| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0021/Э |
| Дугаар | 668 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 668
Б.Т ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын өмгөөлөгч Ж.Оюунболд,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 619 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Т ад холбогдох эрүүгийн 1703 0057 10147 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.Т, .......... оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../,
Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 1-ний шөнийн 01 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “...” хорооллын хойд замд .... УБҮ улсын дугаартай, “...” загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Б.Н, А.И нарыг мөргөсний улмаас А.И-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н-н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Б.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч, хохирогч нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдол, санал, хүсэлт, прокурор, хохирогч А.И-гийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг /1.1 Гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал), 1.2 Гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал/ бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй бөгөөд дараах нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн нэг мөр шалгасны эцэст яллагдагчийн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар тогтоогдсон гэх С.Алтанцэцэг “... 29-35 УБҮ улсын дугаартай Т.Аксио загварын автомашиныг би 2016 оны 1 дүгээр сард “Карказ Зураг” ХХК-д ажиллаж байхдаа гэрээний дагуу байгууллагаас уг тээврийн хэрэгслийг авсан юм. Тухайн үед машинаа нэр дээрээ шилжүүлэх гэтэл манай компани шүүхийн шийдвэр дээр өртэй байсан учир шилжүүлж болохгүй байсан. Түүнээс одоог хүртэл шүүхийн шийдвэр дээр байгаа” гэж, гэрч А.Бектас “... С.Алтанцэцэг гэдэг хүн манай компанид нягтлан бодогчоор 2012-2016 он хүртэл ажиллаж байсан ба гадуур дотуур хөөцөлдөх ажилд нь зориулж байгууллагаас Т.Ахio загварын 29-35 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч өгсөн юм. Ингээд 2016 онд уг тээврийн хэрэгслийг С.Алтанцэцэг байгууллагаас шилжүүлж өгөхөөр бичиг өгсөн боловч тухайн үед манай компани шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өртэй байсан учраас нэр шилжүүлэх боломжгүй өнөөдрийг хүрсэн юм. Одоо бол өр нь дуусчихсан байгаа. Манай зүгээс хохирогчтой холбоотой зардлыг хариуцахгүй. Учир нь 2016 онд С.Алтанцэцэгт уг машины нэр шилжүүлэх бичгээ өгсөн байгаа” гэж тус тус мэдүүлсэн, мөн “Карказ Зураг” ХХК-с Авто тээврийн үндэсний төвд явуулсан гэх 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 31/16 дугаартай албан бичиг зэргээр 29-35 УБҮ улсын дугаартай “Т.Ахio” загварын тээврийн хэрэгсэл нь “Карказ Зураг” ХХК-ийн нэр дээр байгаа боловч С.Алтанцэцэгийн эзэмшилд байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд тухайн “Карказ Зураг” ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өр төлбөрийн асуудал дууссан эсэх, тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх эсэх зэргийг тогтоосон лавлагаа, баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байх тул иргэний хариуцагчийг зөв тогтоох шаардлагатай.
Тодруулбал мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бектасын “манай компани шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өртэй байсан учраас нэр шилжүүлэх боломжгүй өнөөдрийг хүрсэн юм” гэж мэдүүлсэнтэй холбоотойгоор “Карказ Зураг” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр өр төлбөрийн асуудалтай байсан эсэх, цаашлаад уг шалтгаанаар тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан эсэх зэргийг нарийвчлан шалгаж тогтоосны эцэст татагдвал зохих иргэний хариуцагчийг зөв тогтоох нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж, дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Т ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын “2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед гэрээсээ хүнтэй уулзаад ирье гээд гарсан байсан, жолооч анхаарал болгоомжгүй явснаас болж энэ осол гарсан” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч А.И-гийн “гарцаар гарч явахад баруунаас зүүн чиглэлтэй нэг суудлын автомашин ирж явахаар нь би нэг автомашин ирж байна амжих байлгүй гээд бид хоёр зам хөндлөн явган хүний гарцаар гарч явтал нөгөө автомашин маш хурдтай орж ирээд түс, тас хийгээд л яах ийхийн зуургүй юм болсон” гэсэн мэдүүлэг,
4. Гэрч П.Батзоригийн “2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой би 23 цаг өнгөрч байхад найз Б.Т тай 13 дугаар хороололд уулзсан. Б.Т над руу тухайн үед залгахдаа найз Ононбатыг “Вива сити” хороолол хүргэж өгөх гэж байна, хоёулаа цуг яваад ирье гэж хэлээд 13 хороололд ирж намайг авсан, “Хурд” хорооллын урд замаар явж байтал гэнэт автомашины шил хагарч нүдний өмнүүр хар зүйл мөргөөд түс хийх чимээ гарсан” гэсэн мэдүүлэг,
5. Гэрч В.Намсрайн “уг хэргийн газарт очиход жолооч байсан харин явган зорчигч гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн байсан. Ингээд жолоочоор явган зорчигч нарыг анх мөргөсөн цэгийг асууж заалгахад би явган хүний гарцан дээр явган зорчигч мөргөсөн гэж заасан тул гэрэл зургаар бэхжүүлж авсан юм аа” гэсэн мэдүүлэг,
6. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 14996 дугаартай “А.И-гийн биед баруун шаант, тахилзуур ясны бяцарсан далд хугарал, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
7. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2374 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн “Тоёота Аксио” загварын 29-35 УБҮ улсын дугаартай автомашины хамарны хэсгээс бэхжүүлж авсан будагны дээж нь шинжилгээнд 170300057 дугаартай хэргийн газрын эд мөрийн баримт автомашины хуванцар хагархай болон будаг гэх хаяглаж ирүүлсэн будагны дээжтэй химийн элементийн найрлагийн хувьд таарч тохирч байна” гэх дүгнэлт,
8. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1677 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг эд зүйл нь 29-35 УБҮ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота Аксио” загварын автомашины урд бамбаа, бамбааны дотор талын хэсэг байна” гэх дүгнэлт,
9. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн “жолооч Б.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дахь хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа,
10. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн “жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт,
11. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн “талийгаачид духны баруун хэсгээс суурь, зүүн сац хүрсэн шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, бага тархины аалзан бүрхүүл, доорх цус харвалт, элэгний язралт, өрцний баруун хэсгийн урагдал, баруун шилбэний далд хугарал, нүүр мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мөргөх, цохигдох, доргих, үрэгдэх үед үүснэ. Талийгаач нь духны баруун хэсгээс суурь, зүүн сац хүрсэн шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун дэлбэн, дагзны дэлбэнгийн няцралт, бага тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалтын улмаас нас баржээ” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Т ын буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарах замын зорчих хэсэг буюу гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчид зам тавьж өгөх дүрмийн заалт биелүүлээгүйн улмаас явган зорчигч Б.Н , А.И- нарыг мөргөсөн нь осол аваар гарах, шалтгаан нөхцөл болсон.
Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл /Нотолбол зохих байдал/-ийн 1.1 /гэмт хэрэг гарсан байдал/ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудал нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл: Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын1-ний шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүннү” хорооллын хойд замд 29-35 УБҮ улсын дугаартай “Тоёота Аксио” загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дахь хэсэг “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Б.Н , А.И- нарыг мөргөсний улмаас А.И-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н ын амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд уг хуулийн заалт нь тэдгээрийг заавал оролцуулж шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш.
Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн холбогдогч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ. Тиймээс хэрэгт иргэний хариуцагчаар С.Алтанцэцэгийг татсан. Учир нь уг автомашиныг С.Алтанцэцэг болон тэдгээрийн гэр бүл хүүхэд Б.Т нь ашиглаж, эзэмшиж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Иргэний хариуцагч С.Алтанцэцэг мэдүүлэхдээ “29-35 УБҮ улсын дугаартай “Тоёота Аксио” загварын автомашиныг би 2016 оны 1 сард “Карказ зураг” ХХК-д ажиллаж байхдаа гэрээний дагуу байгууллагаас уг тээврийн хэрэгслийг авсан юм. Тухайн үед автомашинаа нэр дээрээ шилжүүлэх гэтэл манай компани шүүхийн шийдвэр дээр өртэй байсан учир шилжүүлж болохгүй байсан. Уг автомашин бол би өөрийн хөдөлмөрөөр авсан миний автомашин. Хэрэг болсон өдөр би автомашинаа өөрийн хүү Б.Т ад унахыг зөвшөөрч өгч явуулсан. Ер нь би хүүдээ автомашинаа байнга унуулдаг, хохирлыг төлж барагдуулахыг хичээн ээ” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Бектасын “2016 онд уг тээврийн хэрэгслийг С.Алтанцэцэг байгууллагаас шилжүүлж өгөхөөр бичиг өгсөн боловч тухайн үед манай компани шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өртэй байсан учраас нэр шилжүүлэх боломжгүй өдийг хүрсэн, одоо бол өр дуусчихсан байгаа” гэсэн мэдүүлгүүдээр уг автомашины ашиглалтын явцад үүссэн эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн нь С.Алтанцэцэг гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар заажээ.
Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэдэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа өөр газарт буюу нэмэлт олон ажиллагаа явуулах шаардлагатай байхыг ойлгоно.
Дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан хуулийн үндэслэлд тохирохгүй байна.
Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг үнэлэх өөр баримтгүй бөгөөд шүүх тогтоох боломжгүй нөхцөл байдлыг шалгах шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах зохицуулалт юм.
2. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэснийг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийг шууд зарласан.
Дээрх заалт нь талуудын шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох боломжийг хангах, тэдгээрийн аль нэг талын гаргасан хүсэлт, гомдолтой танилцах болон бусад нөхцөлийг хангах үүднээс прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоохоор хуульчилсан зохицуулалт юм.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх Б.Т ад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагчийг зөв тогтоож, хохирол, хор уршгийг арилгах талаар зайлшгүй нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:
Яллагдагч Б.Т ын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан 29-35 УБҮ улсын дугаартай, “Тоёота аксио” загварын тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшил, өмчлөлд байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар зөв тогтоох нь хэрэгт ач холбогдолтой тул мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагатай.
Харин шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасан нотолбол зохих байдлыг дахин шалгах шаардлагагүй гэж үзэв.
Иймд шүүгчийн захирамжийн иргэний хариуцагчийг зөв тогтоохтой холбогдуулж прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 619 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Т ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ