Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 118/ШШ2019/0023

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Өл-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Засаг даргад холбогдох

Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/232 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Өл-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд Д.Нямсүрэн, Б.Мөнхнаран, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Баярцогт, гэрч Ч.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Өл- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Надад Улиастай сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний А/292 дугаар захирамжаар Жинст багийн Улиастай захын баруун талд байрлах 23 м2 талбайтай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 000615562 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан... газрын төлбөрөө зохих ёсоор төлж байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сараас манай эзэмшлийн газарт Бямбарааш гэх хүн зөвшөөрөлгүйгээр угсармал контейнер барьж эхэлсэн юм. Тухайн үед би манай эзэмшлийн газрыг чөлөөл гэж шаардахад газрын албанд танилтай, энэ газрыг би эзэмшинэ гээд газар чөлөөлөөгүй одоог хүртэл тус газарт худалдаа хийж байгаа юм. Ингээд би 2018 онд Улиастай сумын Засаг дарга болон газрын даамал Нарангэрэл нарт хандан эзэмшил газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр өргөдөл, гомдол гаргаж байсан боловч шийдвэрлээгүй ямар нэгэн хариу өгөөгүй. Мөн 2019 онд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж газар чөлөөлүүлэх гомдлоо дахин гаргахад газрын даамал Нарангэрэлд гаргасан өргөдлийн чинь хариутай танилцаж байж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн албан мэдэгдлээр танайх Жинст багт Улиастай захын баруун талд 48 м2 газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж ашиглаагүй тул газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн байсан. Албан мэдэгдэлтэй холбогдуулан би өөрийн санал болон холбогдох баримт бичгийг 2019 оны 06 дугаар сарын 26-нд өгсөн. Гэвч газар эзэмших эрхийн гэрчилгээг маань хүчингүй болгосон Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны А/232 дугаар захирамж гарсан байсан. Тус захирамжийн хуулбарыг надад 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн. Би эзэмшиж байсан газартаа 2015 оноос эхлэн гутал засварын үйлчилгээ явуулж байтал 2018 онд бусдын хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрх маань зөрчигдсөн. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дээрх байгууллагуудад өргөдөл гомдол удаа дараа гаргахад шийдвэрлэдэггүй. Харин энэ нөхцөл байдлыг үл харгалзан газраа зориулалтын дагуу эзэмшээгүй хэмээн гэрчилгээг маань хүчингүй болгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлж гаргасан Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/232 дугаар захирамжаас холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч газраа яагаад ашиглах боломжгүй, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан юм бэ? гэхээр тэр газарт шугам сүлжээтэй байсан юм байна. Шугам сүлжээтэй газар худаг байрлаж байсан юм байна. Ийм асуудлуудаас болоод өөрөө ашиглах боломжгүй байсан нь харагдаж байна. Тэгтэл аймгийн Засаг даргын захирамж гараад 2 жил дараалан газраа эзэмшээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Харин хариуцагчийн хариу тайлбарт 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг яг хэзээнээс хугацааг нь тоолоод байгаа юм бэ? аль хугацаа хамаараад байгаа нь тодорхойгүй байгаа. Хариуцагчийн тайлбарт нэгж талбарын хувийн хэргийн бүрдэл хангагдаагүй байсан. Зөрчилтэй нэгж талбар байсан. П.Булгаад 2002 онд гэрээ, гэрчилгээ гарсан байсан гэх мэтээр ерөнхийдөө зөрчилтэй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон юм уу? эсвэл Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгоод байгаа юм уу? ойлгомжгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон учраас өнөөдрийн шүүх хуралдаанд энэ асуудлын талаар яригдаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхэд тухайн хэрэгт хамааралгүй асуудал ярьж байна. Тухайлбал П.Булгаа гэдэг хүн өмнө нь яаж байсан. Газар нь зөрчилтэй ийм ийм байсан гэх зэрэг. Бас гэрээ дүгнэх асуудал ярьж байна. Гэрээ дүгнэх асуудал Засаг даргын захирамжийн үндэслэл болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Ц.Өл-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулийн дагуу олгогдсон гэж үзэж байна. Ц.Өл- өөр дээрээ гэрчилгээ гаргаагүй. Өөрөө гэрээ байгуулаагүй. Өөрийнхөө хүсэл зоригийг биелүүлэх шууд эрх мэдэл түүнд байхгүй. Төрийн байгууллагаас яаж газар эзэмших эрхийн гэрчилгээг олж авах ёстой байдаг тэр журмаар нь л авсан. Энэ өнгөрсөн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр нь хэн нэгэн этгээдээс маргаж хууль бусаар авсан байна гэсэн маргаан гарч байгаагүй. Тэгэхээр Ц.Өл- тухайн газраа хууль ёсоор эзэмшиж байсан. 2015 оноос гутал засварын үйл ажиллагаа Ц.Өл- явуулж байгаагүй гэж ярьж байна. Нэхэмжлэлд бичигдсэн агуулгыг мушгиж ойлгох юм бол тэгж ойлгогдож болно. Гэхдээ Ц.Өл- өөрийнхөө газар дээр гутал засварын үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь Т.Эрдэнэцэцэг гэдэг хүн тийм үйл ажиллагаа явуулж байсныг миний газар дээр тийм үйл ажиллагаа явагдаж байсан гэдэг байдлаар бичсэн байгаа. Газрын тухай хуульд 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүй нөхцөл байдал байх юм бол гэж байгаа. Ц.Өл-д газрын эрхийн гэрчилгээ нь хүчингүй болох захирамж гарахын өмнө мэдэгдэл очсон. Мэдэгдэл очиход нь тухай үед нь өөрөө тайлбараа өгсөн байдаг. Мөн өргөдөл, гомдолдоо ч тайлбарласан байдаг. Тэгэхээр энэ хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг хариуцагч тал хангалттай ойлгож мэдэх боломжтой байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гутал засварын үйлчилгээ явуулахаар төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг ярьсан. Тэгэхээр ер нь иргэдэд газар эзэмшүүлэхдээ газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гээд хуульд заасан шаардлага байгаа. Энд тухайн газар нь бусдын газартай давхцаагүй, бусдад олгогдоогүй байх нөхцөлд шинээр газар олгох боломжтой байна уу? үгүй юу? гэдгийг харгалзаж үзэж байж шинээр газар олгох асуудал яригдана. Ц.Өл- газар эзэмших гэрчилгээгээ гаргуулж авсан, гэрээгээ байгуулсан байсан. Гуравдагч этгээд нарын гаргаж байгаа тайлбартай холбогдуулан хэлэхэд Улиастай захын эзэмшлийн газар гэж ойлгож байсан гэж ярьсан. Нотлох баримт шинжлэн судлаад ирэхээр Ц.Өл-гийн газар гэдгийг мэдсэн гэдгийг харж болно. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн зүгээс Т.Эрдэнэцэцэгтэй тохироод байр барьж өгөөд газраас нь холдуулсан гэж ярьж байна. Хэрвээ үнэхээр Улиастай захын газар гэж мэдээд Улиастай захад түрээсээ төлөөд явж байсан юм бол яагаад тэр Т.Эрдэнэцэцэг гэдэг хүнд 800.000-1.000.000 төгрөгийн үнэлгээтэй ажлын байр барьж өгөөд байгаа юм бэ? Ямар шалтгаантай гэдэг нь эргэлзээтэй байна. Шугам, сүлжээний асуудлыг манайд хандах ёстой байсан гэж хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Тухайн газар доогуур шугам, сүлжээтэй. Хэн ч очоод нүдээр харсан шугам сүлжээний худаг байрлаж байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас бас харагдана. Хэн ч харахад худаг, цооногноос нь уур манан савсаад харагдаж байдаг. Мэргэжлийн хүн бол шугам сүлжээг нь мэдэх байх. Иргэн хүн очоод харахад худаг байгааг харж болно. Ийм газарт барилга баривал яаж барих вэ? гэдэг талаар нэхэмжлэгч өөрийн ах, дүү, танил тал хүмүүсээс асуугаад явсан байдаг. Тухайн үед ерөөсөө барьж болдоггүй гэж сонсоод барилга барьж болохгүй юм байна гээд түр хугацаанд зогссон асуудал байдаг. Засаг дарга захирамжаа цуцлах эрхтэй гэж ярьж байна. Мэдээж Засаг даргад цуцлах эрх байгаа. Гэхдээ хуульд үндэслэх ёстой. Хуулийг үндэслэж байгаа бол үндэслээд байгаа хуулийн хэм хэмжээ өөрөө тухайн нөхцөл байдалтай бүрэн нийцэж байх ёстой. Нэг хуулийн үндэслэл бариад өөр зүйлийг тайлбарлаад яриад байж болохгүй гэж үзэж байна. Шугам сүлжээтэй холбогдуулаад ярихад Монгол улсын иргэн Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй. Хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг. Тийм учраас Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д шугам сүлжээ гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, мөн хуулийн 23.2-д Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Ц.Өл- иргэн хүнийхээ хувьд тэнд барилга байгууламж барьсан бол хууль зөрчих гээд байсан. Эргээд өөрөө хариуцлага хүлээх байсан. Хууль зүйн үүднээс ийм нөхцөл байдлууд үүсэх байсан. Бодит нөхцөл байдал дээр үнэхээр орчин нь шалбаагтай, худгаас ус гоожсон байсан гэдгийг Ц.Өл-гаас гадна гутал засварын үйл ажиллагаа эрхэлж байсан Т.Эрдэнэцэцэг гуай хэлсэн байдаг. Ер нь нотлох баримт гэрчүүдийн мэдүүлэг дээрээс ч харагддаг. Тэгэхээр Ц.Өл- хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр эрх шилжүүлж авсан. П.Булгаагийн хувийн хэрэг болон хариуцагч байгууллагын мэргэжилтнүүдийн талаарх асуудлыг нэхэмжлэгч тал өнөөдөр тайлбарлах мэдэх боломжгүй. Хэрвээ хариуцагч байгууллагад тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүдийн хариуцлагагүй үйлдэл байлаа ч түүний үр дагаврыг нэхэмжлэгч үүрэх ёсгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Өл- нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр П.Булгаагаас эрх шилжүүлэх гэрээ хийж, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг өөрийн нэр дээр аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/292 дугаар захирамжаар шилжүүлэн авсан байна. Маргаан бүхий газарт Улиастай сумын иргэн Т.Эрдэнэцэцэг нь олон жил гутал засварын үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар тухайн газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар удаан хугацаанд хөөцөлдөж тогтоол шийдвэр гаралгүй удсан. Улмаар Улиастай сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гутал засварын газрын зориулалтаар иргэнд эзэмшүүлэхээр 2016 онд Улиастай сумын Хурлын тогтоол гарсан байна. Иргэн Т.Эрдэнэцэцэгийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичихээр болтол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/292 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга худалдаа үйлчилгээний зориулалтаар Ц.Өл-д газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргасан байна. Ц.Өл-д газар эзэмшүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/292 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна... Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдээд явж байдаг. Мөн кадастрын мэдээллийн санд зурган мэдээлэл үүсгэгдээд явж байгаа. Тэгэхээр маргаан бүхий энэ газар нь манай одоогийн шаардлагад бүрэн нийцэхгүй, хувийн хэргийн материал нь бүрэн болж чадаагүй нэгж талбар байгаа. Үүнийг бид нөхөн бүрдүүлэх ажил 2018 оноос эхлээд хийгдээд явж байгаа. Зарим нэг асуудал ээдрээтэй, нэгж талбар зөрүүтэй олгогдсон байх жишээтэй. Анх 2002 онд тухайн нэгж талбарыг П.Булгаа гэдэг хүнд газар эзэмших гэрчилгээ бичиж эрх олгосон байдаг. Эрх олгосон гэрээ, гэрчилгээг судлаад үзэхэд тухайн Улиастай сумын Засаг даргын захирамж нь хувийн хэрэгт нь байдаггүй. Мөн архиваас шүүж үзэхэд газар олгосон захирамж биш өөр захирамж байсан. Тэгэхээр анх 2002 онд нэгж талбарын эрх олгосон гэрээнд эргэлзэхэд хүрч байгаа. Би энэ ажлыг аваад захиргааны хэрэгт хэд хэдэн удаа орж байна. П.Булгаа гэдэг хүн үүний өмнө Ахмадын хорооны газар дээр нэр нь явж байсан. Гэхдээ П.Булгаа гэдэг хүн өөрөө ерөөсөө байдаггүй. Манайд ч ханддаггүй, шүүх хуралд ч ордоггүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд н.Эрдэнэцогт гэдэг хүн орж байсан. Тэгэхээр газрын далд наймаа юм болов уу? гэж эргэлзэхэд хүрч байгаа. Ер нь П.Булгаа гэдэг хүн хаана байна. Хэд хэдэн удаа газар аваад байгаагаа өөрөө мэдэж байгаа юм болов уу? үгүй юм болов уу? гэж бодсон тийм учраас энэ хүнийг эрэн сурвалжилмаар санагдаад байгаа юм. Ингээд 2015 оны эрх шилжүүлэх захирамжид 23 м.кв нь 48 м.кв болж гарсан байна. Улиастай сумын Засаг даргын захирамжаар эрх шилжүүлсэн боловч захирамж нь өөрөө байхгүй. Үндсэндээ газар эзэмшүүлэх эрх нь байхгүй гэсэн үг. Одоогоор манай нэгж талбарын кадастр бүрэн төгс хийгдээгүй. Тэгэхээр нэгж талбарын хэмжээ нэмэгдэж байгаа бол эхлээд заавал нэгж талбарын хэмжээний зөрчил гарсан учраас зөрчлөө хамгийн түрүүнд арилгуулах ёстой байсан. Эхний хүнд байхад нь зөрчлийг нь арилгуулчихаад дараагийн хүндээ зөрчилгүй гэрчилгээ шилжүүлэх ёстой байсан. П.Булгаагаас Ц.Өл-д эрх шилжсэн захирамж 2015 онд гарсан байна лээ. Тэгэхээр 2 жилийн хугацааг 2015 оноос хойш тоолно. Нэхэмжлэгч Ц.Өл-г өөрийн эзэмшил бүхий газартаа гутал засварын үйлчилгээ эрхэлж байгаагүй гэж бодож байна. Хэргийн материалаас харахад саяхан буюу 2019 оны сүүлээр шилжиж ирсэн нь харагдаж байна лээ. Тэгэхдээ иргэн хаана ч газар эзэмшиж болно. Мөн газрын төлбөрөө 10 жилээр нь төлсөн гэж ярьж байна. 2016 онд бөөнөөр нь хийсэн үү яасан. Газрын төлбөр буюу гэрээг жил бүр дүгнэнэ гэж байгаа. Өл- өөрийн биеэр ирж гэрээгээ нэг ч удаа дүгнүүлээгүй. Энэ талаар манай мэргэжилтнүүд ч хэлж байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сараас манайхаар өргөдөл гомдол гаргаад явж байгаа. Үүний өмнө Улиастай сумд 2018 онд өргөдөл гаргасан гэж ярьж байна. Тэр өргөдлийг нь н.Эрдэнэцогт гуайн хүүхэд Э.Балжинням гэдэг хүн өгч байсан юм байна лээ. Улиастай сумд өргөдөл өгч байсан болохоос манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2018 онд өргөдөл өгөөгүй. 2019 онд манайд 2 удаа өргөдөл, гомдол гаргасан. Аудит зөвлөмж өгөхдөө, 2 жил дараалан ямар ч үйл ажиллагаа явагдаагүй байхад танайх хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүй байна гэсэн үүрэг даалгаврыг бидэнд өгсөн. Бусад сумдууд болон аймгийн төвд газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй хууль зөрчөөд явж байгаа маш олон хүн байгаа. Тэгэхээр албан шаардлагад нэр нь бичигдээгүй гэхгүй. Ер нь бол өөрсдөө ирээд газрын нэгж талбарын хувийн хэргээ бүрдүүлэх ёстой. Бид гэрээгээ дүгнүүлэх гээд ирэхэд нь хувийн хэргийг нь үзэж байгаа. Түүнээс өдөр болгон хувийн хэргийг нь харах боломжгүй. Гэхдээ энэ мэдээллийн сан одоо бүрдэж байгаа. Одоогоор бүрэн дуусаагүй. Миний хэлж байгаа цахим хувийн хэрэг дутуу харагдаад байна гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Тухайлбал Ц.Өл-гийн хувийн хэргийн мэдээлэл цахим бүртгэлд бүрэн ороогүй учраас харагдахгүй байгаа юм. Ц.Өл- 2015 оноос хойш манай дээр эргэлтийн цэгээ зааж өг юмаа баримаар байна гэж хүсэлтээ гаргаж хандаж байгаагүй. Эрх нь зөрчигдөөд байгаагаа тухайн үед нь бид нарт хэлээгүй. Манайх бүх шугам сүлжээгээ боломжийн хэрээр заримыг нь мэдээллийн санд бүрэн оруулаагүй боловч заримыг нь оруулсан байгаа. Тухайн үед захирамж гарахад би байгаагүй. Гэхдээ тэнд ажиллаж байсан хүмүүс үүнийг харж байгаад гаргасан байх гэж бодож байна... гэв.

Гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2012-2018 он хүртэл тасралтгүй Улиастай захын баруун талд байрлах газарт жижиг чингэлэгт гутал засвар ажиллуулж, Улиастай захад 15000-25000 төгрөгний татварыг сар болгон төлдөг байсан. 2015 оны 7 дугаар сард гутал засвар ажиллуулж байсан газраа эзэмших гээд Улиастай сумын Засаг дарга болон газрын даамал Нарангэрэлд хүсэлт өгч байсан. Гэтэл надад таны хүсэлт гаргасан газрыг чинь өөр хүн эзэмшдэг юм байна гээд өөр тайлбар өгөлгүй хүсэлтийг минь шийдэж өгөөгүй. Тэр үед хуулийн мэдлэг дутуу хэнд хаана хандахаа мэдэлгүй орхиж байсан. Гэтэл Өл-гийн нэхэмжлэл дээр 2015 оноос хойш гутал засвар ажиллуулж байсан гэсэн худал тайлбар байна. Мөн 2015 онд намайг газар эзэмших хүсэлт гаргах үед мөн газар эзэмших хүсэлт өгч газрыг 2016 онд эзэмшиж байсан байна. 2016 онд Өл-гийн нөхөр нь 2-3 удаа над дээр ирж уулзаж энэ миний газар гэж хэлж байсан 2018 онд Бямбарааш гэдэг хүн би таныг нүүлгэж өгөөд шинэ гутал засвар ажиллуулах контейнер буюу жижиг байр барьж өгье, та надад газраа чөлөөлөөд өгчих гэсэн. Би тухайн үед энэ газарт 2012 оноос хойш одоо хүртэл гутал засвар ажиллуулж байгаа, газраа эзэмших гээд хүсэлт өгч байсан боловч өөр хүн энэ газрыг эзэмшдэг юм байна гээд надад эзэмшүүлэхгүй байгаа тухай хэлж байсан, тэгээд 2018 оны 06 дугаар сард Улиастай захын Сэргээгдэх эрчим хүч дэлгүүрийн урд /одоо гутал засвар ажиллуулж байгаа/ би нүүж очсон гэжээ.

Гуравдагч этгээд Д.Нямсүрэн, Б.Мөнхнаран нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 онд маргаан бүхий газарт гутал засварын газар ажиллуулж байсан Т.Эрдэнэцэцэг гэж хүнтэй тохиролцож зохих үнээр худалдаан авч, Сэргээгдэх эрчим хүч дэлгүүрийн урд түүнд зориулж гутал засварын шинэ байр барьж өгөөд хуучин контейнерийг нь холдуулж оронд нь тухайн үе буюу 2018 оны 06 сард газар худалдаа үйлчилгээний зориулалтаар 4х6 харьцаатай байшин барьж одоо үйл ажиллагаа явуулж байна. Энэ газарт гутал засвар ажилуулж байсан Т.Эрдэнэцэцэг Улиастай ирээдүй хоршоо-той гэрээ байгуулж газрын төлбөрийг төлж байсан ба Ц.Өл-тай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй учраас тухайн газар дээр дэлгүүр барьсанаас хойш Улиастай ирээдүй хоршоотой гэрээ байгуулж газрын төлбөрийг цаг хугацаанд төлж үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие 2018 онд газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт өгсөн боловч шийдвэрлэгдээгүй байгаа юм. Гэтэл шүүхээс намайг гуравдагч этгээдээр дуудахад Ц.Өл- гэж хүн эзэмшиж байсныг мэдлээ. Гутал завсарчин Т.Эрдэнэцэцэг тухайн газарт 2012 оноос хойш тасралтгүй байрлан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 онд манайх Т.Эрдэнэцэцэгтэй тохиролцож тухайн газарт үйл ажиллагаа явуулаад 2 жил шахам болж байна. Энэ хугацаанд Ц.Өл- нь энэ газрыг ашиглаагүй тул түүнд олгосон газар эзэмших эрхийг цуцалсан Засаг даргын шийдвэр зөв гэж үзэж байна. Тухайн үед газрын албанд танилтай энэ газрыг би эзэмшинэ гээд намайг газар чөлөөлөөгүй гэж Ц.Өл-гийн хэлж байгаа нь шал худлаа юм. Манайхыг энэ байшинг барихад Ц.Өл- гэж хүн ерөөсөө уулзаагүй, ирээгүй таних ч үгүй, манай зүгээс газрын албанд танилтай энэ газрыг манайх эзэмшинэ гэж хэлсэн удаа байхгүй...Т.Эрдэнэцэцэгт 800.000-1.000.000 төгрөгөөр ажлын байр барьж өгснийг хээл хахууль өгсөн гэж ойлгоод байх шиг байна. Бид Т.Эрдэнэцэцэгтэй тохиролцсоны үндсэн дээр гутал засварын байр барьж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Баярцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэцэцэг гэдэг хүн 2012-2018 он хүртэл газрын төлбөр төлөөд түрээсийн гэрээ байгуулаад явж байсан учраас энэ 2 хүн гутал засварчин Т.Эрдэнэцэцэгтэй тохиролцоод, жижиг ажлын байр барьж өгөөд, тухайн газрын контейнерийг нь худалдан авч нүүлгээд, өөрийнхөө угсармал байрыг бариад, Улиастай захтай түрээсийн гэрээ байгуулж одоо болтол түрээсийн төлбөрөө төлөөд явж байгаа. Улиастай захын газар гэж бодсоны үндсэн дээр Улиастай ирээдүй хоршооны удирдлагуудтай уулзаад зөвшөөрлийг нь аваад барилгаа бариад, тэгээд энэ газраа эзэмшихээр хүсэлт гаргасан байгаа. Хүсэлтийг нь газрын алба шийдвэрлэж өгөөгүй байгаа. Гэтэл сая шүүхээс гуравдагч этгээдээр дуудахад Ц.Өл-гийн эзэмшлийн газар гэдгийг Д.Нямсүрэн, Б.Мөнхнаран нар мэдсэн байгаа. Тэгэхээр энэ 2 хүний эрх ашиг зөрчигдөх гээд байгаа учраас тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байгаа гэж Засаг даргаас захирамж гарган газрын гэрчилгээг нь хүчингүй болгосон учраас нэгэнт ашиглахгүй байгаа газар дээр эдгээр хүмүүс угсармал байшин бариад үйл ажиллагаа явуулж байгаа. Уг газрыг эзэмших хүсэлтээ газрын албанд гаргасан байгаа. Гэтэл Ц.Өл- гэх шинэ эзэмшигч гэнэт гараад ирсэн учраас эрх ашиг нь хохирох гээд байгаа юм. Засаг дарга захирамж гаргахдаа нийт 9 аж ахуй нэгж иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Ц.Өл-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд хамаарч байгаа. Тийм учраас Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Гэрч Ч.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээБи гуталчин Т.Эрдэнэцэцэгтэй газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг танилцуулж, Ц.Өл-гийн газар гэдгийг ойлгуулах зорилготой очиж уулзаж байсан.Мал эмнэлэгт ажиллаж байсан Эрдэнэцогт нь манай гэр бүлийн хүн байгаа юм. Тэгээд Т.Эрдэнэцэцэгт ийм учиртай газар гэдгийг тайлбарлаж, гэрээ гэрчилгээг нь үзүүлсэн.Газрын асуудлаар бид маргаан үүсгэж байсан явдал байгаа. Д.Нямсүрэн гуай хэдэн залуучуудтай барилгын суурины шороогоо асгаад тарааж байх үед нь манай гэрийн хүн очоод ингэж болохгүй. Цагаан дээр хараар бичсэн төрийн хууль байгаа. 27.4 гэж заалт бий. Түүнийг та зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд Ц.Өл-гийн газрын гэрчилгээ, кадастрын зураг бичиг баримтуудыг нь үзүүлсэн. Тэгээд эзэнтэй газар дээр та нар хууль бус үйл ажиллагаа явуулж барилга барьж байна. Барилгаа бариад дуусгачих юм бол дараа нь та нар зардал их гаргана шүү гэж хэлсэн. Тэгтэл их шороо асгасан. Зардал их гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай хүн хэдэн тонн ямар шороо асгасан юм бэ? зардлыг нь бид төлчихье. Манай дүүгийн эзэмшиж байгаа газар юм байгаа. Манай нөхөр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгааг хаана хандаж хэлэх талаар судлаад эхлээд Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт буюу газрын даамалд хандах ёстой юм байна гэж Ц.Өл-д хэлсэн. Түүний дагуу Ц.Өл- Улиастай сумын газрын даамал Г.Нарангэрэлд өргөдөл, хүсэлт газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг зэрэг байгаа баримтуудаа аваачиж өгөөд төрдөө итгээд засаг захиргаанд итгээд шийдээд, чөлөөлөөд өгөх байх гээд яваад байсан юм байна лээ. Ингэж явсаар ийм байдалд орсон. Ц.Өл- газар чөлөөлүүлэх гээд хүч хүрэхгүй байсан учраас нөхөр бид 2-оос дэм хүссэн. Тэгээд бид 3-н удаа Д.Нямсүрэн гуайтай уулзаж хэлсэн. Тэгэхэд Д.Нямсүрэн гуай бид захынхан болон газрын албанд танилтай. Бидэнд хамаагүй. Та нар явдаг замаараа яв гэж хэлсэн. Тэгээд бид Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт хандаж газар чөлөөлүүлэх өргөдөл өгсөн...гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсгүүд, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 06/52ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаартай албан шаардлагыг үндэслэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэжээ.

Уг шийдвэрлэлтэнд нэхэмжлэгч Ц.Өл-гийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр дэх Улиастай захын баруун талд 48 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал багтсан учраас нэхэмжлэгч дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлийг ...газрын төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсныг харгалзан үзэлгүйгээр хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус хэмээн тайлбарлан маргаж байна.

Хариуцагч тал ...газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх тухай гэрээ дүгнүүлж байгаагүй, түүнчлэн, газар эзэмшигчийн хувийн хэргийн бүрдэл дутуу, иргэн П.Булгаагаас анх газар эзэмших эрхийг шилжүүлэн авах ажиллагаа хуульд нийцээгүй учраас маргаан бүхий захиргааны актаар түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бусад нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Өл- нь анх дээрх 48 м.кв газрыг эзэмших эрхийг Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/292 дугаар захирамжийн[2] дагуу иргэн П.Булгаагаас шилжүүлэн авснаар түүнд 000615561 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] олгогдож, газар эзэмшүүлэх тухай гэрээ[4] 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагджээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх тухай гэрээнд газрын хэмжээг 23 м.кв гэж дээрх захирамжинд зааснаас өөрөөр тусгасан байна. Гэхдээ газрын хэмжээний талаар нэхэмжлэгч маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-д зааснаар аймгийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдвол уг асуудлыг захирамж гарган шийдвэрлэхээр байна.

Дээрх хуулиудаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ц.Өл-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчсөн байна.

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдийг заажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/292 дугаар захирамжийг үндэслэн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр дэх Улиастай захын баруун талд байршилтай 17338289547660 нэгж талбарын дугаартай 23 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмшүүлэгч /Завхан аймгийн Засаг дарга/-ийг төлөөлж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн М.Рэнчинбямбаас нэхэмжлэгч Ц.Өл-тай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээг[5] байгуулжээ.

Уг гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч Ц.Өл- газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон ба Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө, 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх гэж заасан газар эзэмшигчийн хүлээх үүрэг мөн үүсчээ.

Гэвч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж, мөн нэхэмжлэгч Ц.Өл-тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний газар эзэмшүүлэгчийн хүлээх үүрэг гэх хэсгийн 4.4-д газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч Ц.Өл-тай байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээг газар эзэмшүүлэгчээс 2016, 2017 онд дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн 23 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.

Учир нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан хэдий ч энэ нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээг дүгнэх ажиллагааны үр дүнгээс хамаарч хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт бөгөөд уг гэрээг дүгнэх асуудал нь гэрээний талуудын хэн алины нь оролцоог шаардах тул гэрээ дүгнүүлээгүй асуудалд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Тодруулбал, газар эзэмшүүлэгч болох хариуцагч Завхан аймгийн Засаг даргын зүгээс /эсхүл түүнийг төлөөлж/ газар эзэмшүүлэх тухай гэрээг дүгнэж, нэхэмжлэгч Ц.Өл- гэрээний нөхцлийн дагуу газраа зориулалтын дагуу эзэмшиж ашигласан эсэх, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг судлан тогтоогоогүй мөртлөө Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүдээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байна.

Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаан... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон нөхцлийг ойлгохоос гадна бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгааныг ойлгох юм.

Нэхэмжлэгчийн хувьд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахад инженерийн шугам сүлжээний худаг байршиж байсан нөхцлөөс гадна бусдын хууль бус үйлдэл, хууль бус эзэмшил нөлөөлж байсан байна.

Гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэг нь Улиастай захын хашаанд 2012 оноос хойш гутал засварын үйлчилгээ эрхэлж ирсэн байх ба өөрт нь газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байхад 2016 оноос 2018 оны 06 сар хүртэл нэхэмжлэгчийн маргаж буй уг газарт зөөврийн байр байршуулан уг үйлчилгээг эрхэлж байсан нь түүний тайлбар[6] болон гэрч В.Баяндүүрэн[7], Г.Нарангэрэл[8], Д.Жавзандулам[9], Ц.Доржготов[10] нарын мэдүүлэг, гуравдагч этгээд Б.Мөнхнаран[11], Д.Нямсүрэн нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэг нь маргаан бүхий газарт үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ холбогдох баримтуудын хамт Улиастай сумын Засаг даргад гаргаснаар түүний хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэхээр Улиастай сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан хэдий ч түүнд газар эзэмшүүлэх талаар Улиастай сумын Засаг дарга болон аймгийн Засаг дарга нараас ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь Улиастай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2/464 дүгээр албан бичиг[12], Т.Эрдэнэцэцэгийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт[13], төсөл, фото зураг, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоол[14], уг тогтоолоор батлагдсан дээрх төлөвлөгөөний 3 дэх хэсгийн 4-д заасан мэдээлэл, гэрч Г.Нарангэрэлийн мэдүүлэг[15] зэргээр тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Гуравдагч этгээд Б.Мөнхнаран, Д.Нямсүрэн нарын тухайд маргаан бүхий уг газарт газар эзэмших эрх олгогдоогүй боловч дэлгүүрийн зориулалтаар угсармал байшин барьж түрээсийн зориулалтаар ашиглаж байх ба дээрх газрыг эзэмших талаар 2017, 2018 онуудад Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өргөдөл, хүсэлтээ гаргаж байсан нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, тэдний гаргасан хүсэлтүүд[16], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Д.Жавзандулам нарын мэдүүлгээр мөн тогтоогдож байгаа болно.

Тодруулбал, энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Т.Эрдэнэцэцэг, Б.Мөнхнаран, Д.Нямсүрэн нарын тухайд маргаан бүхий газрыг эзэмших эрх хуулийн дагуу олгогдоогүй, зөвхөн газар эзэмших талаар хүсэлт гаргасан байдлаар тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хязгаарлагдаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2019 оны А/232 дугаар захирамжийг гарахаас өмнө буюу бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улиастай сумын газрын даамалд, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус гаргаж байсан нь Улиастай сумын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/498 дугаар албан бичиг, 2018 оны өргөдөл, гомдлын бүртгэлийн холбогдох тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Ц.Өл-гийн хүсэлт зэрэг баримтуудаар[17] тогтоогдож байна.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өгсөн албан мэдэгдлийг[18] хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн хариу тайлбартаа[19] газраа зориулалтын дагуу эзэмшиж чадаагүй нь ямар шалтгаантай байсан талаар тайлбарласан байхад уг тайлбарт дурдсан шугам сүлжээ, худаг байсны улмаас нэхэмжлэгч газраа ашиглаж чадаагүй эсэх, мөн газар нь бусдын хууль бус эзэмшилд байсан эсэх, газрын төлбөрөө төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлыг хариуцагчаас бүрэн дүүрэн судлан тогтоож, баримтаар нотлоогүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4-д заасан бодит нөхцөл байдлыг судлан тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ гүйцэтгээгүй байна.

Хариуцагч ийнхүү маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлан, нотлох баримтаар тогтоогоогүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

Иймд газар эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, газрын төлбөрөө төлсөн эсэхийг хариуцагчаас бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг цуцалсныг зөвтгөх боломжгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий 2019 оны А/232 дугаар захирамжинд Завхан аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/52/ҮАГ-НАГ-2019/07/-НА дугаартай албан шаардлагыг[20] үндэслэсэн байна.

Завхан аймаг дахь Төрийн Аудитын газраас Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа Газрын тухай хуульд нийцсэн эсэхэд нийцлийн аудит хийж дээрх албан шаардлагыг гаргажээ.

Уг албан шаардлагаар Хуулийн дагуу ашиглагдаагүй байгаа хавсралтад заасан нэр бүхий 7 иргэн, 6 хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож, биелэлтийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх-ийг Завхан аймгийн Засаг даргад даалгасан байх ба уг шаардлагын хавсралтад нэхэмжлэгч Ц.Өл-гийн газар эзэмших эрхтэй холбоотой мэдээлэл, агуулга байхгүй байгаа тул түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг аудитын байгууллагаас тогтоосон зүйл байхгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Энэ хэрэгт маргаж буй Завхан аймгийн Засаг даргын 2019 оны А/232 дугаар захирамжийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч Ц.Өл-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг дурдсан.

Түүнээс нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх явц хуульд нийцээгүй гэх үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны акт гараагүй, энэ үндэслэл уг захиргааны актад дурдагдаагүй тул анх иргэн П.Булгаагаас нэхэмжлэгч Ц.Өл-д газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа зөрчилтэй байсан, газар эзэмшигчийн хувийн хэргийн бүрдэл дутуу гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, шүүх энэ талаар нэмж баримт цуглуулах шаардлагагүй байна.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээс зөрүүтэй тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчээс зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй эсэх, ашиглаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн эсэх зэрэг үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Өл-д маргаан бүхий газрыг эзэмших эрх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу аймгийн Засаг даргын 2015 оны А/292 дугаар захирамж гарснаар олгогдсон бол, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулснаар уг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгч газраа ашиглах боломжтой болсон тул уг өдрөөс түүний газраа зориулалтын дагуу ашиглах хугацаа тоологдоно.

Тиймээс ...Ц.Өл-гийн газар эзэмших эрхийг аймгийн Засаг даргын А/292 дугаар захирамж гарсан өдрөөс буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолоход 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байсан гэх хариуцагчийн тайлбар үндэсгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.Өл-г газар эзэмшүүлэх тухай гэрээгээ дүгнүүлж байгаагүй, газар эзэмшигчийн хувийн хэргийн бүрдэл дутуу, иргэн П.Булгаагаас түүнд газар эзэмших эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа хэдий ч гэрээг дүгнэх, газар эзэмших эрхээ шилжүүлэхэд хуульд заасан баримтын бүрдлийг хангасны үндсэн дээр захиргааны акт гаргах үйл явц нь дан ганц газар эзэмшигчийн үүргээр хязгаарлагдахгүй, газар эзэмших, ашиглах ажиллагаанд хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллагын үүрэг юм.

Энэ талаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, ...ийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна, 38.3.Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх гэж тус тус заажээ.

Иргэн П.Булгаагаас дээрх маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт, холбогдох гэрээ зэрэг баримтыг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/292 дугаар захирамжийг[21] гаргасан нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хадгалагдаж буй газар эзэмшигчийн хувийн хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл[22], газрын эрх шилжүүлэн авах тухай Ц.Өл-гийн хүсэлт[23], түүнээс иргэн П.Булгаатай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ[24] зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан зарим баримтуудыг үнэлэх эсэх тухайд:

1. Шүүх хуралдаанд оролцуулсан гэрч Ч.Должинсүрэн нь нэхэмжлэгч Ц.Өл-гийн төрсөн эгч, гэрч Ү.Бямбарааш нь гуравдагч этгээд Б.Мөнхнарангийн эцэг, Д.Нямсүрэнгийн нөхөр байх бөгөөд уг хэрэгт хувийн сонирхолтой байх тул тэдний мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэж үнэлэх боломжгүй юм.

2. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн CD дээрх дууны болон дүрс бичлэгийг шүүх мөн үнэлэх боломжгүй байна.

Газар чөлөөлөх талаар гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэгээс шаардаж байсан гэх үйл баримтыг нотлох зорилгоор нэхэмжлэгч дээрх баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг бичлэгийг шүүх хуралдаан товлогдсоноос хойш гуравдагч этгээд Т.Эрдэнэцэцэгтэй уулзахдаа хийсэн хэмээн тайлбарлаж байна.

Уг бичлэгт гуравдагч Т.Эрдэнэцэцэг урьд нь газрын асуудлаар нэг хүн ирж уулзаж байсан тухай ярих бөгөөд тухайн хүн нь хэн болохыг нэрлэж хэлээгүй бөгөөд түүнтэй ярилцаж суугаа нэхэмжлэгчийн төрсөн эгч Ч.Должинсүрэн нь тухайн уулзсан гэх хүнийг нь өөрийн гэр бүлийн хүн Эрдэнэцогт гэж нэрлэн хэлж байгаа дүрс, яриа бичигджээ. Уг бичлэг, яриа тодорхой, ойлгомжтой биш, түүнчлэн энэ хэрэгт хувийн сонирхол бүхий гуравдагч этгээдийн яриаг хөндлөнгийн нотлох баримт гэж үнэлэх боломжгүй юм.

3. Нэхэмжлэгч Ц.Өл- нь 2018 онд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай суманд шилжиж ирсэн талаар улсын бүртгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шилжин ирсэн тухай тодорхойлолтод[25] тэмдэглэгдсэн хэдий ч уг үйл баримт нь нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болохыг нотлож чадахгүй юм. Учир нь Монгол Улсын иргэн өөрийн оршин сууж буй засаг захиргааны нэгжээс өөр газарт газар эзэмшихийг Газрын тухай хуулиар хориглоогүй байна.

4. Нэхэмжлэгч нь 10 жилээр бодож тооцоолон газрын төлбөрт 10 000 төгрөгийг төлж байсан хэмээн Хас банкны төлбөрийн баримтыг[26] шүүхэд гаргаж өгсөн байх ба уг төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу Ц.Өл-тай газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулахаас өмнө хийсэн байх бөгөөд маргаан бүхий уг газрын төлбөр гэж үзэх агуулга харагдахгүй, газар эзэмшүүлэх тухай гэрээнд тусгагдсан газрын төлбөр хийх банкны данснаас өөр дансанд шилжүүлсэн мэдээлэлийг агуулж байгаа тул нэхэмжлэгч Ц.Өл-гаас маргаан бүхий газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Ц.Өл-гаас газрын төлбөрөө төлсөн эсэхийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч тал шүүхэд баримтаар нотлож чадахгүй байгааг дурдах нь зүйтэй.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улиастай захын эзэмшил газрын хэмжээ, зааг байршилтай холбоотой хэмээн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 517 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтуудын хамт байгаа Завхан аймгийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Комисс томилох тухай 138 дугаар захирамж[27] нь Ардын хувьсгалын 80 үндэсний хонжворт сугалааг борлуулах аймгийн комисс байгуулах асуудлаар гарсан бөгөөд энэ хэрэгт хамааралгүй баримт болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/232 дугаар захирамжийн иргэн Ц.Өл-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Өл-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 


[1] Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд

[7] Хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд

[10] Хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд

[12] Хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд

[13] Хавтаст хэргийн 111-123 дугаар хуудсанд

[14] Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудсанд

[15] Хавтаст хэргийн 96 дугар хуудсанд

[16] Хавтаст хэргийн 138-142 дугаар хуудсанд

[17] Хавтаст хэргийн 173-183 дугаар хуудсанд

[18] Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд

[19] Хавтаст хэргийн 184-189 дүгээр хуудсанд

[20] Хавтаст хэргийн 192-193 дугаар хуудсанд

[21] Хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд

[22] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд

[23] Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд

[24] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд

[25] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд

[26] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд

[27] Хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд