П.Дөлгөөний “Б.Б  ах гайгүй байсан, Б.О- эгч нэлээн согтуу байсан, Б.Б  ах, Б.О- эгч хоёр хоорондоо маргалдах шалтгаан байхгүй”, мөн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хувийн таарамжгүй харьцаанаас хүний амь нас хохироосон хэрэг гарсан гэх шалтгаан нөхцөлийг асууж тодруулан хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч, ШШҮХ-ийн дүгнэлт зэргээр нотлогдож буй эсэхэд тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр харьцуулсан үнэлэлт, дүгнэгт хийж гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хувийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, хувийн таарамжгүй харьцаа буюу шүүгдэгч, хохирогчийн хоорондын харилцааны шинж чанар, эр эмийн харьцаа, өр авлага, өс хонзон зэргээр маргалдах шалтгаан байсан эсэхийг тогтоох зэргийг харгалзан үзэж 2016.10.28-ны өдрийн 106 дугаар тогтоол болон 2017.04.27-ны өдрийн 68 дугаар тогтоолуудыг гарган хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцаасан.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад уг тогтоолууд бүрэн биелэгдээгүй бөгөөд зөвхөн 2017.07.06-ны өдрийн 821 тоот шинжээчийн дүгнэлт, СӨХ-ны ажилтнуудын мэдүүлэг, Б.Б ын биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг цуглуулан бэхжүүлсэн байдаг ба өөр ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байдаг.

Ийнхүү дээр дурдсан шүүхийн тогтоолууд бүрэн биелэгдээгүй бөгөөд хэргийн бодит байдал бүрэн нотлогдоогүй, тогтоогдоогүй байтал өмнө нь хянагдаж байсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх гаргасан шийдвэрээ үгүйсгэж, шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт буюу дээр дурдсан нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа огт дурдаагүй байгаа нь анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэснийг харуулж байна. Түүнчлэн анхан шатны шүүх ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын заалтыг анхаарч үзэлгүй хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”,  2.1 “гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”, 2.3 “өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлтийг өгч мөрдөн байцаалтын явцад гарсан зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүд, тухайлбал хүчтэй цохилт, доргилтын үед талийгаачийг зүрх гэнэт зогссоны улмаас нас барсан гэсэн дүгнэлт, гэрч Ц.Энхмаа, Г.Хонгорзул 22-23 цагийн үед байх гэж цаг хугацааны хувьд мэдүүлснийг прокурор яллах дүгнэлтдээ 23 цагийн үед, 23-24 цагийн үед гэж хэрэгт авагдсан нотлох баримтын цаг хугацааг өөрчилж бичсэн байдаг бөгөөд үүнийг шүүх анхаарч үзээгүй, Б.Санчирмаа нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар болон хэргийн нөхцөл байдлыг тогтоосон цаг хугацааг тодорхойлсон ач холбогдол бүхий нотлох баримт, хэргийн бодит байдал болон нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй байгаа талаар болон шүүгдэгч Б.Б ыг гэм буруугүйд тооцох зарчмын дагуу цагаатгах байр суурийг тодорхой, ойлгомжтой дүгнэж, өөрийн саналыг гаргасан.

Гэтэл уг шүүхийн тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн цагаатгах талын санал, түүнд дурдагдсан нотлох баримтыг хэрхэн няцаасан, үгүйсгэсэн талаар огт тусгаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

Дээр дурдсанчлан Б.Б  нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай, эргэлзээгүй нотлогдохгүй, тогтоогдохгүй байгаа тул ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.21-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Б.Б т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, таамагласан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй тогтоож чадаагүйгээс гадна яллах талын нотлох баримт нь бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг. Энэ хэрэг урьд мөрдөн байцаалтад буцахдаа гэмт хэргийг хэдийд, яаж, ямар аргаар үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр нь юу вэ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь юу байсан бэ гэдэг асуудлыг тодруул гэж буцаасан. Амь хохирогч, шүүгдэгч хоёрын хооронд эр эмийн харилцаа байсан эсэх, хувийн таарамжгүй харилцаа байсан эсэх талаар харилцааны шинж чанарыг тогтоох шаардлагатай гээд буцааж байсан боловч тогтоолд заасан ажиллагаа хийгдээгүй, тогтоол нь бүрэн биелэгдээгүй байдаг. Иймд Б.Б  нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдохгүй, тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд гэм буруутай үйлдэл, үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг тогтоосон байх ёстой. Энэ хэрэгт нийт 9 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. 9 удаагийн дүгнэлтийн 8 удаагийн шинжээчийн дүгнэлт нь үхлийн шалтгааныг тогтоохдоо хохирогчийг этилийн спиртийн хордлогоор нас барсан гэж тогтоосон. Биед учирсан гэмтлийн хувьд хүндэвтэр гэмтэл гэж тогтоосон. Гэтэл шүүх энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад дахин дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдсэн. Шийтгэх тогтоолд үхлийн шалтгааны талаар таамаглалд үндэслэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрвээ мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг шүүхэд шилжүүлбэл шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлээгүй байвал шууд хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт байгаа. Энэ үүднээс Б.Б ын бусдыг санаатай алсан гэх шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй, таамаглалд үндэслэсэн. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлж байна. Өнөөдрийг хүртэл маш их гомдолтой байгаа талаар дахин дахин хэлмээр байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нь гэм буруугаа огт хүлээдэггүй учраас хохирогч тал маш их гомдолтой байдаг. Хамгийн гол нь шүүгдэгч Б.Б  “өглөө сэрээд харсан чинь талийгаач Оюунсүрэн доошоо хараад хэвтэж байсан. Хажууд нь аяга хагарсан байсан. Тэр хагарсан аягыг түүж авсан. Дараа нь амь хохирогчийн нүүрэн доор байсан цустай алчуурыг угаасан. Үүний дараа амь хохирогчийг үзэхэд нас барсан байсан” гэж мэдүүлсэн. Тэгвэл бодит байдал дээр шүүгдэгч яагаад шилэн аягыг түүгээд байна вэ. Яагаад цустай алчуурыг нь угаагаад байна вэ. Хэрвээ шүүгдэгч гэр бүлийн хүмүүс нь хэвтэж байсан бол анхан шатны тусламж үзүүлэх байсан. Гэтэл эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Энэ утгаар шүүгдэгч хэргийн газар байсан эд мөрийн баримтыг устгаж эхэлсэн. Хагарсан шилэн аягыг түүж хогийн саванд хаяад, цустай алчуур угааж байхад шүүгдэгчийн толгойд Б.О- нас барсан байна гэдэг ойлголт бий болсон байсан. Б.Б ын мэдүүлгээр түүний гэм буруугийн байдал тогтоогддог. Садан төрлийн хүмүүс гэж яриад байна. Онолын хувьд гэм буруутай этгээд хохирол төлдөг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээд гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө гэмшсэн байдлаар хохирлыг төлдөг. Гэтэл садан төрлийн хүмүүс тусламж гэдэг байдлаар биш хохирол гэдэг байдлаар өгсөн. Тэгэхээр шүүгдэгч Б.Б ын мэдүүлгээр гэм буруутай эсэхээ хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байна гэв.

 

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...4 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шинжээчийн дүгнэлт гарахдаа өөр өөр байдлаар гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ шинжээч нар 2 асуудал дээр тогтвортой байдаг. Дээрх учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн. Энэ талаар маргадаггүй. Хохирогч нас бараад 4-6 цагийн хугацаа өнгөрсөн байна гэсэн дүгнэлтэд шинжээч нар ямар нэгэн байдлаар зөрүүтэй дүгнэлт гаргаагүй. Тийм учраас амь хохирогчийн Б.Б ын гэрт очсон цаг хугацаа. Өглөө 07 цагт Б.Б ыг босоход амь хохирогч үүдний хэсэгт хэвтэж байсан гэх цаг хугацаа, гэрчүүдийн мэдүүлсэн цаг хугацаа, амь хохирогчийн нас барсан цаг хугацааны давхцлуудаар хэрэг хангалттай байдлаар тогтоогдсон байна. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн бодит байдалд тулгуурлаж нотлох баримтаар шинжээчийн дүгнэлтийг тооцох үндэслэлтэй. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2014 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Н....” хотхоны 21-8 тоот өөрийн гэртээ иргэн Б.О-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй маргалдан, улмаар түүний зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхний орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулж, биед нь хүчтэй цохилт, доргилт үүсгэн зүрхийг нь зогсоож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтөгсийн /1 хх 87-89, 90, 91, 3 хх 63-64/, гэрч Ц.Энхтайваны /1 хх 92/, П.Дөлгөөний /1 хх 93-94, 239-240/, Х.Дөлгөөний /1 хх 95/, Б.Санчирмаагийн /1 хх 97/, Ц.Энхмаагийн /1 хх-98-99, 2 хх 167-168/, Г.Хонгорзулын /1 хх 100, 2 хх 165-166/, П.Н....хүүгийн /2 хх 169/, шинжээч эмч С.Одончимэгийн /2 хх 60- 61/ тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн нэг, баруун хоёрдугаар хавирганы хугарал, хальс булчинд цус хуралт, төвөнх, цээжний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зулайн дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салстын язрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх гэмтлүүд үхэлд нөлөөлөхгүй, үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, цусанд 2.1 хувь этилийн спирт, дунд зэргийн согтолттой, этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан, 2014 оны 12 дугаар сарын 9-ний 09 цагийн үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон, талийгаачийн анус болон үтрээний арчдас наалдац дээр үрийн шингэн илрээгүй” гэсэн 2275 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-23-25, 26-27/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “2275 тоот дүгнэлтийн үхлийн шалтгаан тогтоосон онош үндэслэл муутай байна. Цусанд 2.1 хувь спиртийн тун нь дунд зэргийн согтолтын зэргийг илэрхийлэх бөгөөд эд эрхтэнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд архины хордлогод эд эрхтэнүүд хордсон шинж илрэхгүй байна. Тухайн үед хийгдсэн задлан шинжилгээ болон шарил дахин шинжилгээгээр талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2-р хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурсан зэргээс үзэхэд тухайн хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэн бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн шинжтэй байна. Талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд гэнэт зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна. Хоолой, цээжний тус газарт хүч үйлчилснээс зүрх гэнэт зогсоох шалтгаан болж болно. Талийгаачийн зулай, дагзны хуйхан доорх цус хуралт байгаа боловч гавал тархинд голомтлог гэмтэл байхгүй байна. Дээрх хуйхан доорх цус хуралт, дээд уруулын цус хуралт, доод уруулын язарсан шарх, цус хуралт, хаван зэрэг гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд хүч үйлчилсэн шинж тэмдэг болно. Талийгаачийн биед олон тооны ил гэмтлүүд байгаа боловч шокийн шинж илрээгүй болно. Тухайн үеийн фото зургаар нүүр цусаар бохирлогдсон байх бөгөөд хамар, амнаас гарсан байж болно. Талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журам 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэл болно. Биеийн ил хэсгийн цус хуралт, уруулын шарх, цус хуралт, цээж, хоолой орчмын цус хуралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно” гэсэн 330 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 144-148, 149/,

 

шүүхийн шинжилгээний үндэснийн хүрээлэнгийн “2275 дугаар дүгнэлтийн 8-р дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээч эмч С.Одончимэг дангаар гаргасан дүгнэлтийн 9-р дурдсан “хүчтэй цохилт доргилтын үед зүрх гэнэт зогсож нас баржээ” гэжээ. Энэ нь цохилтын эсрэг үйлчлэлийн хүчээр зүрх судасны төв хэт цочирсноос зүрх гэнэт зогссон гэдэг нь үндэслэлтэй байна,

хохирогч Б.О-ын биед дух, зулай урд хэсэг толгойн хуйхны дотор талд 11.5х8.5 см талбай, дагзны зүүн хэсэгт 6,5х3см, цээжний баруун урд дээд хэсэгт 25х20 см талбай, цээжний баруун дээд хэсэг эгмийн дунд шугамаар 1-3-р хавирга орчим 8.7 см талбайд, баруун дээд 4-6-р хавирга орчим, төвөнхийн зүүн хэсэгт 1.2х1 см талбай бүхий дурдсан газруудад тус тус 52.9х14.5 см талбайд цус хуралт үүсжээ. Үүнээс дух зулайн урд талбайд 11.5х8.5 см, дагзны зүүн хэсэгт 6.5х3 см, цээжний баруун урд дээд хэсэгт 25х20 см цус хуралтууд нь илүү том бөгөөд ноцтой цус хуралт байна,

зүүн 1, баруун 2-р хавирга тус тус хугарсан байна. Дээд уруул дотор салстад цус хурсан, доод уруул бага зэргийн хавдартай, дотор салст баруунд 1х0.8 см язарсан, цус хуралттай, өгзөг доод хэсэгт 4.5х0.1 см зулгаралт гэмтлүүд тус тус тодорхойлогдсон байна. Дурдсан гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг нь гэмтлийн хөнгөнөөс хүндэвтэр зэрэгт хамрагдана. Гэвч арьс болон толгойн хуйхны дотор талд үүссэн арьсны гэмтлийн зэргийг “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”д тусгайлан заасан зүйл олдсонгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2275 тоот актанд бага тархины тогтоц улбагар гэжээ. Тархины баганан хэсгийн байдлыг огт үнэлж бичээгүй байна. Энэ хэсэгт амьсгал, зүрх судасны төвүүд оршдог. Энэ төвүүд хүчтэй цочирсон болон дарагдсан нөхцөлд үхлийн аюултай.

Бага тархи улбагар гэсэн нь ямар нэгэн ноцтой өөрчлөлт илэрч байгаагийн үзүүлэлт байх боломжтой гэтэл бага тархи болон их тархины зураг хавтаст хэрэгт ороогүй байна. Хуйхны дотор талд зулайн урд хэсэг, дагзны зүүн хэсгийг хамарсан /11.5х8.5 см, 6.5х3см/ талбайд цус хурсан нь ямар нэгэн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд улмаар эсрэг цохилтын хуулиар бага тархи болон их тархины баганан хэсэгт /ушиб/ няцрал үүсч улмаар хавагнан нугасны нүх рүү доош шаантаглаж, зүрх судас болон амьсгалын төвүүдийг дарснаас үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Ердийн нөхцөлд нас барсны дараа бага тархины тогтоц улбагар болдоггүй. Түүнээс гадна бага тархины эдийг гистологийн шинжилгээнд аваагүй байна,

архи хэрэглэсэн байна. Энэ нь үхэлд хүргэх нөлөөгүй гэж үзнэ. Учир нь химийн шинжилгээгээр архины хэмжээ цусанд 2.1% илэрчээ. Энэ нь “дунд” зэргийн согтолтыг илэрхийлнэ. Архаг хууч өвчин үгүй байна. Амьсгалын бүтэлтийн шууд шинж байхгүй. Харин төвөнхийн зүүн хэсгийн цус харвалт нь амьсгалын бүтэлт үүсгээгүй боловч гүрээний судаснуудыг дарснаас цусны эргэлтийн хурц дутагдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй, үүнийг эдийн шинжилгээний бэлдмэлээр тогтоох боломжгүй байна. Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нүүр хэсэг нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон ба хамар амнаас хүрэн өнгийн зүйл гарч хатсан байдалтай байсан гэх актанд дурдсан бичилтээс ам, хамрын хөндийн аль ч хэсгээс гарсан байх боломжтой” гэсэн 731 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 хх 220-227/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №1 “ширээний зүүн ирмэгээс 20.6см ширээний зүүн талаас 15см байх” гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Базардарь овогтой Баасанбазарын зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна...” гэсэн 05/425 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-48-50/,

шүүх сэтгэц, эмгэг судлалын “Б.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна. Б.Б  нь үйл явдлыг ухамсарлан ойлгож мэдүүлэх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 270 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 154-156/,

 

хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 2-4, 5-12, 13/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 14, 15-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-20/, хохирлын баримтууд /1 хх 61-74/, оршуулсан газраас шарил гарган авч үзлэг хийж, буцаан оршуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 135-137, 138-144/, эд мөрийн баримт /1 хх-232/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 236-238/, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 158-160, 161-164/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 176/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Баасанбазарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Б ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нараас “Б.Б  нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай, эргэлзээгүй нотлогдохгүй, тогтоогдохгүй байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Б  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Н....” хотхоны 21-08 тоот өөрийн гэртээ хохирогч Б.О-ын хамт очин үргэлжлүүлэн архидан согтуурах явцдаа хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, хэрүүл маргаан гаргасан, улмаар Б.Б  нь хохирогчийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2 дугаар хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхний орчим цээжний урд хэсгээр цус хурж, ам, хамраас нь цус гарсан гэмтлүүдийг учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 330 дугаартай шинжээчийн “шинжилгээгээр талийгаачийн биед зүүн 1, 3 дугаар хавирга, баруун 2-р хавирганы хугарал, орчны зөөлөн эдэд болон хоолой төвөнхийн орчим цээжний урд хэсгээр цус хурсан зэргээс үзэхэд тухайн хэсэгт хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэн бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн шинжтэй байна. Талийгаачийн эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн бичил өөрчлөлтөөс үзэхэд гэнэт зүрх зогссон хурц үхлийн шинж илэрч байна. Хоолой, цээжний тус газарт хүч үйлчилснээс зүрх гэнэт зогсох шалтгаан болж болно” гэсэн дүгнэлт болон дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Б ын гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой байх бөгөөд үйл баримтыг өөрөөр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хэрэгт тусгай мэдлэг бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэд хэдэн удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт гарсан бөгөөд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 330, Л.Галцог, Б.Оюун-Эрдэнэ, Д.Адилзаяа нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 731 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалж нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын гаргасан “Б.Б ыг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Б.Б , түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

                                   ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ