Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/734

 

 

 

   2021         06         25                                   2021/ШЦТ/734

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Ганчимэг,   

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-т холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо * тоотод оршин суух хохирогч Д.А-ын эд зүйлс агуулах зориулалт бүхий байшингийн цоожийг эвдэн нэвтэрч эмэгтэй хүний хос усны гутал хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 24.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 05 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 15-ны хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо * тоотод оршин суух хохирогч Г.С-ын хашаанаас 20 ширхэг “Темпо” гэсэн бичигтэй дөрвөлжин 42x42 см хэмжээтэй гэрлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч П.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 06-ны орой үзэхэд агуулахын зориулалтаар ашигладаг байшингийн хаалга онгорхой, цоож нь газар хэвтэж байсан. ...эд зүйлсээ бүртгэж үзэхэд бор өнгийн модон шүүгээнд байсан эмэгтэй хүний усны гутал алга болсон байсан. Тэр гутлаа 35.000 төгрөгөөр худалдаж авч байсан. хажуудаа төмөр оломтой 36 размерын гутал байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

-хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Чулуун овоо ...6х4 хэмжээтэй цагаан өнгийн шавар байшин байв. Урагшаа харсан 3 цонхтой, урагшаа харсан модон давхар хаалгатай, хаалганы цоожийг хөшиж хугалсан байдалтай, онгорхой байв. Байшинд ороход ... хүн амьдардаггүй, агуулахын зориулалтаар ашигладаг гэмээр  эд зүйл давхарлаж хураасан байв...” гэх тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 8-11/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн БЗД3-20-018 дугаартай:

Хуучин хэрэглэж байсан усны гутал 24.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/,

 

Шүүгдэгч П.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ БЗД-н 8 дугаар хороо * тоотод байдаг өөрийн төрсөн ах П.Б-гийн модон амбаарын төмөр цоожийг төмрийн хөрөөгөөр хөрөөдөж эвдээд дотогш орж эмэгтэй хүний шинэ нэг хос, усны гутал байхаар нь аваад гудамжинд явуулын хүнд 10,000 төгрөгөөр зарж архи авч уусан. Би ганцаараа архи уучихсан дээр нь дахиж архи уух гэхэд мөнгө байхгүй болохоор 2007 онд нас барсан өөрийн төрсөн ах П.Б-гийн хашаанд байдаг модон амбаараас өөрийн бэр эгч Амаржаргалын усны гутлыг хулгайлсан гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

 

2. Хохирогч Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

“2015 оны “Х.Л” ХХК-д ажиллаж байгаад татан буугдаж эд зүйлс хувааж өгөхөд 20 ширхэг гэрэлтүүлгийн гэрэл авч байсан. 2015 ондоо хашаанд авч ирж байшингийн урд талд хайрцагт 14 ширхгийг нь харин 6 ширхгийг нь байшингийн зүүн талд байх амбаарт хийсэн байсан. 2020 оны 5 сарын 30-аас хойш гэртээ байхгүй байж байгаад 2020 оны 7 сарын 15-ны өдөр гэртээ ирээд үзэхэд байхгүй байсан. ...бүгдийг нь ашиглаж байсан хуучин гэрлүүд байсан. “’Темпо” гэсэн бичигтэй дөрвөлжин 42x42 см хэмжээтэй, гадна тал нь төмөр саарал өнгөтэй гэрэл байсан. Хашааны баруун талд модон хайрцагт гэрлүүд хийсэн байсан. Харин модон амбаар гэдэг нь зүгээр би хэдэн банз холбоод хадсан байсан. Яг амбаар гэхэд хэцүү. Анхны мэдүүлэгт амбаар гэж хэлсэн. Гэрлүүд бүгд хашаанд ил байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 80-86/,

 

Гэрч Ч.Цын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2020 оны 6 сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо * тоот хашаанаас манай тэнд архи уугаад байдаг Дуухаан (нэрийг нь мэдэхгүй) гэгч усны тэрэг дээр төмөр, шилэн нүүртэй хүнд зүйлийг түрчихсэн урд нарийн гудамжаар явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 73/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 74-78/,

-эрүүгийн мөрдөгчийн “хэргийн газрын орчимд биечилсэн сурвалжилга хийж Ч.Цтай уулзахад “2020 оны 06 дугаар сарын сүүлчээр хэрэг гарсан хашаанаас Луухаан хочтой архи уудаг хүн усны тэргэн дээр гэрэлтүүлэг ачаад урагшаа чиглэлтэй явж байсан” гэх хэрэг ач холбогдолтой мэдээ мэдээлэл авагдсан. Хэргийн газрын орчимд Дуухаан хочтой этгээдийг хэн болохыг тогтоохын тулд биечилсэн сурвалжилга хийж ажиллахад “П овогтой Б /*/” болохыг олж тогтоосон” гэх илтгэх хуудас /хх-ийн 103/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн БЗД3-20-278 дугаартай:

Хуучин хэрэглэж байсан гэрэлтүүлгийн гэрэл 1 ширхэг нь 20.000 төгрөг, нийт 20 ширхэг нь 400.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 97/,

 

Шүүгдэгч П.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын сүүлээр одоо бол өдрийн сайн санахгүй байна ямар ч байсан би дэлгүүрээс 5000 төгрөгийн архи аваад гудамжинд ганцаараа ууж дуусгаад харих гээд гудамжаар явж байхад 38 дугаар худгийн арын 4-116 тоот хашааны хаалга онгорхой байхаар нь би сонирхоод орж харахад хүн байхгүй мөн хашаан дотор байсан ТҮЦ-ний хажууд том гэрлүүд байхаар нь би эхлээд даахаараа дөрвөн ширхэг гэрэл аваад гудамжинд түүхий эд авдаг Портер машинд 20,000 /хорин мянган/ төгрөгөөр өгөөд буцаж өөрийн хашаа руу ороод усны тэргээ аваад буцаж 4-116 тоот хашаа руу орж үлдэгдэл гэрлүүдийг ачаад дахиж тушааж олсон мөнгөөрөө дэлгүүрээс архи аваад гудамжинд ганцаараа уусан гэх мэдүүлэг /хх-ийн 116/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч П.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хохирогчийн эд зүйлээ хадгалах зориулалтаар ашигладаг агуулахын байшин байсан нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хохирогчийн өөрийн хэрэгцээний зүйлийг хадгалж байсан тус байшин нь нэг субъектийн эрх ашиг, орон зайг нөгөө субъектийн орон зай, хууль бус үйлдлээс тусгаарлаж байдаг учир үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр гэх ойлголтод хамаарах юм.

 

Шүүгдэгч П.Б нь хохирогч Д.Аын өмчлөлийн агуулахын байшинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар буюу хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг,

Харин хохирогч Г.Сын хашаанд байсан эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн нийт ялыг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх түүний гэм бурууд тохирно гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч П.Баас 424.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад 24.000 төгрөг, хохирогч Г.Ст 400.000 төгрөг олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.

 

Шүүгдэгч нь уг хэргийн учир 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 31 хоног цагдан хоригдсон байх учир уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я овогт П-н Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч П.Быг тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил  хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн цагдан хоригдсон гучин нэг хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баас 424.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А /*/-д 24.000 төгрөг, хохирогч Г.Ст /*/-д 400.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ