Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 25

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Д.Мөнхтуяа,

хохирогч Д.Соёл, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд /0168/,

шүүгдэгч Ц.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /0086/,

шүүгдэгч Б.Чинзориг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /0294/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Цоодолын Өсөхбаяр, Элээт овогт Баттулгын Чинзориг нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526021034 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүрэгт байрлах Эргэн дурсахуй клубт зөөгч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидын 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цоодолын Өсөхбаяр /РД:УХ93122911/.

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Залаарай дэлгүүрт худалдагч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 06-03 насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороололын 51 дүгээр байрны 53 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27 дугаар байрны 02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Элээт овогт Баттулгын Чинзориг /РД:ХЖ87032411/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2015 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэхт байрлах Хуушуур хаус зоогийн газрын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Д.Соёлттой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-ний шилжих шөнө танил ах Чинзориг, Цолмон, Ононтуул нарын хамт баранд сууж байгаад 4 цагийн үед хоол идэхээр хорооллын Хуушуур хаус орсон. Ононтуул гадаа хэдэн залуучуудтай юм яриад байх шиг байхаар нь араас нь гарсан чинь хохирогч Соёлтой маргалдаж байсан. Би хохирогчтой маргалдахад тэр намайг тохойлдоод босож ирсэн ба бид хоёр заамдалцаад намайг цохихоор нь би нүүр лүү нь цохьсон. Дотроос Цолмон Чинзориг нар гарч ирээд биднийг салгасан. Цолмон намайг машинд суулгасан. Чинзориг Соёлтой ярьж байх үед Соёл түүний хамар луу цохьсон чинь цус гарсан ба зөрүүлээд нэг цохьсон. Тэгж байтал Цолмон эгч ахыг чинь нөгөө залуус аваад явчихлаа гэхээр нь нөгөө машины араас яваад шахаж зогсоогоод үзэхэд байхгүй байхаар нь буцаж ирэхэд 2 машины хооронд футболкоороо хамраа дараад зогсож байсан. Тэгээд гэр гэрлүүгээ харьсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чинзориг мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-ний шилжих шөнө Өсөхбаяр түүний найз Ононтуул, эхнэр Цолмон нартай хамт дисконы газар ороод шөнө хоолонд орохоор Хуушуур хаус орсон. Би ядраад ширээ дэрлээд унтаж байсан. Тэр үед Өсөхбаярын найз охин гадаа гарсан юм байна лээ. Гадаа хохирогч Соёлыг байсан эсэхийг бас мэдээгүй. Араас нь дүү Өсөхбаяр гараад явсан байсан. Манай эхнэр Өсөхөө гадаа хүмүүстэй муудалцаад байна гэхээр нь гарсан чинь Өсөхбаяр гадаа зууралдаад зогсож байсан. Би энэ хоёрыг салгаад Соёл хараалын үг хэлэхээр нь би бас хэлсэн. Миний хамрын зүүн хэсэгт цохихоор нь буцааж цохиод Соёлтой хамт явж байсан хүнийг нь хөөгөөд зам хөндлөн гарсан. Тэгээд толгой эргээд байхаар нь хөөхөө болиод буцаж нөгөө газраа очоод сууж амарсан. Энэ үед эхнэр Цолмон намайг хүмүүс аваад явчихлаа гэж бодсон байсан. Тэгээд тэд нар удалгүй ирээд бид гэр гэртээ харьсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Соёл мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн үүрээр дуудлагын жолоочын хамт өөрийн 0013 УНГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашинтай явж байгаад Хуушуур хаус орсон. Тэгээд тэр жолоочид 5000 төгрөг өгөөд цайны газраас нохойн хоол аваад ирээч гэж хэлсэн ба хоол аваад ирэхээр нь нохой хооллоод өвдөглөөд сууж байхад нэг хүн Хуушуур хаусаас гарч ирээд шууд өшиглөсөн. Би энэ хүмүүсийн хэлээд байгаа шиг хэл ам хийгээгүй ба би харин энэ хүнийг хүн андуурчихлаа гэж бодсон. Би нүүрээ дарсан ба толгой түрүүгүй өшиглөөд байсан.

Тэр үед нэг гар орж ирээд миний нүүр лүү цохиход амнаас цус гарсан. Хэн нь цохьсоныг нь би мэдэхгүй. Тэр үед том биетэй буюу Чинзориг нь алаад хаячихая гээд байсан. Тэгээд би зугатаагаад машин бариад явахад араас ирээд машин шахаж зогсоогоод цонхоор ирж харчихаад яваад өгсөн. Тэгээд цагдаад очиж өргөдөл гаргасан. Би хэн нэгнийг нь цохиогүй” гэв.

                                              

Мөрдөн байцаалтад гэрч Б.Алтаншагай мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 01-ний шөнийн 02 цагийн үед Шангрилла зочид буудлын зогсоол дээр таксинд хүн авах гээд машиндаа байж байтал зочид буудлын хамгаалагч нь дуудлагын жолооч хэрэгтэй байна гэхээр нь явъя гээд...хар хөх өнгийн Лексус маркийн машинтай махлагдуу нүдний шилтэй залуу өөрийгөө Соёл гэж танилцуулсан. ...Тэр...хороолол явъя гээд бид хоёр хороолол...явахад Соёл гудамжнаас гөлөг олсон ...тэгээд...Хуушуур хаус цайны газар очсон. Соёл тэр газрын гадаа гөлөгөө авч үлдээд намайг хоол аваад ир гэхээр нь хоол авчирч өгөхөд Соёл хоолоо идэж байгаад хоолноосоо гөлгөнд өгөөд байсан. Мөн намайг ус аваад ир гэхээр нь...ус авчирч өгсөн. Тэгээд байж байтал Хуушуур хаус цайны газраас нэг хүүхэн гарч ирээд Соёл бид хоёр дээр ирээд ямар хөөрхөн гөлөг вэ гээд хараад зогсоод байсан. Тэгж байгаад буцаад шат руу очоод зогссон. Тэр үед Хуушуур хаус цайны газраас нэг туранхай залуу гарч ирж байсан. Би шат руу өгсөж байтал Соёл араас хоол хийх сав аваад ир гэсэн. Тэгээд орох гэж байхад Хуушуур хаусаас гарч ирсэн залуу Соёл дээр очоод тонгойгоод юм яриад байсан. Тухайн үед Соёл явган суучихсан байсан. Тэр хоёр хоорондоо 1 минут орчим ярьж байгаад нөгөө залуу нь Соёлын зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь очоод юу болоод байгаа юм гээд салгах гэтэл тэр залуу намайг заамдаж аваад чи юу юм ална шүү гээд шанаа руу хальт цохих шиг болохоор нь би гарыг нь тавиулаад зайгаа барьж зугтсан. Тэр үед Хуушуур хаус дотроос нэг бүдүүн залуу ...гарч ирээд бүдүүн залуу нь над руу дайраад та нар яагаад байгаа юм ална шүү гээд намайг хөөсөн. Тэгэхээр нь би зугтаагаад зам гарч голын сааданд очиж зогссон. ...Соёлыг анх цохидог залуу Хуушуур хаусын урд нүүр рүү нь цохиод байсан. Намайг хөөж байсан бүдүүн залуу буцаж яваад Соёл дээр очоод нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Соёл зугаатаад зам дээр зогсож байсан хөх өнгийн Приус 20 маркийн автомашинд суугаад хөдлөөд тэд нараас холдохоор нь би гүйж очиж тэр машинд нь хамт суусан. Соёлын хамар амнаас нь цус гойжчихсон байсан. Бид хоёр тэр такситай Ахуй үйлчилгээний уулзвар тойроод явж байтал цагаан өнгийн Марк 2 машин Номин их дэлгүүрийн уулзвар дээр шахаж зогсоосон. Машинаас туранхай залуу, хүүхэн хоёр бууж ирээд машины хаалга татаад цонхоор ална шүү, буугаад ир гээд байхаар нь жолоочид хэлээд яваарай гэхэд тэд нарын машиныг тойроод зугтсан. Тэгээд тэр чигээрээ цагдаагийн хэлтэс рүү очиж өргөдөл өгсөн.

...Тэр охин бид хоёрыг гөлөг хооллож байхад ирээд ямар хөөрхөн гөлөг вэ? гэж байгаад шат руу явсан. Өөр ярьсан зүйл байхгүй. Би бодохдоо тэр охины найз залуу намайг сав аваад ир гэснийг найз охинд нь хэлсэн байх гэж ойлгоод очсон байх гэж бодсон...” гэжээ. /1 хавтас 22-23 хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Ононтуул мэдүүлэхдээ: “2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би найз Өсөхбаяр, Чинзориг, Цолмонгийн нартай хамт 05 цагийн үед хорооллын Хуушуур хаус руу орж хоол идсэн. Хоол идэж байгаад миний дотор муухай болохоор нь би ганцаараа үүдэнд гараад байж байтал тэнд сууж байсан нэг бүдүүн залуу намайг хөөе цаашаа ороод сав аваад ир гичий минь, хар шөнөөр юу хийж яваа янхан бэ гээд байсан. Тэр үед Өсөхөө гарч ирээд тэр залууг чи юу гэсэн бэ, энэ миний найз охин гээд явж очоод юм ярьж байсан чинь нөгөө залуу нь босч ирээд Өсөхөөг багалзуурдаж аваад нүүр рүү нь цохьсон. ...Чинзориг тэр залууг Өсөхөөгөөс салгасан чинь нөгөө залуу Чинзоригийн нүүр рүү нь цохиод цус гаргачихсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад бид нар очоод салгасан чинь нөгөө залуу зугтаагаад явсан чинь Чинзориг араас нь хөөгөөд явсан. Тэгээд байж байтал Чинзоригын эхнэр Цолмон нь манай нөхрийг аваад явчихлаа гэхээр нь бид нар машиндаа суугаад нөгөө залуугийн суусан машины араас нь яваад Номин их дэлгүүрийн хажууд шахаж зогсоогоод бууж очоод цонхоор нь харсан чинь ах нь байхгүй байсан. Бид нарыг буцаад нөгөө газраас очиход Чинзориг хоёр машины дунд ороод суучихсан, царай нь сонин болчихсон байхаар нь машиндаа суулгаад тэр хоёрыг гэрт нь хүргэж өгсөн” гэжээ. /1 хавтас 15, 16 хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цолмон мэдүүлэхдээ: “...2015 оны 6 дугаар сарын 30-ны 23 цагийн үед...Өсөхбаяр манай нөхөр Чинзориг руу залгаад...ойрд уулзалдсангүй манай ажил дээр хүрээд ирээч гэхээр нь нөхөр бид хоёр...төмөр замд байх Эргэн дурсахуй бааранд очсон. Өсөхбаяр, Чинзориг, Ононбаяр бид нэг ширээнд хамт суугаад 0.75 литрийн нэг шил архи, Өсөхбаяр, Чинзориг хоёр нэг шил шар айраг аваад ууж сууж байгаад тэр баар нь 03 цагийн үед хаасан. Бид нар тэндээс гараад...100 айлын тэнд байдаг Холливууд бааранд ороод 1 шил 0.75 литрийн архи аваад талыг нь уугаад ...тэр газраас 04 цагийн үед гарсан. Өсөхбаяр согтуу хоол идье гэхээр нь ...Хуушуур хаус гэх газарт бид дөрөв жолоочтойгоо хамт ороод хоол идээд сууж байтал Өсөхөөгийн найз гэх охин гараад явсан. Тэгэхээр нь би цонхоор хартал гадаа байх гурван залуутай Ононтуул юм яриад байх шиг байсан. Тэдгээр залуучуудын нэг нь газарт хоол асгаад ...байсан. Удалгүй Өсөхбаяр Ононтуулын араас гарсан. Цонхоор харж байхад Өсөхөө нэг махлаг залуутай барьцалдаад авсан. Тэгэхээр нь би нөхөртөө Өсөхөө гадаа нэг залуутай муудалцаад байна гээд би түрүүлж гараад тэр хоёрыг салгаад юунаас болж маргалдсан юм бэ гэсэн чинь манай нөхөр араас гараад ирсэн. Тэгээд Өсөхөөг салгасан чинь нөгөө залуу нь манай нөхрийг заамдаж аваад хамар руу нь цохиж цус гаргасан. ...Тэр залуу нь Өсөхбаярын найз охин Ононтуулыг хоолны сав аваад ир, өөр муухай хараалын үгээр хэлээд байсан гэсэн...” гэжээ. /1 хавтас 17, 18 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 9733 тоот дүгнэлтэд: “Соёлын биед тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэжээ. /1 хавтас 25 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 496 тоот дүгнэлтэд: “ Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9733 тоот актын нэг шүдний сулрал гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Соёлын дээд баруун 1 дүгээр /11/ үүдэн шүд дунд хэсгээрээ хугарсан, зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний ирмэг эмтэрсэн байна. Дээрх үүдэн шүднүүд гэмтсэн байна. Бусад шүдэнд гэмтэл үгүй байна. Зүүн дээд үүдэн 2 дугаар /22 шүдний эмтрэл 9733 тоотод тусгагдаагүй байна. Шүдний гэмтлүүд нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны шөнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /1 хавтас 228-229 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 783 тоот дүгнэлтэд: “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9733 дугаартай дүгнэлтээс 1 шүдний сулрал гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 2016 оны 496 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Басхүү имплант шүдний эмнэлгийн тодорхойлолтод дурдсан “...12, 21 дүгээр шүднүүд эмтэрсэн...” гэсэн нь тогтоогдохгүй байна. Д.Соёлын зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүд эмтэрсэн байна. Шинжээчийн 2016 оны 496 дугаар дүгнэлтийн үзлэг хийсэн тодорхойлолтод дурдсан “зүүн дээд 2 шүдний ирмэг жижиг эмтэрсэн” гэх гэмтэл нь дүгнэлтэнд “зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний ирмэг эмтэрсэн” гэж тусгагджээ. Зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний эмтрэл гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Д.Соёлын биед зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний эмтрэл гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Соёлын биед тухайн үед тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр /11/ үүдэн шүдний дунд хэсгийн хугарал, зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний эмтрэл гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /2 хавтас 17-18 хуудас/

 

хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /1 хавтас 12 хуудас, 2 хавтас 13 хуудас/

шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас 57, 64 хуудас/

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтас 58, 75 хуудас/

шүүгдэгч нарын оршин суугаа хорооны тодорхойлолт /1 хавтас 55, 73 хуудас/

шүүгдэгч Б.Чинзоригийн хувийн байдлын талаарх баримтууд /1 хавтас 67-72 хуудас/

хохирогч Д.Соёлын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн заавар бичиг /1 хавтас 76 хуудас/

хохирол нэхэмжилсэн баримтууд /1 хавтас 77-82 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

             Шүүхийн дүгнэлт:

             Шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нар нь 2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хуушуур хаус цайны газрын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Соёлтой маргалдаж түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын “...хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

            Хохирогч Д.Соёлын: “2015 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн үүрээр дуудлагын жолоочын хамт өөрийн 0013 УНГ улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашинтай явж байгаад Хуушуур хаус орсон. Тэгээд тэр жолоочид 5000 төгрөг өгөөд цайны газраас нохойн хоол аваад ирээч гэж хэлсэн ба хоол аваад ирэхээр нь нохой хооллоод өвдөглөөд сууж байхад нэг хүн Хуушуур хаусаас гарч ирээд шууд өшиглөсөн. Би энэ хүмүүсийн хэлээд байгаа шиг хэл ам хийгээгүй ба би харин энэ хүнийг хүн андуурчихлаа гэж бодсон. Би нүүрээ дарсан ба толгой түрүүгүй өшиглөөд байсан.

...Тэр үед том биетэй буюу Чинзориг нь алаад хаячихая гээд байсан. ...Би хэн нэгнийг нь цохиогүй” гэх мэдүүлэг

                                              

гэрч Б.Алтаншагайгийн: “...Соёл гудамжнаас гөлөг олсон ...тэгээд...Хуушуур хаус цайны газар очсон. Соёл тэр газрын гадаа гөлөгөө авч үлдээд намайг хоол аваад ир гэхээр нь хоол авчирч өгөхөд Соёл хоолоо идэж байгаад хоолноосоо гөлгөнд өгөөд байсан. Тэгээд байж байтал Хуушуур хаус цайны газраас нэг хүүхэн гарч ирээд Соёл бид хоёр дээр ирээд ямар хөөрхөн гөлөг вэ гээд хараад зогсоод байсан. ...Тэр үед Хуушуур хаус цайны газраас нэг туранхай залуу гарч ирж байсан. Би шат руу өгсөж байтал Соёл араас хоол хийх сав аваад ир гэсэн. Тэгээд орох гэж байхад Хуушуур хаусаас гарч ирсэн залуу Соёл дээр очоод тонгойгоод юм яриад байсан. Тухайн үед Соёл явган суучихсан байсан. Тэр хоёр хоорондоо 1 минут орчим ярьж байгаад нөгөө залуу нь Соёлын зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь очоод юу болоод байгаа юм гээд салгах гэтэл тэр залуу намайг заамдаж аваад чи юу юм ална шүү гээд шанаа руу хальт цохих шиг болохоор нь би гарыг нь тавиулаад зайгаа барьж зугтсан. Тэр үед Хуушуур хаус дотроос нэг бүдүүн залуу ...гарч ирээд бүдүүн залуу нь над руу дайраад та нар яагаад байгаа юм ална шүү гээд намайг хөөсөн. Тэгэхээр нь би зугтаагаад зам гарч голын сааданд очиж зогссон. ...Соёлыг анх цохидог залуу Хуушуур хаусын урд нүүр рүү нь цохиод байсан. Намайг хөөж байсан бүдүүн залуу буцаж яваад Соёл дээр очоод нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон.

...Тэр охин бид хоёрыг гөлөг хооллож байхад ирээд ямар хөөрхөн гөлөг вэ? гэж байгаад шат руу явсан. Би бодохдоо тэр охины найз залуу намайг сав аваад ир гэснийг найз охинд нь хэлсэн байх гэж ойлгоод очсон байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 хавтас 22-23 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэрч Б.Цолмон нь шүүгдэгч Б.Чинзоригтэй гэр бүлийн харилцаатай, гэрч О.Ононтуул нь шүүгдэгч Ц.Өсөхбаяртай дотно харьцаатай бөгөөд эдгээр гэрчүүд нь шүүгдэгч нартай хамаарал бүхий этгээдүүд ба тэдгээрийн мэдүүлэгүүд өөр хоорондоо зөрүүтэй, эрх сурвалж нь тогтоогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Дээрх мэдүүлгүүд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 783 тоот: “...Д.Соёлын биед тухайн үед тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр /11/ үүдэн шүдний дунд хэсгийн хугарал, зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний эмтрэл гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2 хавтас 17-18 хуудас/,

хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /1 хавтас 12 хуудас, 2 хавтас 13 хуудас/ шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас 57, 64 хуудас/, хохирогч Д.Соёлын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн заавар бичиг /1 хавтас 76 хуудас/, хохирол нэхэмжилсэн баримт /1 хавтас 77-82 хуудас/-аар тус тус давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна... гэж тус тус заасан ба шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг нь дээрх өршөөлийн хуульд хамрагдахаар байна.  

Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулах хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Чинзориг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Соёл нь компьютер томографийн зураг авахуулахад 150.000 төгрөг /хх 78/,  “Басхүү имплант” шүдний эмнэлэгийн тодорхойлолтоор “11, 12, 21 дүгээр шүд”-ний эмчилгээний төлбөр 5.548.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг буюу нийт 7.598.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан компьютер томографийн зурагний үнэ 150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж үлдэх 7.448.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхилоо. Учир нь:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 783 тоот дүгнэлт: “...Д.Соёлын биед тухайн үед тархи доргилт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр /11/ үүдэн шүдний дунд хэсгийн хугарал, зүүн дээд үүдэн 2 дугаар /22/ шүдний эмтрэл гэмтэл учирсан...” болох нь тогтоогдсон ба “Басхүү имплант” шүдний төрөлжсөн эмнэлгийн эмчлэгч эмчийн “хохирогчийн 3 шүдэнд хийх эмчилгээний тодорхойлолт” байх бөгөөд энэ хэрэгт хамааралгүй шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй 12, 21 дүгээр шүдний эмчилгээний зардлыг давхар тооцож нэхэмжилжээ.

Түүнээс гадна хохирогч Д.Соёл нь гэмт хэргийн улмаас түүний шүдэнд учирсан гэмтэлд эмчилгээ хийлгээгүй, эмчилгээний төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнд бодитоор хохирол учирсан гэж үзэхгүй.  

 - Хохирогч Д.Соёл нь өмгөөлөгч Д.Цэрэнхандтай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 159-160/-г байгуулсан ба уг гэрээний 3.1-д “Талууд харилцан тохиролцон хөлсийг нэмэлт гэрээгээр зохицуулна” гэж, 3.2-т “нэмэлт гэрээ нь энэхүү үндсэн гэрээний салшгүй хэсэг байна” гэж тус тус заасан бөгөөд уг нэмэлт гэрээ нь хавтаст хэрэгт авагдаагүй нь талууд хичнээн төгрөгийн хөлсөөр хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Соёл нь хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр бодитоор хэдэн төгрөг өмгөөлөгчид төлсөн нь тогтоогдохгүй тул түүний нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. 

- Хохирогч Д.Соёл нь ажилгүй байсан хугацааны цалин 900.000 төгрөг нэхэмжилсэн боловч тэрээр хэд хоног ажлаа хийгээгүй талаарх байгууллагын тодорхойлолт, эмчийн акт баримтгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар нотариатаар баталгаажаагүй ба цалингийн бичилт хийсэн хуудсанд нийгмийн даатгалын тусгай дугаар тавигдаагүй /хх 203-204/ нь уг хохирогчийн нийгмийн даатгалын дэвтэрийн үргэлжлэл мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Харин хохирогч Д.Соёлын дээрх хангахгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Өмгөөлөгч Б.Оюунгэрэлээс: “...хохирогч нь иргэн Ононтуулыг хэл амаар доромжилсоноос гэмт хэрэг гарсан тул шүүгдэгч Өсөхбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх

Өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн: “...шүүгдэгч Чинзориг хохирогчид гэмтэл учруулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт, тайлбарууд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба хөндлөнгийн гэрч Б.Алтаншагайгийн “...Хуушуур хаус цайны газраас нэг туранхай залуу гарч ирж байсан. Би шат руу өгсөж байтал Соёл араас хоол хийх сав аваад ир гэсэн. Тэгээд орох гэж байхад Хуушуур хаусаас гарч ирсэн залуу Соёл дээр очоод тонгойгоод юм яриад байсан. Тухайн үед Соёл явган суучихсан байсан. ...нөгөө залуу нь Соёлын зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхээр нь очоод юу болоод байгаа юм гээд салгах гэтэл тэр залуу намайг заамдаж аваад чи юу юм ална шүү гээд шанаа руу хальт цохих шиг болохоор нь би гарыг нь тавиулаад зайгаа барьж зугтсан. Тэр үед Хуушуур хаус дотроос нэг бүдүүн залуу ...гарч ирээд бүдүүн залуу нь над руу дайраад та нар яагаад байгаа юм ална шүү гээд намайг хөөсөн. ...Соёлыг анх цохидог залуу Хуушуур хаусын урд нүүр рүү нь цохиод байсан. Намайг хөөж байсан бүдүүн залуу буцаж яваад Соёл дээр очоод нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.   

  

   Шүүгдэгч Б.Чинзориг, Ц.Өсөхбаяр нар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал /1 хавтас 67-72/, баримтаар төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдгээр шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цоодолын Өсөхбаяр, Элээт овогт Баттулгын Чинзориг нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Өсөхбаярыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Чинзоригийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын тус бүрт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялын тус бүрээс нь 2 жилийн хорихыг ялыг өршөөн хасаж, шүүгдэгч тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын тус бүрт оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.Өсөхбаярын цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Д.Соёлын нэхэмжилсэн 7.598.000 төгрөг нэхэмжилсэнээс 150,000 төгрөгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийг хангахгүй орхиж, шүүгдэгч нар баримтаар төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогч Д.Соёл нь цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нар нь хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн ба баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарт оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өсөхбаяр, Б.Чинзориг нарын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ

           ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ