Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/737

 

                                                                                                                      

 

 

 

   2021         06          25                                   2021/ШЦТ/737

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,   

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Шүүгдэгч Х.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.П нь согтуурсан үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны * тоотод иргэн А.Т-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, зүүн мөрөн тус газар нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн мөрөнд шарх, доод үүдэн голын 2 шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун талын завжинд цус хуралт, баруун хацар, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Х.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би багын найзууд болох Э, П/эмэгтэй/ нарын хамт П-гийн гэрт нь 4 билүү 5 шил архи ууж байгаад тасраад унтчихсан. Тэгээд 22 цагийн үед сэрэхэд Э гараад бас багын найз П/эрэгтэй/-тэй таарлаа гээд хамтдаа ороод ирчихсэн байсан. Тэгээд бид нар дахиж архи уухаар болж хэн нь дэлгүүр гарсныг санахгүй байна 3 шил архи авч ирээд дахиад уугаад суусан. Тэрнээс хойш яг юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа, эмч ирчихсэн миний зүүн гарын булчин хэсэгт зүсэгдсэн байхаар нь юу болсон талаар дүү Эоос асуухад П/эрэгтэй/ таныг хутгаар зүсчхээд зугтаачихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,

 

Гэрч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би төрсөн ах Т, Э нартай хамт эмэгтэй П-гийн гэрт ууж байтал орой хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна. Э гарч яваад удалгүй эрэгтэй Пг дагуулаад ороод ирсэн. Тэгээд бид нар хамтдаа ууж байгаад би нэлээн согтоод байж байтал эрэгтэй П намайг гадаа гаргаж ирээд хавсарч унагаагаад гар хөлөөс базаад янаглаад байж байтал манай ах Т ирээд намайг өмөөрөөд П-тэй муудалцахаар нь би тэндээсээ гараад эхнэрийнхээ гэрт орж байж байгаад буцаад ороод иртэл Т ахын гар нь зүсэгдсэн байхаар нь би цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1021 дугаартай:

А.Т-ын биед зүүн мөрөнд шарх, доод үүдэн голын 2 шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун талын завжинд цус хуралт, баруун хацар, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 43-44/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-18/,

-хохирогчийн биед үүссэн гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 19/,

-эрүүгийн мөрдөгчийн “хохирогч Э.Т нь П, О, У нартай архидан согтуурсан бөгөөд хохирогчийн дүү А.Э нь хувийн таарамжгүй харилцааны улмаас П-тэй муудалцаж эхэлсэн байна. Өндөр П гэх П нь Ттой арав гаран жил найзалж байгаа гэнэ. Уг үл ойлголцлын улмаас Т-ын зүүн мөрөн тус газар заазуураар зүсэж гэмтэл учруулаад хэргийн газрыг орхиж зугтсан байна” гэх илтгэх хуудас /хх-ийн 10/,

 

Шүүгдэгч Х.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад явж байтал манай танил дүү У над руу залгаад самарт яваад ирчихсэн байна, уулзъя ах гэхээр нь би Шар хадны 2-ын буудлын тэнд яваад очтол тэр хэд эмэгтэй Пгийнд байна, тийшээ очъё гэхээр нь замаасаа 2 шил архи аваад яваад очтол тэнд эмэгтэй П, Т, Э, Э нар байсан ба нэлээн согтоцгоосон байсан. Тэгээд би ороод архиа задлаад уугаад сууж байгаад Этой ялихгүй юмнаас болж маргалдаад босож ирээд барилцаад автал Т хажуугаас орж ирээд надтай барилцаж аваад бид 3 ноцолдоод гэрийн үүд рүү очиход би Тын нүүр рүү нь 1, 2 удаа алгадсан санагдаж байна. Тэгээд би явлаа гээд гараад машиныхаа хажууд байж байтал Т араас заазуур барьчихсан гарч ирэхээр нь би шууд барьж аваад бид 2 ноцолдоод дээр доороо ороод би заазуурыг булааж авахдаа мөрийг нь зүсчихсэн юм. Тэгээд би заазуурыг булааж аваад бүр хол шидчихээд машиндаа суугаад яваад өгсөн.

Т нь Э-ын төрсөн ах нь байгаа юм. Намайг Этой маргалдангуут дүүгээ өмөөрөөд надтай маргалдсан байх. Бид 2 уг нь багаасаа найзалсан, хувийн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн мөрөнд шарх, доод үүдэн 2 шүдний сулрал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун талын завжинд цус хуралт, баруун хацар уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг би маргалдаж байгаад алгадахдаа болон заазуурыг булааж авахдаа учруулсан. Надаас өөр хүн учруулах боломж байгаагүй, Т бид 2 маргалдахад хажуугаас намайг өмөөрч Т руу дайрсан хүн байхгүй. Би яг болсон асуудлыг сайн санахгүй, хагас хугас л санаж байна. Би өөрийн гэм бурууг ойлгож А.Тын биед гэмтэл учруулсандаа их гэмшиж хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 61/,

 

Хохирогч Э.Т-ын “Х овогтой П-д ямар нэгэн хохирол гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 68/,

Шүүгдэгч Х.Пгийн “Миний бие хохирогч Тын хохирлыг барагдуулж гэм буруутайгаа хүлээж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 69/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Пгийн цагдаагийн мэдээллийн сан дахь мэдээллийн бүртгэл /хх-ийн 22-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Х.П-гийн нь иргэн Э.Т-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Т нь “ямар нэгэн хохирол, гомдолгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Х.П нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Х-ын П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.П-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ