Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 135

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Уламбаярт холбогдох “818.400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Иргэн Хишигт овогтой Уламбаяр нь 2014 оны 12-р сарын 16-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703190 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Х.Уламбаяр нь үндсэн зээл 715.400 төгрөг, хүү 93.800 төгрөг, нотариатын хөлс 9200 төгрөг, нийт 818400 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 069 тоотод оршин суух  Боржигон овогт Хишигтийн Уламбаяр /РД:МЮ73082709/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Хишигтийн Уламбаяр миний биед холбогдох 818.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Уг мөнгийг сар болгон  102.300 төгрөгөөр 8 сарын хугацаатай төлж барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Уламбаярт холбогдох “818.400 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Х.Уламбаяр  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24192 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12096 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 12096 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй Х.Уламбаярт холбогдох “818.400 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24192 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 12096 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 12096 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН