Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 147

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Дэлгэрцэцэгт холбогдох “347.723 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ... Д.Дэлгэрцэцэг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 04-р сарын 29-ны өдөр дараа төлбөрт Postpaid VIP-40K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96101101 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Дэлгэрцэцэг нь гэрээний үүргээ үл биелүүлж 96101101 дугаарын 2016 оны 01 сарын байдлаарх төлбөр 393723 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Дэлгэрцэцэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Дэлгэрцэцэгээс төлбөрийн үлдэгдэл болох 393723 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 343723 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 347723 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар баг, 9-03 тоотод оршин суух Элээч овогтой Дашдоржийн Дэлгэрцэцэг /РД:МО86110108/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Дэлгэрцэцэг миний биед холбогдох 347.723 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Уг мөнгийг 2017 оны 03 сараас эхлэн сард 100.000 төгрөгөөр төлж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Дэлгэрцэцэгт холбогдох “347.723 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Дэлгэрцэцэг  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11082 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5541 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5541 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Дэлгэрцэцэгт холбогдох “347.723 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11082 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5541 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5541  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН