Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 204

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, ерөнхий шүүгч Э.Болормаа, шүүгч Л.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн гудамж 1-11 тоотод оршин суух, Гэрэл овогт Янжинсүрэнгийн Шагдаржав /РД: ЕН77091116/,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн гудамж 2-29 тоотод оршин суух, Найдан овогт Моринтогоогийн Амарсайхан /РД: ЕЭ69032403/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 3-15 тоотод оршин суух, Савхиншар овогт Энэбишийн Даваасүрэн /РД: ЕК74122375/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 1-19 тоотод оршин суух Боржигон овогт Амгалангийн Зоригтбаатар /РД: ЕК72092271/,

Хариуцагч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Энхтайваны Өргөн чөлөө 5-1-д байрлах “Миг даатгал” ХХК-нд холбогдох

“Гэм хорын хохирол” гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч З.Батбаатар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Миг даатгал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Т.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Шагдаржав, М.Амарсайхан нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Шагдаржав, М.Амарсайхан бид нар нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн сайхан дүү болон үр хүүхдийнхээ амь насыг жолооч Зоригтбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас алдаж маш их хохирсон билээ. Уг гэм буруугийн асуудал нь шат дараалсан удаа дараагийн шүүх хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэгдэж хамгийн сүүлд Зоригтбаатар нь өөрийн гэм буруутай үйлдэл, гэм хорын хохирлоо хүлээн зөвшөөрснөөр Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/90 тоот тогтоолоор түүний үйлдэл холбогдлыг өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон билээ. Энэ хугацааанд Зоригтбаатар нь бидэнд учирсан хохирлоо нөхөн төлөхийг 100% хүлээн зөвшөөрч гэм буруу болон хохирол төлбөрийн асуудлаар ямар нэгэн маргаангүй гэх үндэслэлээр өршөөлийн хуулинд хамрагдчаад эргэж бидэнтэй нэг ч удаа харьцахгүй хохирол төлбөрийн талаар огт ярихгүй зөвхөн энэ асуудлыг өөрсдийн чадлаараа шүүхээр шийдвэрлүүлж авна биз гэсэн байдлаар харьцаж байгаа нь үнэхээр гомдолтой байна. Зоригтбаатарын жолоодож яваад осол хийсэн том тэрэг нь Даваасүрэн гэгч хүний машин бөгөөд тиймээс ч уг хүнийг иргэний хариуцагчаар татан зохих ёсны ажиллагааг хийж тэрээр тухайн үед бидэнд учирсан хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан ба нөгөө талаас хуулийн хүрээнд энэ бүгд жолооч Зоригтбаатарын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсний улмаас 2 хүний амь нас хохирсон болох гэмт хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон учраас бид учирсан хохирлоо энэ 2 хүнээр хоёулангаар нь хувь тэнцүүлэн төлүүлэх хүсэлтэй байна. Гэхдээ уг хэрэг болсон даруйд буюу бидний ажил явдлын үеэр Амарсайхан надад тэдний ар гэрээс 500,000 төгрөгийг мөн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Даваасүрэнгийн эгч гэх эмэгтэйгээс Шагдаржав бид хоёрын дансанд тус тус 3 сая төгрөгийг шилжүүлсэн учраас Амарсайхан миний бие нь надад учирсан нийт хохирол 8,898,260 төгрөгнөөс 3,500,000 төгрөгийг хасч 5,398,260 төгрөгийг гаргуулан авахыг хүсч байгаа юм. Уг хохиролд талийгаач хүү Цэдэвийгээ оршуулсан зардал, хоног хураасан зардлууд бүгд тооцогдож байгаа болно. Мөн Я.Шагдаржав миний биед нийт 15,837,400 төгрөгний хохирол учирч тэрнээс 3 сая төгрөгийг авсан учраас үлдэх 12,837,400 төгрөгийг гаргуулан авахыг хүсч байна. Иймд М.Амарсайхан надад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 5,398,260 төгрөгийг, Я.Шагдаржав надад 12,837,400 төгрөгийг тус тус гаргуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

Хариуцагч Миг даатгал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:  Даатгуулагч А.Зоригтбаатараас ирүүлсэн “2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр МЖТН ВЕЫ2 маркийн 53-08 ДГО улсын дугаартай автомашинтай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт зорчиж явахад нь мотоцикльтой согтуу жолооч ирж мөргөн зам тээврийн осолд холбогдсон бөгөөд мотоциклийн жолооч, зорчигч нар амь хохирсон тул нөхөн төлбөр олгоно уу” гэсэн өргөдөл, материалыг манай Нөхөн төлбөрийн албанд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад зарим нэмэлт ажиллагаа хийн хянаж үзэв.  Ирүүлсэн материалаас үзэхэд жолооч А.Зоригтбаатар нь уг осолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9. ‘Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн харин хохирогч А.Цэдэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ”. 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2  “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн 2 талын жолоочийн харилцан буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан болох нь тогтоогджээ. Иймд зам тээврийн ослоос учирсан хохиролыг 2 тал харилцан тэнцүү хувааж хариуцах нөхцөл байдал үүссэн байх тул даатгуулагч А.Зоригтбаатарын Жолоочийн даатгалын хуульд заасан даатгалын үнэлгээ буюу 10,000,000 төгрөгийн 50% буюу 5,000,000 төгрөгөөр даатгалын үнэлгээг тогтоож 2 хохирогчийн нэхэмжилсэн хохиролд хувь тэнцүүлэн хохирогч Я.Шагдаржавт 3,201,500 /гурван сая хоёр зуун нэг мянга таван зуун/ төгрөгийг, хохирогч М.Амарсайханд 1,798,500 /нэг сая долоон зуун ерэн найман мянга таван зуун/ төгрөгийг тус тус даатгалын нөхөн төлбөрт олгож 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус тусын дансаар шилжүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нартай харилцан тохиролцож эвлэрсэн. Хариуцагч А.Зоригтбаатар, Э.Даваасүрэн нар нь нэхэмжлэгч М.Амарсайханд 500,000 төгрөг, нэхэмжлэгч Я.Шагдаржавт 2,000,000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2017 оны 07 дугаар сарын 08-ны дотор өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Миг даатгал ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч М.Амарсайханд 1,798,050 төгрөг, нэхэмжлэгч Я.Шагдаржавт 3,201,005 төгрөг нийтдээ 5,000,000 төгрөгийг өгсөн, төлөх ёстой төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Я.Шагдаржав 12,837,400 төгрөг нэхэмжилснээс Миг даатгал ХХК 3,201,005 төгрөг төлөөд 9,635,395 төгрөг үлдсэнээс хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нартай 2,000,000 төгрөгөнд эвлэрч үлдсэн 7,635,395 төгрөгнөөс, М.Амарсайхан 5,398,260 төгрөг нэхэмжилснээс Миг даатгал ХХК 1,798,050 төгрөг төлөөд 3,600,210 төгрөг үлдснээс 500,000 төгрөгөнд эвлэрч 3,100,210 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нар шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Я.Шагдаржав, М.Амарсайхан нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан миний бие нь хариуцагч Э.Даваасурэн, А.Зоригтбаатар нараас гэм хорын хохирол болох Я.Шагдаржаваас 12,837,400 төгрөг, М.Амарсайханаас 5,398,260 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт хариуцагч нартай харилцан тохиролцож, Я.Шагдаржавт 2,000,000 /хоёр сая/ төгрөг, М.Амарсайханд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг өгөхөөр гаргасан тэдний саналыг зөвшөөрч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нараас нэхэмжпэгч Я.Шагдаржавд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг, М.Амарсайханд 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг 1 сарын дотор буюу 2017 оны 07 дугаар сарын 08-ны дотор өгөхөөр тохиролцсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Хариуцагч А.Зоригтбаатар, Э.Даваасүрэн, Миг даатгал ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч Я.Шагдаржав нь гэм хорын хохирол 12,837,400 төгрөг, нэхэмжлэгч М.Амарсайхан нь гэм хорын хохирол 5,398,260 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Зоригтбаатар, Э.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Миг даатгал ХХК нь нэхэмжлэгч М.Амарсайханд 1,798,050 төгрөг, нэхэмжлэгч Я.Шагдаржавт 3,201,005 төгрөгийг тус тус төлсөн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Шагдаржав нь 12,837,400 төгрөг нэхэмжилснээс Миг даатгал ХХК-ний төлсөн 3,201,005 төгрөгийг хасч, үлдсэн 9,635,395 төгрөгнөөс хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нартай 2,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч үлдэх 7,635,395 төгрөгнөөс, нэхэмжлэгч М.Амарсайхан нь 5,398,260 төгрөг нэхэмжилснээс Миг даатгал ХХК-ний төлсөн 1,798,050 төгрөгийг хасч, үлдсэн 3,600,210 төгрөгнөөс хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нартай 500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч 3,100,210 төгрөгнөөс тус тус татгалзаж зохигчид эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хуулийн дагуу хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нараас зохигчдын эвлэрсэн 2,500,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, Миг даатгал ХХК-иас нэхэмжлэгч нарт төлсөн 5,000,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106   дугаар зүйлийн 106.5,  123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Шагдаржавын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар, Миг Даатгал ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 12,837400 төгрөг, нэхэмжлэгч М.Амарсайханы нэхэмжлэлтэй хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар, Миг Даатгал ХХК-нд холбогдох гэм хорын хохирол 5,398,260 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Миг даатгал ХХК нь нэхэмжлэгч Я.Шагдаржавт 3,201,005 төгрөг, нэхэмжлэгч М.Амарсайханд  1,798,050 төгрөгийг төлж барагдуулсан, хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нар нь 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Я.Шагдаржавт, 500,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Амарсайханд төлөхөөр зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Миг даатгал ХХК-иас 94,950 төгрөг, хариуцагч Э.Даваасүрэн, А.Зоригтбаатар нараас 54,950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ 

ШҮҮГЧИД                     Л.БАТЖАРГАЛ

                                     Э.БОЛОРМАА