Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00209

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1994 дүгээр магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б, Г.Бнарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75.995.677 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь тус компанитай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/52 тоот гэрээт борлуулагчийн гэрээ, 2017 оны 04дүгээр сарын 07-ны өдрийн №03/04/35 тоот барьцааны гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн авсан.  Тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар манай компанид нийт 75.995.677 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Тус компани гэрээт борлуулагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Бтай 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9А байр, 222 тоот, 32.98 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. Г.Баямөнх нь Б.Бд байраа барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл хийж өгсөн байдаг. Иймд Б.Баас 75.995.677 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох Г.Баянмөнхийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Бнь “БОСА Импекс” ХХК-ийн худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүнээс 120.000.000 төгрөгийн барааг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр худалдаж авсан бөгөөд энэхүү барааны төлбөрийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр, 222 тоот 32.98 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулсан. Гэтэл Г.Бнь БОСА Импекс ХХК-иас зээлээр худалдаж авсан бараа бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөр 75.995.677 төгрөг болсон. БОСА Импекс ХХК-ийн нэхэмжилж буй төлбөрийг Г.Бхариуцах ёстой. Миний бие “БОСА Импекс” ХХК-ийн нэхэмжилж буй 75.995.677 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин уг төлбөрийн үүргийг Г.Баянмөнхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр, 222 тоот 32.98 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Би “БОСА Импекс” ХХК-тай аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй. Б.Б нь 2017 оны 02 дугаар сард барьцаа дутаад байна байраа барьцаанд тавиад өгөөч гэж гуйсны дагуу түүнд итгэж өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн Богд ар хорооллын 1 өрөө байрны ордероо өгсөн. Ийнхүү байраа авъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй ба бүр миний байраар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тайлбар гаргасан байна. Б.Б нь миний итгэлийг олж авч миний өмчлөлийн байрыг залилан авч бусдад төлбөртөө тооцуулан өгөх гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Б.Б нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа БОСА Импекс ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий барааг намайг авсан, барааныхаа үнийг огт төлөөгүй гэж худал мэдүүлсэн байна. Б.Бы өр төлбөрийг миний бие хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 75.995.677.5 /далан таван сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун далан долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг БОСА Импекс ХХК-д олгож, БОСА Импекс ХХК-ийн Г.Баянмөнхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9А байр 222 тоот, 32,98 мкв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар БОСА Импекс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537.930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Баас 537.930 төгрөгийг гаргуулж БОСА Импекс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1994 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боса импекс ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537.930 төгрөгийг, хариуцагч Б.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537.930 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1994 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Г.Баянмөнхийн эрх ашгийг хамгаалсан, хуульд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Боса импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж хариуцагч талаас үзэхийн сацуу өөр байдлаар журам зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. “Боса импекс” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу “Боса импекс” ХХК болон Б.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1994 дугаартай магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч  “Б” ХХК нь хариуцагч Б.Б, Г.Бнарт холбогдуулан 75.995.677 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 20-ний өдөр байгуулагдсан гэрээгээр Б.Б нь  “Б” ХХК-ийн импортолсон бараа бүтээгдхүүнийг худалдан борлуулах, нэхэмжлэгч нь борлуулалтын орлогоос хамааран тодорхой хувиар урамшуулал олгохоор харилцан тохиролцжээ /хэргийн 5-9 дүгээр тал/.

Хариуцагч Б.Б уг гэрээний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд нийт 77.005.080 төгрөгийн бараа хүлээн авснаас 1.009.413 төгрөгийг буцаан төлж, үлдэх 75.995.667 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Харин төлбөрийг барьцааны зүйлээс хангуулах эсэх нь маргааны зүйл болжээ. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ...хуульд нийцээгүй” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх гэрээний үүргийг хангуулах зорилгоор Б.Бтай 2017 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Г.Баянмөнхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 9а байрны 222 тоотын 32.98 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалахдаа  өмчлөгчөөс Б.Бд 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэл болгосон талаар тайлбар гаргасан ба барьцааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагджээ / хэргийн 10-14 дүгээр тал/.

Хариуцагч Г.Бнэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн шүүх хуралдаанд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзахдаа “...сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй...” гэжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох хэдий ч гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх учиртай.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсэх ба  барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байхаар хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т зохицуулжээ.  

Барьцааны зүйл болох дээрх орон сууц Г.Баямөнхийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэргийн баримтаар тогтоогдсон хэдий ч өмчлөгч уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 13 дугаар талд авагдсан итгэмжлэлд дурдсан орон сууц барьцааны гэрээнд заасан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржавын 9а байр, 222 тоот хаягтай тохирохгүй байна.

Иймд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр  зүйлд зааснаар Г.Баянмөнхөөс зөвшөөрөл авалгүй хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамааран гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай болохыг давж заалдах шүүх анхаараагүй байна.   

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Б.Баас 75.995.677 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч зохигчийн хооронд үүссэн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2.-т “өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ” гэж тодорхойлсон ба гэрээний агуулга, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд комиссын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1994 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/01567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...413 дугаар зүйлийн 413.1...” гэснийг “...415 дугаар зүйлийн 415.2...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ