Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2019/0022/з |
Дугаар | 20 |
Огноо | 2019-11-14 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 20
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл би иргэн Ч.О-ы “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 10-ны өдрийн А/02 дугаар захирамжийн Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1968 онд төрсөн, 51 настай, ам бүл- 2, хүүхдийн хамт амьдардаг. Би 2007 онд О.Б гэгчээс Улаангом сум 7-р багт байрлах орон сууц, граж, дэлгүүр бүхий үл хөдлөххөрөнгө, 790 м кв-т газрын хамт худалдан авсан билээ. Миний худалдаж авсан тухайн үл хөдлөх хөрөнгө, газрын хамт 2005 оны 01 сарын 04-ний өдрийн №01 тоот захирамжаар 790 м кв-т талбай бүхий газрыг 20 жилийн хугацаатайгаар гэр, хашааны зориулалтаар эзэмшихээр Улаангом сумын Засаг даргын 2007 оны 08 сарын 09-ны өдрийн 0129059 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Мөн дээрхи нутаг дэвсгэрт байрлах орон сууц, граж, дэлгүүрийн зориулалттай 9x8, 12x3, 6x4 мкв талбай бүхий 68030806 тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнүүд надад тус тус олгогдсон байдаг. Тэгтэл 2012ондгэнэт Т гэгч Ч, бид хоёрын эзэмшлийн хоосон газар дээр байшин барьснаас би шүүхэд гомдол гаргасан шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тэгээд тухайн үөд маргаанаа гаргаж чадахгүй явсаар өдий хүрсэн. Тэгтэл би орон сууц, гражаа зарах гэхэд манай дэлгүүрийн хэсгийг Т гэгч кдасторын зураг гаргуулан, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гаргуулан авсан байна. Манай хашаанд эхний үөд Ч, Ж манай гурван айл анх амьдарч байсан. Тэгтэл Ж гэгч нь өөрийн эхнэр О-ын дүү Т гэгчид хашаагаа зарсан байна. Тэгээд тухайн хашаанд Т гэгч байшин барихдаа миний дэлгүүрийн хэсгийн газрыг оролцуулан кадастерийн зураг гарган өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан байна. Тухайн байшин барьсан Т гэгчид 2012 онд хуурамч баримт бичиг гарган өгсөн Орлом гэгч нь Улаангом сумын газрын албанд "газрын асуудал " хариуцсан мэргэжилтээр ажилладаг бөгөөд О нь өөрийнхээ албан тушаалыг ашиглан миний дэлгүүрийн газрыг оролцуулан эзэмших, өмчлөх гэрчилгээг Т-ын нэр дээр гаргуулан өгсөнд иргэн хүний хувьд туйлын гомдолтой байна. Тухайн үед Т гэгчид бидний газрын кадасторын зураглал гаргаж өгөх үед тухайн газарт амьдардаг Ч, бид нарыг байлцуулан зураглап гаргах ёстой байсан. Тэпгэл нэг хүний амаар шууд бидний өмчлөлд хапдсан, Орлом гэгч албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж үзэж гомдол гаргаж байна. Би 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд өнчин хоёр хүүхдийнхээ хамт амьдарч ирсэн ядарсан ганц бие эмэгтэй билээ. Би 2007 оны 08 сард Газрын албанд өргөдөл гаргахад Мэргэжилтэн О өөрөө " Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг өөрөө хийж өгснөөр худалдах, худалдан авах эрх үүсч би тухайн орон сууц, граж, дэлгүүрийг худалдан авсан билээ. Орлом нь манай газрын талаар маш сайн мэдэх хүн юм. Би өөрийнхээ орон сууц, гражаа зарсан бөгөөд дэлгүүрийнхээ бичиг баримтыг өөрийнхээ нэр дээр эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах гэхэд маргаан үүссэн байна. Би 2007 оноос хойш Ч гэгч айлтай айл хошой хамт амьдарч байгаа ба маргаан бүхий газрыг миний өмчлөлд байсан эсэхийг гэрчилнэ. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамжийн Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улаангом сумын 7 дугаар багийн иргэн Ч.О Улаангом сумын Засаг даргын 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.О-ы 2005 оны 1 сарын 04-ны өдрийн А/01 тоот захирамжаар олгогдсон газар, Ч.Т-ын 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамжаар олгогдсон газрын кадастрын зураг байхгүй учир давхцаж олгосныг тогтоох боломжгүй байгаа болно” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.О-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2012 оны 1 сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамжийн Ч.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2012 оны 1 сарын 09-ны өдөр хүргэн ах Ж-с Улаангом сумын 7-р багийн 24-7 тоотод байрлах 8516001728 нэгж талбарын дугаар бүхий, 530 м.кв газрыг худалдан авсан. Дээрх маргаан бүхий газар нь анх Я.О гэх хүний нийтийн эзэмшлийн газар байсан ба 2003 онд шилжихдээ газрын албан дээр очиж план зураг гаргаж өөрийн дүү Я.М, Я.Ж болон хүү О.Б, О.Т нарт газраа хувааж өгөөд өөрийн эзэмшилд үлдсэн газраа Х.О-д худалдчихаад явсан. Миний худалдаж авсан газар нь Я.О-ын хүү О.Т-н газар байсан бөгөөд манай хүргэн ах Я.Ж нь газрын албаны даамал Б.О-р хэмжилт хийлгэн О.Т-с эрх шилжүүлэн авсан байсан. Улмаар миний бие 2012 онд ах Я.Ж-с эрх шилжүүлж авсан юм. Миний хувьд хууль ёсны дагуу тухайн газрыг худалдаж авсан учир Улаангом сумын Засаг даргын 2012 оны 1 сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамж хууль ёсных гэж үзэж байна. Миний худалдан авсан газар нь нэхэмжлэгч Ч.О-ны газартай давхцаж байгаа зүйл байхгүй байхад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн захиргааны акт гарснаар нэхэмжлэгч Ч.О-ы ямар нэгэн эрх ашиг зөрчигдөөгүй юм. Үнэхээр эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж байгаа бол 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаа өнгөрсөн байхад яагаад эрх ашгаа хамгаалуулахаар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахгүй байсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч Ч.О нь О.Б гэдэг хүнээс өөрийн эзэмшлийн газраа худалдаж авсан. Газрын албаны хувийн хэрэгт О.Б-ийн эзэмшиж байсан газар нь миний одоо эзэмшиж байгаа газартай давхцахгүй байгаа болох нь тодорхой харагдана. Иймд Ч.О-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.О 2019 оны 11 сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие нь Улаангом сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 10-ны өдрийн А/02 тоот захирамжийн Ч.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээд Ч.Т нь миний эзэмшил өмчлөлийн 311 м2 талбай бүхий газартай 60м2 орон сууцны барилгыг худалдан авахаар харилцан тохиролцсон тул дэлгүүрийн 4х6 м2 талбай бүхий барилгын асуудлаар ямар нэгэн маргаан гаргахгүй болно. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ч.О нь “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 10-ны өдрийн А/02 дугаар захирамжийн Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай“ шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзснаа бичгээр илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 7-р багт оршин суух, иргэн Зуутраг овгийн Ч.О-ий ирүүлсэн “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 10-ны өдрийн А/02 дугаар захирамжийн Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Ч.О-ны нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох 124/2019/0022/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.