Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Нямжав,

Хохирогч Э.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг /ҮД:0621/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал /0529/

Шүүгдэгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Адъяа овогтой Дашдондогийн Ганбатад холбогдох эрүүгийн 201626020923 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо 27-22 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Адъяа овогтой Дашдондогийн Ганбат /РД:ИЦ78061873/

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Ганбат нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 21:40 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Сүхбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, иргэн Э.Сүхбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18,00 цагийн үед манай хүргэн болох гэж байгаа Сүхбаатар над руу залгасан. Тэгээд би хүнтэй зодолдож байна та хүрээд ирээч гэсэн. Тэгээд удалгүй дахин залгахаар нь би ээж рүү яриад наадах чинь согтуу байгаа юм уу гэхэд тийм гэсэн. Тэгээд 22 цагийн үед гэртээ очиход гадаа согтуу байсан. Тэгээд яагаад архи ууж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм банди минь энэ тэр гэж хэл амаар доромжилсон. Тэгээд надтай зууралдаад нүүр ам маажаад охин дүү Номинг хүртэл доромжилсон тул би нэг удаа алгадсан. Маргааш өглөө нь 07,30 цагийн үед гадаа ирээд гараад ир хэнийг дуудахыг чинь харна гэж намайг сүрдүүлсэн. Хийсэн хэрэгээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Э.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21,00 цагийн үед хамтран амьдрагч Номингийн гэрт очсон. Гэрт нь ороод эмээтэй нь уулзсан. Тэгээд эмээд нь Номингийн талаар хүн амьтантай яваад байгаа талаар нь ярихад эмээ нь тийм юм байхгүй гээд байсан. Тэгээд Номин орж ирээд гадаа гаръя гээд гарсан. Тэгээд Номин гэртээ ороод би явсан. Найз нартаагаа явж байгаад салаад харьсан. Тэгтэл утсаар Ганбат залгаад уулзая ална гэхээр нь уулзсан. Тэгтэл ирээд заамдаад ийшээ яваад уулзая гээд гражний тийш явсан. Тэгтэл намайг цохиж зодсон. Нүд рүү өшиглөж зодоод зайл гэж хөөсөн. Тэгээд Номин руу залгаад ах чинь намайг зодлоо гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Ганбат ах руу залгаж арай дэндүү зодсон байна гэхэд хохь чинь гэж хэлсэн. Эмээ, Номин 2 худлаа мэдүүлэг өгсөн байна. Би тэр хүмүүс рүү орилж чарлаж хашгирсан зүйл байхгүй” гэв.

 

Гэрч Б.Амарболд мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бид Сүхбаатартай орой 19.00-20.00 цагийн орчим Тээврийн дээд сургуулийн урд уулзсан. Бид 2 уулзчихаад бид 2 такси бариад Номингийн гэр рүү явсан. Номингийн гэрийн гадаа очоод Сүхбаатар намайг цуг орох уу гэж асуусан. Тэгэхээр нь би яахын яахын гээд хамт ороогүй би тэндээсээ гэр рүүгээ явсан. Тэр үед Номин гэртээ байхгүй байсан. Тэгээд би гэр рүү харих гээд автобусанд суугаад явж байхад манай найз Гэрэлт-Од над руу залгаад 2-уулаа хамт Сүхбаатар руу явах уу гэж асуусан. Тэгэхэд би за тэгье гэж хэлээд хорооллын парадоксын тэнд уулзаад Номингийн гэр рүү явсан. Бид 2 Номингийн гадаа очиход Номин ирээгүй байсан. Тэгээд бид 2 гадаа Номинг хүлээж байсан. Удалгүй Номин ирээд бид 3 орц руу ороод Номин гэр рүү орсон. Ойролцоогоор 5 минутын дараа Сүхбаатар Номин 2 цуг гарч ирсэн. Бид 4 хамтдаа байрны гадаа зогсож байхад Номин Сүхбаатар 2 маргалдаад байсан.

Номингийн гэрт Сүхбаатар агсан согтуу тавихыг хараагүй. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэхийг нь би хараагүй гэхдээ үнэртэж байсан” гэжээ. /хх 15 хуудас/

 

Гэрч М.Гэрэлт-Од мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би гэртээ байж байхад Номин над руу залгаад ирж найз Сүхбаатарыгаа ав гэж хэлсэн хаана байгаа юм бэ гэхэд манайд байгаа гэж хэлчихээд утсаа салгасан. Тэгээд би Амарболд руу яриад 2-уулаа хамт Сүхбаатар руу очих уу гэхэд Амарболд за тэгье гэж хэлсэн. Бид 2 парадокс дээр уулзаад Номингийн гэрийн гадаа очсон. Бид 2 Номингийн гэр рүү явж байхдаа би Номингийн 99980203 дугаар руу залгаад хаана байгааг нь асуухад “одоо очиж байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 Номингийн гэрийн гадаа Номинг хүлээгээд зогсож байхад 20 минутын дараа Номин гэртээ ирсэн. Тэгээд бид 3 орц руу ороод Номин гэр рүүгээ ороод бид 2 орцонд хүлээж байсан. Тэгээд удалгүй Номин Сүхбаатарын хувцасыг барьчихсан Сүхбаатарыг дагуулаад гараад ирсэн. Тэгээд гадаа орцны үүдэнд Номин Сүхбаатар хоёр жоохон маргалдаад байсан. Тэгэхээр нь Амарболд бид 2 явчихсан. Тэндээсээ явж байхдаа эргээд хартал Сүхбаатар бас цаашаа салаад явж байсан” гэжээ. /хх 16-17 хуудас/

 

Гэрч Л.Даваадорж мэдүүлэхдээ: “Тухай өдөр 20.00 цагийн орчим манай гэрийн хаалгыг тогшсон. Би хаалга чанга тогшоод байсан болохоор хаалгаа тайлаагүй. Гэтэл миний гар утас руу Сүхбаатар залгасан. Гэрийн гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалга онгойлгож өгсөн. Сүхбаатар гэрт орж ирэх үед архи согтууруулах ундаа архи үнэртэж байсан. ...Гэтэл Сүхбаатар чанга дуугаар “Номин одоо хүртэл ирэхгүй байгаа биз дээ” гэж орилсон. ...би хөгшин настай хүн болохоор нилээн айсан. Миний нөхөр 2015 оны 4 сард нас барсан гэтэл Сүхбаатар надад өвөөг нас барсан хэвтэж байхад Номин өөр залуу руу мессеж бичиж байсан гэж надад хэлсэн. ...хөгшин надад бурхан болсон хөгшинийг минь яриад намайг даралт өндөр болгосон. Энэ бүхнийг ярьж байхдаа босож суугаад чанга чанга орилоод байсан. Тухайн үед бид хоёр л гэрт байсан болохоор би маш их айсан. ...удалгүй Номин хаалга тогшсон. Тэгээд хаалга онгойлгоод Номин орж ирээд Сүхбаатарыг чи яагаад эмээ рүү орилоод байгаа юм бэ гэж хэлээд Сүхбаатарыг аваад явчихсан. Орцон дотор Сүхбаатар согтуу орилоод л байсан.

Ганбат Сүхбаатар 2-ыг маргалдаж муудалцаж байхыг хараагүй. Ганбат надад Сүхбаатар байн байн залгаад дуудаад байхаар нь уулзсан. Тэгтэл Номинг маань муухайгаар доромжлоод байгаа болохоор нь нэг удаа алгадсан гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. 1-т миний охин Номинг доромжилсон. 2-т Бурхан болсон нөхрийг минь ярьж миний зүрхийг шархлуулсан. 3-т Ганбат нь зүгээр явж байхад өөрөө дуудаж авчирчихаад нэг алгадуулчихаад худлаа ярьж байгаад гомдолтой байна” гэжээ. /хх 19-20 хуудас/

 

Гэрч Б.Номин мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Сүхбаатар над руу мессеж бичсэн байсан. Хоёулаа одоо больё гэх мессежийг над руу бичсэн байсан. ...Удалгүй манай эмээ над руу залгаад “чи хаана байгаа юм бэ? Сүхбаатар энд согтуу ирчихсэн байна” гэж хэлсэн. Эмээг над руу залгах үед цаана нь Сүхбаатар эмээ рүү согтуу орилж, хашгирч байгаа нь сонсогдож байсан. Манай эмээд “танай охин чинь ямар гэдгийг мэдэх үү” гэх зэргээр орилж байсан. Тэгээд би шууд гэртээ ороод цүнхээ тавьчихаад “Сүхбаатар бос гаръя” гэж хэлээд гарсан. ...Сүхбаатарыг дагуулаад гэрээс гарах үед Сүхбаатар намайг лифт рүү нэг түлхсэн. Тэгээд бид 2 муудалцаад доош яваад 1 давхарт ирсэн байх үед Сүхбаатар нэг давхрын шатнаас намайг түлхээд би орцны жижүүрийн хаалганы бариулнаас барьж арай хийж тогтсон. Тэгээд арай хийж гадаа гараад 2 найзад нь Сүхбаатарыг өгөөд би гэр рүүгээ орсон. Гэртээ ороод цонхоор хартал Сүхбаатар 2 найзтайгаа байж байгаад салаад явсан.

Би Ганбат ах Сүхбаатарыг цохиж зодохыг нь хараагүй. Ганбат ах гэрт орж ирэх үед хүзүү нь улайчихсан байсан. Тэгээд надад Сүхбаатар оройжингоо залгаад байхаар нь уулзлаа. Сүхбаатар шал согтуу олон юм яриад байхаар нь нэг алгадчихлаа гэж надад хэлсэн.

Сүхбаатар тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Согтолттой байсан” гэжээ. /хх 22-23 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3717 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Сүхбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар , шанаа, доод эрүүний зөөлөн эдийн няцрал , цус хуралт, зүн нүдний ухархайн доор ханын хугарал, баруун нүдний дотор булангийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэжээ. /хх 25/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 490 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Шинжээч эмч Б. Ундармаагийн гаргасан № 3717 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  2. Э.Сүхбаатарын биед тархи, доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн доор ханын хугарал ,  баруун нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  /хх 29-30/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 41 хуудас/

Нийт 300,000 төгрөгийн хохирлын баримт /хх 49-51 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ганбат нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 21:40 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Сүхбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Сүхбаатарын мэдүүлэг, гэрч Б.Амарболд /хх 15/, М.Гэрэлт-Од /хх 16-17/, Л.Даваадорж /хх 19-20/, Б.Номин /хх 22-23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3717 /хх 25/, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 490 дугаар дүгнэлт /хх 29-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ганбат нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ганбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, гэрч Л.Даваадорж, Б.Номин нартай харьцсан хохирогч Э.Сүхбаатарын хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

     Хохирогч Э.Сүхбаатараас эмчилгээний зардал 300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нүдний хагалгааны төлбөр 6.800.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн боловч Орбита эмнэлэгт үзүүлсэн гэх баримт нь хэнийх болох нь тогтоогдохгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, “хохирогч Э.Сүхбаатар” гэсэн бичиг нь сүүлд нь бичигдсэн зэргээс үзэхэд хангах боломжгүй байна.

Мөн хохирогч Э.Сүхбаатар нь эрх зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч хохирогч нь эрх зүйн байдлын хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар заавал өмгөөлөгчөөр хангагдах эрхтэй этгээд биш бөгөөд өөрөө сайн дураараа өмгөөлөгч авсан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хангахгүй орхилоо.

Харин хохирогчийн эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ганбатаас төлсөн бөгөөд хохирогч Э.Сүхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүгдэгч Д.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Сүхбаатарт баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Адъяа овогтой Дашдондогийн Ганбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Д.Ганбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Д.Ганбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Э.Сүхбаатарын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нүдний хагалгааны төлбөр гэх 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж, баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч Д.Ганбат төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Сүхбаатар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Сүхбаатарт баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбатын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ