Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Огийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0135 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч О.О

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Гуравдагч этгээд “П” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.З

Гуравдагч этгээд “А” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 128/2022/0352/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0135 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1, 5, 6, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Огээс Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/000 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “

1.Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Газар ашиглах гуравласан гэрээ байгуулаагүй, мөн газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх асуудал нь нэхэмжлэгчээс хамаараагүй юм. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан буюу газар ашиглах гуравласан гэрээ болоод газрын кадастрын санд мэдээлэл оруулах нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг байна. Гэсэн ч нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болоод тусгай хамгаалалттай газрын нутгийн захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг гаргасаар ирсэн боловч захиргааны байгууллага уг үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/000 дугаар тушаал нь эрх зүйн зөрчилтэй биелэгдэх боломжгүй гарсан. Захиргааны байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэр ойлгомжтой тодорхой биелэгдэх боломжтой шийдвэр байх ёстой. Гэтэл сайдын тушаалын газар ашиглах эрхийг сэргээх болон хүчингүй болгосон хэсэг нь ойлгомжгүй биелэгдэх боломжгүй байгаа юм. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/000 дугаар тушаалын 1 дэх заалтаар газар үлдээгээд байгаа мэт агуулгатай боловч хавсралтад дурдсан солбилцол бүхий хэсгийг хүчингүй болгосугай гэхээр манай “Б” газар бүхэлдээ хүчингүй болоод байгаа хэрэг. Гэтэл хариуцагч амаар болохоор 350,28 м.кв байгаа гэдэг гэтэл тушаалаар бол Б талбай бүхэлдээ хүчингүй болоод байгаа агуулгатай байгаа зэргээс үзвэл сайдын тушаал анхнаасаа эрх зүйн зөрчилтэй биелэгдэх боломжгүй акт гэдэг нь харагдаж байгаа юм.

Нэхэмжлэгчийн эзэмшиж буй Тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтад нийт 7 байршил бүхий газрын кадастрын тэмдэглээтэй байдаг болохыг шүүх шийдвэртээ дурдсан хэдий ч тухайн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж буй нь үндэслэлгүй, илт нэг талыг барьсан шинжтэй болсон. Учир нь шүүх захиргааны байгууллагад дахин хууль бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

2. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй тухайд:

Хэрэгт авагдсан баримтууд, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, албан шаардлага, ажлын хэсгийн тайлан, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, фото зургуудаас үзвэл иргэн О.О нь тухайн газрыг ашиглахдаа хууль дүрэм журмыг зөрчсөн болох нь харагдана гэж дүгнэсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн нэг өдөр гарсан, байцаагчийн энэ өдрийн 01-04-014/267 дугаар албан шаардлага нь О.О рүү чиглэсэн бөгөөд уг шаардлагаа О.Од гардуулсан учраас уг албан шаардлагын дагуу зөрчлөө арилгасан. Нүх ухаж, хог хаягдал цугларч, орчныг бохирдуулсан гэх асуудал арилсан болохыг нотлох баримтаар шүүхэд нотлоод байхад шүүх түүнийг харгалзаж үзээгүй. Шүүхээс ч маргаан бүхий газар дээр очиж үзэж тэмдэглэл хөтлөн газрыг зургаар баталгаажуулсан байдаг. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдоно. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа тухайн байдлыг харгалзан үзээгүй.

3. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн тухайд:

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/000 дугаар тушаал нь хууль бус, нэхэмжлэгчийг зориуд хавчин гадуурхсан шинжтэй бөгөөд энэ талаар шүүхэд тухайлан мэдүүлсээр байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газар дээр ажилсан ажлын хэсгийг байгуулсан тушаал болон ажлын хэсгийн санал тайлангийн хяналтын дагалдах хуудас зэрэг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулан авах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд:

“П” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.З гэх этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан. Учир нь Улсын Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 01 зөвлөмжид “...захиргааны хэргийн шүүхэд СӨХ болон түүний гүйцэтгэх захирал нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхгүй...” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх “П” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.З гэх этгээдийн ямар ч эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага болоод сайдын тушаалын улмаас “П” СӨХ-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа тохиолдолд нийт оршин суугчдын хурал хийж тэндээсээ төлөөлөх эрх бүхий этгээдээ томилж түүгээр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Дээрх байдлуудыг дүгнэвэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0135 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч О.Огээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/000 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2. Маргаан бүхий А/000 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “... улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглахдаа хамгаалалтын горимоор хориглосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 01-04-065/А/000 дугаар дүгнэлт, ... 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан шалгалтын тайлан зэргээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр 2.041 га газраас 5161.4 м.кв газрыг ашиглах эрхийг цуцалсан байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... хариуцагч амаар болохоор 350,28 м.кв үлдсэн байгаа гэдэг гэтэл тушаалаар бол Б талбай бүхэлдээ хүчингүй болоод байгаа агуулгатай байгаа зэргээс үзвэл сайдын тушаал анхнаасаа эрх зүйн зөрчилтэй биелэгдэх боломжгүй гарсан...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

3.1.  Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/000 дугаар тушаалаар зөвхөн Б хэсгийн 5161.4 м.кв газрын ашиглах эрхийг цуцалсан нь үлдсэн талбайд кадастрын зураг гаргуулж, газрын гэрээ, гэрчилгээгээ холбогдох байгууллагад хандан гаргуулан авах эрхийг хязгаарлаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Нүх ухаж, хог хаягдал цугларч, орчныг бохирдуулсан гэх асуудал арилсан болохыг нотлох баримтаар шүүхэд нотлоод байхад шүүх түүнийг харгалзаж үзээгүй, нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болоод тусгай хамгаалалттай газрын нутгийн захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг гаргасаар ирсэн боловч захиргааны байгууллага гуравласан гэрээ байгуулах үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй ...” гэжээ.

4.1. Нэхэмжлэгч О.Ог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаар магадлалд дурдсан “... Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-04-065/А/000 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэх улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглахдаа хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн зөрчлүүд”-ийг арилгасан эсэхийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайлангаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал гаргажээ.

4.2. Дээрх улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн хэсгийн тайланг үндэслэж маргаан бүхий А/000 дугаар тушаалыг гаргасан байх ба энэ талаар анхан шатны шүүх “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн,  газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж, дээрх тушаал нь  хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр...” гэж дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Түүнчлэн уг ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайланг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 465 дугаар магадлалаар хэргийн нөхцөл байдлыг тодруулж, шинэ акт гаргах хүртэл хариуцагчийн 2019 оны  актыг түдгэлзүүлсний дагуу гаргасан талаарх анхан шатны шүүхийн “... 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан захиргааны акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа ажиллагаа байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид дээрх маргаан бүхий газрын асуудлаар 6 сарын хугацаанд баримт, материал, тайлбараа гаргаж өгөх боломжтой байсан..” гэх дүгнэлт үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс “... ажлын хэсгийг байгуулсан тушаал болон ажлын хэсгийн санал тайлангийн хяналтын дагалдах хуудас зэрэг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулан авах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй” гэх боловч уг баримтуудыг цуглуулах шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.

6. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9584 дүгээр захирамжаар “... “П СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар Б.Зг томилсон ба тус СӨХ-ны Хот байгуулалт, хөгжлийн газраас Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон ХТХ202/00-219 дугаартай тохижилтын ажлын даалгаварт төлөвлөгдсөн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/000 дугаар тушаалаар хүчингүй болсон иргэн О.Огийн ашиглаж байсан газартай давхцалтай гэж тайлбарлаж байх тул тус СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй ...” гэж дүгнэн гуравдагч этгээдээр татан оролцуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

6.1 Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийг оролцуулсан нь анхан шатны шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр О.Огийн 5161.4 м.кв газрыг ашиглах эрхийг цуцалсан А/000 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байх тул тус гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0135 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ